| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
| Хэргийн индекс | 2322000000118 |
| Дугаар | 2025/ДШМ/01 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/01
О.Отгонбаярт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор О.Одончимэг
Шүүгдэгч О.Отгонбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Д.Март
Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч О.Отгонбаярт холбогдох эрүүгийн 2322000000118 дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржигон овогт Одсүрэнгийн Отгонбаяр, Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, хүргэн ахын хамтаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо Улаанхуаран 144 тоотод оршин зуух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: НД77110271);
Шүүгдэгч О.Отгонбаяр нь 2023 оны 05 дугаар сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эхэн хулгар” гэх газарт байх иргэн Т.Бадамдэлгэрийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.120.000 /хоёр сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ..
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч О.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонбаярт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч О.Отгонбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч О.Отгонбаяраас гаргаж өгсөн 20,000 мянгатын дэвсгэрт 72 ширхэг буюу 1,440,000 төгрөгийг хохирогч Т.Бадамдэлгэрт олгохыг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
2.Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан гэмт хэрэгт холбогдож Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. О.Отгонбаяр бусдын 3 ширхэг мөнгөн аяга хулгайлах гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Т.Бадамдэлгэрийн хохирол болох 1,440,000 төгрөгийг шүүх хурлын үед нөхөн төлсөн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 заасан заалтыг хэрэгжүүлээгүй ял халдаасанд гомдолтой байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Миний биеийн байдал 4-5 удаа хагалгаанд орсон. Миний биеийн байдлыг харгалзаж хөнгөн ял оногдуулж өгнө үү. Одоо байнга шулуун гэдэснээс цус гарч, идээ гоождог хотод байхдаа байнга эмчийн хяналтад байдаг байсан.
Иймд О.Отгонбаяр миний 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1.3 заасан заалтын дагуу ялыг өнгөрүүлж өгнө үү гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Отгонбаяр нь анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийдвэрлэгдсэнийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тогтоосон. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн үлдэгдэл 1,400,000 төгрөгийг бэлнээр шүүх хуралд гаргаж өгч хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх үзсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна гэж үзсэн. Шүүгдэгч нь биеийн байдалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ч урьд өмнө нь 4-өөс 5 удаа шулуун гэдэсний хагалгаанд орж, тайралт хийлгэж байсан. Цагдах хорихын байранд бие нь муу байсан. Цагдан хорихын эмч өөрийнхөө байгууллагын хүрээнд энэ асуудлыг хэлж шийдвэрлэж байсан. Тухайн байгууллагад эмчилгээ хийлгэж байгаа. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байгаа тул Отгонбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргасан тул энэ гомдлыг дэмжиж байна гэв.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч нь ганц бие, эгчийндээ байдаг, хөдөө айлуудаар ямаа самнадаг, мал маллах зэрэг ажлуудыг хийдэг. Энэ хүн нь цоо эрүүл биш, оюуны хомсдолтой, төрөлхийн хөнгөн хэлбэрийн хомсдолтой сургууль төгсөөгүй ажил хөдөлмөр эрхэлдэг өөрийнхөө дураар ажил хөдөлмөр эрхэлж энэ тэнд явдаг, энэ байдлаас болж тухайн гэмт хэрэгт холбогдсон гэж ар гэрийнх нь ярьдаг. Анхан шатны шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШТ/175 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлын хэмжээ, гэмшиж байгаа байдал, биеийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг 1 жилийн хугацаагаар хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
5. Прокурор О.Одончимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Ингэж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн болон учруулсан хохирлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хамгийн бага хэмжээгээр хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн 2024/ШТ/175 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Отгонбаярын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хянахдаа хэргийг бүхэлд нь хянах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг баримталлаа.
1. Прокуророос шүүгдэгч О.Отгонбаярыг 2023 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар багийн нутагт оршин суух хаягтай иргэн Т.Бадамдэлгэрийн гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Отгонбаярт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Шүүгдэгч О.Отгонбаяр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “бусдын 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Т.Бадамдэлгэрт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хөнгөрүүлэн ял оногдуулаагүй тул оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч О.Отгонбаяр нь 2023 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар багийн нутагт оршин суух хаягтай иргэн Т.Бадамдэлгэрийн гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон байна.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд болж өнгөрсөн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь хуульд нийцсэн байх тул шүүгдэгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэхгүй ял оногдуулсан” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж болох тухай зохицуулсан байдаг.
Гэвч хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлж хорих ял оногдуулахдаа “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал” зэргийг харгалзан үзэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилан заажээ.
Шүүгдэгч О.Отгонбаяр нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, шийтгэх тогтоол гарахаас өмнө баримтаар нотлогдсон хохирлыг нөхөн төлсөн байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа хэдий боловч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Отгонбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд удаа дараагийн үйлдлээр цагдаа, прокурор, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн шинжтэй үйлдлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Энэ нь шүүгдэгч О.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болох бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд шүүгдэгч О.Отгонбаяраас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хөнгөрүүлэн ял оногдуулах тухай гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Отгонбаяр нь давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 63 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд нь оруулан тооцож хасах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Отгонбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонбаярын өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Г.МӨНХБАТ