Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 121

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч: Б.Ч 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын Ч-т холбогдох 1812002090141 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ,,, суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Архангай аймгийн ,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Тын Ч /РД: .../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн хашаан дотроос иргэн Б.Цын эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1812002090141 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч Б.Цын мэдүүлсэн: ...Манай ээж Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа. Би 2018 оны 03 дугаар сарын 31-ний орой ээжийгээ сахихаар мотоцикльтойгоо очиж мотоциклио эмнэлгийн хашаанд оруулж орхиод хоносон. Тэгээд өглөө нь болсон чинь миний мотоцикль алга болсон байсан. Тухайн үед би мотоциклийнхоо мөрөөр нь хөөж явсаар эмнэлгийн урд байх уурын зуухан дээр ирсэн. Тэгээд уурын зуухны хүнийг сэжиглэж миний мотоциклийг авсан уу гэсэн чинь чимээгүй байж байгаад миний машинд суучих мотоцикль чинь манай галч Чийн хашаанд байгаа гэхээр нь тэр хашаанд нь очсон чинь миний мотоцикль байсан. Би мотоциклио аваад гэртээ ирсэн. Тухайн үед миний мотоциклийн нэг толь, хөгжим, базлуур, консны тороос зэрэг нь эвдэрсэн, цацаг, суудлын бүрээсийг урсан байсан. Миний мотоциклийг хулгайлсан хүнийг Т овогтой Ч гэдэг хүн байсан. Тэр хүн одоо миний мотоциклийн эвдэрсэн эд ангиудыг бүгдийг нь шинээр солиулж өгсөн. Өөрөө надаас уучлалт гуйж хэргээ хүлээсэн. Миний мотоцикль улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байгаа, би мотоциклио 500.000 төгрөгөөр үнэлж байгаа учир нь бага зэрэг хуучирсан мотоцикль байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мотоциклио бүрэн бүтэн олж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/ 

 

Гэрч Ж.Бгийн мэдүүлсэн: ...2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө манай ажлын газрын Т.Ч бид хоёр ажил дээрээ гараатай байсан шөнө 03:00 цагийн үед Ч надад би өлсөөд байна хоолонд яваад ирье гээд явсан. Тэгээд нэг цаг орчмын дараа ирээд байж байснаа надад би эмнэлгийн хашаанд байсан нэг мотоциклийг унаад явчихлаа, тэр мотоцикль одоо манай хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд өөр зүйл яриагүй. Тэгээд өглөө нь би ажлаасаа буугаад гэртээ хариад байж байтал манай ажлын газрын Б ах та нар хүний мотоцикль авсан юм биш үү гэж дуудсан. Тэгэхээр нь би зуухан дээр явж очоод байж байтал мотоциклийн эзэн нь гэх 2 залуу ирэхээр нь тэр хоёр залууг дагуулаад Т.Чийн хашаанд нь очиж чиний мотоцикль чинь энэ байна, Ч унаад явсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр залуу мотоциклио аваад явсан. Бид нарыг Чийн хашаанд очиход гэрт нь хүн байхгүй, Ч хөдөө явсан байсан. Ч нэг мотоцикль байхаар нь унаад явчихлаа гэж байсан ямар маркийн мотоцикль байсныг мэдэхгүй, Чийн хашаанд очиход гэрийнх нь хажууд нэг улаан өнгийн мотоцикль байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Гэрч С.Мийн мэдүүлсэн: ...Манай нөхөр 2018 оны 03 дугаар сарын 31-нд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр баг Эмнэлгийн хашаанд байдаг уурын зууханд гараатай байсан юм. Тэр шөнө 03 цаг өнгөрч байх үед орж ирээд хоол идчихээд гараад явсан. Ямар унаатай явсан талаар нь огт мэдээгүй. Намайг өглөө босоод гэрээс гарахад гэрийн хаяанд мотоцикль байж байсан. Би тэрийг анзаараагүй. Маргааш өглөө нь аавын бие тааруухан байсан тул эрт Батцэнгэл сум руу явсан. Манай нөхөр 2018 онд 04 дүгээр 01-ний өглөө гараанаас буугаад бид хэд Батцэнгэл явсан. Батцэнгэлээс ирээд байж байхад хамт ажилладаг Батцэрэн гэж хүн залгаад Чийн хүний унаж явсан мотоцикль унаад явсан байна. Чийг цагдаа сураглаж ирсэн гэж хэлсэн. Манай нөхөр Ч нь архи дарс уудаггүй, төлөв даруу зантай, өмнө нь зөрчил гаргаж цагдаагаар явж байгаагүй. Манайх 3-4 насны 2 хүүхэдтэй. Би өөрөө бөөрний дутагдалтай байнга эмчилгээ хийлгэдэг, ажил төрөл хийх боломжгүй байдаг болохоор манай нөхөр ажлаа хийж гэр орноо авч явдаг. Тэр өдөр би нөхөртөө хоол аваачиж өгөх ёстой байж байгаад амжаагүй. Хоолоо идэх гээд ирэхдээ хүний мотоцикль унаад ирчихсэн байх. Тэрнээс хулгай хийгээд байх хүн биш юм...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Яллагдагч Т.Чийн мэдүүлсэн: ...Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. 2018 оны 03 дугаар сарын 31-ний оройн 17 цагаас 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цагийг хүртэл нэгдсэн эмнэлгийн уурын зууханд машинистаар шөнийн 02:00 цагийн үед галлагаа хийж дуусчихаад хамт ажиллаж байсан. Б ахад гэртээ харьж хоол идчихээд ирье гэж хэлээд зуухнаас гараад алхаж явтал Халдвартын эмнэлгийн ертөнцийн зүгээр урд талд нь улаан өнгийн хятад мотоцикль данхраадаад тавьчихсан байхаар нь тэр мотоциклийн 2 утсыг нь холбож асуугаад гэр рүүгээ унаад явсан. Тэгээд хашаандаа оруулж тавьчихаад гэртээ орж хоолоо идчихээд нөгөө мотоциклио асааж хашаанаас гаргатал бензин муутай юм шиг болохоор нь буцааж оруулж тавьчихаад явган алхаад ажил дээрээ ирсэн. Би хамт гарч байсан Б ахад эмнэлгийн хашаан дотроос мотоцикль унаж яваад бензин муутай болохоор нь хашаандаа оруулж тавьчихаад ирлээ гэж хэлсэн. Би өглөө 09 цагийн үед ажлаасаа буугаад гэр рүүгээ харьсан. Тэр өдрийнхөө 11 цагийн үед жижиг тэргээр Батцэнгэл сум руу явсан. Намайг явсан хойгуур манай ажлын Б ах мотоциклийн эзнийг дагуулж ирээд хашаанд байсан мотоциклийг эзэн нь аваад явсан байсан. Би Батцэнгэлээс шөнөдөө ирсэн. 2018 оны 04 сарын 02-ны өдөр нөгөө мотоциклийн эзэн залуу ирээд та миний мотоциклийн хянах, толь, суудлын бүрээс зэргийг эвдэрсэн байна гэсэн. Би эвдэрсэн зүйлүүдийг цалингаа буухаар аваад өгье гэж хэлсэн. Тэгээд цалингаа буухаар нь хянах, 1 ширхэг толь, консны базуур, хөгжим авч өгөөд моторын кольцийг нь хуруувч резинтэй нь сольж өгсөн. Би тэр үед гэр рүүгээ алхахаас залхуураад тэр мотоциклийг унаад явчихсан юм. Маргааш нь гараанаасаа буугаад Батцэнгэл сум руу яваад өгсөн. Хүний юмыг дур мэдэн авч явсан нь миний буруу.  Би ганцаараа хулгай хийсэн, хэн нэгэн хүн хамт оролцоогүй. Би тэр мотоциклийг унаад явсан, хашаандаа орхисон талаараа хамт гарч байсан Б ахад хэлсэн. Өөр хүнд хэлээгүй. Би эхнэр, 2-4 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр ажил хийдэггүй. Би өөрөө “Эх голомтын илч” ХХК-д машинист хийгээд 400.000 төгрөгийн цалин авдаг. Үүнээс өөр орлого байхгүй. Надад Эрдэнэмандал суманд 100 толгой бог мал байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04, 17 хуу/

2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 хуу/

Цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35-36 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37 хуу/

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 44 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн хашаан дотроос иргэн Б.Цын эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайлагдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Т.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн хашаан дотроос иргэн Б.Цын эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Цын мэдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 31-ний орой ээжийгээ сахихаар мотоцикльтойгоо очиж мотоциклио эмнэлгийн хашаанд оруулж орхиод хоносон. Тэгээд өглөө нь болсон чинь миний мотоцикль алга болсон байсан. Тухайн үед би мотоциклийнхоо мөрөөр нь хөөж явсаар эмнэлгийн урд байх уурын зуухан дээр ирсэн. Тэгээд уурын зуухны хүнийг сэжиглэж миний мотоциклийг авсан уу гэсэн чинь чимээгүй байж байгаад миний машинд суучих мотоцикль чинь манай галч Чийн хашаанд байгаа гэхээр нь тэр хашаанд нь очсон чинь миний мотоцикль байсан. Миний мотоциклийг хулгайлсан хүнийг Т овогтой Ч гэдэг хүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,  гэрч Ж.Бгийн мэдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө манай ажлын газрын Т.Ч бид хоёр ажил дээрээ гараатай байсан шөнө 03:00 цагийн үед Ч надад би өлсөөд байна хоолонд яваад ирье гээд явсан. Тэгээд нэг цаг орчмын дараа ирээд байж байснаа надад би эмнэлгийн хашаанд байсан нэг мотоциклийг унаад явчихлаа, тэр мотоцикль одоо манай хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд өөр зүйл яриагүй. Тэгээд өглөө нь би ажлаасаа буугаад гэртээ хариад байж байтал манай ажлын газрын Б ах та нар хүний мотоцикль авсан юм биш үү гэж дуудсан. Тэгэхээр нь би зуухан дээр явж очоод байж байтал мотоциклийн эзэн нь гэх 2 залуу ирэхээр нь тэр хоёр залууг дагуулаад Т.Чийн хашаанд нь очиж чиний мотоцикль чинь энэ байна, Ч унаад явсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр залуу мотоциклио аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/, гэрч С.Мийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ”намайг өглөө босоод гэрээс гарахад гэрийн хаяанд мотоцикль байж байсан. Батцэнгэлээс ирээд байж байхад хамт ажилладаг Батцэрэн гэж хүн залгаад Ч хүний унаж явсан мотоцикль унаад явсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, яллагдагч Т.Чийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Б ахад гэртээ харьж хоол идчихээд ирье гэж хэлээд зуухнаас гараад алхаж явтал Халдвартын эмнэлгийн ертөнцийн зүгээр урд талд нь улаан өнгийн хятад мотоцикль данхраадаад тавьчихсан байхаар нь тэр мотоциклийн 2 утсыг нь холбож асаагаад гэр рүүгээ унаад явсан. Тэгээд хашаандаа оруулж тавьчихаад гэртээ орж хоолоо идчихээд нөгөө мотоциклио асааж хашаанаас гаргатал бензин муутай юм шиг болохоор нь буцааж оруулж тавьчихаад явган алхаад ажил дээрээ ирсэн. Намайг явсан хойгуур манай ажлын Б ах мотоциклийн эзнийг дагуулж ирээд хашаанд байсан мотоциклийг эзэн нь аваад явсан байсан. Би ганцаараа хулгай хийсэн, хэн нэгэн хүн хамт оролцоогүй. Би тэр мотоциклийг унаад явсан, хашаандаа орхисон талаараа хамт гарч байсан Б ахад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд Б овогт Тын Чийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

             Шүүгдэгч Т.Ч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Т.Ч нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-ын Ч-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд тус тус заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Чийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.  Шүүгдэгч Т.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Чт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ