Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01882

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01882

 

Н.Ганчимэг, Г.Оюунтунгалаг, Д.Ганчимэг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01410 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Ганчимэг, Г.Оюунтунгалаг, Д.Ганчимэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Пума ХХК-д холбогдох,

 

Шинжээчээр ажилласны хөлс 974 660 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Ганчимэг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Оюунтунгалаг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1949 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/Ш32016/09912 захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ганчимэг, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Оюунтунгалаг, Д.Ганчимэг нар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Монгол Улсын Эрдмийн сургуулийн нэхэмжлэлтэй, Пума ХХК-д холбогдох хэргийг 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ1017/01556 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэгт шинжээчээр ажилласан. Мөн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 1109 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/Ш32016/04722 дугаартай захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ганчимэг, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Оюунтунгалаг, Д.Ганчимэг нар дээрх хэрэгт шинжээчээр ажилласан юм. Шинжээч нар шүүгчийн захирамжийн дагуу ажиллаж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07/103-01 дугаартай дүгнэлтийг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7/777 дугаартай албан бичгээр 21 хуудас бүхий шинжээчийн дүгнэлтийг тус тус гаргаж хүргүүлсэн бөгөөд тус дүгнэлтэд шинжээчдийн ажлын зардлын тооцоог хавсаргасан болно. Шинжээч Н.Ганчимэг 427 360 төгрөг, Г.Оюунтунгалаг 463 100 төгрөг, Д.Ганчимэг 84 200 төгрөг, нийт 974 660 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр уг зардлыг шийдвэрлээгүй юм. Иймд шүүгчийн захирамжаар томилогдон ажилласан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ганчимэг, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Оюунтунгалаг, Д.Ганчимэг нарт шинжээчийн ажлын хөлс болох 974 660 төгрөгийг хариуцагч тал болох Пума ХХК /Монгол Улсын Эрдмийн сургуул/-иас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан Пума ХХК-иас 974 660 төгрөгийг гаргуулж Н.Ганчимэгт 427 360 төгрөг, Г.Оюунтунгалагт 463 100 төгрөг, Д.Ганчимэгт 84 200 төгрөг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 27 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 27 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн "талууд шүүхийн өмнө эрх тэгш байх", 40 дүгээр зүйлийн 40.2. дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх, хуульд заасан журмыг хэрэгжүүлэхэд алдаа гаргасан гэж үзнэ. Эрдмийн их сургуулийн нэхэмжлэлтэй "Пума" ХХК-д холбогдох иргэний хэрэг маргаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техник хяналтын улсын ахлах байцаагч Н.Ганчимэг, барилгын техникийн улсын байцаагч Г.Оюунтунгалаг, Д.Ганчимэг нар нь барилгын хийц бүтээцийн талаар, барилгын төсөв гүйцэтгэлийн талаар хоёр удаа шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан байдаг. Ингэхдээ эхний удаа буюу барилгын хийц бүтээцийн талаар дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчийн хүсэлтээр, дараа нь хоёрдох удаагаа шүүхийн санаачлагаар барилгын төсөв, гүйцэтгэлийн талаар дүгнэлт гаргаж шинжээчээр тус тус ажилласан байдаг. Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/Ш32016/04722 дугаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 8-д "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын зардлыг зохигчоор нөхөн төлүүлэх тул холбогдох материалыг дүгнэлтэд хавсаргаж ирүүлэхийг мэдэгдсүгэй" гэж захирамжлан шийдвэрлэсэн. Энэ асуудлаар хариуцагч маргах мэтгэлцэхээс үл хамаарч шүүх нэхэмжлэгч үүргээ хангасан эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байсан. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, агуулгад шүүх ялган зааглаж, хүлээн авах эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийх үүргээ хэрэгжүүлээгүй орхигдуулсан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д "шүүхийн шинжилгээ" гэж эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг" мөн зүйлийн 6.1.2-д "шинжээч" гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг" гэж тодорхойлсон байна. Дээрх шинжээч нар нь төрийн мэргэжсэн хяналт хэрэгжүүлдэг байгууллагад албан үүрэг гүйцэтгэдэг, өөрт бий болгосон, олж авсан боловсрол тусгай мэдлэгийн хүрээнд хууль болон тодорхой журмаар олгогдсон эрх мэдлийг албан тушаал, зэрэг дэв, хувийн дугаар бүхий тамга барьж хэрэгжүүлдэг этгээд гэж ойлгодог. Гэтэл шүүхэд шинжээчид бус "Гурван" иргэн нэхэмжлэл гаргасан байдаг ба нэхэмжлэлийн "төгсгөл шаардах хэсэгтээ" хариуцагчийг Монгол Улсын Эрдмийн их сургууль гэж тодорхойлж шинжээчийн ажлын хөлс 974 660 төгрөгийг түүнээс гаргуулахаар шаардсан байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр, агуулга, шаардлага түүнээс иргэний хэрэг үүсгэх үндэслэлийн талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй гараагүй гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01410 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Ганчимэг, Г.Оюунтунгалаг, Д.Ганчимэг нар нь Монгол Улсын Эрдмийн их сургуулийн нэхэмжлэлтэй, Пума ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр ажилласаны зардалд нийт 974 660 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх Н.Ганчимэг, Г.Оюунтунгалаг, Д.Ганчимэг нарын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Н.Ганчимэг, Г.Оюунтунгалаг, Д.Ганчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Пума ХХК-ийг тодорхойлсон боловч шинжээчээр ажилласан хөлс нийт 974 660 төгрөгийг Монгол Улсын Эрдмийн их сургуулиас гаргуулна гэж шаардсан байна. /хх-ийн 1-2-р тал/

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Ганчимэг, Г.Оюунтунгалаг, Д.Ганчимэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй буюу Монгол Улсын Эрдмийн их сургууль, Пума ХХК-ийн альнаас шинжээчийн хөлсийг шаардаж байгаа нь тодорхойгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь буруу болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч тал хоёр хуулийн этгээдийн хэнээс нь төлбөр гаргуулахаар шаардсан нь ойлгомжгүй байхад Пума ХХК нь тайлбар гаргах боломжгүй гэсэн нь үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой гаргах үүрэгтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодруулаагүй нь Пума ХХК-нийг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол мөн үндэслэлтэй.

 

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

Г.ДАВААДОРЖ