Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 27

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суух Таван хар овогт Даньхүрэлийн Цэрэннадмидын “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 26- ны өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Цагаанхайрхан сумын дунд сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоолгох “ тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ” Миний бие Д.Цэрэннадмид нь 2004 оны 09 сарын 26-ны өдрийн 383 дугаар Увс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Увс аймгийн Цагаанхайрхан сумын дунд сургуулийн захирлаар томилогдон, тасралтгүй 12 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлж, сургуулийн өнгө төрх, тохижилт, хүүхдүүдэд суралцахад нь таатай орчин бүрдүүлэхэд анхааран өөрийн санаачлагаар хамт олны дэмжлэгтэйгээр олон ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэн сум орон нутгийн бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулж төрийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн.

       2011 оны 9 дүгээр сард манай байгууллага хамт олны хурлаараа хэлэлцээд сургуулийнхаа урд талын талбайг засаж янзлахаар болсон. Улмаар засварын ажил хийхэд төсөв мөнгө хүрэлцэхгүй байсан тул ажилчидтайгаа хамтарч засварын ажлыг хийсэн.

          Гэтэл Увс аймгийн Засаг дарга Д. Цэндсүрэн намайг өөрийн нөхөр Г.Пүрвээгийн “Хишигт Хөх энгэр” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан атлаа сургуулийн ажилчдаар уг засварын ажлыг хийлгэсэн, мөн нөхөрийнхөө кампаний дансруу засварын мөнгийг шилжүүлсэн зэргээр хууль зөрчсөн гэж 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/17 дугаар захирамж гаргаж Д.Цэрэннадмид намайг Цагаанхайрхан сумын дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие Увс аймгийн Засаг даргын Б/17 дугаар захирамжийг хууль бус, үндэслэлгүйгээр намайг Цагаанхайрхан сумын дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

        Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 26- ны өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Цагаанхайрхан сумын дунд сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү “гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.Цэрэннадмид тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 26- ны өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Цагаанхайрхан сумын дунд сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Алтанг 2016.07.26-ны өдөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан эрхүүдийг итгэмжлэн олгожээ.

   Уг итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.

      Нэхэмжлэгч Д.Цэрэннадмидыг ажлаас чөлөөлснөөс хойш Увс аймгийн Цагаанхайрхан сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтанд тэнцсэн захирал томилогдоогүй талаар Увс аймгийн Боловсрол, соёлын газраас 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 199 дугаартай албан бичиг ирүүлсэн, аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 26-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Ц.Мөнхжаргалыг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, шүүхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татагдсан этгээд байхгүй байна.

        Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суух Таван хар овогт Даньхүрэлийн Цэрэннадмидын “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 26- ны өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Цагаанхайрхан сумын дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 , 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                             Д.АЛТАНЦЭЦЭГ