| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0136/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: Б.А
Шүүгдэгч: Н.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Нгийн Эод холбогдох 1812001570134 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр,, суманд төрсөн, эрэгтэй, ,,настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, авто засварын газар ажилтай, ам 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ,,оотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Нгийн Э /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ,, тоотод өөрийн эхнэр Б.Агийн бие махбодид халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Эын мэдүүлсэн: Би тухайн өдөр жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд эхнэртэйгээ таараад архи ууснаасаа болоод очоод цохисон байсан гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Б.Агийн мэдүүлсэн: Миний хань бага зэрэг хардалттай, бага зэрэг зодож нүддэг, хэрүүлтэй байсан. Би тэр болгонд нь цагдаад өгч байгаагүй. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би аргаа бараад уурандаа ах, эгч нартаа хэлж цагдаад өргөдөл гаргасан. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр намайг хүүхдээ цэцэрлэгт өгөөд гэртээ харихын хооронд миний хань миний урдаас ирээд намайг цохиж, өшиглөж, гар хойшоо дарж, нүүр рүү 2 удаа цохихоор нь би ах дүү нартаа хэлсэн. Түүнээс хойш нөхөр маань надаас уучлалт гуйсан. Бид хоёр одоо сайхан амьдарч байна. Миний хань уг нь архи дарс уудаггүй, архи уусан ч ийм үйлдэл гаргадаггүй. Тэр өдөр яасан юм мэдэхгүй, ийм үйлдэл гаргасан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812001570134 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Б.Агийн мэдүүлсэн: ...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчим хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд харьж яваад замаараа Л гэх айлаар орсон юм. Тэгэхэд л манай нөхөр Э утсаар над руу байн байн залгаад байхаар нь би айлд байна гэж хэлээгүй, очиж явна гээд хэлчихсэн юм. Тэгсэн Л эгчийнхээс гарахад Х эгч, Д эгч хоёр машинтай явж байхаар нь би хамт машинд нь суугаад гэрийн зүгтээ явж байхад манай нөхөр Э мотоцикльтой далан өгсөөд явж байхаар нь би энд буучихъя гээд Д эгчтэй хамт гудамжинд буучихаад Д эгчийг дөхүүлж өгөх санаатай наадмын талбайн тийшээ далан өгсөөд алхаад гараад иртэл Э мотоцикльтой хүрч ирснээ намайг гичий минь утсаа авахгүй хаагуур яваад байгаа юм гээд над руу дайраад нүүр рүү гараараа нэг удаа цохиж, умдаг руу хөлөөрөө нэг удаа өшиглөөд, баруун талын гэмтэлтэй байсан гарыг хөндөж мушгисан. Тэгэхэд Д эгч зугтаагаад явчихсан юм. Тэгээд намайг мотоцикльтой ардаа сундлаад гэрт аваачсан юм. Тэгээд гичий минь, жингэр минь гээд үглээд байхаар нь дахиад зодох байх гэж бодоод би нөхрөө гэрээс гарсан хойгуур нь гараад замын унаанд суугаад аймгийн төвд эгч дээрээ ирсэн юм. Намайг архидаад явчихлаа янхан, гичий чинь гэж зодсон. Э намайг зодож, цохиж байсан удаа байгаа. Хэзээ хаана, цохиж, зодсон талаар би таньд дараа мэдүүлье. Умдаг руу өшиглөсөнөөс сав доргисон бололтой одоо эмчилгээ хийлгэж байгаа. Намайг зодуулж байхад Д эгч цаашаа явчихсан байснаа эргэж харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 хуу/
Гэрч Б.Дгийн мэдүүлсэн: ...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн орчим манай дүү А манайд буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бортолгойн 23-05 тоот хашаанд байх гэрт ирсэн юм. Нөхөр Э нь зодсон гэсээр орж ирэхэд уруул нь хавдаад цус гараад хөхөрсөн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Э нь өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд замаараа айлд орж хүүхдийн дээл эсгэчихээд харьж явтал мотоцикльтойгоо давхиж ирээд зодсон гэж надад хэлсэн. Тэгсэн Агийн умдаг руу өшиглөсөн байсан, умдаг нь хөхөрч хавдсан байсан. Одоо эмнэлгээр явж үзүүлж эмчилгээ хийлгэж байна. Э, А хоёр хамт амьдраад 18 жил болж байна. Э нь хахир хатуу, дээрэлхүү зан авиртай, Б.Аг байнга ийш, тийшээ явахад нь цагдаж хорьдог, хүмүүсийн дэргэд хаана ч байсан эхнэрээ гичий, янханаар дууддаг хүн байгаа юм. Миний хувьд гомдолтой байна. Миний мэдэхийн урьд өмнө нь 2015 оны 03 дугаар сарын үед Аг зодлоо гээд бид нар аймгийн төвөөс очиж байсан. 2018 оны 02 дугаар сард цагаан сараас 5 хоногийн өмнө зодлоо гээд утсаар над руу ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч Л.Дын мэдүүлсэн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Х гэх айлын арын хашаа байшинг зарна гэхээр нь үзээд байж байхад А хашаанд нь ороод ирсэн. Тэгсэн чинь удалгүй Х эгч машинаа асаагаад явахаар нь А бид хоёр хамт суугаад манайх руу явах замдаа дөхсөн юм. Тэгээд наадмын талбайн эрэг доор буучихаад далан өгсөөд алхаж явтал Б.Агийн нөхөр Э мотоцикльтой ирж явсан. Би хараад шууд гэр рүүгээ алхсан. Тэгсэн А зогсоод үлдсэн бөгөөд удалгүй Агийн ёо, ёо гэх дуу гарахаар нь эргээд харахад тэр хоёр харагдахгүй байсан юм. Би нэг очих гэснээ эхнэр, нөхрийн хооронд юу хийхэв гэж бодоод гэр рүүгээ яваад өгсөн юм. Маргааш нь Атай утсаар ярихад Э зодоод гар мушгаад аймагт эгчийндээ байна гэж хэлж байсан юм. Би хараагүй. 2017 оны 12 дугаар сард байх би сар, өдрийг нь сайн санахгүй байна. Шөнө 02 цагийн орчим намайг гэртээ унтаж байхад хаалга тогшоод байхаар нь онгойлготол Б.А уйлчихсан манай нөхөр намайг дээр гарчихаад хоолой боогоод чамайг алчихъя гээд байна гэсээр орж ирсэн юм. Б.А нь бага зэрэг архи үнэртүүлчихсэн байсан. Тэгээд би тайвшруулаад унтуулсан юм. Тэгээд манайд хоёр хоноод байж байхад Э манай хаалгыг тогшихоор нь Ад хэлэхэд айгаад орон доогуур хайрцагтай хувцасны араар нуугдчихсан юм. Тэгээд Э орж ирээд А байна уу гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь Э манайд хэсэг сууж байснаа эхнэрээ харсан бололтой гараад ир чи гээд орилсон чинь А нуугдсан газраасаа гараад ирсэн юм. Э чи энд юугаа хийгээд нуугдаад байгаа юм, гэртээ хариач гэхэд чамд алуулж байхаар энд байж байсан нь дээр гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь Э надад хандаж та өдий насны хүн байж айлын эхнэрийг нуугаад байхдаа яадаг юм гэхээр нь би түүнд хандаж чи эмэгтэй хүнийг шөнө зодож гэрээсээ хөөж гаргасан байхад би адилхан эмэгтэй хүн байж гэртээ оруулахгүй байх уу гэхэд дуугүй болчихсон юм. Тэгснээ манай том өрөөнд эхнэртэйгээ юм ярьж байснаа удаагүй хоёулаа гараад яваад өгсөн юм. Тухайн үед Агийн зүүн талын шанаа нь бага зэрэг хөхөрчихсөн байсан санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/
Насанд хүрээгүй гэрч Э.Аын мэдүүлсэн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хичээлээ тараад гэртээ иртэл ээж гаднаас орж ирснээ уруулынх нь тэндээс цус гарчихсан байсныг толинд харж байгаад арчаад гэрээс гараад яваад өгсөн юм. Аав гэрт орж ирээд ээжийг гараад явсан гэхэд араас нь гараад олоогүй орж ирсэн. Тэгээд ээж гэртээ ирээгүй юм. Би юу болсныг мэдээгүй. Дараа нь ээж аймгийн төв рүү орчихсон байна гэж байсан. Ээж гэрт орж ирээд юм яриагүй гараад явсан. Аав ээжийг цохиж зодож байхыг би хараагүй. Урьд өмнө нь аав ээжийг 3-4 удаа цохиж, зодож байсан, би хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Аав ээжид уурлахаараа хааяа намайг загнаад ээжийгээ олж ир гээд байдаг юм. Ээжийг гэрээс гараад явахаар ирэхгүй алга болчихлоо гээд уурлаад байдаг юм. Ээж хааяа архи уучихдаг юм. Аав хааяа л найз нөхөд нь ирэхээр архи уудаг. Тэрнээс биш архи уугаад агсан согтуу тавиад байдаггүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 141 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Б.Агийн биед тархи доргилт, умдаг, бэлгийн их уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх, баруун гарын 4-р хурууны 1-р үений дунд хэсэгт жижиг сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/
Яллагдагч Н.Эын мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. Би эрх, үүргээ ойлголоо. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өглөө манай эхнэр Б.А хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гараад гэртээ ирэхгүй удаад байхаар нь араас нь мотоцикльтой гарч хайтал наадмын талбайн урд талд Д авгайтай архи уугаад сууж байхаар нь чи хаагуур яваад байгаа юм, гэртээ харихгүй юм уу гэтэл чамд ямар хамаатай юм гээд согтуу орилоод байхаар нь би уурандаа нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгсэн чинь уйлаад орилоод хашгираад байхаар нь би мотоциклийнхоо ард сундлаад гэртээ харьсан. Тэгээд хүн дугуй нөхүүлье гэхээр нь гарч дугуйг нь нөхчихөөд ороод иртэл гэрээс гараад явчихсан байсан. Тэгсэн аймгийн төв орчихсон байж байгаад хэд хоноод гэртээ ирсэн юм. Манай эхнэр Б.А хааяа архи уугаад 2, 3 хоногоор алга болчихдог болохоор нь миний уур хүрээд байдаг юм. Цагаан сарын дараахан гэрт байсан 1.700.000 төгрөгийг аваад явчихсан бөгөөд тэр мөнгийг яасан нь мэдэгдэхгүй үрчихээд ирсэн юм. Ер нь хүүхдүүдээ хайхрахгүй, архи уухаараа гэртээ харихгүй, хэдэн хоногоор явчихаад байдаг болохоор би өмнө нь олон удаа хэлж үзсэн. Мөн уурлаж үзсэн, тэгээд засрахгүй болохоор нь уурандаа тэвчээр алдаад цохисон юм. Би бэлэг эрхтэн рүү нь өшиглөөгүй. Би урьд өмнө нь Атай хэрэлдэж маргалдаж байсан болохоос биш цохиж зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 41-44 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48-49 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон Н.Э нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тээг хорооллын 01-05 тоотод өөрийн эхнэр Б.Агийн бие махбодид халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тээг хорооллын 01-05 тоотод өөрийн эхнэр Б.Агийн бие махбодид халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.Агийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр намайг хүүхдээ цэцэрлэгт өгөөд гэртээ харихын хооронд миний хань миний урдаас ирээд намайг цохиж, өшиглөж, гар хойшоо дарж, нүүр рүү 2 удаа цохихоор нь би ах дүү нартаа хэлсэн” гэх мэдүүлэг, хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Л эгчийнхээс гарахад Х эгч, Д эгч хоёр машинтай явж байхаар нь би хамт машинд нь суугаад гэрийн зүгтээ явж байхад манай нөхөр Э мотоцикльтой далан өгсөөд би энд буучихъя гээд Д эгчтэй хамт гудамжинд буучихаад Д эгчийг дөхүүлж өгөх санаатай наадмын талбайн тийшээ далан өгсөөд алхаад гараад иртэл Э мотоцикльтой хүрч ирснээ намайг гичий минь утсаа авахгүй хаагуур яваад байгаа юм гээд над руу дайраад нүүр рүү гараараа нэг удаа цохиж, умдаг руу хөлөөрөө нэг удаа өшиглөөд, баруун талын гэмтэлтэй байсан гарыг хөндөж мушгисан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08/, гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэгээд юу болсон талаар асуухад Э нь өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд замаараа айлд орж хүүхдийн дээл эсгэчихээд харьж явтал мотоцикльтойгоо давхиж ирээд зодсон гэж надад хэлсэн. Тэгсэн Агийн умдаг руу өшиглөсөн байсан, умдаг нь хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Л.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “А зогсоод үлдсэн бөгөөд удалгүй Агийн ёо, ёо гэх дуу гарахаар нь эргээд харахад тэр хоёр харагдахгүй байсан юм. Би нэг очих гэснээ эхнэр, нөхрийн хооронд юу хийхэв гэж бодоод гэр рүүгээ яваад өгсөн юм. Маргааш нь Атай утсаар ярихад Э зодоод гар мушгаад аймагт эгчийндээ байна гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/, насанд хүрээгүй гэрч Э.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хичээлээ тараад гэртээ иртэл ээж гаднаас орж ирснээ уруулынх нь тэндээс цус гарчихсан байсныг толинд харж байгаад арчаад гэрээс гараад яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, Н.Эын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өглөө манай эхнэр Б.А хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гараад гэртээ ирэхгүй удаад байхаар нь араас нь мотоцикльтой гарч хайтал наадмын талбайн урд талд Д авгайтай архи уугаад сууж байхаар нь чи хаагуур яваад байгаа юм, гэртээ харихгүй юм уу гэтэл чамд ямар хамаатай юм гээд согтуу орилоод байхаар нь би уурандаа нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/, шүүх хуралдаанд Н.Эын шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би эхнэртэйгээ таараад архи ууснаасаа болоод очоод цохисон байсан” гэх мэдүүлэг, хохирогч Б.Агийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 141 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х овогт Нгийн Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н-гийн Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эод оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ