Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01477

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01477

 

 

 

Х.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Бямбажаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Алтангэрэл шүүх хуралдаанд тайлбартаа:

Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа авч, 2016 оны 10 сард ээлжийн амралтын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хөдөө орон нутаг руу явсан. Гэтэл миний утсанд өргөдлөө өгнө үү гэсэн мессеж ирсэн. Би тэр мессэжний учрыг сайн ойлгоогүй. Эрчим хүчний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Бүрэнтогтохтой уулзахад 2016 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн Б54 дүгээр тушаалаар ажлаас халсан гэсэн. 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр би өөрийнхөө зүйлийг хүлээн авч албаны зүйлээ хүлээлгэж өгсөн. Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул өмнө нь эрхэлж байсан ажлын байранд томилогдох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие тухайн албан тушаалд 2 жил гаруй хугацаагаар ажилласан. Тухайн ажил, ажлын байрандаа сайн ажилласан гэж дүгнэж байна. Би ажиллаж байх хугацаандаа хуулиа дээдэлж ажилладаг байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, хамт олно дээдэлж харьцдаг байсан. Миний бие 4 удаа эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан ч гэм буруугүй байсан тул ямар нэгэн арга хэмжээ авхуулаагүй. Намайг ажлаа хүлээж аваад 7 хонож байхад Бүрэнтогтох өрөөндөө дуудаж уулзаад 15-аас доошгүй хүнийг ажлаас халах гэж байгаа тул 15 доошгүй хүний нэрсийн жагсаалт гаргаж өг гэсэн. Би Бүрэнтогтоход надад зүгээр ажлаа хийж байгаа 15 хүний нэрсийн жагсаалт гаргаж ажлаас халах эрх байхгүй гэдгээ хэлсэн. Эрчим хүчний хөгжлийн газрын дарга Бүрэнтогтох намайг ажлаас халсан тушаал танилцуулаагүй, мөн хуульд заасны дагуу 30 хоногийн дотор албан мэдэгдэл өгөх ёстой өгөөгүй. Би 1, 2 дугаар гарын үсэг зурдаг хүн биш тул тэтгэвэртэй холбоотой асуудал надад хамааралгүй. Иймд хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал шүүх хуралдаанд тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Алтангэрэл нь Эрчим хүчний яамны хяналт шинжилгээний үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, эрчим хүчний яамны төрийн нарын бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 тоот тушаалаар Эрчим хүчний хөгжлийн төвд түр хугацаагаар буюу захиргаа удирдлагын хэлтсийн дарга Сүхбаатарыг гадаад улсад суралцаж байх хугацаанд томилогдсон. Х.Алтангэрэл нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Х.Алтангэрэл нь ээлжийн амралтаа 2016 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөс эдлэх ёстой байсан. Гэтэл Х.Алтангэрэлийг ээлжийн амралтаа эдлэхээс нь өмнө буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б54 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг Х.Алтангэрэлд захирал өрөөндөө оруулж танилцуулсан байдаг. Ингэхдээ Х.Алтангэрэлийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж, ажлаа хүлээлгэж өгөх талаар ярилцсан. Миний зүгээс өгсөн хэд хэдэн шаардлагыг хангалтгүй биелүүлсэн байна. Иймд таныг албан үүргээ хангалгүй биелүүлж, байгууллагад учирсан хохирлыг бүрэн хариуцлага хүлээх хэрэгтэй гэж үзэж таныг ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж гэж хэлэхэд Х.Алтангэрэл уурлаж, Бүрэнтогтох захирлыг хэл амаар доромжилж гарч явсан байдаг. Үүнээс хойш Х.Алтангэрэл нь ажлын байрандаа ирэхгүй өрөөгөө түгжээд явсан байдаг. Х.Алтангэрэлийг ажлаас чөлөөлөх тушаалыг аман болон бичгийн хэлбэрээр өгсөн гэх тэмдэглэлийг тухай бүрдээ хийсэн байдаг. Мөн Х.Алтангэрэл нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, удаа дараа хууль бус үндэслэлгүй тушаал гаргаж байгууллагад хохирол учруулсан. Үүнд өндөр насны тэтгэмж эрх үүссэн ахмадад салбарт ажилласан жилийг Улсад ажилласан жилээр тооцож, тэтгэмж олгосон. Энэ тушаалыг өөрөө боловсруулж, өөрөө гардаж хийснийхээ дараа устгасан үйлдэл удаа дараа гарсан байдаг. Мөн албан тушаалаа ашиглан зохисгүй үйлдэл гаргадаг байсан. Мөн захирал болон ажилтнуудын хооронд зан харилцааны хувьд асуудал үүсгэдэг байсан. Удирдах албан тушаалтны хувьд ажилтнуудыг хэл амаар доромжлох асуудал гаргаж энэ нь хурлаар хэлэлцэгдэж байсан. Иймд Х.Алтангэрэлийг ажлаас халсан үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Алтангэрэлийг "Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-аас 12 440 489 төгрөг гаргуулан Х.Алтангэрэлд олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Алтангэрэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-аас 213 997 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал давж заалдах гомдолдоо:.. Х.Алтангэрэлийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй гэж шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Захиргаа удирдлагын хэлтсийн даргийн албан тушаалыг гүйцэтгэж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, удаа дараа хууль бус, үндэслэлгүй тушаал боловсруулж, гарган байгууллагад хохирол учруулсан. Тухайлбал, ажилтан Лумаа овогтой Балганий ажиллаагүй байсан хугацааг ажилласан мэтээр тооцож үндэслэлгүй тушаал боловсруулж, тайлбарлаж өгөлгүй байгууллагын даргаар гарын үсэг зуруулсан. Гаргасан хянасан тушаалуудын төслийг байгууллагын бичиг хэрэгт өгдөггүй, өгөхийг шаарддаг боловч "би мэдэж байна" гэх тайлбар өгөн, ажлаа хүлээлгэж өгөхдөө төслийг устгасан гэх зохисгүй үйлдэл гаргасан.

Алтангэрэл нь ажиллаж байх хугацаандаа удирдах ажилтны манлайлал, бусадтай харыдах, багаар ажиллах чадваргүй нь тогтоогдож, байгууллагын захирал болон ажилчдын хооронд үл ойлгогдох зохимжгүй харилцааг үүсгэдэг, удирдах албан тушаалтны хувьд гаргаж байгаа үйлдэл гэхэд итгэмээргүй бүдүүлэг танхай үгээр бусдыг дайрч доромжлох асуудал удаа дараа гаргаж, энэ асуудал хурлаар ч хэлэлцэгдэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Х.Алтангэрэл хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Алтангэрэл нь хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГт 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан, Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Б/54 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч ийнхүү зөрчил, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон байх ёстой.

 

Нэг Х.Алтангэрэлийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй байх тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар урьд эрхэлж байсан ажил буюу "Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд нь эгүүлэн тогтоосныг буруутгах боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Х.Алтангэрэлийн 2016.10.07-ноос 2017.03.22-ны өдрийг хүртэлх сарын цалингийн дэлгэрэнгүй тооцооллыг үндэслэн ажилгүй байсан хугацааны олговорт нийтдээ 12 440 489 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн.

 

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-аас 213 997 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбадорж давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа "Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ 214 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Ц.ИЧИНХОРЛОО