Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ20176/00125

 

Д.Ренчинхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 413 дугаар шийдвэр,         

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар магадлалтай,

Д.Ренчинхандын нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

Гэм хорын хохиролд 3.336.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Ренчинхандын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ренчинханд, өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ренчинханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Холбоо толгой” ХХК-д 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сахиулаар ажилласан. Тухайн үед тус компани нь миний ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байсан учраас шүүхэд хандсан, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 397 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн тус шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 404 дугаартай шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Од” салбарт үсчнээр ажилласан 3 жил 6 сар 30 хоногийг тогтоож өгсөн. Гэтэл Нийгмийн даатгалын газар миний тэтгэврийг тогтоохгүй байсаар 4 жилийн хугацаанд намайг хохирч байгаа тул тэтгэврийн зөрүү нэхэмжилж байна. Би олон хүүхэдтэй, 50 нас хүрсэн гэдгээрээ 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тэтгэвэртээ гарах ёстой байтал гаргаагүй. Иймд 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх тэтгэврийн зөрүү 3.336.800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийгмийн даатгалын шимтгэл сар бүр орж ирэхгүй бол яагаад шимтгэл орохгүй байгаа талаар хяналт тавих эрхтэй. Нийгмийн даатгалын байгууллага нь тухайн байгууллага ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн, төсөв бүрдүүлэх үйл ажиллагааг хангаж ажиллах үндсэн гол үүрэгтэй. Хэрвээ би 4 хүүхэдтэй гээд тэтгэвэрт гарсан бол энэ хэмжээний мөнгийг авах байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тэтгэвэр тогтоосон гэж ярьж байна. Тухайн үед манай хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Байгалмаа Америкийн нэгдсэн улсад ажлаар явах гээд виз нь гарчихсан байхад энэ асуудалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэчихсэн, виз нь хойшлох гээд байсан учраас Д.Ренчинхандыг “нөхөн даатгалд орох боломжтой юм чинь хамруулчих” гээд нөхөн даатгалд хамруулсан.  Гэтэл  2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нөхөн даатгал хэрэгжиж эхэлсэн тул энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Хяналтын байцаагч нар энэ хүний тэтгэврийг буруу тогтоосон гээд би одоо цалингаасаа төлж байгаа. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу манай байгууллага Ренчинхандын тэтгэврийг тогтоосондоо буруутаад байгаа. Уг нь нэхэмжлэгчийн тэтгэврийг 55 нас хүрэхэд нь тогтоох ёстой байсан. Харин 4 хүүхэдтэйгээр тэтгэвэрт гаргахад 20 жилээр гаргах ёстой, ингэхэд 3 жил  дутаад байсан. Шимтгэл төлөлтийн хувьд бол шимтгэл төлөхгүй байгаа байгууллага л хариуцлага хүлээх ёстой. Манай байгууллага тухайн аж ахуй нэгжид шимтгэлээ төлөөгүй бол акт, торгууль тавьдаг. “Холбоо толгой” гэх байгууллага бол ерөөсөө нийгмийн даатгал төлөөгүй байсан. 2000 оноос хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлдөг. Д.Ренчинханд гуайн хувьд ажилласан гэдгээ шүүхийн шийдвэрээр тогтоолгосон боловч шимтгэлийг байгууллага нь төлөөгүй. “Холбоо толгой” ХХК-аас төлсөн шимтгэлийн 248.000 төгрөгийг болон 10 жил ажилласан хугацааны шимтгэл 78.120 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө өргөдөл бичээд буцааж авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 413 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-д тус тус зааснаар Д.Ренчинхандын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох гэм хорын хохирол 3.336.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 68.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 02-ны өдрийн 413 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг: “...1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-д тус тус зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 25-ны өдрийн 1681 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ренчинханд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 18 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа болсон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн. Энэ хугацаанаас өмнө 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр батлагдаж,  1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулийн  дагуу  “Од”  ХЭАА нь цалингийн болон хөдөлмөрийн хөлсний сангаас тодорхой хувь, хэмжээгээр БНМАУ-ын Тэтгэврийн санд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээж, уг үүргээ зөрчвөл санхүүгийн болон нийгэм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага нь “Од” ХЭАА-д хуулийн хариуцлага хүлээлгэж, төлөөгүй болон дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлэх үүрэгтэй байжээ. Уг хуульд одоогийн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан зохицуулалт байгаагүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс надад учирсан хохирлыг ганцхан ажил олгогч хариуцна гэж тайлбарлаж, 1995 оноос өмнөх харилцаанд шинэ хуулийг хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс буюу түүний өмнө ажиллаж байсан байгууллагууд нь 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэлээ шилжүүлээгүй буюу төлөөгүй “Од” ХЭАА-д тухай бүрт нь хариуцлага хүлээлгэж, хуулиа биелүүлж байсан бол би 2010 онд тэтгэвэртээ гарах байсан. Одоо миний хохирлоо нэхэмжлэх боломжтой ганц газар нь хариуцагч байгууллага юм. Тэгээд ч ХЭАА-н хууль байхгүй болж, ХЭАА-н эзэн нас барсан тул надад уг ХЭАА, түүний шимтгэл төлөлтийн талаар нотлох баримт олдохгүй болсон.

2. “Од” ХЭАА нь 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй тул ажилласан жил буюу тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцогдохгүй гэдгийг намайг анх 2010 онд тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргахад хариуцагч хэлээгүй, харин ажилласан хугацаанд орно, болно гэдэг байсан. Харин миний “Холбоо толгой” ХХК-д ажилласан хугацааны шимтгэл төлөгдөөгүй тул ажилласан жилд оруулахгүй гэдэг байсан. “Холбоо толгой” ХХК нь шимтгэлээ нөхөн төлсний дараа 2014 онд тэтгэвэр тогтоолгох болоход “Од” ХЭАА-н хугацаа тооцогдохгүй гэсэн хариу өгч эхэлсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэлд хандсаны дараа “Од” ХЭАА-н хугацаа тооцогдохоор болсон гээд надад 2014 онд тэтгэвэр тогтоосон. Ингээд тэтгэврээ авч байтал 2016 онд намайг бүрэн тэтгэвэр авах эрх үүсээгүй гээд хувь тэнцүүлсэн тэтгэвэрт шилжүүлсэн. Дээрх бүх болсон явдал, үүссэн хохирол нь миний буруугаас болоогүй. Харин хариуцагч байгууллагын ажилтнуудын буруугаас үүссэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан болно. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 413 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 18 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Д.Ренчинханд нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 3.336.800 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс хохирол учирсан гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй гэж маргажээ.

Сэлэнгэ аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 404 дүгээр шийдвэрээр Д.Ренчинхандыг Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Од” салбарт үсчинээр 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 жил 6 сар 30 хоног ажиллаж байсныг тогтоожээ.

Мөн Д.Ренчинханд нь хариуцагч “Холбоо толгой” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 248.000 төгрөг гаргуулан Нийгмийн даатгалын хэлтэстэй тооцоо хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан, Сэлэнгэ аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 397 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хавтаст хэргийн 4-7 дугаар тал/.

Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй явдалд хариуцагч гэм буруутай эсэх нь маргааны зүйл болсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиудыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд эдгээр хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заажээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд нийгмийн даатгалд даатгуулсанд тооцохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Од” ХЭАА болон “Холбоо толгой” ХХК-иуд нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул тухайн аж ахуйн нэгжид ажиллаж байсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй юм.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заажээ. Ийнхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу, учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай.

Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй явдалд хариуцагч буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хорыг арилгах үүрэг нь зөвхөн гэм хор учруулагчид хамааралтай тул хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагчид хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Рэнчинхандын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Сэлэнгэ аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 1988 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ