Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02016

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02016

 

 

П.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01553 дугаар шийдвэртэй, П.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, Практикал даатгал ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Отнонжаргал, нэхэмжлэгчий өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болор-Эрдэнэ, З.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч П.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: П.Отгонжаргал намайг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Практикал даатгал ХХК-аас хөдөлмөрийн гэрээ байгуулан Төв аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллуулахаар болж сарын үндсэн цалинг 150 000 төгрөгөөр тогтоож томилсон. Улмаар 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс манай компанийн 12-02/06 тоот ажилд шилжүүлэн ажиллуулах гүйцэтгэх захирлын тушаал гарсан. 2016 оны 08 дугаар сард ирсэн шалгалтаар жижиг дутагдал илэрч хөдөлмөрийн тухай хуулинд заасан сахилгын аргаа хэмжээ 1 удаа авагдаж байсан. Гэтэл намайг Практикал даатгал ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18-02/45 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж, үндэслэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хосбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 02 дугаар сарын 01-ний №12-02/06 тоот тушаалаар П.Отгонжаргалыг Төв аймаг дахь салбарын захирлаар томилон ажиллуулсан. П.Отгонжаргал нь байгууллагын дотоод шалгалтаар хүлээсэн үүрэгт ажилдаа алдаа дутагдал гаргасан нь илэрч сахилгын зөрчил гаргаж байсан.

Практикал даатгал ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн эсвэл сахилгын зөрчил давтан /2 удаа/ гаргасан болон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4-ийн /h/ хэсэгт байгууллагын дүрэм, журам зааврыг зөрчсөн үйлдлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцно гэж тус тус заасан. П.Отгонжаргал нь зөрчил гаргасан үйлдлээрээ Практикал даатгал ХХК-ийн Даатгалын баталгааны журам, ёс зүйн дүрэм, архивлалтын журам, сургалтын журмыг зөрчсөн. Тодруулбал, өөрийн удирдлага доорх менежерүүдтэй таарамжгүй харилцаа үүсгэж, ёс зүйгүй харьцсаны улмаас тухайн салбарт ажилтан тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй болж жилийн дотор нэг албан тушаалд дөрвөн хүн солигдон ажилласан, байгууллагын мөнгөн хөрөнгийг нийт 18 680 417 төгрөгөөр дутагдуулсан, нэг бүр нь 1500 төгрөгийн үнэтэй 677 ширхэг баталгааг мөн дутагдуулсан зэрэг зөрчлийн улмаас Төв аймаг дахь салбарын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, орлого буурсан. Эдгээр зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт мөн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4-д заасны дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар П.Отгонжаргалыг Практикал даатгал ХХК-ийн Төв аймаг дахь салбарын захирлын ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Практикал даатгал ХХК-аас 4 334 722 төгрөгийг гаргуулж П.Отгонжаргалд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь зааснаар П.Отгонжаргалын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Практикал даатгал ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар П.Отгонжаргал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Практикал даатгал ХХК-аас 84 306 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611199697 тоот дансанд оруул шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хосбаяр давж заалдах гомдолдоо:

Практикал даатгал ХХК-ийн Төв аймгийн салбарын захирлын үүрэг гүйцэтгэж байсан П.Отгонжаргат нь 2018 оны ээлжит шалгалтаар 2017 оны даатгалын хураамжийн орлогын төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, гэрээт баталгаа болон даатгалын хураамжийн авлага үүссэн, харилцаа болон ёс зүйн зөрчлийг удаа дараа давтан гаргасан ноцтой зөрчил илэрсэн тул 2018 оны 2 дугаарр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгг ажлаас нь чөлөөлсөн Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын №18-02/45 тушаалыг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан. Практикал даатгал ХХК-ийн 2018 оны дотоод шалгалтаар Tөв аймаг дахь салбарын 2016 оны 1-р улирлаас эхлэн 2017 оны 3-р улирал дуусталх хугацаанд хийгдсэн үйл ажиллагаа бичиг баримт, тайлан, тооцоог шалгаад 2018 омы 01 дүгээр сарын 30-ны өдрийн шалгалтын тайланд дараах зөрчлүүд илэрснийг тусгасан.

1. Даатгалын хураамжийн орлогын төлөвлөгөө хангалтгүй буюу 58 хувьтай

2. Гэрээт баталгааны зөрүү их гарсан буюу 825 баталгаа дутсан

3. Төврүү буцаасан шалтгаантай 1058 ширхэг баталгаа

4. Олдоогүй буюу гээгдүүлсэн шалтгаантай 333 ширхэг баталгаа.

5. Даатгалын хураамжийн авлага үүссэн ба өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлүүд болон авлагыг барагдуулаагүй. Нийт 21 640 417 төгрөгийн авлага үүссэн.

6. Сургалтын тайлан огт төврүү явуулж байгаагүй.

7. Санхүүгийн буюу орлого зарлага кассын стандарт бус даатгалын баталгаатай хамт хольж архивласан.

8. Хамтарч ажиллаж байгаа ажилтнуудтай таарамжгүй ажиллаж удаа дараа менежерүүд ажлаас гарсан.

9. Аймгийн төвийн нэг цэгийн үйлчилгээнд талбай түрээсэлж байгаа гэх боловч удаа дараа очиход төлөөлөгч ажиллуулаагүй байсан гэх зэрэг зөрчилүүд илэрсэн.

Уг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шалгалтыг П.Отгонжаргал нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шалгалтыг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дахин хийсэн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний шалгалтын тайлангаар Даатгалын хураамжийн авлага 3 812 041 төгрөг, Даатгалын баталгааны төлбөр 394 500 төгрөг, нийт 4 207 330 төгрөгийн авлага Төв аймгийн салбарын захирал П.Отгонжаргалын нэр дээр үүссэнийг П.Отгонжаргал өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр болсон шүүх хуралдаанд П.Отгонжаргал нь 2017 оны Даатгалын хураамжийн орлогын төлөвлөгөөг 58 хувьтай биелүүлснээ хүлээн зөвшөөрдөг.

1. Иргэний хэргийн анхан шатны шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгтээ Практикал даатгал ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3-д хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн эсвэл сахилгын зөрчил давтан 2 удаа гаргасан болон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан байхад уг заалтыг дан ганц сахилгын зөрчил гэдэг агуулга талаас нь харж... дээрх шүүхэд ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч П.Отгонжаргалыг Практикал даатгал ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй... гэж уг зүйл заалтыг буруу тайлбарлаж дүгнэлт гаргасан.

Гэтэл Практикал даатгал ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын тус заалтанд ноцтой зөрчил гаргасан бол ажлаас шууд халах үндэслэл болно гэж тодорхой тусгасан. Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18-02/45 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлд .. .гэрээт баталгаа болон даатгалын хураамжийн авлага үүссэн ... тул П.Отгонжаргалыг ажлаас чөлөөлсөн.

Даатгалын баталгаа нь даатгалын гэрээтэй нэгэн адил хүчин чадалтай бөгөөд даатгалын гэрээг орлох баримт бичиг юм. Энэ даатгалын баталгааны талаарх зохицуулалтыг Иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасан. Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.3 дахь хэсэгт даатгалын баталгааг үзүүлснээр Даатгалын байгууллага даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийн талаар зохицуулсан. П.Отгонжаргал нь Жолоочийн хариуцлагын даатгалын 261 ширхэг баталгаа, Гэнэтийн ослын даатгалын 2 баталгааг үрэгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн салбарт хийсэн шалгалтын тухай баримт бичгийн хавсралтад гарын үсэг зурснаар нотлогдог, баталгааг үрэгдүүлсэн гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс жолоочийн хариуцлагын даатгалын 261 ширхэг баталгааг, Гэнэтиин ослын 2 ширхэг баталгааг ашиглаж иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж компанид мэдэгдэлгүйгээр бусдаас мөнгөн хөрөнгө авах боломжтой байдаг, мөн уг баталгаанаас болж компанид эд хөрөнгийн хохирол учрах цаашлаад компанийн нэр хүнд унах аюултай байдаг учир даатгалын баталгааг үрэгдүүлсэн П.Отгонжаргапын үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах ноцтой зөрчил юм.

2. П.Отгонжаргал шүүх хуралдаан дээр 2017 онд даатгалын хураамжийн орлогын төлөвлөгөө хангалтгүй 58 хувийн биелэлттэй хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй байтал Иргэний хэргийн анхан шатны шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгтээ ... даатгалын орлогын төлөвлөгөө хангалтгүй 58 хувийн биелэлттэй гэсэн нь ойлгомжгүй байгаа ба ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажлын тайланг үндэслэн шууд цуцлах үндэслэл болохгүй ... гэж хэргийн материалд татагдсан Практикал даатгал ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг судалж үзэлгүйгээр өөрийн төсөөлөлөөр ... хөдөлмөрийн гэрээг ажлын тайланг үндэслэн шууд цуцлах үндэслэл болохгүй ... гэж нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр шийдвэр гаргасан.

3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...П.Отгонжаргалд авлага үүсч Практкал Даатгал ХХК-тай авлага барагдуулах гэрээ болон 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Tөв аймгийн салбарт хийсэн шалгалтын тооцоо нийлсэн хуудаст П.Отгонжаргалын гарын үсэг зурсан иь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж агуулгын хувьд ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, шүүгч нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэдгийг уг үндэслэлээрээ тогтоосон атлаа нэхэмжлэгчийг буруугүй гэж агуулгын хувьд зөрчилтэй үндэслэлийг шүүхийн шийдвэрт дурдсан.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108, 110 дугаар зүйлд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах үүрэгтэй талаар тодорхой дурдсан байдаг. Уг хэрэгтэй холбоотойгоор шийдвэрийн тогтоох хэсэгт ... Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Практикал даатгал ХХК-аас 4 334 722 төгрөгийг гаргуулж П.Отгонжаргалд олгосугай гэж, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Отгонжаргалын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Практикал даатгал ХХК-д үүрэг болгосугай гэж тус тус дурдсан байдаг. Гэтэл шүүгч уг шийдвэрүүдийг гаргахдаа ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй өөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тухайн ажилтны ажилгүй байх хугацааны цалин, шимтгэлийг төлнө гэж заасан байдгийг хянан үзэж П.Отгонжаргал нь Практикап даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас гарснаас хойш хөдөлмөрийн гэрээгээр өөр байгууллагад ажил хийж цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж байсныг судалж тогтоохгүйгээр П.Отгонжаргал нь өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажлаагүй, ажилгүй байсан гэж өөрийн төсөөлөөр дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, П.Отгонжаргал нь өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагаар Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №18-02/45 тоот тушаалтай маргахгүй, уг тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэдэг нь тогтоогдоно. Мөн П.Отгонжаргал нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Практикал даатгал ХХК-ийн ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш ажил эрхлэсэнээ халхавчлах зорилгоор хэргийн материалд 2018 оны 2 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Шүүгч уг материалыг шинжлэн судалж П.Отгонжаргалыг хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхлээгүй гэдгийг тогтоох. нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд хөдөлмөрийн маргааны хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхлээгүй гэдгээ нотлох ёстой. Уг ажиллагааг шүүх хуралдааны явцад хийгээгүйн улмаас хуурамч нотлох баримт, нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн шийдвэр гаргасан байна. Хэргийн материалд П.Отгонжаргалын Практикал даатгал ХХК-тай байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг татсан байдаг. Уг хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2 жил бөгөөд хугацаа нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байдаг нь П.Отгонжаргалыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсныг нотлох боломжгүй болгож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан байдаг гэтэл шүүгч шүүхийн шийдвэрээ гаргахдаа хүчин төгөлдөр бус гэрээг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт тус гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан нь үндэслэлтэй эсэх талаар хэлэлцэж, хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж алдаа дутагдал гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлалгүй, хуурамч нотлох баримтыг үндэслэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дагуу хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Отгонжаргал нь хариуцагч Практикал даатгал ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Практикал даатгал ХХК нь П.Отгонжаргалыг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18-02/45 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Практикал даатгал ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4 дэх хэсгийн (h) заалтыг тус тус баримталсан ба ажилтан ёс зүйн болон сахилгын давтан зөрчил, ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ./хх-ийн 17, 85 дугаар тал/

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.5-т хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргавал ажлаас чөлөөлөхөөр заасан. /хх-ийн 6 дугаар тал/ Энэхүү гэрээг хүчингүй, өөр гэрээ байгуулсан талаар нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбарлах боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй, тэд тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй. Гэвч дээрх гэрээнд талууд дотоод журмаас ишлэл аван хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тохирсон байна. Гэтэл хөдөлмөрийн дотоод журам нь хариуцагч компани буюу хэргийн оролцогчийн хуулбар үнэн дардастайгаар хэрэгт авагдсан байгаагаас үнэлэх боломжгүй байна.

Иргэний хурэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан боловч энэ нь хэргийн оролцогчид хамаарахгүй юм.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн өөрийнх нь хуулбар үнэн тэмдэгтэй дээрх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэж алдаа гаргажээ.

Практикал даатгал ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам нь ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэхийг дүгнэхэд буюу талуудын хоорондын маргаанд хамааралтай, ач холбогдолтой боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасан нотлох баримтад тавигдсан шаардлагыг хангахгүй байна. /хх-ийн 71-74 дүгээр тал/

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийн Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн шаардлагыг зөрчих болно. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ