Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/01

 

Д.Н*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

      Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор М.Сайнзаяа,

Хохирогч Б.З******* /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч С.Б******* /цахимаар/,

Яллагдагч Д.Н*******,

Яллагдагчийн өмгөөлөгч О.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэний даргалж хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/428 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан хохирогч Б.З*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн яллагдагч Д.Н*******д холбогдох эрүүгийн 2315003210194 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол улсын иргэн  Д*******ийн Н******* 

 

Д.Н******* нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн орчим Х******* аймгийн М******* сумаас О******* аймгийн чиглэлд 99-******* ОРБ улсын дугаартай “Toyata HiLux” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Б аймгийн Х- сумын 1 дүгээр багийн н Б гэх газрын засмал замд явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчиж тогтоосон хурдыг хэтрүүлж явахдаа засмал замын зорчих хэсгээс гарч замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчигч Б.З*******гийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*******ийн Н*******д холбогдох эрүүгийн 2315003210194 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн прокурорын газарт буцааж,Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй , яллагдагч Д.Н*******гийн жолооны үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.З******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж хэргийг прокурорт буцаасан. Гэтэл яллагдагч Д.Н******* болон түүний өмгөөлөгч нар өөрсдийн гаргасан хүсэлтийг татгалзаж шийдвэрлэснийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцахдаа мэдсэн, мөрдөгчийн үйл ажиллагаа болон татгалзсан шийдвэрт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл тухайн шатандаа мөрдөгчийн тогтоолд гомдол гаргахгүй хэргийг удаашруулж Прокурорын шатыг алгасаж шүүхийн шатанд хүсэлт гомдол гаргаж байгаа нь хохирогч миний эрхийг ноцтой зөрчиж байна. Тус хэрэг 2023 оны 08 сарын 16-ны өдөр гарсан гэтэл өнөөдөр 2025 он гарах гэж байна.

Б.З******* миний сээрний Тh12 нугалмын их бие дарагдалтын хугарал, их биеийн урд дээд ирмэг сэтрэлтэй. Бүсэлхийн L4 хугалмын зүүн хажуу сэртэн хугаралтай. Мөн 2 талын ischigl tuberosity дунд хэсгээр зөрүүгүй шулуун хугаралтай. 2 талын ууцны доод ramus хэсэгт шулуун хугаралтай буюу эдгээр хугарал гэмтэл нь амь насанд аюултай хүнд болон эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хамаарахаар дүгнэлт гарсан. Мөн нэмэлтээр 2 талын умдаг ясны доод салаанд хугарал б шаант ясны дээд шаант булуунд сэлтэрсэн хугарал. зүүн хөлийн гуяны гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдож умдаг ясны доод салаанд хугарал гэмтэл нь хүнд, бусад гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд хамаарах дүгнэлт гарсан. Сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт гарч сэтгэцийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай гэж дүгнэсэн.

Өөрийн үгээр бичвэл бие сээр нуруу болон бүсэлхий нуруу мөн аарцгийн дотор талын 2 савхан яс хугарсан, ахар сүүл болон нурууны ясанд гэмтэл учирч цуурсан, б талын чигчий хурууны шөрмөс тасарсан. зүүн хөл гэмтэж одоогоор хөлийн 2\1 нь булчингүй яс баригдахуйц болсон. Бас арьс авч нимгэн махтай хэсэгт нөхсөн тул арьс нөхөхийн тулд шагайн болон гуяны хэсгээс тус бүрээс 5 хэсэг газраас арьс авч нөхсөн учир тус хэсгүүдэд томоохон сорвитой болсон. Булчин махны тал нь байхгүй тул алхаж гишгэх хүчгүй, зүүн хөлөн дээрээ биеэ даахгүй байдалтай удаан алхах боломжгүй гэр дотроо л таягтай 2024 оны 8 сараас хөдөлж байна.

Ослын дараа т бүсийн оношилгооны төвд 1 сар 15 хоног хэвтэн эмчлүүлж 3 удаагийн хагалгаанд орсон ч бие дээрдэхгүй улам муудсан тул Улаанбаатар хотын 3-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж дахин 3 удаагийн хагалгаа хийлгэсэн мөн дахин 1 сар хагас хэвтэж арьс нөхөх хагалгаа хийлгэсэн. Энэ үед ч би нурууны гэмтлээс болоод хөдөлж, өндийн сууж ч чадаагүй. Олон удаагийн хагалгаанаас үүдэлтэй цус багадалт үүсэж хэвийн үеийнхээс хоёр дахин бага цустай болсон ба толгой байнга эргэж бөөлжин эмнэлгээс гартлаа хооллож чадаагүй тул 30 орчим кг жин алдаж эцэж сульдсан. Эмнэлгээс бүрэн эдгэж гараагүй бөгөөд гэрээрээ сар гаран боолт хийлгэсэн. Учир нь зүүн хөлийн арьс нөхөх хагалгааны шарх эдгэхгүй их удсан. Гэртээ 2023 оны 12 сарын эхээр гэртээ гарч ирсэн ч огт хөдөлж чадахгүй хэвээр байсан. 2024 оны 02 дугаар сарын дундуур хажуу тийш хөдөлж хэвтэх байрлалаа солиулж хэвтэх болсон. Ийм байдалтай 4 сарын дунд хүрч энэ үед Шинэ эрин эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэж, 5 сараас хэсэг хугацаанд тэргэнцэрт суудаг болсон ба 08 сараас таягтай ганц нэг алхдаг болсон. Энэ бүх хугацаанд ээж минь намайг асарч, өтгөн шингэн гэх мэт зүйлсийг цэвэрлэж. халбагаар хооллож ундлан, арай ядан босгосны дараа түшиж тулж ирсэн.

Аарцгийн савхан яс хугарсан тул ирээдүйд хүүхэд тээх хүндрэлтэй бараг боломжгүй гэж гэмтлийн эмч зөвлөснөөс хойш миний сэтгэл санаа маш ихээр хямарсан.

Ийм нөхцөлд хүлээцтэйгээр хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээж байхад дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд надад маш их хүндрэлтэй байх тул хэргийг яаралтай шуурхай шийдэж өгөхийг хүсэж байна.

Шүүх шинжилгээний байгууллага нь хууль тогтоомжийн дагуу маягтын загвараар дүгнэлт гаргасан байхад тус шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй гэсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэл маягтаар гаргасан дүгнэлтийг загвар гэж агуулгад биш хэлбэрт анхаарал хандуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тухайн маягтын загвараар гаргасан дүгнэлт нь 26 дугаартай байсан эсэх, дүгнэлт гаргасан албан тушаалтнууд нь шаардлага хангасан эсэхийг Шүүх шинжилгээний байгууллагаас тодруулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд ийм үндэслэлээр дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 428 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Хэргийг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль зүй дотоод хэргийн яамны хамтарсан 2023 оны А268, А275 тоот тушаалаар тухайлсан гэмт хэргүүдэд сэтгэцийн дүгнэлтийг хүснэгтээр гаргахаар тогтоосон журамтай ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг уг хүснэгтээр гаргахаар нарийвчилсан зохицуулсан. Уг зохицуулалтаар шинжээчийн дүгнэлт гарсан байгаа нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч талаас хохирогчийн сэтгэц зүгээр байгаа гэж ярьж байгаа боловч гэмтлээс үүдэлтэй үлдэц буюу аарцаг ясны гэмтэлтэй байдаг. Уг гэмтлээс болж дахин хүүхэд төрүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон.

Шүүх шинжилгээний байгууллага нь хууль тогтоомжийн дагуу маягтын загвараар дүгнэлт гаргасан байхад тус шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй гэсэнд гомдолтой байна. Маягтаар гаргасан дүгнэлтийг загвар гэж агуулгад биш хэлбэрт анхаарал хандуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн маягтын загвараар гаргасан дүгнэлт нь 26 дугаартай байсан эсэх, дүгнэлт гаргасан албан тушаалтнууд нь шаардлага хангасан эсэхийг Шүүх шинжилгээний байгууллагаас тодруулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд ийм үндэслэлээр дахин шинжээч томилох шаардлагагүй” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч О.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилсон тогтоолын дагуу ирсэн маягтыг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Яллагдагч Д.Н*******гийн хувьд уг маягтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлж, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан байна. Уг хүсэлт хэрхэн шийдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй 6 сар гаруй хугацаа өнгөрсөн. Улмаар хэргийн материал танилцуулахад уг хүсэлт хэрэгт авагдаагүй байсан. Би дахин уг хүсэлтээ гаргахад, прокуророос хүсэлтийг хангахаас татгалзаж, прокурорын хяналтаа хэрэгжүүлээгүй байх ба та наад асуудлаа шүүхийн шатанд гаргаж болно гэх зүйл ярьсан. Хохирогчийн гаргаж байгаа гомдол нь яллагдагч болон түүний өмгөөлөгч удсанаас болж гомдол гаргаж байна гэх утгатай гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна...

Хохирогчийн биед учирсан хохирлын хувьд яллагдагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл байхгүй... Шүүхэд хэрэг шилжин ирж байгаа тохиолдолд уг ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх бүрэн хянах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт шийдвэрлэгдээгүй байгаа асуудал, яллагдагч өөрийн нотлох баримтыг шалгуулах эрхийнхээ хүрээнд хүсэлт гаргаж байхад хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа зэрэг байдал нь хуульд нийцэхгүй байна. Уг шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримт гэж үзэхгүй байна гэсэнд гомдол гаргаж байна. Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар дүгнэлтийг шинжилгээний байгууллага гаргана гэж заасан байдаг. Шүүхийн шинжилгээний 40.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй байдаг. 07 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаалаар дүгнэлт гаргах журмыг зохицуулсан. Уг тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр шинжилгээний байгууллага зэрэглэлийг тогтоох бөгөөд үүнийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэж заасан. Мөн шинжилгээг хийлгэнэ гэж заасан байдаг. Маягтын загварыг хохирогч зөвшөөрч, гарын үсэг зурсан баримтыг шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй. Хуульд нийцүүлж гаргаж байгаа аргачлал хэлбэр болон агуулга хоорондоо зөрчилдөж байна. Хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид маш тодорхой заасан. Дүгнэлт гаргах тухай журмын 2.3-т хор уршгийн зэрэглэлийг хохирогч зөвшөөрснийг мөрдөгч хавсралтаар баталсан тушаалын маягтын загварыг баталгаажуулж, хэргийн материалд хавсаргана гэж заасан байдаг. Гэтэл мөрдөгч танилцуулаагүй, шинжээч эмч танилцуулж байгаа нь уг журмыг зөрчиж байна. Мөрдөгчийн анх томилсон тогтоол нь дүгнэлт гаргуулах тухай тогтоол байсан. Энэ талаар хийсэн дүгнэлт шүүгчийн захирамжийн 4,5 дах хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй байна. Маягтын загвар 26 дугаартай байсан эсэхийг шинжилгээний байгууллагаас тодруулах боломжтой гэж үзэж байна.

Энэ ажиллагааг шүүхийн шатанд хийхгүй, шүүхийн шатанд ирүүлж байгаа хэрэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурорт үүрэг болгосон. Мөрдөгч, прокурорын дутуу хийсэн үйл ажиллагааг шүүх анзаарахгүй хүлээн авч, анзаарсан ч шүүх хуралдаанаар шийдвэрлэж байна. Энэ нь хууль зөрчиж байгаа асуудал юм. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

Яллагдагч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч мөрдөгчид гомдолгүй, эмчилгээний төлбөрөө гаргуулах талаар ярьсан гэх зүйл ярьж байна. Сэтгэл зүйн хохирлын 5 дугаар зэрэглэлд ой санамж алдах, нүүрний хөдөлгөөн байхгүй, сэтгэцэд өөрчлөлт орсон зэрэг хамаардаг. Би 5 дугаар зэрэглэлд охиноо алдахдаа тогтоогдож байсан. Эрүүл мэндийн хувьд гарсан төлбөрийг би төлсөн. Сэтгэцэд учирсан хохирол нь сэтгэл зүйн хохирол гэж бодож байна. Хохирогчийн өмгөөлөгч аарцгийн ясны гэмтлийн талаар ярьж байна. Энэ нь эрүүл мэндэд хамаарах байх гэж бодож байна” гэв.

 

Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоолгох талаар мөрдөгчид хандахад, мөрдөгч 2 удаа шинжээч томилсон. Гэтэл хохирогч эрүүл мэндийн шалтгааны улмаас шинжилгээний байгууллагад очиж чадаагүй тул мөрдөгчийн тогтоолыг буцааж, дараа нь дахин шинжээч томилсон. Үүнийг Шүүх шинжилгээний Ерий газар хүлээн авч, шинжилгээг хийж, хууль, журамд заасны дагуу зэрэглэлийг тухайлсан маягтаар тогтоосныг прокурор хүлээн авч, яллах тогтоолыг үйлдсэн... Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан талаараа тайлбарлаж байна. Энэ нь хавтаст хэргийн 126-128 дахь талд авагдсан байдаг ба уг хүсэлтийг хүлээн авч, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн үед мөрдөгч Б ээлжийн амралттай байсан учраас мөрдөгч М-Эрдэнийг мөрдөгчөөр томилж, ажиллагаа хийлгэн хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан... М- мөрдөгчид хандаж, мөн агуулгын дагуу хүсэлт гаргасан байх ба мөн адил хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Мөн мөрдөгч Бт гаргасан хүсэлт болон шийдвэрлэсэн тогтоолын хамт хавтаст хэрэгт авагдсан байна... Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхээ болъё, учир нь Д.Н******* эгчийг таньдаг. Таньж мэдэх хүнээсээ их хэмжээний мөнгө нэхэх хэцүү байна, миний эмчилгээний зардлыг төлчихвөл болно гэх зүйлийг мөрдөгчид ярьсан байдаг. Энэ талаар талуудад танилцуулсан байдаг. Мөрдөгч Б ээлжийн амралтаа авсан хугацаандаа хүсэлтийг хангахаас татгалзсан тухай тогтоолоо мөрдөгч М-д өгч, хавтаст хэргийн материалд хавсарган, энэ тухайгаа өмгөөлөгч О.С*******д хэлсэн байдаг. Хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсаныг мэдээд дахин хүсэлт гаргаж, үүнийг мөн адил хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүнээс хойш хяналтын шатанд хүсэлт огт гаргаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу нотлох баримтын хүрээнд үнэлж, прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13 дах хэсэгт заасны дагуу гомдлыг шийдвэрлэх үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоног хүртэл хугацаагаар хойшлуулж, прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгахаар хуульд зохицуулсан. Гэтэл шүүх буцаах үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт үнэлэгдэх боломжтой байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх яллагдагч Д.Н*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт“... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон байна.

Өмгөөлөгчийн урьдчилан хэлэлцүүлгийн хүсэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар нь үндэслэлтэй байх тул хүлээн авч, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нотлох баримтыг шүүх үнэлж, яллагдагч Д.Н*******гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал: Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “… Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна…” гэж хуульчилсан бөгөөд яллагдагч Д.Н*******гийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийг яллагдагчид гардуулсан эсэх, эсхүл шуудангаар хүргүүлсэн эсэх талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 7 дэх хэсэгт “ Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрт тогтоосон хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хир хэмжээг тогтоолгохоор хэрэгт шинжилгээ хийхийг мөрдөгч  Шүүхийн шинжилгээний ерий газарт даалгасан байхад мөрдөгчийн тогтоолд тогтоосон хугацаанд дүгнэлт гаргалгүйгээр 11 хоногийн дараа  маягтын загвар гаргасан нь, ... Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-аар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж хэргийн материалд хавсаргана гэж заасан бөгөөд хэрэгт уг маягтын загварыг мөрдөгч биш сэтгэцийн эмч, сэтгэл зүйч гэх албан тушаалтнууд хохирогчид танилцуулсан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

4.Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Н*******д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн алдаа гаргасныг зөвтгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хохирогч Б.З*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/428 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ

 

                                      ШҮҮГЧИД                           Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                                                  Л.АРИУНЦЭЦЭГ