Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 014

 

Г.Ганбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 155/2016/0040/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Б.Болд,

           Шүүгдэгч: Г.Ганбаатар,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Баярдаваа,

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45А дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  Г.Ганбаатарт холбогдох эрүүгийн 201622000010 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шивээт овогт Говийлхаажавын Ганбаатар /Регистрийн дугаар РД63031918/.

Г.Ганбаатар  нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой "Эрдэнэс бааранд" хамт явсан Б.Алтанхуягийг бүжиглэх хооронд сандал дээр тайлаад тавьсан  куртикны халааснаас нь 480.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45А дугаар шийтгэх тогтоолоор Шивээт овогт Говийлхаажавын Ганбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Ганбаатараас 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулж  хохирогч  Б.Алтанхуягт олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201622000010 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг /CD/ дүрс бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхийг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгаж, Эрүүгийн 201622000010 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Ганбаатар давж заалдах гомдолдоо: “...Уг хэргийг өмнө нь анхан шатны шүүхээр Эрдэнэ-Очир шүүгч шийдвэрлэн намайг гэм буруутайд тооцож 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэг бүрэн гүйцэд шалгагдаагүй, шууд нотлох баримт байхгүй дамжмал нотлох баримтаар шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу уг хэргийг дахин 2016 оны 6 дугаар сарын 30- ны өдөр анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд дахин шүүгч Эрдэнэ-Очирт хуваарилагдсан бөгөөд анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ намайг уг хэргийг үйлдсэн талаарх шууд нотлох баримт хэрэгт байхгүй байсаар атал шүүгч өмнөх шийдвэрээ хамгаалах байдлаар дахин намайг гэм буруутайд тооцож, намайг 480 мянган төгрөг Алтанхуягт төлөхөөр шийдвэрлэсэнд миний зүгээс гомдолтой байна. … миний зүгээс маш их гомдолтой байна. Хийгээгүй хэргийн төлөө хэдийгээр ял шийтгэл аваагүй ч гэсэн хулгай хийсэн гэсэн хар нэр зүүж, бас бусдад хохирол учруулаагүй байж өөрийн амьдралаас 480 мянган төгрөг төлөх нь байж болшгүй зүйл тул энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдэж өгнө үү гэж гомдол гаргаж байна. ...намайг гэм буруутайд тооцож 480 мянган төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэжээ.

 

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Ганбаатар  нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой "Эрдэнэс бааранд" хамт явсан Б.Алтанхуягийг бүжиглэх хооронд сандал дээр тавьсан  куртикны халааснаас нь 480.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь:

-Хохирогч Б.Алтанхуягийн: “... 2015 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цаг 30 минутын үед Эрдэнэс бааранд би өөрөөсөө гадна Ганбаатар, Болд, Тэгшээ, Мөнхбаяр, Насанбаатар, Буянаа нарын хамт орсон юм.  ...Ганбаатар ганцаараа сууж байхаар нь би куртикээ тайлаад Ганбаатарын өөдөөс харсан сандал буюу ширээний нөгөө талын сандлын ар түшлэг дээр тохож тавьчихаад буцаад нөгөө хэд дээрээ очиж бүжиглэсэн.   ...мөнгөө авахаар халаасаа ухахад миний халаасанд байсан мөнгө төгрөг бүгд байгаагүй. Би Ганбаатараас энд байсан мөнгө хаачив гэхэд Ганбаатар чиний халаасанд ийм л юм байсан гээд хоёр ширхэг түлхүүр, тооны машин, хайрцагтай хөзөр зэргийг өөрийнхөө халааснаас гаргаж ирсэн. ...баарны камерийн бичлэгийг шүүхэд Ганбаатар бид нарыг бүжиглэж байхад бүжиглэж байгаа хүмүүсийн дундуур гараад гадагшаа гарч яваа бичлэг байсан. ....2015 оны 12 сарын 17-ны өглөө би гэрээсээ гарахдаа 130.000 төгрөгтэй гарсан. Өдөр зах дээр Мөнхөө гэдэг хүнээс махны 520.000 төгрөг авсан. ... Миний мөнгийг Ганбаатар авсан нь тодорхой, түүнээс 480.000 төгрөгийг нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 109-110-р хуудас/,

Гэрч Д.Насанбаатарын: “ ...2015 оны 12 дугаар сард, яг хэдний өдөр байсныг мэдэхгүй.  ...Би түүний халаасанд байгаа мөнгийг харсан, барагцаагаар 500.000 гаран мянган төгрөг байсныг ч мэднэ. ... Буцаж ширээндээ суугаад Алтанхуяг мөнгө төгрөг алга болчихлоо гэхэд хажуу талын ширээнд сууж байсан хоёр хүүхэн Ганбаатар гуайг заагаад энэ хүн нэг куртикны халаас ухаад байсан гэж хэлсэн. Алтанхуягийг куртикээ тайлаад босонгуут халаасыг нь ухсан гэж хэлдэг. Ганбаатар тэр үед өөрийнхөө халааснаас Алтанхуягийн халаасанд байсан тооны машин, хөзөр, түлхүүрүүдийг гаргаж ирээд намайг халаасыг ухахад энэ хэд л байсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь та яагаад ухаж байгаа юм бэ гэхээр би алга болчих байх гэж бодоод авсан юм гэж хэлдэг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Д.Эрдэнэтуяагийн: “... 2015 оны 12 дугаар сарын 17-ны орой би найз Сэлэнгээгийн хамт Эрдэнэс бааранд орж хэсэг суусан юм. ...Сэлэнгээ нэг ах бүжиглэж байгаад куртикээ тайлаад тавьсан чинь энэ хажуу талд нь сууж байгаа ах халаасыг нь ухаад юм аваад гарчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг сууж байхад том малгайтай дээгүүрээ цамцтай ах нөгөө ширээн дээр ирээд мөнгө алга болчихлоо гэж ярихад нь манай найз Сэлэнгээ би үзсэн харсанаа хэлчих үү гэж надаас асуухаар нь би өөрөө мэд гэж хэлсэн. Тэгээд Сэлэнгээ юмаа алдсан хүнд тэнд байсан согтуу хүн халаасыг нь ухсан гэдгийг хэлсэн. Тэд нарыг бүжиглэж байхад ширээн дээр сууж байсан өндөр ахаас өөр хүн тэр ширээнд сууж байгаагүй. Куртикны халаас ухсан ах өндөр, туранхай бор ах байсан, мөнгө алдсан ахтай хамт явж байсан хүн байсан.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 28 хуудас/,

Гэрч О.Сэлэнгэмөрөнгийн: “...2015 оны 12 дугаар сарын 17-18-ны үед би найз Эрдэнэтуяагийн хамт нэг орой Эрдэнэс Бааранд орсон. Тэгээд удалгүй нэг ах ширээн дээр ирээд хар өнгийн байсан байх куртикээ тайлаад сандал дээр тохож тавиад бүжиглээд талбай руу орсон. Тэр ахыг куртикээ тайлж тавьсны дараа хажуу талын ширээнд үлдсэн өндөр бор ах ширээний ардаас босч тонгойгоод ширээний нөгөө талын сандал дээр тохож орхисон куртикийг авсан. Тэр үед би куртик авсан ахыг хараад байсан чинь тэр хүн манай дүүгийнх юм байгаа юм гэж хэлсэн. Үүнээс өөр юм хэлээгүй. Тэр ах энэ куртикийг цээжиндээ тэвэрч суугаад халаасыг нь ухаад байсан. Ямар ч байсан миний харснаар хөзөр, тооны машин харагдсан өөр юу гаргаж ирснийг мэдэхгүй. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа куртикээ тайлж тавьсан ах ширээн дээр ирээд тавьсан газраасаа куртикээ авах гэхээр нь би  таны куртикийг энэ ах авсан гэж хажуу талын ширээнд сууж үлдсэн өндөр бор ахыг заасан. Тэр ах ч май куртикээ ав гээд өгсөн. Тэгээд л тэр ах куртикээ авч халаасаа үзсэнээ мөнгө төгрөг алга болчихлоо гэхээр нь энэ хүн таны халаасыг ухаж байсан гэж тэр өндөр бор ахыг хэлсэн. Би тэр үед ердөө өөрийн харсан зүйлээ л хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүхийн  нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянан үзэж гаргасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул шүүгдэгчийн “...гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүйд тооцож өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Г.Ганбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45А дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

      ШҮҮГЧИД                                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                                                        Б.СОСОРБАРАМ