Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00625

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б*******-******* дүүрэг, ** дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Мон*******иа ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Х******* ** дүгээр багт оршин суух П.Б*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 566,105.03 /таван зуун жаран зургаан мянга нэг зуун таван төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00715/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мон*******иа ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 130120000889 дугаартай Зээлийн гэрээг программ хангамж ашиглан цахим хэлбэрээр үйлдэж, цахим гарын үсгээр баталгаажуулан байгуулсан.

2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч нь зээлийн гэрээний дагуу Qmoni аппликейшн ашиглан сарын 4,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар 500,000 төгрөгийн хүсэлт илгээснээр зээлдэгчийн 1111270710018675 тоот зээлийн данс (хэтэвч)-д шилжүүлэн авсан байдаг. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд зээлийн хугацаа хэтрэлт 35 хоног. Манай компанийн зүгээс зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа утсаар холбогдон сануулж мөн гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй болно.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 4.4.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээний 7.3-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, хугацаанаас өмнө төлөхийг зээлдэгчээс шаардах эрх үүссэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 500,000 төгрөг, хүүгийн өр 65,243.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 861.22 төгрөг, нийт 566,105.03 төгрөгийг хариуцагч П.Б*******ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч П.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мон*******иа ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б*******т холбогдох 566,105.03 /таван зуун жаран зургаан мянга нэг зуун таван төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Мон*******иа ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б*******т холбогдох 566,105.03 /таван зуун жаран зургаан мянга нэг зуун таван төгрөг гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч П.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 8,817 /найман мянга найман зуун арван долоо/ төгрөг, хариуцагч П.Б*******ээс 8,817 /найман мянга найман зуун арван долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА