| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2415002200210 |
| Дугаар | 2025/ДШМ/02 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/02
Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Сайнзаяа
шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарт холбогдох эрүүгийн 2415002200210 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Батчулууны Мөнхбат,
Монгол Улсын иргэн, Энхбатын Оюунсувд
Б.Мөнхбат, Э.Оюунсувд нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, хамтран оролцож бүлэглэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн 3 дугаар багийн нутаг “Гаслан Хайлантай” гэх газраас 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 11.450 кг түүж тээвэрлэн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны Ойчдын 2- 1310 тоотод оршин суух Б.Мөнхбаатарын хашаанд түлээний амбаарт хадгалсны улмаас байгаль экологид 1,292,705 төгрөгийн шууд хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэсний дагуу нэмэгдүүлэн тооцоход нийт 6,463,525 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Батчулууны Мөнхбат, Энхбатын Оюунсувд нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат нарт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус бүр оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат нарыг Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 4,463,525 /дөрвөн сая дөрвөн зуун жаран гурван мянга таван зуун хорин тав/ төгрөгийг шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Мөнхбатын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүхэд хэрэг хүлээн авах үеийн жингээр 5 килограмм 600 грамм “дэрэвгэр, жиргэрүү” ургамлын үндэс, 89 см урттай, хөндлөн гишгүүртэй гар хийцийн төмөр 1 ширхэг багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус даалгаж,
Шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат нар нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,
Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, мөн яллах дүгнэлтдээ шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат биднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхойлох нь хэсгийн 1.4-т "... прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. ... Иймд ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ... гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцов. ...” гэж, мөн тодорхойлох нь хэсгийн 2.2-т “... Э.Оюунсувд, Б.Мөнхбат нарт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон ...” гэж дүгнэсэн,
Мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан ... гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж шийдвэрлэсэн байдаг.
Энэ нь анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан байгааг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэгт, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1,3-т заасныг зөрчсөн.
Учир нь прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт, мөн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат биднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн байхад анхан шатны шүүх прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татар тогтоол болон яллах дүгнэлтээс өөрөөр, мөн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд биш өөрийн санаачилгаар биднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн, мөн гэм буруутайд тооцсон байна.
Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан зүйчилсэн тохиолдолд анхан шатны шүүх эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэх ба хэдийгээр шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат бидэнд бүлэглэсэн үйлдэл байж болзошгүй боловч үүнийг прокурор зөв зүйлчилж, үүний хүрээнд анхан шатны шүүх шийдвэрлэх ёстой байсан.
Анхан шатны шүүх ямар үндэслэлээр прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд биш буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг санаачилгаараа зүйлчилж, зүйлчлэлд өөрчлөлт оруулсан талаараа огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат бидэнд гэм буруу болон эрүүгийн хариуцлагыг дүгнэх болон ял оногдуулахдаа дүгнэлтэд ноцтой нөлөөж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлт нь ... Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн ... гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1,4-т заасныг зөрчсөн.
Шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат бидэнд ял шийтгэл оногдуулахдаа биднийг нэг гэр бүлийн эхнэр, нөхөр болохыг, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, мөн үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүлийн байдал буюу сургуулийн хүүхэд, бага насны хүүхдүүдтэй, гэр бүлээрээ мал малладаг малчин айл өрх болохыг, мөн Булган аймгийн Хангал сум болон Сэлэнгэ сумын хилийн заагт буюу хавар, зун, намар, өвөл уг хоёр сумын аль аль нутаг дэвсгэрт өвөлжөө, хаваржаа, намаржаа, зусааны байр, байшин байдаг болохыг огт анхаарч үзэлгүй малчин айл өрхийн гэр бүлийн хоёр гишүүнд хоёуланд нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж байдал, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэгт тохирохгүй байна гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл манай гэр бүлийн амьжиргаагаа залгуулдаг ганц санхүүгийн эх үүсвэр малаа маллах бөгөөд манай өвөлжөө, хаваржаа Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн “Мөнхийн цагаан хэсэг” гэх газар, зуслан, намаржаа Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн “Цулхар” гэх газарт тус тус байрладаг буюу хоёр сумын заагт байдаг. Энэ нөхцөл байдалд нэг гэр бүлийн хоёр хүн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэм буруу, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохирохгүй гэж үзэж байна.
...Мөн түүнчлэн хоёр сумын заагт хоёр сумын нутаг дамнан байдаг бид хоёр уг зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчихгүй байх аргагүй нөхцөл байдал үүснэ.
Иймд дээрх нөхцөл байдал болон үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.
Эсхүл бидний ар гэрийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бидний хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тохирсон албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөхийг хүсэж байна.
Хавсралтаар хувийн байдал болон ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт болох хохирол бүрэн төлсөн баримт, төрсний гэрчилгээний хуулбарууд, багийн ЗД тодорхойлолт, сургуулийн тодорхойлолтууд, малын А данс, шуудангаас хүлээн авсан дугтуйг хавсаргасан байгаа.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарын өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцож байна. Ингээд бидний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх гэсэн хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж зүйлчилсэн байхад анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэхгүйгээр хэргээсээ халиад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх заалтыг зөрчсөн байна.
Цаашлаад анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал ” гэх заалтыг мөн зөрчсөн. Шүүгдэгч нарын хувьд хөнгөн ангиллын гэмт хэргийг анх удаа үйлдэж байгаа. Мөн тэд эхнэр, нөхөр хоёр ба бага насны хүүхдүүдтэй, малчин айл юм. Хангал сум болон Сэлэнгэ сумын хилийн заагт оршин суудаг. Улирлаасаа хамаараад хоёр сумын нутаг руу ээлжлэн нүүдэг. Малчин айлын гэр бүлийн хоёр гишүүнд хоёуланд нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулаад байгаа нь тэдгээрийн хувийн байдалд болон хийсэн хэрэгт нь огт тохирохгүй, биелэгдэх боломжгүй ял оногдуулсан байна. Шүүгдэгч нар нь байгаль экологид учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Шүүгдэгч нар нь малаараа амьжиргаагаа залгуулдаг ба малаа хайж явах, хавар, намар, зуны улиралд буйр сэлгэн нүүх, мөн дээрээс хоёр хүүхэд сумын төвийн сургуульд суралцдаг ба хүүхдүүдээ сургуульд зөөх авах зэрэг амьдралын чухал шаардлагууд гардаг. Тийм учраас шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Мөнхбатын хувьд зүрхний өвчтэй, мөн тэрээр хөлөө хугалж группт орсон. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэв шүүхээс хүчингүй болгох боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж зааснаар ялын байдалд өөрчлөлт оруулж торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. Торгох ял оногдуулах боломжгүй гэж үзвэл шүүгдэгч нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэв.
Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдож тогтоогдсон. Шийтгэх тогтоол бүлэглэж үйлдсэн байна гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Шүүхээс прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ял шийтгэл оногдуулсан байгаа. Анхан шатны шүүх хэргээс хальж шийтгэх тогтоол гаргасан зүйл огт байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь санаа зорилгоороо нэгдэж дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэн энэ гэмт хэргийг гүйцэтгэсэн. Ялгамжтай үйлдэл оролцоог давж заалдах шатны шүүхээс үнэлж дүгнээд зөвтгөөд шийдвэрлэх боломжтой. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хоёр дахь заалтад буюу ял шийтгэлийн байдалд давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулаад шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3.Шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Оюунсувд нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн 3 дугаар багийн нутаг “Гаслан Хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон 11 килограмм 450 грамм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс түүж, тээвэрлэн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны Ойчдын 2-1310 тоотод оршин суух Б.Мөнхбаатарын хашаанд байх түлээний амбаарт хадгалан байгаль экологид 1,292,705 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 6,463,525 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нь:
Иргэний нэхэмжлэгч Б.Бямбаа, гэрч Б.Болормаа нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2638 дугаартай дүгнэлт, Шинжилгээнд ирүүлсэн 162.9 гр ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 112,900 төгрөг х 0,1629 кг=18,391 төгрөг байна...” гэх дүгнэлт, байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Хос-Эрдэнийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №19 дугаартай дүгнэлт, хэргийн газарт 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Дэрэвгэр жиргэрүү ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Даюун” маркийн ногоон өнгийн мотоцикл болон “Дэрэвгэр жиргэрүү” ургамал түүхэд ашигласан багажид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 сарын 12-ны өдрийн ТХҮ-ОРХ/10871 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2943 дугаартай дүгнэлт, Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарын мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус бүр оногдуулжээ.
5.Шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Оюунсувд нар нь “...манай гэр бүлийн амьжиргаагаа залгуулдаг ганц санхүүгийн эх үүсвэр малаа маллах бөгөөд манай өвөлжөө, хаваржаа Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн “Мөнхийн цагаан хэсэг” гэх газар, зуслан, намаржаа Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн “Цулхар” гэх газарт тус тус байрладаг буюу хоёр сумын заагт байдаг. Энэ нөхцөл байдалд нэг гэр бүлийн хоёр хүн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэм буруу, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохирохгүй байна” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
6.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
7.Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагын зорилгод тохирсон ялыг оногдуулсан боловч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Тухайлбал: тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг орхигдуулсан. Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг журамлан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
8.Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Шүүгдэгч нарын шинээр гарган өгсөн баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжилж, үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсний үндсэн дээр анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хориглосон бүсийг шүүхийн шийдвэрт өөрчлөхөөр шийдвэрлэв.
Учир нь: Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй бөгөөд малчид нь дөрвөн улирлын турш малынхаа бэлчээрийг даган нэг газраас нөгөө газар луу нүүдэллэн амьдарч ирсэн уламжлалтай. Шүүгдэгч нар нь мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд Сэлэнгэ сум болон Хангал сумын нутагт нутагладаг болох нь давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/424.8- дугаартай тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж, зорчих эрх хязгаарлах ялын хориглосон бүсийг өөрчилж, Булган аймгийн Хангал сум болон Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9.Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Мөнхбат, Э.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтад “3.1 дүгээр зүйлийн 1,” гэсний дараа “3.2 дугаар зүйлийн 1,” гэж нэмж,
2 дахь заалтын “3.7 дүгээр зүйлийн 2 дэх” гэснийг хасаж “3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх” гэж нэмж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.Оюунсувд, Б.Мөнхбат нарыг Булган аймгийн Хангал сум болон Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч нар нь хохирол төлсөн болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР