| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0130/Э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Оын Бт холбогдох 1812001240176 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ,, суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ,,, гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Я овогт О-ын Б /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ,,оршин суух гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр С.Гийг зодож биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Бын мэдүүлсэн: Эхнэр хот руу яваад цагаан сар болох гэж байхад ирэхгүй байсаар байгаад 2 сар болоод ирсэн. Түүнээс болж маргалдсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812001240176 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч С.Гийн мэдүүлсэн: ...Манайх ,,гэх газарт өвөлжиж байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Бт саахалт айл болох Ж, Д гэх хоёр айлд очоод золгоод ирнэ гэж хэлээд явсан юм. Тэгээд орой 19 цагийн үед гэртээ байж байтал манай нөхөр Б согтуу орж ирээд үхсэн янхан минь, үхсэн Сохин гэж хэлээд орилоод байхаар нь би нөхөртөө хандаж чи үхсэн хүний нэр дуудаад яах гээд байгаа юм гэхэд намайг цээж рүү түлхээд би газар унасан чинь миний толгой руу баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би болиоч ээ гэхэд чамайг алсан ч яадаг юм гээд зүүн хавирга хэсэг рүү 2 удаа өшиглөөд, зүүн өвдөг хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Би гэрээс гарч зугтаагаад саахалт айл болох Оын гэр рүү гүйж байтал манай нөхөр Б араас гүйж ирээд намайг барьж аваад хөл рүү өшиглөөд байсан. Тэгж байтал саахалт айл Жгийнд байдаг Ш гэх хүүхэд ирээд салгаад би Оын гэрт ороод байж байтал манай нөхөр орж ирээд чамайг ална гэж хэлээд гэрийн зуух тойруулаад хөөгөөд байхаар нь О ах яах гэж хэрүүл хийгээд байгаа юм гар гэж Бт хэлэхэд Б үгэнд нь орохгүй байсан, бас намайг гар гэхээр нь би гараад саравчны ард цаг гаруй зогсож байгаад нөхрийгөө унтахаар нь гэртээ орж амарсан юм. Манайд нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй. Би Бтай гэр бүл болоод 16 жил болж байна, энэ хугацаанд зодож цохидог байсан. Тод санаж байгаагаар 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манайх Улаанчулуу багийн Нурамтын ам гэх газар зусландаа буугаад бага гэрээ барих гэсэн чинь манай нөхөр Б согтуу гэрээ барьж чадахгүй болохоор нь би айл руу очиж хүн гуйх гээд явж байтал манай нөхөр араас морьтой ирээд цусанд чинь гараа угаана гэж хэлээд дал нуруу хэсэг рүү суран ташуураар ташуурдаад, толгой хэсэг рүү ташуурдах гээд байхаар нь гараараа хаагаад миний зүүн, баруун гар руу зөндөө цохисон. Тэгж байтал манай багийн Багуураа гэх хүүхэн ирж салгасан, цаанаас Д эгч боль гээд орилоод байсан. Тэгээд би Хотонт сумын төвд эгч Дгийн гэрт 2-3 хоноод буцаад гэртээ ирсэн юм. Бас 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зодуулаад Хотонт сумын эмч Бт үзүүлж байсан бичиг байгаа. Тухайн үед яаж зодуулж байснаа санахгүй байна. Бусад зодуулсан цаг хугацаагаа санахгүй байна, нөхөртөө зодуулсаар байгаад би мартамхай болчихсон юм. Манай хүү Дыг 2017 оны зун яг хэдэн сард гэдгийг нь санахгүй, хонь хяргаж байхад Б хонь хяргасангүй гэж хэлээд нуруу хэсэг рүү нь өшиглөөд унагаасан юм. Тэрнээс хойш манай хүүхдийн нуруу нь байнга уяж, боож байгаа бөгөөд эмнэлэгт үзүүлж чадахгүй мөнгө төгрөг муутай байгаад байдаг юм. Би үзүүлнэ, гэмтлийн зэрэг тогтоолгоно. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Хохирогч С.Гийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэхдээ би 2018 оны 02 дугаар сард нөхөртөө зодуулсан бөгөөд тэр уурандаа цагдаад анх мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг хэтрүүлэн ярьсан нь миний буруу. Манай нөхөр архи уух нь уудаг бөгөөд уухаараа зан нь өөрчлөгддөг. Гэхдээ байнга зодож, цохиод байдаггүй. Миний өмнө өгсөн мэдүүлэг гэвэл 2016 онд зодсон нь үнэн. Харин 2017 онд гэр барих гээд байж байх үед манай нөхөр ганц нэг хоног архи уусан болохоор би уурлаад Д гэх айлд очсон чинь манай нөхөр миний араас ирээд намайг аваад явсан. Тэрнээс биш цохиж, зодсон зүйл болоогүй. Тэрийг нь би хэлээд нөхрөө хашраая гэж бодоод нэмээд хэлсэн. Бас хүүхдээ өшиглөсөн гэдэг нь бол худлаа, тэр үед хүүхдээ загнасан бөгөөд тэрийг нь би нэмээд хэлсэн. Харин 2018 оны 02 дугаар сард бол намайг зодож гэмтээсэн. Манай нөхөр намайг архи уусан үедээ хоёр удаа л зодож байсныг нь би та нарт хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Гэрч С.Гийн дахин мэдүүлсэн: ...Би нөхөртөө зодуулж сумын төвийн эмнэлэгт үзүүлж, эмчийн тодорхойлолт авч, цагдаагаас шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг авсан. Би өөрийн биеэр аймгийн төвд ирж үзүүлсэн. Намайг үзэх үед миний биед учирсан гэмтэл, бэртэл харагдаж байсан учраас эмч үзэхдээ биен дээр учирсан хөх, няц болсныг хэмжиж үзэж байгаад, та толгойны рентген зураг авахуулаад ир гэсэн. Тэр үед би мөнгө төгрөг муу байсан учраас эмнэлэгт үзүүлж, буцаад шүүх эмнэлэгт хандаж чадаагүй юм. Гэхдээ миний толгойд ямар нэгэн гэмтэл учраагүй. Би 3 дугаар шатлалын эмнэлэгт болон нэмэлтээр шинжилгээ хийлгэхгүй. Миний бие одоо зүгээр болсон, надад ямар нэгэн гэмтэл, бэртэл байхгүй учраас тухайн хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Б өөрийн хүүхдүүдээ цохиж, зодож байгаагүй. Би харин дээр уур хүрээд нөхрөө жаахан хашраамаар санагдаад хүү Дыг өшиглөсөн гэж хэлсэн. Манай хүү нялх байхдаа нугасны ус авахуулж байсан учраас багийн бие муутай хүүхэд байсан. Би сумын төвийн эмнэлэгт үзүүлж тодорхойлолт авсан. Тэгээд аймагт ирж шүүх эмнэлэгт үзүүлснээс өөр эмнэлгээр явсан зүйл огт байхгүй. Тийм учраас надад ямар нэгэн бичиг баримт байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хэргийг хурдан шийдүүлэх хүсэлттэй байна. Манай нөхөр бид хоёрыг маргалдаж байхад байсан Ш гэдэг хүүхэд Цагаан сараар суманд ирсэн байсан. Тэрнээс биш аав, ээж, гэр орон нь Улаанбаатар хотод байдаг учраас Улаанбаатар хотод байгаа байх...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Ж.Бийн мэдүүлсэн: ...Б, Г нарыг нэг нутгийн хүмүүс гэдэг утгаараа таньдаг. Би тухайн үед сумын эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байсан бөгөөд С.Гийг үзсэн үзлэгээр түүний толгой их өвдөлттөй, шилэн хүзүү нь хөшинг байсан. Тэгээд би түүнд эмчийн тодорхойлолт хийж өгсөн нь үнэн. Ил харагдах шарх сорви байгаагүй, харин шилэн хүзүү нь хөшсөн, толгой нь өвдсөн байсан. 2013 оны 01 дүгээр сард нэг л удаа үзүүлсэн. Тухайн үед түүний нөхөр нь түүнийг зодсон байсан, тэгээд надад хэлэхдээ түүний нөхөр нь С.Гийг нэг бус зодож, агсан согтуу тавьдаг гэж хуучилж байсан. Тэр үед манай эмнэлэгт 2 удаа эмчилгээ хийлгэсэн бөгөөд өөрөө картгүй ирсэн, дээрээс нь хүлээн авахаар шууд үзсэн, хувийн зөвлөгөө өгсөн учраас архивлагдаж үлдэх баримт бичиг бүрдүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Гэрч Ж.Нийн мэдүүлсэн: ...Миний санаж байгаагаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны үеэр нилээн орой манайд С.Г, О.Б хоёр хоорондоо маргалдаж, хөөцөлдөөд орж ирсэн. Тухайн үед хоёулаа халамцуухан орж ирсэн байсан. Тэгсэн чинь С.Гийн хамраас нь цус гарсан, царай, хувцас нь шороо болсон байдалтай байсан. Тэр үед манай нөхөр халамцуу байсан болохоор та хоёр гар гэж хэлж байсан. Тэгсэн тэр хоёр манайд хэрүүл хийж байж байгаад эхлээд нөхөр нь гараад, дараа нь эхнэр нь гараад явцгаасан. Манайд зодолдсон асуудал болоогүй юм. Харин С.Г хэлэхдээ нөхөр нь зодоод хөлөөрөө өшиглөсөн гэж ярьж байсан. С.Г эрүүлдээ бол хүнд юм ярьдаггүй, харин жаахан архи уухаараа бол ойр хавийн айл хүнийг элдвээр доромжилж, хөөж туудаг хүнээр бол сайнгүй зан чанартай. Харин О.Б нь бол эрүүлдээ зүгээр, согтуудаа бол манайд агсан согтуу тавьдаггүй гэмгүй байдаг. Эхнэр нь согтсон бол орж, ирж агсан согтуу тавьдаг. Тэрийг нь хэлж мэдэхгүй байна, миний мэдэж байгаагаар бол 2018 оны 02 дугаар сарын 20-ны үед харин зодуулсан бололтой манайд орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Гэрч Г.Оын мэдүүлсэн: ...Г, Б нарын юу болсон талаар би сайн мэдэхгүй байна, байнга шахуу хэрүүл маргаантай байдаг. Гэхдээ би яг хэн нь хэнийгээ зодож, цохидог болохыг би мэдэхгүй. Харин 2018 оны 02 дугаар сарын 20-ны үеэр шиг санаж байна, тухайн үед цагаан сар болж байсан болохоор би согтуу гэртээ байж байхад С.Г, О.Б хоёр манайд орж ирээд маргалдаж байгаад гарч явсан гэж эхнэр ярьж байсан. Тэрнээс биш би яг зодолдож байхыг нь хараагүй. Эдгээр хүмүүсийг таньдаг бөгөөд төрөл садангийн холбоо байхгүй, саахалт айл байгаа юм. С.Г, О.Б хоёр хоорондоо хааяа архи уухаараа их таарамж муутай хэрэлдэж маргалддаг юм. Харин О.Б бол төлөв даруу томоотой залуу байгаа юм. Харин эхнэр нь бол нөхрөө байнга үгээр идэж, зүгээр байлгадаггүй гэж сонсож байсан. Харин тэр хоёрын зодолдож, цохилцоод хэрүүл маргаан хийж байгааг нь харж байгаагүй. За би лав Б Гийг дарамталж байхыг нь энэ олон жил харж байгаагүй, гэхдээ гэр дотроо тэр хоёр хэрэлдэж байгааг нь бид нар мэддэггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/
Яллагдагч О.Бын мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг Нурамт гэх газар гэртээ эхнэр бид хоёр байж байгаад гэр бүлийн асуудлаас болж би эхнэртэйгээ маргалдсан. Бид хоёр маргалдах үед манай эхнэр бид хоёр хоёулаа согтуу байсан бөгөөд учир нь тухайн үед цагаан сар болж байсан учраас хүмүүс орж гараад халамцуухан байж байсан. Тухайн маргаан болохоос 10 орчим хоногийн өмнө манай эхнэр Улаанбаатар яваад 2 сар болоод гэртээ ирээд байж байсан. Тэр үед мал их тааруу үхээд байсан учраас би эхнэртээ хандаад жаахан эртхэн ирэхэд яадаг юм гэж хэлэхэд манай эхнэр согтуу байсан учраас газарт унаад байхаар нь уур хүрээд нэг удаа хөлөөрөө биеийнх нь хөл орчимд өшиглөснөө санаж байна, түүнээс хойш эхнэрээ дахиж хэрхэн цохисон талаараа надад мэдэх зүйл алга. Би тэр үед нилээн согтуу байсан учраас тухайн маргаан үүссэн. Тэрнээс биш би урьд өмнө нь эхнэрээ зодож байгаагүй. Гэхдээ бол гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын хооронд гэр бүлийн хэрүүл маргаан бол гардаг, харин хэрүүл гарах бүрт би цохиж зоддоггүй. Би бас эхнэр гэр бүлийнхээ хүмүүсийг огт дарамталдаггүй. Би бол нэг их үг хэл яриад байх дургүй хүн. Харин манай эхнэр намайг байнга хэл амаар дарамталдаг асуудлаас л болж маргаан үүсдэг. Би тухайн үед сумын төвд архи уугаад хоёр хоносон чинь манай эхнэр намайг согтуу мотоцикль бариад гэртээ ирсэнгүй гээд цагдаад хэлээд бариулсан юм. Би өөрийн буруугаа хүлээж, гэмшиж байгаа учраас надад нэмж мэдүүлэг өгөх зүйл байхгүй. Би одоо өөрийнхөө эхнэртэй эв зүйгээ олсон, ямар нэгэн хэрүүл маргаангүй байхгүй. Би хөдөө ганц гэрээрээ байдаг бөгөөд одоо мал дээр эхнэр бид хоёр байгаа. Манай эхнэр малд явж мэдэхгүй, гэрээс гардаггүй, би өөрөө хэдэн малаа бөөгнүүлж ганцаараа малладаг учраас тухайн хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-53 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 118 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. С.Гийн биед тархи доргилт, духны зүүн талд зөөлөн эдэд няцралт, цусан хураа, нүүрний зүүн талаар цус хуралт, цээжний зүүн ар хэсэгт, зүүн гарын бугалганы дотор дээд хэсэгт, зүүн өвдгөнд цус хуралт, уруулын салстад шарх гэмтлүүд учирчээ. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох 4-5 удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлүүдийн шинж байдлаас харахад хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цээжний болон толгойн рентгенд харуулахаар явуулж 3 хоног хүлээсэн боловч материал ирүүлээгүй. 5. Цээжний болон толгойн рентгенд харуулж онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана....гэх дүгнэлт /хх-ийн 38 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56-58 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61-62 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон О.Б нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэрт байх Нурамт гэх газар оршин суух гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр С.Гийг зодож биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэрт байх Нурамт гэх газар оршин суух гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр С.Гийг зодож биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч С.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “орой 19 цагийн үед гэртээ байж байтал манай нөхөр Б согтуу орж ирээд үхсэн янхан минь, үхсэн Сохин гэж хэлээд орилоод байхаар нь би нөхөртөө хандаж чи үхсэн хүний нэр дуудаад яах гээд байгаа юм гэхэд намайг цээж рүү түлхээд би газар унасан чинь миний толгой руу баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би болиоч ээ гэхэд чамайг алсан ч яадаг юм гээд зүүн хавирга хэсэг рүү 2 удаа өшиглөөд, зүүн өвдөг хэсэг рүү 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, хохирогч С.Гийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сард бол намайг зодож гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, хохирогч С.Гийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн ”би нөхөртөө зодуулж сумын төвийн эмнэлэгт үзүүлж, эмчийн тодорхойлолт авч, цагдаагаас шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг авсан. Намайг үзэх үед миний биед учирсан гэмтэл, бэртэл харагдаж байсан учраас эмч үзэхдээ биен дээр учирсан хөх, няц болсныг хэмжиж үзэж байгаад та толгойны рентген зураг авахуулаад ир гэсэн. Тэр үед би мөнгө төгрөг муу байсан учраас эмнэлэгт үзүүлж, буцаад шүүх эмнэлэгт хандаж чадаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “С.Гийг үзсэн үзлэгээр түүний толгой их өвдөлттөй, шилэн хүзүү нь хөшинг байсан, тэгээд би түүнд эмчийн тодорхойлолт хийж өгсөн нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Ж.Нийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “миний санаж байгаагаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны үеэр нилээн орой манайд С.Г, О.Б хоёр хоорондоо маргалдаж, хөөцөлдөөд орж ирсэн. С.Гийн хамраас нь цус гарсан, царай, хувцас нь шороо болсон байдалтай байсан. Миний мэдэж байгаагаар бол 2018 оны 02 дугаар сарын 20-ны үед харин зодуулсан бололтой манайд орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч Г.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сарын 20-ны үеэр шиг санаж байна, тухайн үед цагаан сар болж байсан болохоор би согтуу гэртээ байж байхад С.Г, О.Б хоёр манайд орж ирээд маргалдаж байгаад гарч явсан гэж эхнэр ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, О.Бын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Эхнэр хот руу яваад цагаан сар болох гэж байхад ирэхгүй байсаар байгаад 2 сар болоод ирсэн. Түүнээс болж маргалдсан” гэх мэдүүлэг, О.Бын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг Нурамт гэх газар гэртээ эхнэр бид хоёр байж байгаад гэр бүлийн асуудлаас болж би эхнэртэйгээ маргалдсан. Би эхнэртээ хандаад жаахан эртхэн ирэхэд яадаг юм гэж хэлэхэд манай эхнэр согтуу байсан учраас газарт унаад байхаар нь уур хүрээд нэг удаа хөлөөрөө биеийнх нь хөл орчимд өшиглөснөө санаж байна, түүнээс хойш эхнэрээ дахиж хэрхэн цохисон талаараа надад мэдэх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 49-53/, хохирогч С.Гийн бие учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 118 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Я овогт Оын Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт О-ын Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ