Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2025/00638

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О******* аймаг, Б*******-******* сум, ******* баг, **** тоотод оршин суух ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, С******* сум, И******* ** дугаар багт оршин суух Сын Бт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00648/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Хариуцагч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.******* би 2022 оны 07 дугаар сард Монголд дөнгөж орж ирсэн, портер маркийн 31-87 ОРО улсын дугаартай, цагаан өнгөтэй авто машиныг 13,500,000 төгрөгөөр худалдаж авсан. 2022 оны 09 дүгээр сард миний танил С.Б ирээд хадлан тэжээл, нүүдэл суудал гээд ачааны авто машин ид эрэлттэй байна. Таны машиныг 13,000,000 төгрөгөөр авъя гээд С.Б бэлэн 6,000,000 төгрөг өгөөд үлдэгдэлийг он гараад удаахгүй өгнө гэж тохироод миний машиныг аваад явсан юм. 2023 оны хавар ноолуурын үеэр С.Бийн эхнэртэй нь холбогдоход 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Би одоо машины төлбөрөөс 3,000,000 төгрөг үлдлээ. Гэхэд Та Бтэй өөртэй нь яриарай гэсэн. Энэ хугацаанаас хойш С.Бтэй холбогдож чадахгүй байгаа. 2025-06-25 өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахад ИХШХШтХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Ш.******* миний гаргасан өргөдлийг Монгол шуудангаар буцаажээ. Хариуцагч Сын Б нь Булган аймаг С******* сум 5 дугаар багт \малчин\ амьдардаг. Холбоо барих утас нь 88531959 мэдээлэлийг цуглууллаа. Иймд С.Бөөс 31-87 ОРО авто машины үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж, Ш.******* намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний үйлчлүүлэгч Ш.*******ын тээврийн хэрэгслийн татварын өр төлбөрийг төлж барагдуулаад өр төлбөргүй талаарх лавлагааг гаргуулан авсан байгаа. 42100 төгрөгийн үлдэгдэл өр байсан ба үүнийг хариуцагч төлж барагдуулсан. Энэ талаарх 3 хуудас бүхий баримтыг шүүхэд гарган өгч байна. Маргаан бүхий 12 сая төгрөгийг хариуцагч С.Б нь тохиролцсон хугацаанаас хойш нэг сарын дотор хоёр хуваагаад төлж барагдуулсан байсан. Энэ нь хариуцагч С.Бийн Хаан банкны эзэмшлийн дансны хуулга, нэхэмжлэгч Ш.*******ын Хаан банкны дансны хуулга зэргийг шүүж үзэхэд нотлогдож байгаа юм. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн бүгд үнэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.Бт холбогдуулан 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжлэлтэй С.Бт холбогдох 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА