| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0916/З |
| Дугаар | 128/ШШ2026/0787 |
| Огноо | 2026-09-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2026/0787
2026 09 07 128/ШШ2026/0787
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “Г” ХХК,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М,
Хариуцагч: Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б,
Маргааны төрөл: Монополын эсрэг газрын хяналтын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анар-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Г” ХХК-иас Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бд холбогдуулан “2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
2. Монополын эсрэг газрын дарга 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тухай” 03 дугаар удирдамжийг баталжээ.
3. Дээрх удирдамжийн дагуу Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э нэр бүхий 21 аж ахуй нэгжийг АИ-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэх зөрчлийг илрүүлж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлджээ.
3.1 Улмаар Монополын эсрэг газрын хяналтын улсын байцаагч Э.Э “А” ХХК, “Н” ХХК, Г” ХХК, “Ш” ХХК, “У” ХХК, “М” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, “О” ХХК, “Т” ХХК, “П” ХХК-иудад 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *****, ***, ****, ****, ****, ****, *****, ****, ****, 0002386, **** дугаар шийтгэлийн хуудсуудаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3%-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулжээ.
4. Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э “Г” ХХК-ийг Аи-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн байна.
5. Мөн Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсаар “Г” ХХК-ийг АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтооход дэмжин оролцсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 25,718,727.23 (хорин таван сая долоон зуун арван найман мянга долоон зуун хорин долоо) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
6. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7122 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Г” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан. 2016 оноос эхлэн бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Г” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа худалдааг "С ХХК, "С" ХХК, "Н" ХХК, "П" ХХК, "М" ХХК, "Ш" ХХК, "П" ХХК, "Э" ХХК зэрэг үндэсний нефть импортлогч аж ахуйн нэгжүүдээс авто бензин худалдан авч орон нутгийн зах зээлд нийлүүлэх байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Улс, орон нутгийн хэмжээнд авто бензиний зах зээлийн үнийг тодорхойлох хэмжээний импортлогч аж ахуйн нэгж биш. Зах зээлийн дээрх хязгаарлагдмал нөхцөл байдлаас шалтгаалж манай компани бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тарифыг бусад импортлогч аж ахуйн нэгжүүдийн үнэ ханштай нийцүүлэн худалдах шаардлагатай байдаг бөгөөд бодит зах зээлийн үнэ ханшаас нэмэх, хасах бизнесийн боломж манай компанид байхгүй юм. Үндэсний хэмжээний нефть импортлогч аж ахуй нэгжүүд 2025 оны 05 дугаар сард АИ-92 авто бензиний үнийг нэмэгдүүлсэн бөгөөд энэ тохиолдолд манай “Г” ХХК дээрх үндэсний хэмжээний нефть импортлогч аж ахуй нэгжүүдээс жижиглэнгээр худалдах зорилгоор худалдан авч буй АИ-92 авто бензиний үнэ нэмэгдэж байгаа шалтгаанаар АИ-92 авто бензиний жижиглэнгийн зах зээлийн үнийг зах зээлийн жишиг тарифт нийцүүлэн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Гэтэл дээрх нөхцөл байдалд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Монополын эсрэг газар"-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газраас 2025 оны 09 дүгээр сард хяналт шалгалтын ажиллагаа явуулан улмаар зөрчлийн хэрэг үүсгэн тус газрын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №***** дугаар шийтгэлийн хуудсаар манай "Г" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 25,718,727.23 төгрөгийн торгууль оногдуулах шийтгэл ногдуулсан бөгөөд гомдол гаргагч "Г" ХХК-ний зүгээс улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №***** дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Монополын эсрэг газар"-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №***** дугаар шийтгэлийн хуудсанд манай "Г" ХХК-д холбогдох зөрчлийн нөхцөл байдлын талаар дараах байдлаар дурдсан. Үүнд: "… Шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуй эрхлэгчид холбогдуулан АИ-92 бензиний үнийг 2025 оны 05 дугаар сард нэмж тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.3 дахь хэсгүүдийг зөрчсөн байж болзошгүй асуудлыг шалгаад "Г" ХХК нь АИ-92 бензиний үнийг нэмэгдүүлэн тогтооход дэмжиж оролцсон болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдон тогтоогдож байна …”, “… Иймд "Г" ХХК-ний үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн "Г" ХХК-ний үйлдсэн АИ-92 авто бензиний үнийг хэлэлцэн тогтооход дэмжиж оролцсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох албадлагын арга хэмжээ авсугай …”, “… Оногдуулсан шийтгэлийн 25,718,727.23 төгрөгийг Төрийн сангийн 100900000719 тоот дансанд шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар тушааж биелүүлэхийг даалгасугай…”, “…Шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай …” гэж тус тус дүгнэсэн.
Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №***** дугаар шийтгэлийн хуудсанд дээрх байдлаар дүгнэж манай “Г” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн болохыг тогтоосон гэх үйл баримтууд нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, үндэслэл бүхий бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй байхад илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж 25,718,727.23 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. "Монополын эсрэг газар"-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №***** дугаар шийтгэлийн хуудсанд дурдсан үйл баримтууд нь дараах байдлаар илтэд үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд 2025 оны 05 дугаар сард АИ-92 авто бензиний үнийг нэмж тогтоосон үйл баримт нь зөвхөн тухайн цаг хугацаанд хамаарах үндэсний хэмжээний нефть импортлогч аж ахуй нэгжүүдийн бөөний болон жижиглэнгийн үнэ тарифаас шууд шалтгаалах нөхцөл байдал бөгөөд АИ-92 авто бензиний үнийг нэмэгдүүлэх талаар нефть импортлогч болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд хэлэлцэн тохиролцсон үйл баримт огтоос биш юм. АИ-92 авто бензиний үнийг нэмэгдүүлэх талаар аж ахуй нэгжүүд хэлэлцэн тохиролцсон үйл баримт огтоос байхгүй учир тухайн асуудлыг жижиглэнгийн худалдаа эрхлэгч манай “Г” ХХК дэмжиж оролцсон байх боломжгүй бөгөөд улсын байцаагчийн дээрх дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй хууль бус дүгнэлтүүд болжээ.Иймд "Монополын эсрэг газар"-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
8. Хариуцагч Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б нь шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай удирдамжийн дагуу бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч “П” ХХК, “С" ХХК, “Н” ХХК, "Ш” ХХК, “Ш” ХХК, “М” ХХК, “Т” ХХК, “О” ХХК, “У” ХХК, “М” ХХК, “А” ХХК, “М” ХХК, “С” ХХК, Г” ХХК, “Н, “У” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Н” ХХК, “Ш” ХХК, “Г” ХХК-ууд АИ-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно” гэж, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Г” ХХК болон дээрх 20 аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад тус тус зааснаар 2502000468 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Т/02 дугаартай тушаалаар “Дорнод аймгийн хэмжээнд газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд АИ-92 шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул Стандарт ойл-1,2,3,4 салбаруудад АИ-92 шатахууны үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 200 төгрөгөөр нэмэгдүүлэн борлуулсугай” гэж АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт оруулан литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
“Г” ХХК болон зөрчлийн хэргийн холбогдох оролцогчид АИ-92 автобензиний жижиглэнгийн (эцсийн хэрэглэгчид нийлүүлэх) үнийг тогтоож, аж ахуй эрхлэгчид нар нь хоорондоо үнийн өрсөлдөөн хийх шаардлагагүй болсон өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаанд дэмжиж оролцсон нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны 03 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, зөрчлийн хэргийн оролцогчдоос гаргуулан авсан тушаал, шийдвэр зэрэг холбогдох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3-д “Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудсаар “Г” ХХК-ийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.“Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх гомдол гаргагч нарын гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
2. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.“Энэ хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 11 дүгээр зүйлийн 11.1. “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1. “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”, 11.3. “Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцохыг хориглоно”, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл “Өрсөлдөөний тухай хууль зөрчих”, 10.7 дугаар зүйл 1.“Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1 “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох: … нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 3.“Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
3. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсаар “Г” ХХК-ийг АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтооход дэмжин оролцсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 25,718,727.23 (хорин таван сая долоон зуун арван найман мянга долоон зуун хорин долоо) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Г” ХХК-ийг АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтооход дэмжин оролцсон зөрчилд шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.
4. Тодруулбал, Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *****, ***, ****, ****, ****, ****, *****, ****, ****, 0002386, **** дугаар шийтгэлийн хуудсуудаар нэр бүхий 11 нэгэн аж ахуй нэгжид жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулжээ.
4.1. Тус шийтгэлийн хуудсыг нэр бүхий 11 аж ахуй нэгж эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0019 дугаар шийдвэрээр “...Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Эгийн гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар /90 хоног/ түдгэлзүүлж” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2026/0106 дугаар магадлалаар “...3 сарын хугацаагаар /90 хоног/ гэснийг ...58 хоногийн хугацаагаар” гэж өөрчлөлт оруулжээ.
4.2 Мөн нэр бүхий 9 компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0366 дугаар шийдвэрээр Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *****, ***, ****, ****, ****, ****, *****, ****, ****, ***дугаар шийтгэлийн хуудсуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.3 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон 58 хоногийн хугацаанд дээрх нэр бүхий 11 аж ахуй нэгжүүд нь АИ-92 автобензиний литр тутмын үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн зөрчил нь бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь тогтоогдоогүй бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүйн улмаас бүх төрлийн шатахуун импортлох болон бөөний жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийг гэрээ, хэлцэл (картель) байгуулсан гэж үзэж торгох шийтгэл ногдуулсан *****, ***, ****, ****, ****, ****, *****, ****, ****, ***дугаар шийтгэлийн хуудсууд хүчингүй болжээ.
5. Дээр дурдсан хуульд зааснаас үзвэл нэгдүгээрт аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь тогтоогдсон нөхцөлд дээрх гэрээ, хэлцэл (картель)-ийг аж ахуй эрхлэгч дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох нь хуульд нийцэхээр байна.
5.1.Дээрх аж ахуй нэгжүүдийг үгсэн хуйвалдаж, картель байгуулан АИ-92 автобензиний үнийг нэмсэн гэх зөрчил тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Г” ХХК-ийг гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.
6. Иймд Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Баас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН