| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2410020290994 |
| Дугаар | 2025/ДШМ/80 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/80
***д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
хохирогч ***, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.Одгариг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/806 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч ***, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн ***д холбогдох 2410020290994 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
***, 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “***” ХХК-ийн харилцааны менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/,
Шүүгдэгч *** нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт ***гийн баруун талын автомашины зам дээр замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогч ***тай маргалдаж нүүр хэсэг рүү нь цохиж түүний биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгаралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
*** дүүргийн прокурорын газраас: ***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: *** овогт ***ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эс хохирогчийн эмчилгээний зардалд 1,682,000 төгрөгийг хохирогч ***т нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч *** энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ***эс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт “...хохирогч ***ын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна” гэжээ. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” баталсан. Тус аргачлалын 3.6 дахь хэсэгт шинжилгээний байгууллага Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хээгт заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ. Мөн дөрөвдүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал баталсан ба хоёрдугаар зэрэглэлд хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг хамаарахаар заажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улсаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” баталсан ба 2.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр /цаашид “хүснэгт” гэх/ шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ:
2.1.1. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/;
2.2 дахь хэсэгт “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус заасан байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
2. Шүүхийн шийдвэр мөн хэсэгт “Хохирогч *** нь шүүхийн шатанд “***” эмнэлгээр эмчилгээ хийлгэх 5,600,000 төгрөгийн зардал гарна гэх баримтыг гаргаж өгсөн хэдий ч тухайн эмнэлгийн баримтад эмчилгээ хийлгэх хүний нэр байхгүй, хохирогч ***ын эмчилгээний зардалд гарах баримт мөн эсэх нь эргэлзээ бүхий байх тул дээрх баримтыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг заасан байх ба 1.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заасан бөгөөд хохирогч миний гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь баруун дээд үүдэн 1-р шүдний булгаралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл юм.
Үүнийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6625 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэхүү дүгнэлтэд дурдсан гэмтэл болох шүдийг шүдний эмнэлгийн баримтаар давхар нотолсон байхад шүүх ***тай холбогдох зардал биш гэдгийг няцааж чадаагүй байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан асуудлаар өөрчлөлт оруулж хохирогч миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч ***ын өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журам”-ыг баталсан. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсны дагуу, мөн ...аргачлалын 3.6 дахь хэсэгт шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-р зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6-р зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр шийдвэрлэсэн. ***ийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***т гэмт хэргийн улмаас түүний “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” нь дээрх аргачлал, шийдвэрийн дагуу “Хүснэгт”-ээр 2-р зэрэглэлээр тогтоогдсон. *** өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. /хх 50/ Холбогдох дээрх шийдвэр, журмын дагуу *** “Сэтгэцэд учирсан хор, уршиг хохирлын зэрэглэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байхад шүүх Эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжтой байхад орхигдуулсан нь буруу юм. Мөн энэ гэмт хэргийн улмаас ***т “баруун дээд үүдэн 1-р шүдний булгаралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд үүний улмаас *** “***” шүдний эмнэлгээр үйлчлүүлж дээд үүдэн 2 шүдийг шинээр хийлгэн суулгуулж 5,600,000 төгрөг төлсөн байдаг. Одоо ч шүдний эмчилгээ бүрэн дуусаагүй үргэлжилж, өөрөөр хэлбэл имплант шүд шинээр суулгуулсан учраас эмчлүүлж байгаа. Шүүх энэхүү гэм хорын зардал 5,600,000 төгрөгийг гаргаж өгөхгүйгээр шийдвэрлэсэн нь мөн буруу байна. Иймд ***т сэтгэцэд учирсан хохирлыг хавтаст хэрэгт тогтоогдсон 2-р зэрэглэлийн хэмжээгээр, мөн дээд үүдэн 2 шүдийг шинээр суулгуулсан /имплань шүд/-ний үнэ 5,600,000 төгрөгийг ***эс тус тус гаргуулж эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна. Миний гомдлыг хүлээн авч *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/808 дугаар шийтгэх тогтоолд дээрх байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч С.Одгариг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...12 дугаар сарын 23-ны өдөр шүд хийлгэсэн гэсэн баримт байна. Тэгэхээр шүүх уг хэргийг шийдвэрлэх үед хамаарахгүй байсан. Шүүх иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гээд шийдвэрлэсэн байхад эрүүгийн шүүхээр заавал шийдвэрлүүлэх шаардлагагүй. Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулаагүй гэж гомдол гаргасан байна. Хоёр сайдын баталсан тушаалыг уншаад үзэхээр янз бүрийн шалгуурууд байна. Сэтгэцийн хариу урвалын байдал, түр зуурын эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт хэвийн амьдрал алдагдсан байдал зэргийг яаж тогтоосон талаарх баримтууд байхгүй. Мөрдөгч, прокурор хүснэгт бөглүүлээд зэрэглэл тогтоосон байдаг. Гэтэл тушаал дээр хүснэгтээр шүүх шинжилгээний байгууллага зэрэглэлийг тогтооно гээд заагаад өгсөн. Хохирогчид учирсан бодит хохирлыг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж оролцож байна.” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Хохирогчийн зүгээс гаргаж өгч байгаа баримтын хувьд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эмчилгээ хийлгэсэн эмнэлэгтээ эмчилгээний зардлаа шилжүүлсэн талаарх баримтыг гаргаж өгч байна. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад тухайн эмнэлгээс 5,600,000 төгрөгийн нийт зардал гарна гэх тодорхойлолтыг хийж өгсөн байдаг. Уг тодорхойлолтыг анхан шатны шүүх үнэлээгүй талаараа шийтгэх тогтоолдоо дурдсан. Хохирогчийн хувьд 5,600,000 төгрөгийн хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан хоёр сайдын хамтарсан тушаалаар тухайлсан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлын зэргийг хүснэгтээр тогтоох бөгөөд тухайн хүснэгтийг шинжээчийн дүгнэлтийн адил авч үзнэ гэж заасан. Хохирогчийн биед учирсан сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор мөрдөгчөөс хүснэгтээр 2 дугаар зэрэглэл гэж тогтоосон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогчийн зүгээс тухайн гэмт хэргийн улмаас өөрийн биед учирсан гэмтлийн улмаас амьдралынх нь хэмнэл болон тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан нөхцөл байдлуудтай холбоотойгоор сонгуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож чадаагүй, хүний өөдөөс хараад үг хэлэх боломжгүй байсан, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон гэдгээ анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодорхой мэдүүлсэн байдаг. 2 дугаар зэрэглэлээр тогтоосон хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэхээр сэтгэцэд учирсан хохирлыг 2 дугаар зэрэглэлээр тогтоож хохирлыг олгох нь зүйтэй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул нэмж хэлэх зүйл байхгүй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *** нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны *** дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***гийн баруун талын автомашины зам дээр хохирогч ***тай замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүр хэсэг рүү нь цохиж түүний биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгаралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч ***ын “...Намайг машинтайгаа явж байхад шахлаа гэж хэлсэн. Би бол шахаагүй, урд явж байснаа өөрөө мотоциклтойгоо уначихсан юм. Тэгэхээр нь би хажуугаар нь гарахдаа мотоцикл унаж чадахгүй юм байж гэтэл араас нь ирээд цонхоор шууд миний ам руу хоёр удаа цохисон. Толгой дух хэсэг рүү хоёр гурван удаа цохисон. Ам руу цохих үед миний шүд хугарчихлаа. ...*** нь намайг машин бариад гэрлэн дохион дээр зогсож байхад гүйж ирээд нээлттэй байсан манай машины цонхны цаанаас гараараа миний нүүр хэсэг рүү 7-8 удаа цохисон. Би машин барьж байсан болохоор ***ийн гарыг цааш нь түлхээд гаргасан. ...Миний урд талын дээд талын нэг шүд тухайн үедээ унаад, нөгөө шүд нь хөдөлгөөн орчихсон байж байгаад 14 орчим хоногийн дараа уначихсан. ...” /хх 18-19, 21/ гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6625 дугаартай “...***ын биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. ...” гэсэн дүгнэлт /хх 44-45/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...***ийн мотоциклтой явж байгаад зам дээр өөрөө унав. *** нь хар өнгийн хувцастай, хар өнгийн мотоциклийн каск малгай өмссөн байв. Унасны дараа замаар гүйж ирээд суудлын саарал өнгийн машинтай хүний жолооч талын цонхоор шууд зүүн гараар 8 удаа, баруун гараар 1 удаа цохиход машин доторх хүний яг аль хэсэгт нь цохиж байгаа нь тодорхой харагдахгүй байв. Машины жолоон дээр сууж байгаа *** зөрүүлээд 3-4 удаа эсэргүүцэж ***ийн өөдөөс цохив. *** нь уг үйл явдлын дараа буцаж явах үед *** нь машинаас бууж ирээд араас очиж нэг удаа цээж хэсэгт нь өшиглөж байх ба хоорондоо харилцан зууралдаж, цохилцож *** нь хамгаалалтын малгайгаар ***ын нүүр хэсэгт 2 удаа мөргөж байхад гудамжаар явж байсан яг хэн болох нь тодорхойгүй хүмүүс ***, *** нарыг салгаж байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14/,
хүний биед үзлэг хийсэн “...*** нь ногоон өнгийн цамцтай, хар футболктой шаргал өнгийн өмдтэй, цагаан өнгийн гуталтай байв. Биед нь илтэд харагдах гэмтэл шарх гэх зүйл харагдахгүй, дээд талын үүдэн нэг шүд нь хугарсан байв. ...” /хх 5-7/,
хүний биед үзлэг хийсэн “...*** нь бор өнгийн савхин куртиктэй, шар өнгийн футболктой, хар өнгийн өмдтэй, саарал өнгийн гуталтай байв. Биед нь илтэд харагдах гэмтэл шарх гэх зүйл харагдахгүй, гарт нь улайсан зулгаралт гэмтэлтэй байв. ...” /8-10/ гэсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дуудлагын лавлагааны хуудас /хх 4/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч ***ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.
Хохирогч ***, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нараас “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хүснэгтийн 2-р зэрэглэлээр тогтоогдож, сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байхад шүүх эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэлгүй орхигдуулсан..., ...“***el” шүдний эмнэлэгт дээд үүдэн 2 шүдийг шинээр хийлгэж 5,600,000 төгрөг төлсөн. Одоо ч шүдний эмчилгээ бүрэн дуусаагүй байгаа. Иймд сэтгэцэд учирсан хохирлыг хавтаст хэрэгт тогтоогдсон 2-р зэрэглэлийн хэмжээгээр, мөн дээд үүдэн 2 шүдийг шинээр суулгуулсан үнэ болох 5,600,000 төгрөгийг тус тус ***эс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан байна.
Хэрэгт хохирогч *** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх нийт 1,682,000 төгрөгийг баримтыг гаргаж өгсөн /хх 97-98/-ийг шүүгдэгч *** нь төлсөн талаарх дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн байх ба харин хохирогч ***ын шүүхийн шатанд гаргаж өгсөн “***” эмнэлгийн “Манай эмнэлэг дээр имплант шүдэлбэр хийлгэхэд нэг шүдний 2,800,000 төгрөг болох ба үйлчлүүлэгчид 2 шүд буюу #11, #21, гэсэн шүднүүдэд хийнэ. Нийт төлбөр 5,600,000 болно.” гэсэн баримтыг эмчилгээ хийлгэх хүний нэр байхгүй, хохирогч ***ын эмчилгээний зардалд гарах баримт мөн эсэх нь эргэлзээ бүхий байна гэж дүгнэж хэлэлцэхгүй орхижээ.
Давж заалдах шатны шүүх, хохирогчид учирсан “...баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал...” гэсэн хөнгөн гэмтлийн талаарх Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6625 дугаар “...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. ...” гэсэн дүгнэлт, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн төлбөрийн баримт зэргийг үндэслэн хохирогчийн 2 шүдний имплант хийлгэсэн зардал болох 5,600,000 төгрөгийг шүүгдэгч ***эс гаргуулж хохирогч ***т олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хохирогч ***, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, шийтгэх тогтоолд дээр дурдсанаар зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/806 дугаартай шийтгэх тогтоолын:
4 дэх заалтыг “Шүүгдэгч ***эс хохирогчийн эмчилгээний зардалд 1,682,000 төгрөгийг хохирогч ***т нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эс 5,600,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ***т олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч ***, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА