Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 117/ШШ2026/0018

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч *******, ******* нар

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчдын 2025 оны 9 сарын 18-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчдын 2025 оны 9 сарын 18-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. “*******” ХХК нь газар тариалан эрхлэх, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, цайны газар, төмөр хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйл ажиллагааны чиглэлээр 2021 онд байгуулагдсан хуулийн этгээд байна.

Тус компанийн гүйцэтгэх захирлаар 2021 оны 9 сарын 2-ны өдөр  овогтой   ,   2022   оны  9  сарын  22-ны өдөр  овогтой   томилогджээ.

            2.2. Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч *******, ******* нар  “*******” ХХК-ийн 2021 оны 09 сарын 10-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, ******* тоот томилолтоор Эрсдэлд суурилсан - бүрэн шалгалтыг 2025 оны 9 сарын 2-ны өдрөөс 12 ажлын өдөр хийж, 2025 оны 9 сарын 18-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актаар нийт 576088627.99 төгрөгийн зөрчилд 100349044.38 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

          2.3. “*******” ХХК-иас уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Дундговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Дундговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 12 сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор маргаан бүхий 2025 оны 9 сарын 18-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актаар оногдуулсан нийт 576088627.92 төгрөгийн зөрчил илэрч, 57608862.80 төгрөгийн нөхөн татвар, 23043545.13 төгрөгийн торгууль, 19696636.45 төгрөгийн алданги нийт 100349044.38 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

            2.4. Нэхэмжлэгчээс нөхөн  ногдуулалтын актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:  Дундговь аймгийн татварын улсын байцаагч *******, ******* нарын  2021 оны 9 сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2025 оны 9 сарын 18-ны өдөр үйлдсэн ******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Зөрчил 1 ба 3, Энэ 2 зөрчлийн нөхөн төлбөрийг 2022 оны 6 сарын 24-нд Өмнөговь аймгийн Мандал Овоогоос ирсэн 44 сая төгрөгийг үндэслэж тавьсан.

Татварын байцагч нар тооцооны алдаа гаргасан, дээрх 44,0 сая төгрөгийг зөрчил гэж үзвэл НӨАТ-ийн хувьд зөрчлийн дүн 44,000,000.00 төгрөг, нөхөн татвар 4,000,000.00 төгрөг, ААНОАТ-ын хувьд НӨАТ-ыг хасаад зөрчлийн дүн 40,000,000.00 төгрөгөөс холбогдох зардлыг нь хасаад олсон ашгаар нь нөхөн татварыг тодорхойлно. Зардалгүй гэж үзвэл нөхөн татвар хамгийн ихтэй 4,000,000.00 төгрөг болно. Татварын байцаагч нар жирийн иргэдийн бодож чадах тооцоонд илт алдаа гаргасан. Үүнийг шүүх хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

Борлуулалтын орлого нь 50,0 сая төгрөг хүрээгүй байхад НӨАТ ногдуулсан: 2022 оны 6 сарын 24-нд Өмнөговь аймгийн Мандал Овоогоос 44,0 сая төгрөг орж ирэхээс өмнө манай компанийн борлуулалтын орлого 50,0 сая төгрөг хүрээгүй. Борлуулалтын орлого нь 50,0 сая төгрөгт хүрсэн бол 10 өдөрт багтаан татварын байгууллагад өргөдөл өгч, өргөдөл өгснөөс хойш 3 өдөрт багтаан гэрчилгээ авч НӨАТ төлөгч болно гэсэн хуулийн заалттай.

Зөрчил 2 ба 6,  2022 оны 251,160,400.00 төгрөг, 2023 оны 167,286,567.00 төгрөгийн зардлыг төлбөрийн баримтаар баталгаажаагүй гэсэн.Эдгээр зардлууд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3  болон 13 дугаар зүйлийн холбогдох заалтуудын шаардлагыг бүрэн хангаж баталгаажсан.

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад “орлого, зардлыг зэрэг хүлээн зөвшөөрнө” гэж заасан. Хэрэв худаг гаргахтай холбоотой зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол орлогын мөн хүлээн зөвшөөрөх үндэсгүй.

Зөрчил 4, Одоо хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж буй, е-баримт нь зохих журмын дагуу татварын цахим төлбөрийн баримтын системд шивэгдэж зөвшөөрөгдсөн, 6075185 регистрийн дугаартай “*******” компанийн 48,600,000.00 төгрөгийн баримтыг хүчингүй гэж үзэж 4,418,181,82 төгрөгийн НӨАТ ногдуулсан. Мөн тооцооны алдаа гаргаж зөрчлийн дүнг буруу тодорхойлсон. Ямар нэгэн баримт нэг компанид хүчинтэй, нөгөө компанид хүчингүй болно гэж байхгүй. Үүний хүчинтэй эсэхийн талаар шүүхээс шийдвэр гараагүй байхад шууд хүчингүй гэж үзсэн нь буруу.

Зөрчил 5, Тус компанийн борлуулалтын орлого 2022 оны 5 сарын 19-нд 50,0 сая төгрөг хүрээгүй, 6 сарын 24-нд Өмнөговь аймгийн  Мандал овоо сумаас 44.0 сая төгрөг орж ирснээр хүрсэн ба 8 сарын 4-нд НӨАТ төлөгчийн гэрчилгээ авсан. 6 сарын 24-ээс 8 сарын 4-ний хооронд ямар нэгэн орлого ороогүй. Иймд  актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч  шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хурал дээр тодорхой ярьсан. Бид падаанаа түрүүлж явуулсан учир зарим зүйл алдаатай байх магадлалтай түүнийг хүлээн зөвшөөрнө, эдгээр падааныг дансны хуулгатай нийлээгүй нь үнэн. Бэлэн мөнгө болон бартераар  ихэнх ажлууд явагддаг. Ажилчдын цалинг оруулаагүй шалтгаан нь манай компанид малчид их ажилладаг. Компанид ажилчнаар бүртгэгдээд нийгмийн даатгал төлөхөөр малчнаар эрт тэтгэвэрт гарах боломжгүй болдог. Тиймээс цалинг нь бэлнээр олгож явсан. 2022, 2023 онуудад 200.000.000-300.000.000 төгрөгийн бартерын ажил гэх зардлууд байгаа. Нотлох баримт гэх зүйлгүй учраас ирүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох актыг бүхэлд нь хүчингүй болгохыг  өөрчлөөгүй гэхдээ миний хувьд  актын 2, 6-д заасан зөрчлийн төлбөрийг хасаад өгвөл маргах зүйлгүй, хариуцагч хэт  хатуурхаад байна, бидэнд боломж олгоно уу гэв.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Тухайн компанийн нягтлангийн хэлсэн үгнээс ямар нь нотлох баримт болоод ямар нь биш болчихдог юм, нягтлангийн алдааг компани хариуцахгүй.  Мөнгө орсон ороогүйг харилцагчийн хуулгаар яръя. Бусад асуудлыг хуулийн заалтаар яръя. Нягтлангийн буруугаас болсон асуудалд торгууль бичнэ гэсэн заалт байхгүй. Нэмж өгсөн баримтаас харахад дансны хуулгыг огт шалгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өмнөх нэхэмжлэл хэвээрээ,  Хэрэв манай компани тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрнө  гэвэл Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг зөрчсөн гэх 40,180,738.17 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрч болно. Энэ нь компанийн нягтлангийн алдаа мөн. Татварт 2022 онд орж ирсэн мөнгийг 2023 онд орж ирсэн гээд нэмэгдсэн өртгийн албан татвар яриад байгаа юм. Энэ торгуулийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн заалт буруу хэрэглэсэн. Өмнөх хурал дээр хэлсэн тайлбар хэвээр, дэмжиж байна. Татварын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

3.4. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...”*******” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар нийт 576,088,627.92 төгрөгийн зөрчил илэрч, 57,608,862.80 төгрөгийн нөхөн татвар, 23,043,545.13 төгрөгийн торгууль, 19,696,636.45 төгрөгийн алданги, нийт 100,349,044.38 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

Тус ХХК нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд гүний өрмийн худаг хийж гүйцэтгэсний төлбөр болох 40,198,738.17 төгрөгийг 2023 онд борлуулалтын журналдаа орлогоор бүртгэсэн боловч Аж ахуй нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл “Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна,

7.1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ гэж заасныг; Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого 7.1.Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол улсад болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно. Мөн хуулийн 8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого 8.1. Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1.бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг тус тус зөрчсөн.

Уг худгийн ажил нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тендерт шалгарч ажил гүйцэтгэсний мөнгөн төлбөр нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дансны хуулгаар харагдаж байгаа боловч "*******" ХХК нь цахим төлбөрийн баримт үйлдээгүй тул тухайн жилийн борлуулалтын орлогодоо тусгаж тайлагнаагүй.

Гүний өрмийн худгийн ажлыг хийж гүйцэтгэхдээ 2022 онд 167,286,567.00 төгрөгийн, 2023 онд 251,160,400.00 төгрөгийн тус тус тоног төхөөрөмж худалдан авч суурилуулсан хэмээн өртгийн бүртгэлд тусган Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдох орлогоос хасагдуулж тайлагнасан байгаа нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах доорх шаардлагыг хангаагүй тул зөрчил гэж үзсэн.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага

13.1. дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:

13.1.1.тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;

13.1.2. албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;

13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;

13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх;

13.1.4.а.энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал; (5.5.2. энэ хуулийн 5.5.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол улсад болон Монгол улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж; 5.5.1. өөрийн төлөөний газраар дамжуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж)

13.1.4.б.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө худалдан авахтай холбогдон гарах зардал;

Тооцоолол: ААНОАТ-ын тухайд. 2022 оны 167,286,567.00 төгрөгийн зөрчилд

  • 167,286,567.00*10% =16,728,656.70 төгрөгийн нөхөн татвар
  • 16,728,656.70*40%=6,691,462.68 төгрөгийн торгууль (Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл. Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага

Төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар) (төлбөл зохих татварын дүнг нөхөн ногдуулалтын актын хавсралт Маягт-ХШ07/01/ болох Аж ахуй нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоолол 2022 оноос xapax)

  • 16,728,656.70*0.039%*324хоног+16,728,656.70*0.049%*365хоног+16,728,656 70*0.051%*260 хоног=7,323,973.19 төгрөгийн алданги (Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйл. Алданги 73.1. татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно: 73.2. Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно:

73.2.1.татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор)

2023 оны 40,198,7838.17 (Мандал-овоо суманд хийгдсэн ажил) +251,160,400.00 (хасагдах зардалд тавигдах шаардлага хангаагүй зардал)=291,359,138.17 нийт төгрөгийн зөрчилд

  • 291,359,138.17*10%=29,135,913.82 төгрөгийн нөхөн татвар
  • 29,135,913.82*40%=11,654,365.53 төгрөгийн торгууль (төлбөл зохих татварын дүнг нөхөн ногдуулалтын актын хавсралт Маягт-ХШ07/01/ болох Аж ахуй нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоолол 2023 оноос харах)
  • 29,135,913.82*0.049%*324хоног+29, 135,913.82*0.051%*260хоног=8,489,039. 85 төгрөгийн алданги

"*******" ХХК-ий борлуулалтын орлого нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр 54,045,000.00 төгрөг хүрсэн нь өөрийн цахим төлбөрийн баримтын системээр гаргасан борлуулалтын орлогоор нотлогдож байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл 5.6,  Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна гэсэн заалтыг хангаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг;

Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө 2022 оны 06 сарын 03-ны дотор багтаан татварын албанд өгөх байсан боловч ******* ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гарган 2022 оны 08 дугаар сарын 04- ний өдөр бүртгэгдсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл гаргавал зохих өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн өдөр хүртэлх хугацаанд хийгдсэн борлуулалтын орлого /нэмэгдсэн өртгийн албан татварыг цэвэрлэсэн дүн 63,418,181.82 төгрөг/ болон худалдан авалт / 30,355,815.42 төгрөг/-ыг тайланд тусгаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2022 онд 33,062,366.40 төгрөгийн албан татвар ногдуулах орлого /борлуулалтын орлогоос, худалдан авалтыг хассан дүн/ бууруулж тайлагнасан зөрчил илэрсэн.

Тооцоолол: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд. 33,062,366.40 төгрөгийн зөрчилд 2022 оны 33,062,366.40 төгрөгийн зөрчилд

- 33,062,366.40*10%=3,306,236,64 төгрөгийн нөхөн татвар

- 3,306,236,64*40%=1,322,494.66 төгрөгийн торгууль (Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага. 84.1. Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно; 84.1.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн;)

-3,306,236.64*0.039%*355хоног+3,306,236.64.*0.049%*365 хоног+3,306,236.64*0.051%*260хоног=1,296,937.45 төгрөгийн алданги

“*******” ХХК-ий Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх худалдан авалтын падаануудыг шалгахад 2023 онд 6075185 дугаартай "*******" ХХК-аас 4178928275 падааны дугаартай 44,181,818.18 төгрөгийн бараа,

ажил, үйлчилгээний үнийн дүнтэй худалдан авалтыг татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх 14.5-т “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг үндэслэн

Тооцоолол: 40,198,738.17 (Мандал-овоо суманд хийгдсэн ажил) + 44.181.818,18 (******* ХХК) = 84.380.556,35 нийт төгрөгийн зөрчилд

  • 84,380,556.35*10%=8,438,055.63 төгрөгийн нөхөн татвар
  • 84,380,556.35*40%=3,375,222.26 төгрөгийн торгууль
  • 8,438,055.63*0.049%*355 хоног+8,438,055.63*0.051%*260хоног 2,586,685.96 төгрөгийн алданги тус тус тооцсон.

“*******” ХХК нь татварын улсын байцаагчийн үйлдсэн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Дундговь аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тус зөвлөлөөс гомдлын дагуу холбогдох журмын хүрээнд хурлыг зохион байгуулсан. Улмаар 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 01 дугаар бүхий тогтоол гаргаж, татварын улсын байцаагчийн үйлдсэн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд “*******” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.5. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. 2023 оны аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татварын 11 сарын тайланг 12 сарын 10-ны өдрийн дотор илгээх ёстой байсан. 2023 оны 12 сарын 08-ны өдөр тайланг үйлдсэн байгаа юм. Үйлдэхдээ 106.208.257,26 мөнгөний орлоготой гэж тайлан үйлдсэн. Уг өдөр тайлангаа үйлдчихээд 2024 оны 2 сарын 16-нд тайлангаа засварлах хүсэлт илгээсэн байдаг. Тайланг засварлах хүсэлт 72 цагийн хугацаатай сунгагддаг. Эхний 24 цагт төлбөрийн баримтаа засварлах, устгах, нэмж шивэх эрх нь үүсдэг. Дахин 2024 оны 2 сарын 21-ний өдөр тайлан засах хүсэлт илгээж хуулийн хугацааг сунгуулсан. Ингээд сунгуулсны дараа 2024 оны 2 сарын 22-нд 106 саяын борлуулалтын орлогыг 66.009.519,09 төгрөг болгож бууруулж тайлагнасан. Энэ бууруулсан дүн нь Мандал-Овоогийн орлогыг шивчхээд буцаагаад устгасан дүн байсан. Яг тэр дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн зөрүү гарч ирсэн. Гэтэл аж ахуй нэгжийн тайланг 2024 оны 01 сарын 20-нд анх илгээсэн. Илгээхдээ 628.256.890 төгрөгийн борлуулалтын орлоготой гэж тайлан илгээсэн. Ингэж илгээх үед 11 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан орсон байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан 2 сарын 22-нд  засварлаад, аж ахуй нэгжийн тайланг 2024 оны 2 сарын 28-нд дахин засаж илгээхдээ 40.198.000 төгрөгөөр бууруулж 588.161.788,18 мөнгө болгож илгээсэн. Уг компани 2023 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа оруулчхаад 2024 ондоо засварласан байна гэсэн үг. Яагаад нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд оруулж тайлагнасан бэ гэхээр эдний санхүү тайлангийн орлогын бүртгэлдээ 2023 оны 11 сард оруулсан байсан. 2022 онд төлбөрийн баримт огт шивээгүй. 2022 онд аж ахуй нэгжийнхээ тайланг 2023 оны 2 сарын 10-ны дотор тайлагнах ёстой. Энд тайлагнахдаа 300 саяын борлуулалтын орлоготой гэж тайлагнасан. 300 саяын борлуулалтын орлоготой гээд тайлагнахаар цахим төлбөрийн баримтаар 375.225.488,27 мөнгөтэй байна зөрүүгээ харна уу гэж тайланг нь буцаасан байдаг. 2023 оны 3 сарын 20-нд тайланг буцааж 72 цагийн дотор тайланг засварлаж илгээх ёстой байдаг боловч 2023 оны 5 сарын 29-нд тайланг буцааж илгээсэн байдаг. Тайланг буцаж илгээхдээ цахим төлбөрийн баримттай тулгаж 375.225.488,27 мөнгөний орлоготой байна гэж илгээсэн. Иймд акт үндэслэлтэй, хэвээр үлдээж өгнө үү гэв.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Татварын ерөнхий хуулийн 2-р зүйлийн 2.2-т Олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж заасан. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад  энэ стандартыг дагаж мөрдөнө гэж мөн зааж өгсөн.Татварын хуульд мөн адил татварын хууль тогтоомжийн хүрээнд татварын чиглэлээр олон улсын гэрээ зөрчигдвөл олон улсын гэрээг дагаж мөрдөнө. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын багц хуулиуд татварын бүртгэл тусдаа ойлголт. Энэ 2 өөр өөр зорилготой бөгөөд практик хэрэглээ нь ч тусдаа. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар хүлээн зөвшөөрсөн орлого зарлага татварын хуулиар хязгаарлагддаг. Зардлыг стандартын дагуу мөрдөх ёстой, үүнийг үгүйсгээгүй. Харин энэ хязгаарлалтыг Татварын ерөнхий хуулийн 13-р зүйлийн  13.1.1 дэх заалтаар тодорхой хэмжээнд хязгаарлаж өгдөг. Орлогод бас тодорхой хэмжээний заалтууд тавьж өгдөг. Энэ заалтуудыг тусгахгүй  бол Татварын хуулийг батлах хэрэггүй гэдэг нь үүнээс ажиглагддаг. Энэ нь хууль хоорондын эсвэл стандарт хоорондын зөрчил гэж үзэхгүй. Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын 12 дахь стандарт орлогын  татвар гэсэн заалт бий. Монгол Улс дагаж мөрдөхдөө энэ заалтын дагуу Сангийн сайдын 2020 оны 144 дүгээр тогтоолын 3-р хавсралтад татварын болон санхүүгийн тайлагналын зөрүүгийн зохицуулалт гэсэн заалт маш тодорхой байгаа..Санхүү татварын дүрэм журмын стандарт нь баталгаа болдог. Бусдаар зөрчилдсөн зүйл байхгүй. Прокурорын байгууллагаас Татварын ерөнхий газар руу ялангуяа хий бичилттэй холбоотой хариу тайлбар өгч байсан,ба энэ нь эрсдэлд суурилсан хяналт шалгалт болдог.  Нэгдсэн системд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан төлбөрийн баримт анхан шатны баримт мөн гэдгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.20, 4.1.13, 4.1.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3-р зүйлийн  1.3-т тодорхой зааж өгсөн. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээр 2022 оны 07 сарын 21-ний өдрийн хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтдээ “Манай компани 2022 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар е-баримт цахим төлбөрийн системд 82.345.000 төгрөгийн борлуулалтын орлого бүртгэгдсэн тул нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгчөөр бүртгэж өгнө үү” гэж  бичсэн тайлбар байна. Цахим төлбөрийн системд 54 сая төгрөг нь 05 сарын 19-ний өдрийн байдлаар хүрсэн, энэ орлогоо хүлээн зөвшөөрөөд хүсэлтээ татварын албанд явуулсан байна. Татварын ерөнхий хуульд татвар төлөгч хуулиар төлбөл зохих татварын ноогдлоо өөрөө тодорхойлж хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэсэн заалттай. Иймээс  акт хууль ёсны тул  хэвээр үдээж өгнө үү өмнөх хуралдаанд дэлгэрэнгүй  тайлбарласан болно” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгчээс Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2025 оны 9 сарын 18-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг[1] шүүхэд гаргасан.

2. “*******” ХХК нь татварын улсын байцаагчийн дээрх актыг эс зөвшөөрч  Дундговь аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор[2] татварын улсын байцаагчийн ******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн, хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаснаар хэрэг үүсгэн шалгасан болно.  

3. “*******” ХХК нь газар тариалан эрхлэх, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, цайны газар, төмөр хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худгийн үйл ажиллагааны чиглэлээр 2021 онд байгуулагдсан хуулийн этгээд[3], гэрээт нягтлан бодогч ажиллуулдаг[4] байх ба тус компанийн гүйцэтгэх захирлаар 2021 оны 9 сарын 2-ны өдөр  [5],  2022 оны 9 сарын 22-ны өдөр *******[6] нар томилогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тус оролцсон болно.

4. Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч *******, ******* нар  “*******” ХХК-ийн 2021 оны 09 сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, ******* тоот томилолтоор[7] Эрсдэлд суурилсан - бүрэн шалгалтыг 2025 оны 9 сарын 2-ны өдрөөс эхэлж, 2025 оны 9 сарын 18-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актаар[8] 576088627,99 төгрөгийн зөрчилд 100349044.38 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

5. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

5.1. Нэхэмжлэгч аас “актыг бүхэлд нь  хүчингүй гэхээс илүү хавсралтад заасан тооцооллын[9] зөвхөн 2, 6 дахь хэсгийг багасгаж өгнө үү гэж хүсч байна.Манай компани дампуурахад хүрээд байна, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй” гэж, итгэмжлэгдсэн  төлөөлөгч гаас “маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү тооцооллын болон хууль хэрэглээний алдаатай тул алийг нь ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тусдаа өөр өөрөөр тайлбарлах[10] ба нэхэмжлэгчээс гаргасан татварын улсын байцаагчийн 2025 оны 9 сарын 18-ны өдрийн ******* тоот актыг хүчингүй болгуулах шаардлагын[11] хүрээнд хэлэлцсэн болно. 

5.2. Нэхэмжлэгчээс  Актын тэмдэглэх/тооцоолол/ хэсгийн Зөрчил 1 ба 3-ийн хувьд  энэ 2 зөрчлийн нөхөн төлбөрийг 2022 оны 6 сарын 24-нд Өмнөговь аймгийн Мандал Овоогоос ирсэн 44 сая төгрөгийг үндэслэж тавьсан.Тооцооны алдаа гаргасан.

Зөрчил 2 ба 6-ын хувьд 2022 оны 251.160.400,00 төгрөг, 2023 оны 167.286.567,00 төгрөгийн зардлыг төлбөрийн баримтаар баталгаажаагүй гэсэн. Эдгээр зардлууд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 болон 13 дугаар зүйлийн холбогдох заалтуудын шаардлагыг  хангасан.

Зөрчил 4, е-баримт нь зохих журмын дагуу татварын цахим төлбөрийн баримтын системд шивэгдэж зөвшөөрөгдсөн, “*******” компанийн 48.600.000,00 төгрөгийн баримтыг хүчингүй гэж үзэж 4,418,181.82 төгрөгийн зөрчил  ногдуулсан.

Зөрчил 5, Тус компанийн борлуулалтын орлого 2022 оны 5 сарын 19-нд 50,0 сая төгрөг хүрээгүй, 6 сарын 24-нд Өмнөговь аймгийн  Мандал овоо сумаас 44.0 сая төгрөг орж ирснээр хүрсэн, улмаар 2022 оны  8 сарын 4-нд татвар суутган төлөгчийн гэрчилгээ авсан байхад ногдуулсан нь буруу. 2022 оны 6 сарын 24-ээс 8 сарын 4-ний хооронд ямар нэгэн орлого ороогүй гэж тус тус маргана.

5.3. Ийнхүү “маргаан бүхий акт үндэслэлгүй хууль хэрэглээний хувьд алдаатай, тооцоолол зөрүүтэй,  Нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын стандартыг дагаж мөрдөөгүй буюу  орлого  зарлага зэрэгцэн тайлагнах санхүүгийн стандартыг мөрдөөгүй, зардлын баримт ирүүлэхийг шаардах атлаа орлогын баримтыг гүйцэд авахгүй өгсөн нотлох баримтыг үнэлэлгүйгээр өндөр үнэтэй  зөрчил тогтоож  акт тавьсанд гомдолтой байна” гэх нэхэмжлэгчийн гомдлыг судалбал, хариуцагчаас шалгалтаар хамаарах нотлох баримтаа ирүүлэхийг  нэхэмжлэгч талд 2025 оны 3 сарын 26-ны өдөр мэдэгдэж[12] холбогдох баримтуудаа ирүүлэх хугацаатай үүрэг өгсөн,улмаар нэхэмжлэгч компаниас 2025 оны 5 сарын 22-ны өдөр цахимаар гүйцэтгэсэн ажлын гэрээнүүд, орлогын бүртгэл, өртөг, зардлын журнал зэрэг  шалгагдвал зохих баримтуудыг ирүүлсэнд[13] үндэслэн хяналтыг хэрэгжүүлсэн байх ба “бараа материалын зарлагын баримт” гэх баримтуудыг[14] татварын шалгалтад хамруулалгүйгээр заримыг нь сүүлд бүрдүүлж авсан эдгээрийг өөрийн болон *******ийн хувь дансны хуулгатай[15] шалгаж тулгаагүй” гэж аас шүүх хуралдаанд мэдүүлж  байгаа зэрэг нь татварын  шалгалтын хугацаанд холбогдох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, улмаар аль баримтыг нь сүүлд авснаа санахгүй байна гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээр[16] болон бусад  баримтаар тогтоогдож байна.

5.4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргаж ирүүлсэн зарлагын  падаан[17]  болон  дансны хуулга[18] нь хоорондоо нийлээгүй, орлого зарлагын гүйлгээний утга нийцээгүй,  огноо зөрүүтэй, хувь дансны гүйлгээ  хийсэн,  энэ  нь  хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг компанийн дансаар явуулахаар тохирсонтой[19] нийцээгүй зэрэг нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгт  хуулиар хамаарна.

5.5. Аймгийн татварын албаны эрх бүхий албан тушаалтнуудаас “Татварын ерөнхий  хуульд нийцүүлэн холбогдох дүрэм журмыг хэрэглэж маргаан бүхий актыг үйлдсэн” гэж тайлбарлах ба нэхэмжлэгчийн “Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын “95. гарсан зардал болон орсон орлогын хоорондох шууд хамаарлыг үндэслэн орлого, үр дүнгийн тайлан зардлыг хүлээн зөвшөөрнө. Ерөнхийдөө орлого, зардал зохицох гэж нэрлэгдэг энэ ажиллагаа нь нэг үйл ажиллагаа болон бусад үйл явдлын шууд ба хамтарсан үр дүн болж, орлого ба зардлыг нэгэн зэрэг буюу нэгтгэн хүлээн зөвшөөрөхийг шаарддаг...” гэх стандартыг[20] зөрчсөн гэх үндэслэлгүй буюу Татварын ерөнхий хуулийн 2 дугаар  зүйлийн 2.2, 30 дугаар зүйлийн 30.2, 42 дугаар зүйлд зааснаар акт үйлдэх, актад тавигдах  шаардлагыг хангасан болох нь акт хавсралт маягтуудаар[21] нотлогдож байна.

5.6.  Түүнчлэн  нэхэмжлэгчээс маргаан бүхий актад  төлбөр тогтоосон актын зарим хэсгийг зөвшөөрч  зарим хэсэгт маргаагүй  буюу актын тэмдэглэх/тооцоолол/ хэсгийн 2, 6-рт заасанд гомдолтой байна гэх ба нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, маргаан бүхий актыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон тохиолдолд шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагын тодорхойлогдсон[22], шалгагдсан  хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч *******ээс дээрх 2 зөрчилд холбогдуулан “...2. Манай байгууллагын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдсан зарим худалдан авалт нь байгууллагын үйл ажиллагааны шууд бус, хувийн хэрэглээнд зориулсан худалдан авалт байсныг илрүүлсэн, хуулийн дагуу хувийн хэрэгцээнд зориулсан худалдан авалтад төлсөнг буцаан авах боломжгүй тул тухайн худалдан авалтын төлсөн татварыг тайлангаас хасаж,зөвхөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шууд холбогдсон, татвар хүлээлгэх боломжтой худалдан авалтынхыг л тусгасан. Энэ хасалт нь санхүүгийн болон татварын тайланд ямар нэгэн зөрүү үүсгэхгүй, 6... тухайн худалдан авалтыг санхүүгийн бүртгэлдээ үндэслэлтэй бүртгэж, борлуулсан бүтээгдэхүүний  өртөгт тусган тооцсон гэхдээ уг худалдан авалтын төлбөрийн баримт олдоогүй тул татварын буцаан авалтад хамруулалгүйгээр зөвхөн өртгийн бүртгэлд тусгасан...” гэх  тайлбарыг татварын албанд бичгээр[23] гаргаж өгсөн байх ба Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.12, 12 дугаар зүйлийн 12.1-т  зааснаар *******ийн энэхүү тайлбар хүчинтэй байх тул дээрх зөрчилд  хамааруулан актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй.

5.7. Мөн нэхэмжлэгч 2022.05.10-2022.08.04-ний өдрийг хүртэлх хугацаанд 50.000.000төгрөгт хүрээгүй байхад буюу нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчаар бүртгэгдээгүй үед татварын зөрчил үүсгэсэн нь буруу гэх ба хэрэгт авагдсан  баримтад[24]  үндэслэн  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн татвар  тооцохоор заасан ч 2022 оны 7 сарын 21-ний өдрийн татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх *******ийн хүсэлтээр[25] аймгийн татварын алба 2022 оны 8 сарын 4-нд бүртгэсэн, энэхүү  бүртгэлд[26] нэхэмжлэгч маргаагүй  хийгээд  2022 оны 6 сарын 30-ны өдрийн байдлаар 50 сая төгрөгөөс дээш дүнд хүрсэн болох нь тус хүсэлтэд заагдсанаар тодорхойлогдож байна.

Тодруулбал, “2022 оны 8 сарын 4-нөөс өмнө биш  хойших хугацаанд  татвар  төлөгчөөр тооцох ёстой байсан  гэж тайлбарлах ба  тухайн татварыг нарийвчлан зохицуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасны дагуу тухайн татвар төлөгч өөрөө татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг татварын албанд 2022 оны 07 сарын 21-ний өдөр бүртгүүлэх хүсэлтээ[27] өгсөн байх бөгөөд нөхөн ногдуулалтын актыг 2025 оны 9 сарын 18-ны өдрөөр үйлдэж, татварын хөөн хэлэлцэх хугацаанаас хэтрүүлэлгүйгээр тайлант хугацаанд хамааруулан ногдуулсан нь дээрх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж байна.

5.8. 2022, 2023 онд маш өндөр зардлыг аж ахуй нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд оруулсан. 2022 онд 167.200.000 төгрөг, 2023 онд 251.100.000 төгрөгийнхийг орлогын албан татвараас хасагдуулж өгсөн нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд татварын хасагдах зардалд оруулан тооцно гэж заасан. 13.1.1-д тайлант хугацаанд хамаарсан зардал, 13.1.2-т татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан зардал, 13.1.3-т Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл заалтын холбогдох бүртгэлээр баталгаажсан. 13.1.4-т дор дурдсан бараа ажил үйлчилгээний зардал,  Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т заасанчлан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт импортын бараанд татвар ногдуулж гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажна гэсэн заалтуудыг нэгэн зэрэг хангаж байж татвараас хасагдах зардалд оруулна гэж тодорхойлсончлон 2022, 2023 оны хасагдах зардалд тавигдах шаардлагыг хангахгүй учир улсын байцаагчийн  актаар  төлбөр ногдуулсан  нь татварын хууль тогтоомжийн зорилгод нийцэх бөгөөд шалгалтын явцад *******ээс эдгээр зөрчлийг хүлээн зөвшөөрч тайлбар[28] өгсөн байдаг.

5.9. Нэхэмжлэгчээс манай компани 2023 онд шилдэг татвар төлөгч болсон атлаа 2023 онд татварын зөрчлөөр хариуцлага ногдуулж буйд гомдолтой байна гэх боловч нягтлан бодогчийнхоо  алдааг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр[29] нотлогддог,  2023 онд шагнагдсанаа нотлоогүй, улмаар зөрчил нь эрсдэлд суурилсан хяналт шалгалтын хүрээнд  илэрсэн зөрчил болох нь тогтоогдох  тул энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

5.10. ******* компаниас хийсэн худалдан авалтын тухайд  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.5-т “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татвараас хасаж тооцохгүй” гэж заасанчлан хяналт шалгалтын явцад ******* компанийн худалдан авалт, бараа нийлүүлэлтийн материалтай холбоотой ямар ч баримт байгаагүй, гаргаж өгөөгүй, *******  компаниас[30] зөвхөн е-баримт шивэгдсэн болохоос өөр ямар ч нотлох баримтгүй, хяналт шалгалтын хугацаанд ирүүлээгүй хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн төлөөлөгч ын “татварын шалгалтад  шүүхэд өгсөн падаанууд[31] хамрагдаагүй, заримыг нь сүүлд бүрдүүлж олж авсан, яг ******* руу  шилжүүлсэн баримт бол байхгүй олдохгүй байгаа юм” гэх тайлбар[32], *******ийн “татварын тайланд борлуулалтын орлого дутуу тайлагнагдсан, энэхүү зөрүү нь тайлан гаргах явцад гарсан бүртгэлийн техникийн алдаа болон мэдээлэл нэгтгэх үеийн алдаа” гэх тайлбар[33]  зэргээр  баримтын бүрдэл дутуу шалгагдсан  болох нь тогтоогдож байх тул дээрх  тайлбаруудаар  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 14 дүгээр зүйлийн 14.3.1-т “анхан шатны баримт бүрдүүлэх”, 14.4.6-т “бүх зардал”, 14.4.7-д “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон зүйлс”, 14.5-д “Аж ахуйн нэгж байгууллагын ажил гүйлгээ нь анхан шатны баримт бүртгэлийн маягтыг энэ хуульд энэ хуульд заасны дагуу баримт маягттай хамт хадгална”, Татварын ерөнхий хуулийн 28-р зүйлийн 28.5” татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд   хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий  төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар  илгээх үүрэгтэй” гэж заасанд тус тус нийцээгүйг илэрхийлдэг.

5.11. Уг актыг  зөрчилд холбогдогчид 2025 оны 10 сарын 3-ны өдөр мэдэгдэж, гардан  хүлээн авсан болох нь  баримтаар[34]  тогтоогдох хийгээд Татварын ерөнхий газрын 2023 оны 2 сарын 28-ны өдрийн А/34 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.2, 2.6, 2.12.1, 3 дугаар зүйлийн 3.3, 3.11, 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.4, 4.3.8, 4.4.3, 4.5.10, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.6, 7.7, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 41, 42 дугаар зүйлд тус тус заасанчлан зохих ёсоор хэрэгжүүлсэн болох нь маргаан бүхий акт, түүнд хавсаргасан баримтуудаар[35] авагдсан тул актыг хууль ёсны гэж үзнэ. Харин хэлбэрийн хувьд хуулийн заалт гүйцэд бичээгүй, зөрчил нэг бүрийг тусдаа заалтаар илэрхийлээгүй, зөрчилд холбогдогчийн гарын үсэг зураагүй талаарх тайлбарыг тусгаагүй, өөр этгээдийн баримтыг хавсаргасан[36] зэрэг нь актыг хүчингүй болгоход хангалтгүй.

5.12. Нэхэмжлэгчээс “Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар  татварын улсын байцаагч нараас  актын төлбөр торгуулийг буцаан олгох болон бусад татвараас нөхөн  суутгах байдлаар төлүүлж байгаа” гэх тайлбарыг шүүхэд гаргах ба  хариуцагчаас “тийм,  одоогийн байдлаар 11 орчим сая төгрөгийг  суутган төлсөн байна”  гэх бөгөөд энэ тухайд хэргийн оролцогчдын тухайн хуулиар олгогдсон эрх үүргийг зөв хэрэгжүүлэхийг хариуцагч  анхаарах нь зүйтэй.

            Иймд хэрэгт авагдсан, цугларсан баримтуудыг болон  оролцогчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо нэхэмжлэгч түүний төлөөлөгч нар нэгдсэн нэг ойлголтод хүрээгүй, тайлбар мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, нотлох баримтууд  хоорондоо зөрүүтэй болох зэрэг нь тогтоогдож байх ба татвараа үнэн зөв тайлагнах, шалгалтын явцад өөрийн нотлох баримтыг гаргаж өгөх, зөрчилгүй болохыг нотлох зэрэг хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.7-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.5, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, 10 дугаар зүйлийн 10.2.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.14, 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч *******, ******* нарт хариуцагдах, Татварын улсын байцаагчийн  2025 оны 9 сарын 18-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар  хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлж, нэхэмжлэгчийн  төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.СУГИРЖАВ

 

[1] 1 хх-ийн 65-67 хуудас

[2] 1 хх-ийн 10-20 хуудас

[3] 1 хх-ийн 69-70 хуудас

[4] 1 хх-ийн 99, 100, 104, 106 хуудас

[5] 1 хх-ийн 69-р хуудасны ар талд

[6] 1 хх-ийн 69-р хуудасны ар талд

[7] 1 хх-ийн 92 хуудас

[8] 1 хх-ийн 93-96 хуудас

[9] 1 хх-ийн 107-108 хуудас

[10] 1 хх-ийн 65-68, 2 хх-ийн 16-39, шүүх хуралдааны тэмдэглэлээс

[11]1 хх-ийн 65-68, шүүх хуралдааны тэмдэглэлээс

 

[12] 2 хх-ийн 193-194 хуудас

[13] 2 хх-ийн 195 хуудас

[14] 1хх-ийн 21-59, 2 хх-ийн 16-39, 50-96 хуудас

[15] 2 хх-ийн 104-164 хуудас

[16] 2 хх-ийн 16-39,  шүүх хуралдааны тэмдэглэлээс

[17] 1 хх-ийн 185-237 хуудас

[18] 2 хх-ийн 104-164 хуудас

[19] 1 хх-ийн 21-23, 35-37, 2 хх-ийн 55-63, 67-69, 72-73, 79-83, 93-95 хуудас

[20] 2 хх-ийн 14-15 хуудас

[21] 1 хх-ийн 93-133 хуудас

[22] 1 хх-ийн 65-68 хуудас

[23] 1 хх-ийн 124-125 хуудас

[24] 2 хх-ийн 98-103 хуудас

[25] 2 хх-ийн 220 хуудас

[26] 2 хх-ийн 221 хуудас

[27] 2 хх-ийн 220 хуудас

[28] 1 хх-ийн 124-125 хуудас

[29] 2 хх-ийн 16-49, Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[30] 1 хх-ийн 130-133 хуудас

[31] 1 хх-ийн 185-237 хуудас

[32] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[33] 1 хх-ийн 125 хуудасны 4-р хүснэгт

[34] 1 хх-ийн 6-7 хуудас

[35] 1 хх-ийн 65-68, 87-91, 93-96, 107-108 хуудас

[36] 1 хх-ийн 152-157 хуудас