| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0117/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал
Шүүгдэгч: П.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пгийн Дд холбогдох 1712001830144 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 26-05 оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогтой Пгийн Д /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Д нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 25 дугаар гудамжны баруун үзүүрт иргэн Н.Сыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Дгийн мэдүүлсэн: Н.С гэх хүнийг цохисон нь үнэн. Миний буруу гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1712001830144 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Н.Сын мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 03-ны 22 цаг 00 минут өнгөрч байхад Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Ттэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 25-02 тоотод байх өөрийн хашаанаас айлд очихоор гараад 2 хашаа өнгөрөөд гудамжны буланд явж байтал өөдөөс нэг танихгүй залуу гарч ирээд хөөе гэж дуудсан. Тэгэхээр нь би яасан гэтэл хаанахын танихгүй хүмүүс энд яваад байгаа юм бэ гэхээр нь би айлд очих гэж явна, миний хаа хүрэх чамд ямар хамаатай юм бэ гээд тэр залуутай маргалдаж байтал тэр залуу хашааны булан тойроод гүйгээд явчихсан. Тэр залуу эргээд 1 залуу дагуулж хүрч ирээд шууд надтай барьцалдаад авсан. Бид гурав гудамжны буланд зууралдчихсан ноцолдоод байж байтал нэг цээж нүцгэн залуу шон барьж хүрч ирээд миний ар нуруу руу 2 удаа цохисон. Тэр үед ээж нь хүрч ирсэн. Тэр гурван залуу намайг хашаандаа чирч оруулаад хаалгаа цоожлоод цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал манай хажуу айлын залуу, надтай хамт явсан Т нар орж ирээд эмнэлэг, цагдаа дуудсан. Намайг манай урд гудамжны Д гэдэг залуу цохисон. Тэр залуу Бор толгойн 26-05 тоотод амьдардаг юм билээ. Би 700 граммын хэмжээтэй монгол архийг хоёулаа хувааж уусан бөгөөд бага зэрэг халсан л байсан. Би болсон явдлыг бүгдийг нь мэдэж байгаа. Тэр залуучууд нилээн согтуу байсан. Миний нуруу өвдөөд хөдөлж болохгүй байгаа. Эмнэлэгт үзүүлэхэд 3 нуруу гэмтэлтэй байна гэсэн. Би учирсан гэмтэлдээ гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Хохирогч Н.Сын дахин мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 25-02 тоотод оршин суудаг юм. М гэх настай эмэгтэй нь хүүхдүүдтэйгээ олон жил манай урд талын гудамжинд манай хашааны өөдөөс харсан хашаанд амьдарч байгаа юм. Намайг нүүж ирэх үед л байдаг байсан юм. Хүүхдүүд нь архи дарс байнга уудаг, болж бүтэхгүй зүйл хийж цагдаагийн байгууллагад шалгагдаж байдаг л хүмүүс байсан юм. Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд өөрийн найз Тгийн хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгойн 25 дугаар гудамжны ертөнцийн зүгээр баруун үзүүрт явж байтал нэг залуу намайг хөөе гээд дуудсан. Тухайн үед харанхуй байсан учраас сайн таниагүй бөгөөд тулаад хартал М гуайн хүүхэд болох Д гэгч нь байсан. Ингээд маргалдаад, барьцалдаад түүнийг газарт унагаагаад дээр нь сууж байтал М гуай ирсэн ба буцаад яваад өгсөн. Удалгүй Д гэгч нь ирээд миний нуруу руу бүдүүн шонгийн модоор 2 удаа цохисон. Ингээд би газар унасан бөгөөд Д гэх залуу намайг хашаа руугаа чирч авч ороод миний цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед надтай хамт явсан Т гэх залуу манай хажуугийн айлын Уыг дуудсан байсан ба У, Т нар ирсэн юм. Ингээд Цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагыг дуудсан. Би босч чадахгүй байсан юм. Дтай барьцалдаж аваад газар унагаад дээр нь мордож суугаад хэрэлдэж байсан юм. Тэгээд сууж байтал Д миний араас шонгийн модоор цохисон юм. Би Д, Д нарыг зодож, цохиогүй. Дыг л ноцолдон газар унагаж дээр нь гарч суусан. Өөр зүйл болоогүй. Намайг Д бол зодож, цохиогүй юм. Д намайг шонгоор 2 удаа цохиж, хөлөөрөө миний цээжин хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн юм. Т, У нар хэнийг ч зодож, цохиогүй. Д намайг бусадтай бүлэглэн зодсон асуудал байхгүй. Харин намайг зодож цохих үед Д, М нар байсан юм. Намайг Дтай барьцалдаж аваад дээр нь сууж байтал М гуай ирчихээд буцаад явсан ба энэ үед Т Уыг дуудахаар надаас салаад явсан юм. Ингээд М нь Дгээ дуудсан юм шиг байна лээ, Д нь гүйж гарч ирээд намайг шонгоор цохисон. Дгийн араас дахин М гуай ирсэн. Харин Т нь М гуайн хашаа буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 26-05 тоот хашаан дотор нь хашааны үүдний орчимд сууж байтал гаднаас Утай хамт орж ирсэн. Намайг зодуулж, цохиулахыг Т, У нар хараагүй. М бол Дд намайг өшиглүүлэхийг харсан байх. Харин шонгийн модоор цохиулах үед бол хараагүй байх. Шонгийн модоор Дд цохиулсны дараа М нь буцаж ирсэн юм. Т нь хараа муутай группт байдаг ба айгаад явсан гэсэн. Надаас тухайн үед мэдүүлэг авч байсан хүн л буруу ойлгож бичсэн байх гэж бодож байна. Д нь намайг хашаандаа чирч оруулсан. Намайг чирч оруулах үед бол М, Д нар байсан. Мөн цээж рүүгээ өшиглүүлэх үед ч гэсэн М, Д нар хараад л намайг тойроод зогсож байсан. Би М авгайд хүүхэд чинь намайг аллаа гичий минь гэж хэлсэн. Энэ үед У, Т хоёр орж ирсэн. Д нь намайг хашаандаа чирч оруулаад хаалгаа түгжсэн ба Т, У нар хаалгыг нь нүдэж байж онгойлгуулсан, яг орж ирэх үед нь намайг М, Д, Д нар тойроод зогсчихсон надтай хэрүүл, маргаан хийж байсан. У, Т хоёр ямар байдалтай харагдсаныг мэдэхгүй байна. Өөр хэн нэгэн хашаан дотор орж ирээгүй. У, Т нарын хэн нэг нь шургааг барьж орж ирээгүй байх. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ хэн нэгнийг зодож, цохиогүй. Д намайг гараараа цохиогүй. Би Дд угаасаа гар хүрээгүй. Харин Дтай заамдалцаж байгаад газар унагаж дээр нь гарч суусан нь үнэн. М намайг зодож, цохиогүй. Харин надтай хэрүүл маргаан хийсэн. Дд шонгоор цохиулах үед Д, Д бид гурав байсан. Харин Дд цээж рүүгээ өшиглүүлэх үед бол М, Д, Д бид дөрөв байсан. Т бол зодоон цохион эхлэхээс өмнө яваад дууссаны дараа Утай хамт ирсэн юм. Тухайн үед би 700 граммын монгол архийг Ттэй хувааж уусан байсан юм. Би согтоогүй байсан учраас болсон бүх зүйлийг тод сайн санаж байгаа. Д тухайн үед цээж нүцгэн байсан юм. Д, Д нар бол архи уучихсан байсан. Д л ганцаараа цээж нүцгэн байсан юм. Надад шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Миний биеийн байдал хэвийн байгаа. Одоо ямар нэгэн зовиургүй болсон. Би гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 хуу/
Гэрч А.Уын мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 00 цагийн үед гэртээ унтаж байтал манай нутгийн залуу Т гүйж ирээд Сыг гудамжинд хүн зодоод байна гэхээр нь дээгүүрх хувцсаа өмсөөгүй гарсан. Би хашаанаас гартал гудамжинд хүн байхгүй байсан. Урд хашаанд хүмүүс дуугараад байхаар нь яваад очтол хаалга нь цоожтой байсан. Би хашааны хаалганы завсраар хартал манай найз Сыг тэр айлын залуучууд тал талаас нь нүдэж байсан. Би хаалгыг нь нүдээд наад хүнээ зодохоо боль гэтэл настай эмэгтэй хаалгаа онгойлгож өгөхгүй наадах чинь өөрөө орж ирсэн гээд маргалдаж байгаад, хаалгаа онгойлгож өгсөн. Намайг ороход С хашааны хаалганы хажууд атираад хэвтчихсэн байсан. Би өндийлгөөд босгох гэтэл босч чадахгүй байсан. Би тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. Ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/
Гэрч А.Уын дахин мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгойн 25-02 тоотод байх өөрийн гэртээ унтаж байтал манай гэрт Т орж ирээд надад хандаж С гудамжны үзүүрт хүнтэй барьцалдаад авлаа гэж хэлсэн. Би босоод гэрээсээ гэрээсээ Ттэй хамт гартал манай урд талын айл болох М гэх айлын хашаанд хүмүүс хэрүүл хийгээд Сын дуу хадаад байхаар нь уг айлын хашаа руу орох гэтэл хаалгыг нь цоожилсон байсан ба хаалгыг нь нүдэж онгойлгуулаад хашаанд нь Ттэй хамт ортол С нь хашааны хаалганы орчимд хэвтчихсэн байсан ба босч чадахгүй байсан. Т бид хоёрыг хашаанд ороход М, Д, Д нар байсан. С надад хандаж Д намайг модоор нуруу руу цохиж, өшиглөсөн гэж байсан. Би цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Би бол Сыг бусдад биеийнхээ аль хэсэгт, хэрхэн яаж, хэдэн удаа цохиулсан болохыг мэдэхгүй байна. Т ч хараагүй байсан. С надад хэлэхдээ Дтай хэрүүл хийгээд барьцалдаж аваад дээр нь гараад суусан гэсэн. Ингээд сууж байхад нь л Д араас нь модоор цохисон гэсэн. Д нь модоор ууц руу нь 2 удаа цохиж, хөлөөрөө цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн гэсэн. Т бид хоёр угаасаа ойртоогүй. Мийн хашаан дотор ороход С, М, Д, Д нар хоорондоо хэрүүл хийцгээж байсан юм. Т бол хараа муутай хүн юм. Д, Д нар нилээн согтуу байсан. С бол бага зэрэг согтуу байсан. Тухайн шөнө би тэдгээр хүмүүсийн ярианаас л дээрх дүгнэлтийг хийсэн. Сыг Д нь л зодож, цохисон байсан. Д, С нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгойн 25 дугаар гудамжны баруун талын үзүүрт л хоорондоо барьцалдаад авсан гэсэн. Тэгээд л Т надад ирж хэлсэн байна лээ. Д нь Дыгаа өмөөрч Сыг зодож, цохисон юм шиг байна лээ. Хашааны бүдүүвтэр шонгийн мод байсан ба би уг модыг нь харсан юм. Уг мод нь намайг харахад хашааны дотор үүдэн хэсэгт байсан. Одоо уг модыг нь хаана байгааг мэдэхгүй байна. Мийн хашаан дотор л байсан. Би угаасаа мод бариагүй, хэн нэгнийг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/
Гэрч Б.Оын мэдүүлсэн: ...П.Д, П.Д нарыг танина. Урьд өмнө нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Бор толгойн 26-05 тоотод дуудлагаар ирж Д, Д нарыг эрүүлжүүлж байсан болохоор нэр усыг нь мэддэг болсон юм. Ах дүү хамаатан садны холбоо байхгүй. Н.Сыг бол огт танихгүй. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Дын хамт эргүүлийн томилгоот үүрэг гүйцэтгэж байх үед жижүүрээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 25-05 тоотод зодоон болоод байна гэсэн дуудлага өгсний дагуу жижүүрийн жолооч Д.Гын хамт явж очсон. Биднийг очиход Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 26-05 тоотод хүмүүс хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тухайн маргаан болж байсан хашаанд явж ороход Н.С гэгч нь нуруун тус газраа шонгоор цохиулсан гээд Бор толгойн 26-05 тоот хашааны хаалгыг түшин доош явган суусан байсан. Тухайн үед тэнд М гэх настай эмэгтэй болон түүний 2 хүү нь болох Д, Д нар байсан. Мөн Н.Сын хажуу айлын хүн гэх өндөр биетэй залуу, Сын найз гэх залуу нар байсан. Тухайн үед болсон асуудлын талаар асуухад Н.С нь П.Дг зааж энэ цээж нүцгэн нөхөр намайг шонгоор цохичихлоо, хөдөлж болохгүй байна, нуруу гэмтчих шиг боллоо гэсэн зүйл ярьж байсан. Тэгээд удалгүй тэр зодуулсан гэх хүнийг 103 ирээд аваад явсан юм. Тухайн үед зодуулсан гэх хүн нь хэлэхдээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 26-05 тоотод оршин суудаг М гэх хүний хүүхэд болох Дг зааж байсан. Тухайн үед Д нь дээгүүрээ хувцасгүй цээж нүцгэн байсан бөгөөд хохирогч энэ цээж нүцгэн залуу шон барьж гүйж ирээд намайг цохисон гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Гэрч Ц.Тгийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө ойролцоогоор 11 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг Бортолгой хорооллын 25 дугаар гудамжны баруун талын үзүүрт Стай хамт явж байтал нэг залуу С бид хоёрыг хөөе дуудсан. Тэгээд С тухайн залуутай ямар нэгэн шалтгаангүйгээр хэрүүл маргаан хийгээд барьцалдаж аваад, ноцолдоод түүнийг газар унагаагаад дээр нь гараад суусан. Уг залуу ээжээ гээд хашгирсан. Гэтэл нэг настай эмэгтэй ирсэн. Энэ үед би Уыг гэрээс нь дуудахаар явсан. Мөн уг настай эмэгтэй ч маш хурдан надаас түрүүлж алхаад Уын урд талын хашаа руу орсон ба уг хашаанаас цээж нүцгэн залуу шон бариад Сын байгаа газар руу гүйсэн. Шон барьсан залуугийн араас нөгөө настай эмэгтэй буцаад явсан. Би энэ үед Уын гэр рүү орж түүнийг сэрээгээд С хүнтэй барьцалдаад авсан, доороо хийгээд хэрүүл хийгээд байна, чи очоод салгаадах гэсэн. Ингээд У орноосоо босч өмдөө өмсөөд дээгүүрээ нүцгэн гарсан. Би Уыг дагаад гарсан. Гэтэл шон барьсан залуугийн гарч ирсэн хашаан дотор С хүмүүстэй хэрэлдээд байгаа нь сонсогдсон. У бид хоёрыг хашаа руу орох гэтэл хаалгаа түгжсэн байсан. У хаалгыг нь нүдэж байгаад онгойлгуулсан. Ингээд хашаанд ороход танихгүй 2 залуу, настай эмэгтэй гурав Стай хэрүүл хийгээд байж байсан. С газар уначихсан хэвтэж байсан. Цээж нүцгэн залуу руу заагаад энэ намайг шонгийн модоор цохисон гээд босч чадахгүй хэвтээд байсан юм. Тэгээд У, цагдаа болон түргэн тусламж дуудсан. С миний харснаар хэн нэгнийг цохиж, зодоогүй. Цээж нүцгэн шон бариад гүйсэн залуу Сын ууц нуруу хэсэг рүү барьж явсан шонгоороо 1-2 удаа цохиж, хашаандаа чирч оруулан хөлөөрөө цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн гэсэн. У бид хоёр уг үйлдлийг хараагүй. Намайг байх үед С уг залууг цохиж, зодоогүй, уг залуу ч Сыг цохиж, зодоогүй юм. Би цээж нүцгэн залуугийн царайг сайн хараагүй, тиймээс танихгүй. С бол сайн таньдаг юм байна лээ. С Уын хашаан дотор амьдардаг юм. Мөн гудамжны үзүүрт Стай барьцалдаж авсан залуугийн нүүрийг ч сайн хараагүй. Миний нүдний хараа муу юм. Миний нүдний хараа маш муу учраас зодуулж, цохиулчих байх гэж бодоод С болон үл таних залуу хоёрыг гудамжны үзүүрт барьцалдаж авах үед нь салгах оролдлого хийгээгүй юм. Сыг цохиж, зодсон залуугийн нэрийг Д гэдэг гэсэн. Намайг хэн нэгэн цохиж зодоогүй, би ч хэн нэгнийг цохиж, зодоогүй. У хэн нэгнийг цохиж, зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Гэрч Н.Дын мэдүүлсэн: ...Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр томилгоот эргүүлийн үүргийг тус цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах, ахлагч Б.Оын хамтаар гүйцэтгэж байсан юм. Гэтэл ойролцоогоор шөнийн 22 цагийн орчимд жижүүрээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 26-05 тоотод зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу Б.О, мөрдөгч Д.О, жолооч Д.Г нарын хамтаар уг хаяг дээр очсон. Дээрх Бортолгойн 26-05 тоот хаягт очиход М, Д, Д, С, Т, У гэх хүмүүс байсан. Би тухайн Т, С, У гэх хүмүүсийг анх удаа харсан бөгөөд нэрийг нь асуусан. С гэх залуу хашааны хаалга орчимд суучихсан, энэ залуу намайг шонгийн модоор цохичихлоо гээд Дг зааж байсан. Д нь тухайн үед цээж нүцгэн байсан. Ингээд удалгүй түргэн тусламжийн автомашин ирээд С гэгч хүнийг аваад явсан. Намайг очих үед зодоон, цохион болоогүй. Хоорондоо хэрүүл маргаан хийгээд байж байсан. Хэн нь хэнийгээ хэрхэн, яаж, ямар шалтгааны улмаас зодож, цохисон талаар мэдэхгүй. Д, С нараас архи үнэртэж байсан. Гэхдээ согтоогүй юм шиг харагдсан. С нь нуруу өвдөөд байна гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Гэрч Д.Гын мэдүүлсэн: ...Би тухайн үед цагдаагийн газрын жижүүрийн жолоочоор гарч байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө ойролцоогоор 22 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 26-05 тоотод хүмүүс зодоон, цохион хийгээд байна гэсэн дуудлагын дагуу тухайн өдрийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.О, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах, ахлагч Б.О, Н.Д нарын хамтаар дээрх хаягт очсон. Намайг очих үед 26-05 тоот хашаа буюу М гэдэг хүний хашаан дотор Д, Д, Мсүрэн, С, Т, У нар байсан. Т бол надтай хамт цэргийн алба хааж байсан хүн учраас сайн таньдаг юм. С хашааны хаалганы орчимд газар суучихсан Д рүү заагаад намайг энэ цээж нүцгэн залуу шонгийн модоор цохичихлоо гээд байсан. Тухайн үед Д цээж нүцгэн байсан. С бид нарт хандаж миний нуруу гэмтчихлээ гээд байсан. Намайг очих үед зодоон цохион хийсэн бололтой хэрүүл маргаан хийцгээгээд байж байсан. Уг дуудлаганд очсон албан хаагчид бол хэн нь хэнтэйгээ хэрхэн, яаж зодоон, цохион хийсэн талаар хараагүй. С нь Д, Д, М нартай хэрүүл маргаан хийсэн байдалтай л байсан. Сыг эмнэлгийн түргэн тусламжийн ажилтнууд ирээд аваад явсан. С халамцуу байсан. Д бол согтуу юм шиг л байсан. Саас архи үнэртэж байсан. Дтэй бол ойртоогүй учраас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ярьж хэлж байгаа болон үйлдлээс нь бол согтуу юм шиг л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
П.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Би зүйл ангийг ойлгож байна, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. 2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 25 дугаар гудамжны баруун талын үзүүрт хойд гудамжны С гэгчийг шонгийн модоор нэг удаа ууцан дундуур нь цохисон. Тухайн үед би гэртээ унтаж байтал манай ээж гэрт орж ирээд намайг дуудаад дүүг чинь нэг хүн зодоод байна, миний хүү оч гэсэн. Үүнийх нь дагуу би цээж нүцгэн гарч гүйгээд хашааны үүдэнд байсан шонгийн модыг бариад гүйгээд 25 дугаар гудамжны баруун үзүүрт очтол С нь манай дүү Д дээр гараад суучихсан байсан ба би түүнд хандаж та болиоч гэж хэлээд нуруу руу нь барьж очсон модоороо цохисон. Ингээд С газраас боссон, мөн Д ч босч ирсэн. Тэгээд бид нар манай хашаанд орсон бөгөөд хэрүүл маргаан хийгээд байж байтал манай хашаанд хойд гудамжны өндөр ах, нэг залуутай хамт орж ирсэн. Удалгүй цагдаа ирсэн. Эмнэлгийн машин мөн ирээд С нь эмнэлгийн машинтай явсан. Ийм л зүйл болсон. Сыг надаас өөр хүн цохиж, зодоогүй. С ч гэсэн намайг болон бусад хүнийг цохиж, зодоогүй. Би Сыг цохих үед С, Д бид гурав л байсан. Миний араас манай ээж Мсүрэн ирсэн бөгөөд ээж намайг Сыг цохихыг хараагүй. Би бага зэрэг л уучихсан байсан бөгөөд согтоогүй байсан. Уг мод нь манай хашааны ойролцоо байсан бөгөөд манайх түлчихсэн юм. Уг мод нь ойролцоогоор 80 см урттай л мод байсан. Би Сыг чанга цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 439 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Н.Сын биед бүсэлхий нурууны зөөлөн эдэд няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй. 5. Н.Сын 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан материал ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 40 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57-58 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон П.Д нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 25 дугаар гудамжны баруун үзүүрт иргэн Н.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч П.Д нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 25 дугаар гудамжны баруун үзүүрт иргэн Н.Сыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Н.Сын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Бид гурав гудамжны буланд зууралдчихсан ноцолдоод байж байтал нэг цээж нүцгэн залуу шон барьж хүрч ирээд миний ар нуруу руу 2 удаа цохисон. Намайг манай урд гудамжны Д гэдэг залуу цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, хохирогч Н.Сын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Д гэгч нь ирээд миний нуруу руу бүдүүн шонгийн модоор 2 удаа цохисон. Ингээд би газар унасан бөгөөд Д гэх залуу намайг хашаа руугаа чирч авч ороод миний цээж рүү 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21/, гэрч А.Уын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “С надад хандаж Д намайг модоор нуруу руу цохиж, өшиглөсөн гэж байсан. С надад хэлэхдээ Дтай хэрүүл хийгээд барьцалдаж аваад дээр нь гараад суусан гэсэн. Ингээд сууж байхад нь л Д араас нь модоор цохисон гэсэн. Д нь модоор ууц руу нь 2 удаа цохиж, хөлөөрөө цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, гэрч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 25-05 тоотод зодоон болоод байна гэсэн дуудлага өгсний дагуу жижүүрийн жолооч Д.Гын хамт явж очсон. Биднийг очиход Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 26-05 тоотод хүмүүс хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тухайн маргаан болж байсан хашаанд явж ороход Н.С гэгч нь нуруун тус газраа шонгоор цохиулсан гээд Бор толгойн 26-05 тоот хашааны хаалгыг түшин доош явган суусан байсан. Тухайн үед болсон асуудлын талаар асуухад Н.С нь П.Дг зааж энэ цээж нүцгэн нөхөр намайг шонгоор цохичихлоо, хөдөлж болохгүй байна, нуруу гэмтчих шиг боллоо гэсэн зүйл ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Ц.Тгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “С газар уначихсан хэвтэж байсан. Цээж нүцгэн залуу руу заагаад энэ намайг шонгийн модоор цохисон гээд босч чадахгүй хэвтээд байсан юм. Цээж нүцгэн шон бариад гүйсэн залуу Сын ууц нуруу хэсэг рүү барьж явсан шонгоороо 1-2 удаа цохиж, хашаандаа чирч оруулан хөлөөрөө цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, гэрч Н.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Гэтэл ойролцоогоор шөнийн 22 цагийн орчимд жижүүрээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 26-05 тоотод зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу Б.О, мөрдөгч Д.О, жолооч Д.Г нарын хамтаар уг хаяг дээр очсон. С гэх залуу хашааны хаалга орчимд суучихсан, энэ залуу намайг шонгийн модоор цохичихлоо гээд Дг зааж байсан. Д нь тухайн үед цээж нүцгэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэрч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө ойролцоогоор 22 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 26-05 тоотод хүмүүс зодоон, цохион хийгээд байна гэсэн дуудлагын дагуу тухайн өдрийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.О, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах, ахлагч Б.О, Н.Д нарын хамтаар дээрх хаягт очсон. С хашааны хаалганы орчимд газар суучихсан Д рүү заагаад намайг энэ цээж нүцгэн залуу шонгийн модоор цохичихлоо гээд байсан. Тухайн үед Д цээж нүцгэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/, П.Дгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. 2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 25 дугаар гудамжны баруун талын үзүүрт хойд гудамжны С гэгчийг шонгийн модоор нэг удаа ууцан дундуур нь цохисон /хх-ийн 50-51/, “Н.С гэх хүнийг цохисон нь үнэн. Миний буруу” гэх мэдүүлэг, хохирогч Н.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 439 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Пгийн Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-гийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс 1 /нэг/ сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөc доошгүй төгрөгөөр тооцож 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ