Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 674

 

 С.Н-т холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар магадлалтай, С.Н-т холбогдох 1931001420070 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, М овогт С-н Н.

С.Н- нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11-12 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндийн 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, Бүүргийн 2-16 тоотод оршин суух гэртээ өөрийн нөхөр Ө.Ө-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-т 5 жил 5 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 71, 72 дугаар зүйлд тус тус зааснаар ялтан С.Н-ийн 9 нас, 2 нас, 4 сартай гурван хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Талийгаачийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч С.Н-ийн санаа сэтгэл гэнэтийн цочролд орж өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус довтолгооны эсрэг хохирогчийг боож хөдөлгөөнийг нь хязгаарлаж аргагүй хамгаалалт хэрэглэсэн.

Шүүгдэгч С.Н- болон хохирогчийн биед хэрэг болсон өдрийн өглөө ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх байгаагүй болох нь /хх 44-47/ хамгийн сүүлд хохирогчтой хамт нэрмэл архи уусан гэх гэрч Д.Г-н мэдүүлгээр тогтоогдсон. Гэтэл хэрэг болсны дараа шүүгдэгч С.Н-ийн биед хийсэн үзлэгээр ...хацар хавдаж хөхөрсөн, гарын хуруунд өнгөц зүсэгдсэн гэмтэл тогтоогдсон. Хэрэг явдал Д.Г-г талийгаачийн гэрээс гарсны дөнгөж дараахан болсон тул дээрх гэмтлийг хохирогч учруулсан болох нь харагдаж байна.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “намайг ална гээд хутга бариад дайрахаар нь үнэхээр алах гэж байна гэж бодсон маш их айсан сандарсан хэрвээ боож хөдөлгөөнийг нь хязгаарлаагүй бол намайг алах гээд байсан” гэж мэдүүлдэг.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь “...амь хохирогчийн зүгээс шүүгдэгчид хүч хэрэглэн дарамталж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй, зөвхөн шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр том хүүг маань байнга зодож загнадаг байсан, тухайн үед зоддог байсан ч цагдаад хэлж байгаагүй гэх мэдүүлэг өгдөг боловч энэ талаар ямар ч гэрч гэрчилдэггүй гэж дүгнэсэн.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрч Ө.Батчулуун /хх-ийн 42-43/, Ө.Б /хх 53-54/, У.Н /хх 58-59/ Г.Э /хх 60/, Б.Г /хх 70/, Б.Ө /хх 71/, Л.О /талийгаачийн ээж/ /хх 76/, Б.М /хх 77/, насанд хүрээгүй гэрч Б.Б /хх 80/, Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягт /хх 153-154/ эдгээр мэдүүлгээр шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг давхар нотлогдож, амь хохирогчийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдож байна.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс авч үзэхэд амь хохирогчийн зүгээс эхнэр С.Н-, хүү Б.Б нарыг байнгын давтагдах шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хууль бус үйлдлүүд гаргаж байсан гэж үзэхээр байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг зөвхөн цагдаагийн байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авагдаж байсан эсхүл хэн нэгэн хүнд ярьж хэлж байсан зэргээр тогтоох нь өрөөсгөл гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл зөвхөн бие эрхтэнд нь халдан зодохоос гадна үг хэлээр доромжлон дарамтлах үйлдэл хийх хийгүй байхыг шаардах нь гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдох юм. Энэ утгаараа С.Н- нь гэр бүлийн хүчирхийлэлд байсан болох нь харагдаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “С.Н- нь болсон хэргийн талаар тогтвортой мэдүүлэг өгч байгаа байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгчийг хэрэг учрал болсон тухайн үйл баримтыг дүгнэж цэгнэх, өөртөө хяналт тавих чадвартай, өөрийн үйлдлийг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж байна” гэж дүгнэсэн.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийг дээрх байдлаар үгүйсгэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг гутаах зэрэг хэлбэрээр хүчтэй цочирж, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас амь хохирогч амиа алдсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь эсхүл ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ болон шууд бус аль ч хэлбэрээр илэрч болно. С.Н-ийн санаа сэтгэл амь хохирогчийн хууль бус үйлдэлд хариу үзүүлэхдээ өөрийгөө удирдан жолоодох, хяналт тавих чадвараа алдаагүй байсан нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрийн үндсэн шинж гэж үзэж байна.

Талийгаачийн хууль бус үйлдлийг эсэргүүцэх явцад С.Н-ийн гар зүсэгдсэн. Шинжээчийн дүгнэлтээр хацар хөхөрч, хавдсан гэмтэл тогтоогдсон. Хутганы зүсэлтийн шархийг айж сандарсны улмаас С.Н- шинжээч эмч болон цагдаагийн ажилтанд хэлж бэхжүүлээгүй байдаг.

Талийгаач хутга авч С.Н-ийн амь насанд халдахаар дайрч улмаар бие эрхтэнд халдсан үйлдэл нь С.Н-ийн хувьд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах, байдалд хүргэсэн.

С.Н- нь 2 хүүхдийнхээ эцэг, ажил хийж ар гэрээ авч явдаг нөхөрөө санаатайгаар амь насыг нь хохироох ямар ч шаардлага байхгүй. Бага насны 6 сар, 2 нас, 7 настай гурван хүүхэдтэй. Бага насны 2 хүүхэд нь хөхүүл байнга ээжийгээ нэхэн уйлж маш хэцүү байдалтай байгаа.

Иймд С.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийж өгнө үү. Мөн өмгөөлөгчийн зүгээс С.Н- нь тухайн цаг хугацаанд үүнээс өөр байдлаар амь хохирогчийн зүгээс үзүүлсэн гэмт үйлдлийг таслан зогсоох боломжгүй байсан учраас аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж байх тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Н- нь өөрийн гэртээ нөхөр Ө.Ө-н хоолойг даавуугаар боож, санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. С.Н- нь талийгаач өөрийгөө боосон байсан гэж мэдүүлсэн боловч шалгах явцад над руу хутга бариад дайрахаар нь боосон хэмээн өөрчилсөн мэдүүлэг хэрэгт авагдсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн С.Н-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

С.Н- нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11-12 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндийн 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, Бүүргийн 2-16 тоотод оршин суух гэртээ өөрийн нөхөр Ө.Ө-н амь насыг хохироосон нь нотлогдсон гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шалгаж үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, сэдэл санаа зорилгын хандлага, шалтгаан, маргааны эхлэл, өрнөл, дэс дараалал, шүүгдэгч болон хохирогчийн хамтын амьдрал болон харилцааны түүх, хэв шинж, шүүгдэгчийн үйлдлийн шинж чанарыг нарийвчлан тогтоож чадалгүй, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг өрөөсгөл байдлаар тогтоож дүгнэсний улмаас С.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл муутай дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд нөлөөлжээ.

Тодруулбал, хохирогч Ө.Ө- нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 4 хоногийн турш архи уусан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр түүний эхнэр С.Н- хамт байсан хүмүүс рүү нь уурлан “та нар ажилтай хүн уруу татлаа” гэж хөөсөн байна. Улмаар хамт архи ууж байсан хүмүүс нь явсны дараа “найзуудыг нь хөөлөө” гэж хохирогч уурлан, шүүгдэгч рүү хутга барин заналхийлэн дайрсан, тэр үед шүүгдэгч хутгыг булаан авсан бөгөөд хохирогч түүний нүүр ам руу цохисон, хоолойг нь багалзуурдан ноцолдох явцад шүүгдэгч цочирдож айсан, мөн дандаа дээрэлхдэг гэж гомдож уурлан, харилцан ноцолдон, тэмцэлдэх зуураа ширээн дээр байсан даавуугаар хохирогчийн хоолойг боож арагш татах явцад хохирогчийн амь нас хохирсон гэж хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн байна. Хэргийн үйл баримт, болсон явдлыг шууд гэрчлэн мэдүүлэх боломжтой цорын ганц эх сурвалж болох шүүгдэгчийн мэдүүлэг, түүнд дурдагдсан зүйлс, мэдээллийг зайлшгүй харгалзан үзэх ёстой бөгөөд эдгээрийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шинжилж, үнэлж дүгнэх учиртай.    

Дээрх баримтаас харахад бусдын амь нас хохирсон энэхүү хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой байх бөгөөд уг үйлдэл нь урд өмнө нь давтагдаж байсан талаарх хохирогч болон шүүгдэгчийн хоорондын зан харилцаа, амьдралын хэв шинжийн талаар хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд, тухайлбал, хохирогчийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргадаг байсан, эхнэр С.Н-ийг зоддог, өөрийн дагавар хүүг гадуурхаж харьцдаг, зоддог байсныг гэрчилсэн баримт, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгүүдийг үнэн бодитой гэж дүгнэх үндэслэлийг бүрдүүлж байна.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Н- нь гэр бүлийн хүчирхийлэлд байсан талаараа эрх бүхий холбогдох байгууллага болон өөр бусад хүмүүст мэдэгдэж байгаагүй байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд гэр бүлийн харилцааны онцлог шинжээс хамаарч нууцлагдмал хүрээнд байнгын бие махбодийн хүчирхийлэлд өртөж байсан, уг нөхцөл байдлаас үүдэлтэй шүүгдэгчийн сэтгэл зүйн дарамт бугшмал байдлаар хуримтлагдсаар, хэрэг гарах тухайн өдрийн хохирогчийн үйлдлээр өдөөгдөн тэсэрч, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж улмаар хохирогчийн хууль бус үйлдлийг эсэргүүцэж, хохирогчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийх сэдэл, шалтгааныг бүрдүүлжээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоож дүгнэлгүйгээр, согтуурсан үедээ гэр бүлдээ агсан тавьж, үргэлжлүүлэн бусдын эрх чөлөөнд халдаж буй үйлдэл болон уг өдөөн турхиралтын эсрэг хандан шүүгдэгчийн хийж буй үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийлгүйгээр, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хүнийг алсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд учир дутагдалтай болсон байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шинж бол анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд хийгдэх үнэлэмжээр тодорхойлогддог ойлголт байдаг бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, орон зай, ахуй орчин, гэм буруутай хүн болон хохирогч нарын хоорондын биеийн хүчний харьцаа, хүйсийн байдал,  хохирогчийн өдөөн турхиралтын шинж чанар зэргийг тооцоолохоос гадна ийм нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсарт хүний сэтгэхүйн байдлын боломжит түвшинг харгалзан хэрэг тус бүрт тухайлан хийгдэх эрх зүйн үнэлэмжээр илэрхийлэгдэх ухагдахуун юм.

Хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл нь эрх зүйн үр дагаврыг үүсэх анхдагч нөхцөлийг бүрдүүлж байгааг зөв тодорхойлж, эрх зүйн суурь зориулалт нь иймэрхүү зүй бус зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй болохыг анхааран үзэж дүгнэлт хийх нь эрх зүйн алдаатай дүгнэлт хийхээс зайлсхийх, хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэх боломжийг бүрдүүлдэг болно.  

Эрүүгийн эрх зүйн онолын хувьд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.  

Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдохгүй. Харин ийм үед хийсэн үйлдэл нь сэтгэл зүйн хэвийн үед үйлдсэн гэмт санаа зорилгоос нийгмийн аюул ямагт бага байдаг тул хууль тогтоогч энэхүү үндэслэлийг харгалзан эрүүгийн эрх зүйн бодлогоор хамгаалагдах харилцааны хэм хэмжээ, түүнд хамаарах гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.            

Тиймээс Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ хүнийг алах гэмт хэргийг бие даасан гэмт хэргийн шинжид хамааруулан хууль тогтоогчийн зүгээс тусгайлан хуульчлан тогтоосон учир шүүгдэгч С.Н-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэлд хамаарна гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч С.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, түүнчлэн тэрээр 4 сараас 9 нас хүртэлх бага насны 3 хүүхэдтэй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч С.Н-ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүүгийн гомдлын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхэд дүгнэлт хийж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, харин  “...аргагүй хамгаалалт үзүүлсэн тул С.Н-ийг цагаатгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар магадлалд “Прокуророос С.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй”, “С.Н-ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-т 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Н-т 4 /дөрөв/ жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хойшлуулсугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч Р.Баярхүүгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН