| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0890/З |
| Дугаар | 128/ШШ2026/0786 |
| Огноо | 2026-09-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2026/0786
2026 09 07 128/ШШ2026/0786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “М” ХХК,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,
Хариуцагч: Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б,
Маргааны төрөл: Монополын эсрэг газрын хяналтын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анар-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “М” ХХК-иас Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бд холбогдуулан “2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Монополын эсрэг газрын дарга 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тухай” 03 дугаар удирдамжийг баталжээ.
3. Дээрх удирдамжийн дагуу Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч *** нэр бүхий 21 аж ахуй нэгжийг АИ-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэх зөрчлийг илрүүлж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлджээ.
3.1. Улмаар Монополын эсрэг газрын хяналтын улсын байцаагч *** “***” ХХК, “П” ХХК-иудад 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсуудаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3%-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулжээ.
4. Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч *** “М” ХХК-ийг Аи-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн байна.
5. Мөн Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтооход дэмжин оролцсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1,042,022,578.20 (нэг тэрбум, дөчин хоёр сая, хорин хоёр мянга таван зуун далан найм) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
6. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6965 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Өрсөлдөөний тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”, 11.3-т “Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцохыг хориглоно” гэж тус тус заажээ.
Улсын байцаагч энэхүү зөрчлийг гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулахдаа үнэ нэмэгдүүлсэн энэхүү нөхцөл байдал нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн эсэх, үнийг ямар нэгэн бодит шалтгаан нөхцөлгүйгээр гэрээ хэлцэл хийх замаар хэлэлцэн тохиролцож тогтоосон эсэх, өрсөлдөөнийг хязгаарласан гэрээ хэлцэл (картель) байгаа бол ямар аж ахуйн нэгжүүд уг гэрээ хэлцлийг байгуулсан, ийнхүү гэрээ хэлцэл байгуулахад ямар үндэслэлээр дэмжин оролцсон гэж үзэж байгаа зэрэг нөхцөл байдлыг зөв бодитой тогтоох шаардлагатай юм.
Дээрх хуулийн заалтаар өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор үнэ тогтоосон байх хуулийн гол нөхцөлийг зохицуулсан байна. Шатахуун худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд аль нэг аж ахуйн нэгжийн өрсөлдөх боломжийг хязгаарлах, хясан боогдуулах зорилгоор үнэ нэмсэн гэж үзэх үндэслэл байхгүй юм. Шатахуун худалдаа эрхлэгч аль нэг аж ахуйн нэгж үнээ нэмэх, эсхүл нэмэхгүй байх өөрөөр хэлбэл өрсөлдөх чөлөөт байдалд ямар нэгэн нөлөө үзүүлсэн гэрээ хэлцэл байгуулаагүй, ийм гэрээ хэлцэл аль нэг аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгдээгүй байхад ийнхүү аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэлцэл байгуулсан гэж үзэж хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна.
Хэрэв гэрээ хэлцэл (картель) байгаа гэж үзэж байгаа бол аль аж ахуйн нэгжүүдийн хувьд хэлцэл хийгдсэн, энэхүү хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа үндэслэл тодорхой байх шаардлагатай юм. Гэтэл улсын байцаагчийн хувьд энэхүү нөхцөл байдлыг тогтоолгүйгээр үнэ нэмэгдүүлсэн гэх нөхцөл байдалд үндэслэн шууд дүгнэлт хийж шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.
Монгол улсын шатахуун худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд ам.доллароор тооцож ОХУ-аас шатахуун авдаг бөгөөд ам долларын ханш сүүлийн нэг жилийн байдлаар буюу 2024 оны 5 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарын хугацаанд дунджаар 3,381.19 төгрөгөөс 3,572.77 төгрөг хүртэл өссөн байна. Манай компанийн АИ-92 бензиний борлуулалт алдагдалтай байсан бөгөөд нэг жилийн хугацааны борлуулалтын өртгийн тооцооллоор 2024 оны 5 сараас 2025 оны 5 дугаар сарын хугацаанд алдагдалтай ажилласан болно.
Ийнхүү үнэ нэмэгдүүлэх бодит шалтгаан байсан, зохиомлоор бусад аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх замаар үнэ тогтоосон нөхцөл байдал байхгүй байхад шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.
Манай компанийг буруутгаж байгаа үндэслэл нь 2025 оны 5 дугаар сард үнэ нэмэгдүүлсэн гэх нөхцөл байдал бөгөөд энэ нь өрсөлдөөнийг хязгаарлах, гэрээ, хэлцэл (картель) -ийг дэмжиж оролцсон нөхцөл байдал бус алдагдалтай худалдаж байгаа бодитой шалтгааны улмаас хийгдсэн үйлдэл юм.
Иймээс дээрх тайлбар үндэслэлээр Монополын эсрэг газрын Улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М” ХХК улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Картель хэлцэл хийсэн гээд байгаа этгээдүүдийг дэмжиж оролцсон гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулсан. Дэмжиж оролцсон гэдэгт үндсэн хэлцэл хийсэн этгээдүүд гэж байх ёстой буюу үндсэн хэлцэл хийсэн этгээдүүд нь хэлцэл хийгдсэн байх нь тогтоогдсон байх ёстой. Үндсэн хэлцэл хийгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, үндсэн хэлцэл хүчингүй үндсэн хэлцэл хийсэн гэж үзсэн аж ахуйн нэгжүүдэд оногдуулсан шийтгэлийн хуудас нь хүчингүй болсон. Иймд дэмжиж оролцсон гэх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
9. Хариуцагч Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б нь шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай удирдамжийн дагуу бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч “П” ХХК, “****” ХХК-ууд АИ-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно” гэж, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК болон дээрх 20 аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад тус тус зааснаар *** дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын газрын тосны Монголиа компаниас сар бүрийн хил үнийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компани болон импортлогч компаниудын хооронд байгуулсан урт хугацааны гэрээний хүрээнд ОХУ-ын Роснефть байдлаар АИ-92 автобензиний хил үнэд өөрчлөлт ороогүй тогтвортой байсан. газарт ирүүлдэг бөгөөд 2024 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар "Салбар шатахуун түгээх станцуудын АИ-92 шатахууны жижиглэнгийн худалдан борлуулах үнийг Хавсралт №01-т заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс өөрчилсүгэй” гэж, АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт дугаартай хяналт шалгалтын танилцуулгаас үзэхэд ажлын хэсэг 2025 оны 05 дугаар оруулан литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Агентлагийн даргын баталсан 03 сарын 27-ны өдөр “М” ХХК-ийн ШТС 2 шатахуун түгээх станц дээр газар дээр нь ажиллаж шатахууны үнийн өөрчлөлтийн талаар мэдээлэл авч ажилласан бөгөөд АИ-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
“М” ХХК болон зөрчлийн хэргийн холбогдох оролцогчид АИ-92 автобензиний жижиглэнгийн (эцсийн хэрэглэгчид нийлүүлэх) үнийг тогтоож, аж ахуй эрхлэгчид нар нь хоорондоо үнийн өрсөлдөөн хийх шаардлагагүй болсон өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаанд дэмжиж оролцсон нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны 03 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, зөрчлийн хэргийн оролцогчдоос гаргуулан авсан тушаал, шийдвэр зэрэг холбогдох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3-д “Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.“Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх гомдол гаргагч нарын гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
2. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.“Энэ хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 11 дүгээр зүйлийн 11.1. “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1.“бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”, 11.3.“Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцохыг хориглоно”, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.”Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох: … нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 3.“Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
3. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтооход дэмжин оролцсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1,042,022,578.20 (нэг тэрбум, дөчин хоёр сая, хорин хоёр мянга таван зуун далан найм) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “М” ХХК-ийг АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтооход дэмжин оролцсон зөрчилд шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.
4. Тодруулбал, Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч *** 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсуудаар нэр бүхий 11 нэгэн аж ахуй нэгжид жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулжээ
4.1. Тус шийтгэлийн хуудсыг нэр бүхий 11 аж ахуй нэгж эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0019 дүгээр шийдвэрээр “...Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч ***гийн гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0002305 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар /90 хоног/ түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2026/0106 дугаар магадлалаар “...3 сарын хугацаагаар /90 хоног/ гэснийг ...58 хоногийн хугацаагаар” гэж өөрчлөлт оруулжээ.
4.2. Мөн нэр бүхий 9 компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0366 дугаар шийдвэрээр Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч ***н 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ***дугаар шийтгэлийн хуудсуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон 58 хоногийн хугацаанд дээрх нэр бүхий 11 аж ахуй нэгжүүд нь АИ-92 автобензиний литр тутмын үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн зөрчил нь бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь тогтоогдоогүй бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүйн улмаас бүх төрлийн шатахуун импортлох болон бөөний жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийг гэрээ, хэлцэл (картель) байгуулсан гэж үзэж торгох шийтгэл ногдуулсан ***дугаар шийтгэлийн хуудсууд хүчингүй болжээ.
5. Дээр дурдсан хуульд зааснаас үзвэл нэгдүгээрт аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь тогтоогдсон нөхцөлд дээрх гэрээ, хэлцэл (картель)-ийг аж ахуй эрхлэгч дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох нь хуульд нийцэх юм.
5.1. Дээрх аж ахуй нэгжүүдийг үгсэн хуйвалдаж, картель байгуулан АИ-92 автобензиний үнийг нэмсэн гэх зөрчил тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “М” ХХК-ийг гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон гэж үзэх үндэслэлгүй.
6. Иймд Монополын эсрэг газрын хяналтын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Баас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН