Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 425

 

“С” ХХК-ийн гомдолтой, НМХГ-ын ЭМБСХ-ын

ЭАХХХ-ын УБ Ц.И-д холбогдох зөрчлийн хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                       Шүүгч Ч.Тунгалаг

       Шүүгчид:                          Б.Мөнхтуяа

                                                Д.Мөнхтуяа

                                                П.Соёл-Эрдэнэ

       Илтгэгч шүүгч:                 Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: “НМХГ-ын ЭМБСХ-ын ЭАХХХ-ын УБ-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0066455 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0547 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 562 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагч Ц.Идэрбат нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0547 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас гаргасан “НМХГ-ын ЭМБСХ-ын ЭАХХХ-ын УБийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0066455 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 562 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0547 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 562 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

4. Гомдол гаргагч нь “Кolimbija” ХХК-ийн лаазалсан бүтээгдэхүүн /килька загас/-ийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч, Хүнсний чанар стандартын хяналтын байцаагч нар хяналт хийж, гүний хилээр нэвтрүүлэх үеийн аюулгүй байдалд дүгнэлт өгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн нян судлал, хими, хор судлал, хүнд металл, цацрагийн хяналтын шинжилгээнд хамруулсан. Уг дүгнэлтээр хяналтад хамрагдсан лаазалсан загас нь гарал үүсэл, эрүүл мэндийн гэрчилгээ, тоо хэмжээ заасан баримт бичгийн бүрдэлтэй, нян, хор, хүнд металл, цацрагийн бохирдолгүй Монгол улсад мөрдөгдөж буй “Хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ МNS 4504:2008” болон “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ МNS 6308:2012” стандартуудын шаардлагыг хангаж байгааг баталгаажуулж, Монгол улсын хилээр нэвтрүүлсэн.

5. Өмнө нь гомдол гаргагч компанийн оруулж ирдэг лаазалсан загасан бүтээгдэхүүнтэй холбоотой санал, гомдол ирж байгаагүй бөгөөд хариуцагч нь 0066455 дугаар шийтгэлийн хуудсаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т зааснаар “зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс хэтэрсэн” буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн худалдсан гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.2-т “хүний эрүүл мэндэд хортой сав, баглаа боодол ашиглан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлан шийтгэл ногдуулсан.

Хариуцагч “гомдол гаргагчийн авч ирсэн килька лаазалсан бүтээгдэхүүнээс илэрсэн байх магадлалтай” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулж, шинжилгээгээр тогтоогдсон нөхцөл байдлын улмаас шийтгэлийн хуудас тавьсан гэжээ.

6. Гомдол гаргагчийн бүтэн сар гэртээ хадгалсан биетийг шинжилгээнд оруулж “Anylocra” буюу загасны гадна хайрсанд бэхлэгдэн шимэгчилдэг, Хар тэнгис Балтын тэнгис зэрэгт тархсан” гэж тодорхойлоод “хор хөнөөл, хор ялгаруулдаг эсэх нь тодорхойгүй, хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх эсэх нь тодорхойгүй” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл мэргэжлийн хяналтын байцаагч нь шинжээчийн дүгнэлтээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг тогтоогдоогүй байхад шийтгэлийн хуудас гаргасан байх бөгөөд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “бохирдуулагч” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд өөрт нь агуулагддаг, эсхүл хүнсний сүлжээний үйл ажиллагааны явцад, түүнчлэн хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлийн бохирдлоос бий болсон хими, физик, биологийн хүчин зүйлсийг” ойлгохоор зааснаас үзвэл лаазалсан бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдуулах зэргээр лаазалсан бүтээгдэхүүнд бохирдуулагч бий болгосон зүйлгүй буюу манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй юм.

7. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ”, мөн 11.1.1-д “зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан” гэж заасан үндэслэлийн тухайд:

Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 17.2.2-т “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтэд агуулагдах бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тогтоох” гэж заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон ямар журам, тушаал, шийдвэрийг үндэслэсэн, үүнээс хэд байх хэмжээнээс ямар бохирдуулагч их байсан нь тодорхойгүй байдаг.

Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “бохирдуулагч” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд өөрт нь агуулагддаг, эсхүл хүнсний сүлжээний үйл ажиллагааны явцад, түүнчлэн хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлийн бохирдлоос бий болсон хими, физик, биологийн хүчин зүйлсийг” гэж заасан, бохирдуулагчид загасны идэш тэжээлийн хэлхээнд багтдаг амьтан орох боломжгүй буюу лаазалсан бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдуулах зэргээр лаазалсан бүтээгдэхүүнд бохирдуулагч бий болгоогүй болно.

8. Түүнчлэн импортлогч аж ахуйн нэгжийн хувьд Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан импортын болон экспортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний журмыг баримталж ажилласан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу импортлох болон экспортлох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлсэд холбогдох хяналт шалгалт хийнэ” гэж заасан хяналт шалгалтыг хийлгэсэн буюу импортлогчийн хуулиар хүлээсэн үүргийг зохих журмын дагуу биелүүлж ажилласан. Хэрэв уг биет нь лаазалсан бүтээгдэхүүнээс гарсан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн гэж үзвэл импортын бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинжилгээнд хамруулахаас бусдаар худалдан авагч компани тухайн бүтээгдэхүүнийг задалж шалгах боломжгүй төдийгүй манай оронд энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэггүй ганцхан импортоор оруулж ирдэг тул энэ төрлийн лаазалсан загасан бүтээгдэхүүнийг цаашид Монгол улсад импортоор оруулж ирэх эсэхтэй холбоотой практик тогтоох чухал ач холбогдолтой маргаан байтал шүүх анхаарсангүй.

9.  Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 547 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 562 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11. Аливаа хүнсний бүтээгдэхүүний стандарт нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор батлагддаг тул холбогдох стандартыг зөрчсөн бүтээгдэхүүнийг “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх” хүнсний бүтээгдэхүүн гэж үзэх үндэслэлтэй.

12. Энэхүү хэргийн тухайд гомдол гаргагч “С” ХХК-ийн Латви улсаас импортолсон “Herzog Jacob” килька бүтээгдэхүүн дотроос “Anylocra” буюу “загасны гадна шимэгч үхсэн” хэлбэрээр илэрсэн нь тогтоогдсон ба энэ нь Загас, загасан бүтээгдэхүүн, Сардин болон сардины төрлийн загасны лаазалсан бүтээгдэхүүн MNS CAC 94:1998 стандартын 3 дугаар зүйлийн 3.5.1.4-д “Бэлэн бүтээгдэхүүний лаазан дотор гадны ямар нэгэн бие байж болохгүй”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Бүтээгдэхүүн гадны ямар нэгэн бохирдолгүй байна” гэснийг зөрчсөн болох нь тодорхой байна.

 13. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д зааснаар “бохирдуулагч” гэж хүнсний түүхийн эд, бүтээгдэхүүнд өөрт нь агуулагддаг, эсхүл хүнсний сүлжээний үйл ажиллагааны явцад ... бий болсон биологийн хүчин зүйлсийг” ойлгох ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ, 11.1.1.“зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан” гэжээ.

14. Иймээс гомдол гаргагчийн импортолсон “Herzog Jacob” килька бүтээгдэхүүнд гадны бие буюу үхсэн шимэгч илэрсэн нь дээр дурдсан MNS CAC 94:1998 стандартыг зөрчсөн, өөрөөр хэлбэл байх ёсгүй зүйл байгаа нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1.“зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан” гэж үзэх үндэслэлтэй тул энэ талаарх шүүхүүдийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

15. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.“Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно, 10.3.1.хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх” гэж заасан байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь”, 3.Хуульд заасныг зөрчиж, 3.1.“хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ... хүнсний бүтээгдэхүүн ..., худалдсан, үйлчилсэн бол...хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

16. Иймд, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг үндэслэн маргаан бүхий акт болох 2019 оны 0066455 дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХХК-д 5,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

17. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний стандартыг зөрчсөн бүтээгдэхүүн нь “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх” буюу үзүүлж болзошгүй гэдэгт хамаарах тул “С” ХХК нь дээрх стандартыг зөрчсөн бүтээгдэхүүн худалдсан нь Зөрчлийн тухай хуульд заасан 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ... хүнсний бүтээгдэхүүн ..., худалдсан” гэсэн зөрчлийг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл болно.

18. Иймд, “Тус компани нь хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ болон хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ стандартуудын шаардлагыг хангаж байгааг баталгаажуулж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг тогтоогдоогүй байхад шийтгэлийн хуудас гаргасан, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан “бохирдуулагч”, “зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан” гэдэгт хамаарахгүй, импортлогч байгууллагын хувьд бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхдээ хуулиар хүлээсэн үүргийг зохих журмын дагуу биелүүлж ажилласан байхад шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-8-д заасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

19. Түүнчлэн, шүүх хуралдаан дээр гомдол гаргагчийн өмгөөлөгчийн дурдсан “Anylocra” буюу загасны гадна хайрсанд бэхлэгдэн шимэгчилдэг, Хар тэнгис Балтын тэнгис зэрэгт тархсан” гэж тодорхойлоод “хор хөнөөл, хор ялгаруулдаг эсэх нь тодорхойгүй, хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх эсэх нь тодорхойгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт нь “хүний эрүүл мэндэд хоргүй” гэсэн дүгнэлт биш, мөн экспортлогч компанийн илгээсэн “лаазалсан бүтээгдэхүүн ямар ч аюулгүй” гэсэн захидал энэхүү хэргийг шийдвэрлэх үндэслэл болохгүй гэдгийг дурдаж байна.

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0547 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 562 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.ТУНГАЛАГ

              ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ