Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/01

 

  2025 оны 01 сарын 08-ны өдөр                Дугаар  2025/ДШМ/01                                 Өвөрхангай аймаг

 

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                          Прокурор Д.Алимаа /цахимаар/,  

                                           Шүүгдэгч Г.Э,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан     

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан гомдлыг үндэслэн Г.Э-т холбогдох эрүүгийн 2427001270135 дугаартай хэргийг 2024 оны 12 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, малчин, ам бүл ***, ***, *** нарын хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** баг *** гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Г.Э /РД: ***/.

Г.Э нь малын бэлчээр булаацалдсан асуудлаас болж  үүссэн таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Б-ийг малын бэлчээрт байх явцад нь мотоциклтой ирж унаж явсан мотоциклийг нь мөргөж унаган Б.Б-ийн биед баруун тавхай ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  анхааруулж, шүүгдэгч Г.Э-т торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгахаар, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-аас 3,031,320 төгрөг, гаргуулж хохирогч Б-д олгуулах, шүүгдэгч Э-аас 899,046 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Г.Э-т урьд аван хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотлоогүй. Шүүх хуралдаанд гэрч О.С, насанд хүрээгүй гэрч С.Э нарыг оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж бөгөөд татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд ...Э мотоциклтой хурдтай ирээд миний унаж явсан мотоциклийг мөргөсөн... гэж мэдүүлдэг. Гэтэл хохирогчийн унаж явсан мотоциклд ямар нэгэн эвдрэл гэмтэл тогтоогдсон эсэхийг шалгаж тогтоогоогүй.

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 1,189,000 төгрөг нэхэмжилсэн. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим лавлагаагаар хохирогч нь зах мэдрэлийн тогтолцоо оношоор 899,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байдаг. Гэтэл үүнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрч С Б.Б нь тухайн өдөр намайг буудаж ална гэж заналхийлсэн, яллагдагч Г.Э мөн Б.Б гуай манай ээжийг буудаж ална гэж сүрдүүлсэн гэж тус тус мэдүүлдэг. Хохирогч Б.Б-ийн дээрх үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэх асуудлыг шалгаж тогтоогоогүй. Энэ асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж заасны дагуу дээрх ажиллагааг хийлгүүлэхээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т дахь хэсэгт хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж тус тус заасан. 

Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдсоор байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ий өдрийн 2024/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд бодитой шалган тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Г.Э нь хохирогчийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй, бүрэн нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэхэд эргэлзээтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэхээр заасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол гэж заасныг тус тус үндэслэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний 2024/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах гомдлын 1 дүгээр хэсэгт гэрч нар оролцуулах талаар хүсэлт гаргасан байсан. Үүнийг шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй. Энэ мэдүүлгийг үнэлэх боломжтой байгаа учраас шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг зарлуулж энэ талаарх хүсэлтийг гаргах боломжтой байсан. Дээрх нөхцөл байдлаас гэрч нарыг заавал шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж тайлбарласан.

Хэрэг 2021 оны 6 дугаар сард гарсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж гэмтлийн зэрэг тогтоогдсон учраас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклд үзлэг хийх нь ач холбогдолгүй байсан. Яагаад гэвэл хэргийн үйл баримт 6 дугаар сард болсон байхад 7, 8 дугаар сард яллагдагчийн мотоциклыг ирүүлж үзлэг хийснээрээ тухайн үед ямар байсан нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Учир нь мотоциклийг засварласан, эвдэрсэн байх боломжтой тул сэргээн тогтоох боломжгүй нөхцөл үүссэн учраас үзлэг хийх боломжгүй байсан.

Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн үзлэгүүдэд гэмт хэрэгтэй шууд холбоотой тохиолдол байхгүй гэсэн агуулгын хүрээнд мэдүүлэг өгсөн учраас үндэслэлтэй гэж дүгнэж байна. Мөн ээжийг нь буудаж ална гэсэн зүйлийг ярьж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй.

Шүүгдэгч Г.Э-т холбогдох хэргийг нэгтгэн шалгах хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэв ийм нөхцөл байдал байвал шүүгдэгч Г.Э зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа учраас тусад нь шийдвэрлэх боломжтой байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотлох баримтыг бүрэн тогтоож, Э байгаагүй гэсэн мэдүүлгийг өгдөг. Хохирогч Б.Б, гэрч М, Н нар нь тухайн хэрэг болох үед байсан. Гэрч нарыг байгаагүй талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй.

Хохирогч Б.Б болсон үйл баримтын талаар дэлгэрэнгүй мэдүүлдэг. Шүүгдэгч Г.Э мотоциклыг мөргөж унагаасан, өвөөгийн хөл өвдсөн, тэр хоёрын хооронд Засаг даргатай уулзъя гэсэн яриа болоогүй гэдэг. Яллах дүгнэлтэд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд 219 дугаартай шинжээчийн дүгнэлтийг судалсан. Шүүх тогтоолдоо бичиглэлийн алдаа гаргасан байна гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасан заалтад ч гэсэн бичиглэлийн алдаа гаргасан учраас давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой. Тиймээс дахин мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б гуай мэдүүлэгтээ ээжийг машинтай ирсэн гэсэн байсан. Тэр өдөр манай машин байхгүй, эмэгтэй дүү төв унаад явсан байсан. Б.Б гуай жилийн жилд хэл ам таталж байдаг. 2015 онд манай аавыг өнгөрснөөс хойш биднийг тайван байлгаагүй. Манай ээжийг өмнө нь хэд хэдэн удаа цагдаад өгч хэрэг нь хэрэгсэхгүй болгож хаагдаж байсан. Биднийг байнга хэл амаар доромжилж цагдаад өгч, заналхийлж байгаад гомдолтой байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг анхан шатны шүүх бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд гэрч О.С насанд хүрээгүй гэрч Э нарыг шүүх хуралдаанд оролцуулж тухайн болсон явдлын талаар мэдүүлэг авхуулъя гэдэг хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Ингэхдээ татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Мөн тухайн хэрэг болох үед шүүгдэгч Г.Э-ыг мотоциклтой ирж миний мотоцикл руу мөргөж намайг унагаасан гэж хохирогч мэдүүлсэн байхад үзлэг хийгээгүй. Тухайн мотоциклд эвдрэл гэмтэл учирсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Гэрч О.С-ийн мэдүүлэгт Б.Б гэдэг хүн тухайн өдөр намайг буудаж ална гэж заналхийлсэн гэж мэдүүлсэн. Мөн яллагдагч Г.Э-ын мэдүүлэгт хохирогч Б.Б гэдэг хүн манай ээжийг буудаж ална гэж тухайн өдөр сүрдүүлсэн гэж тус тус мэдүүлсэн. Энэ талаар гомдол гаргаж шалгуулсан боловч тухайн асуудлыг яаж шийдвэрлэсэн болон мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Мөн хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Мэдүүлгийн зөрүү арилаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 6 дугаар хуудсанд шүүгдэгчээс хохирол төлбөр гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг барьж хохирол төлбөр гаргуулсан. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдийн гэм хорыг арилгахтай холбоотой зохицуулалт. Хүний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зохицуулалт байхад хохирол төлбөрийг гаргуулсан. Мөн шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд тухайн хэрэг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гарсан байхад 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн а/526 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж байдаг. Гэтэл хүндэвтэр гэмтэл гэдэг хуульд байхгүй үгийг оруулж гэм буруутайд тооцсон. 2 заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хууль бусаар ан агнах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн. Энэ нь шийтгэх тогтоол хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад байгаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгчээс хохирол гаргуулж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахтай холбоотой асуудлыг зохицуулсан байхад шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөрийг шийдвэрлэхдээ удирдлага болгосон нь шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямаас давж заалдах шатны шүүхэд ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулаагүй. Шүүх хуралдаанд гэрч О.С, насанд хүрээгүй гэрч С.Э нарыг оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй. Хохирогчийн унаж явсан мотоциклд ямар нэгэн эвдрэл гэмтэл тогтоогдсон эсэхийг шалгаж тогтоогоогүй. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тиймээс эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэхээр хуульчилсан. Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар тусгахаар хуульчилсан.

Прокуророос шүүгдэгч Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэн өөр гэмт хэргийн зүйлчлэлээр ял оногдуулсан буюу шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэг зөрүүтэй байгаа нь хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн уг хэрэгт мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Г.Г-г тогтоосон боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн материал танилцуулаагүй, шүүхийн шатанд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э-т энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Г.Э-т энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.НЯМДОРЖ

                              ШҮҮГЧИД                          Н.ЭНХМАА

                                                                         Б.ЦЭРЭНПҮРЭВ