| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0837/З |
| Дугаар | 128/ШШ2026/0788 |
| Огноо | 2026-09-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2026/0788
2026 09 07 128/ШШ2026/0788
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “У” ХХК,
Гомдол гаргагчийн төлөөлөгч: Д.Б,
Хариуцагч: Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б,
Маргааны төрөл: Монополын эсрэг газрын хяналтын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Д.Б, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анар-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “У” ХХК-иас Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бд холбогдуулан “2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Монополын эсрэг газрын дарга 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тухай” 03 дугаар удирдамжийг баталжээ.
3. Дээрх удирдамжийн дагуу Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Энэр бүхий 21 аж ахуй нэгжийг АИ-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэх зөрчлийг илрүүлж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлджээ.
3.1. Улмаар Монополын эсрэг газрын хяналтын улсын байцаагч Э.Э“****” ХХК, “П” ХХК-иудад 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ***, *** дугаар шийтгэлийн хуудсуудаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3%-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулжээ.
4. Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э“У” ХХК-ийг Аи-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн байна.
5. Мөн Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар шийтгэлийн хуудсаар “У” ХХК-ийг АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтооход дэмжин оролцсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 14,444,247.00 (арван дөрвөн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун дөчин долоо) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
6. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 6568 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“У” ХХК нь 2018 онд байгуулагдсан. "Бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх" тусгай зөвшөөрөлтэй, Дорнод аймгийн төвд нэг шатахуун түгээх станц ажиллуулдаг, өөр салбар, нэгж байхгүй, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Ийнхүү үйл ажиллагаагаа явуулах хугацаанд бусад шатахуун түгээх станцуудын зах зээлд борлуулагдаж байгаа шатахууны үнийн ижил түвшинд зарж борлуулж ирсэн. Манай компанид Монополын эсрэг газраас 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ***** дугаартай зөрчлийн хэрэг нээж, шалгаад 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг 2025 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр шуудангаар ирүүлсэн.Тухайн шийтгэлийг оногдуулахдаа манай байгууллагыг А92 авто бензиний үнийг нэмэхдээ 2025 оны 05 дугаар сард гэрээ, хэлцлийг дэмжиж оролцсон гэж Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн учир Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" заалтыг үндэслэн 14,444,247.0 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн шүүхэд хандаж байна. Үүнд: Монополын эсрэг газраас шатахуун түгээх станцууд шатахууны үнийг нэмэхдээ хоорондоо хэлэлцэн тохирч гэрээ, хэлцэл байгуулсан эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа огт хийлгүйгээр шийтгэл оногдуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно” гэх заалтад нийцэхгүй байна. Манай компани Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл”-ийг бусад нэр бүхий 21 компанитай нийлж байгуулаагүй бөгөөд ийм гэрээ, хэлцэл байхгүй учир гэрээ, хэлцлийг дэмжин оролцох боломжгүй юм. Тухайлбал: Чойбалсан хот дахь шатахуун түгээх станцууд ямар үнэ дээр нэгдэж хэлэлцэн тохиролцсон, түүнийг манай компани хэрхэн дэмжиж оролцсон нотлох баримт байхгүй, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зохицуулалтад хамаарах нөхцөл байдлыг тогтоолгүйгээр үнэ хэлэлцэн тогтоох үйлдэл гэж үзэж шийтгэл хүлээлгэх эрх зүйн үндэслэлгүй байна. Дорнод аймгийн төвд байдаг бусад компаниудын шатахуун түгээх станцтай нэгэн адил, нэг өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр АИ-92 авто бензиний үнийг нэмээгүй бөгөөд компани үйл ажиллагааны алдагдлаа бууруулах зорилгоор зах зээл дээрх үнийн түвшинд хүргэж 2025 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 200 төгрөгөөр нэмсэн. (Алдагдалтай ажиллаж буйгаа нотолж 2024 оны санхүүгийн тайлан, 2024, 2025 оны АИ-92 авто бензиний борлуулалтаас хүлээж буй алдагдлын тооцоо, үнэ өөрчилсөн тушаал зэргийг хавсаргав. Жич: эдгээр нотлох баримтыг Монополын эсрэг газарт өгсөн.) Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллага нь аливаа зөрчилд шийтгэл оногдуулахдаа нөхцөл байдлыг бодитой байдалд нийцүүлэн шинжлэн судлах, гаргасан зөрчлийг зөв зүйлчлэн, зөрчлийг зөв тогтоосны эцэст шийтгэл оногдуулах ёстой. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4. “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” заалтыг Монополын эсрэг газрын улсын байцаагч Д.Б нь зөрчин зөрчил хэрхэн яаж үйлдсэнийг тогтоолгүй, нөхцөл байдалд бодитой хандахгүйгээр торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Монополын эсрэг газрын улсын байцаагч Д.Бын 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
8. Хариуцагч Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б нь шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай удирдамжийн дагуу бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч “П” ХХК, *” ХХК-ууд АИ-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно” гэж, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “У” ХХК болон дээрх 20 аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад тус тус зааснаар ***** дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч Оросын Холбооны Улсын Р компани болон импортлогч компаниудын хооронд байгуулсан урт хугацааны гэрээний хүрээнд Оросын Холбооны Улсын Р Монголиа компаниас сар бүрийн хил үнийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлдэг бөгөөд 2024 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын байдлаар АИ-92 автобензиний хил үнэд өөрчлөлт ороогүй тогтвортой байсан. 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс холбогдох аж ахуй эрхлэгчид АИ-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд холбогдох “У” ХХК-ийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/06 дугаартай тушаалаар 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт оруулан литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
“У” ХХК болон зөрчлийн хэргийн холбогдох оролцогчид АИ-92 автобензиний жижиглэнгийн (эцсийн хэрэглэгчид нийлүүлэх) үнийг тогтоож, аж ахуй эрхлэгчид нар нь хоорондоо үнийн өрсөлдөөн хийх шаардлагагүй болсон өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаанд дэмжиж оролцсон нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны 03 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, зөрчлийн хэргийн оролцогчдоос гаргуулан авсан тушаал, шийдвэр зэрэг холбогдох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3-д “Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаартай шийтгэлийн хуудсаар “У” ХХК-ийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.“Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх гомдол гаргагч нарын гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
2. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.“Энэ хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 11 дүгээр зүйлийн 11.1.“Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1.“бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”, 11.3.“Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцохыг хориглоно”, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл 1.“Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1 “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох: “…нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 3. “Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
3. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар шийтгэлийн хуудсаар “У” ХХК-ийг АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтооход дэмжин оролцсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 14,444,247.00 (арван дөрвөн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун дөчин долоо) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “У” ХХК-ийг АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтооход дэмжин оролцсон гэж шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.
4. Тодруулбал, Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ***, *** дугаар шийтгэлийн хуудсуудаар нэр бүхий 11 нэгэн аж ахуй нэгжид жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулжээ.
4.1. Тус шийтгэлийн хуудсыг нэр бүхий 11 аж ахуй нэгжүүдээс эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0019 дүгээр шийдвэрээр “...Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Эгийн гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар /90 хоног/ түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2026/0106 дугаар магадлалаар “...3 сарын хугацаагаар /90 хоног/ гэснийг ...58 хоногийн хугацаагаар” гэж өөрчлөлт оруулжээ.
4.2. Мөн нэр бүхий 9 компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0366 дугаар шийдвэрээр Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Э.Э2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон 58 хоногийн хугацаанд дээрх нэр бүхий 11 аж ахуй нэгжүүд нь АИ-92 автобензиний литр тутмын үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн зөрчил нь бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь тогтоогдоогүй бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүйн улмаас бүх төрлийн шатахуун импортлох болон бөөний жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийг гэрээ, хэлцэл (картель) байгуулсан гэж үзэж торгох шийтгэл ногдуулсан *** дугаар шийтгэлийн хуудсууд хүчингүй болжээ.
5. Дээр дурдсан хуульд зааснаас үзвэл нэгдүгээрт аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь тогтоогдсон нөхцөлд дээрх гэрээ, хэлцэл (картель)-ийг аж ахуй эрхлэгч дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох нь хуульд нийцэх юм.
5.1. Дээрх аж ахуй нэгжүүдийг үгсэн хуйвалдаж, картель байгуулан АИ-92 автобензиний үнийг нэмсэн гэх зөрчил тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “У” ХХК-ийг гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон гэж үзэх үндэслэлгүй.
6. Иймд Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг тус тус баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Бын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Баас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН