| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
| Хэргийн индекс | 117/2026/0018/З |
| Дугаар | 117/ШШ2026/0021 |
| Огноо | 2026-07-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 117/ШШ2026/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: , , , , Х.*******,
Хариуцагч: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор *******, аудитор
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , , , Х.*******, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нар Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох тухай” Б/19 дүгээр тушаалаар[1] тус байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, гишүүдэд нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал 7,885,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.
2.2. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийж, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг[2] тогтоосон байна.
2.3. Нэхэмжлэгч нар дээрх актыг эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргаж, Монгол Улсын Ерөнхий аудитороос 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1008 дугаартай албан бичгээр[3] “... аудитаар тогтоосон төлбөрийн актыг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариу өгчээ.
2.4. Иргэн , , , , Х.******* нар хариуг эс зөвшөөрч, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 17, 26, 27 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Тус хэлтсийн “Өмч хамгаалах байнгын зөвлөл” нь хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/12 дугаар тушаалаар байгуулагдсан. Манай байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл нь бусад байгууллагын зөвлөлөөс ялгаатай нь байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгө, бараа материалаас гадна улсын бүртгэлийн үйл ажиллагаанд өдөр тутам ашиглагддаг үнэт цаас, тамга тэмдгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад байнгын хяналт тавьж ажилладаг. Мөн эдгээр тусгай зориулалтын хөрөнгө болон бусад өмч хөрөнгийн тооллого, ашиглалтад хяналт тавьж, үрэгдэж дутагдахаас урьдчилан сэргийлэн байгууллагын өмчийн бүрэн бүтэн байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 онд санхүүгийн тайланд аудит хийж, улмаар 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаар бүхий 7.885.000 төгрөгийн актыг бид бүгдэд гардуулсан. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас /ТӨБЗГ/ 93 оноогоор буюу “Онц” дүгнэгдсэн. Үүнийг үндэслэн ТӨБЗГ-ын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан. “Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам”-ын 8.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16.5-д зааснаар “Төсвийн шууд захирагчийн бүрэн эрх”-ийн хүрээнд зохих урамшууллыг олгосон болно.
2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар бүхий төлбөрийн актаар нийт 7,885,000.00 /долоон сая найман зуун наян таван мянга/ төгрөгийг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдээр төлүүлэхээр тогтоосон байна. Гэвч уг актад дараах хууль зүйн болон процессын ноцтой алдаанууд байна.
Тухайлбал: Төлбөр хариуцагч этгээдүүдийг тодорхойлоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй: Тус актын “Тогтоох” хэсгийн 1-д “... хавсралтад заасан байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдээр төлүүлж ...” гэж заасан боловч нэр бүхий 5 гишүүнд холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй байна. Төлбөр хариуцах этгээд тус бүрт төлбөрийн талаарх мэдэгдлийг урьдчилан хүргүүлж, тайлбар гаргах боломжоор хангаагүй нь захиргааны акт гарах үндсэн нөхцөлийг зөрчсөн. Төлбөрийн хувь хэмжээ тодорхойгүй. Актад нийт дүнг 7,885,000 төгрөг гэж заасан боловч 5 гишүүн тус бүрд ногдох төлбөрийн хувь хэмжээ, тодорхой үнийн дүнг зааж өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “Захиргааны акт ойлгомжтой, тодорхой байх” шаардлагыг хангаагүй, биелүүлэх боломжгүй, тодорхой бус шийдвэр болсон. Хууль бус шаардлага, процессын алдаа: Төрийн аудитын байгууллага нь шалгалтын явцад илэрсэн зөрчлийг бодитой тогтоож, тухайн асуудалд холбогдох этгээд тус бүрийн эрх, үүргийг зааглах ёстой байтал нийт дүнгээр нь “зөвлөлийн гишүүд” гэж ерөнхийлөн зааж, сонсох ажиллагаа хийлгүйгээр шууд төлбөр ногдуулсан нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна. Хуульд заасан дарааллыг зөрчсөн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд тайлбар гаргах боломж олгоно гэж заасан. Гэтэл маргаан бүхий төлбөрийн акт 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэгэнт гарч, дугаар авч, Тэргүүлэх аудитор ******* баталгаажуулсны дараа буюу 02 дугаар сарын 16-ны өдөр ӨХБЗ-ийн дарга болон гишүүдэд “сонсох ажиллагааны мэдэгдэл” ирүүлсэн. Энэ нь хуулийн “өмнө” гэх нөхцөлийг шууд зөрчиж, нэгэнт гарсан шийдвэрийг зөвтгөх гэсэн хэлбэр төдий ажиллагаа болсон төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “хууль дээдлэх”, “эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн итгэлийг хамгаалах” зарчим нь болон процессын үндсэн дарааллыг ноцтой зөрчсөн.
Эрх зүйн чадамжгүй этгээдтэй сонсох ажиллагаа хийсэн. 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сонсох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийг зөрчиж, тухайн үед Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлөх эрх зүйн чадамжгүй этгээд болох Ж.*******ыг оролцуулсан. Ж.******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/36 тоот тушаалаар Дундговь аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэст шилжин томилогдсон байсан бөгөөд “миний бие Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлөх боломжгүй” гэдгээ бичгээр мэдэгдсээр байтал аудитор нь “заавал тантай хийнэ” гэж шахан сонсох ажиллагааг явуулсан нь хууль бус юм.
Мөн Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар төлбөр барагдуулах акт нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10.2-т “Засгийн газрын дэргэдэх Үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүн болон нарийн бичгийн даргад ... урамшуулал олгохгүй” гэж заасан. Түүнчлэн тус хуулийн 3.1.11-д зааснаар “Үндэсний зөвлөл” гэдэгт Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан, улс орны хэмжээний бодлого тодорхойлох чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийг ойлгохоор тодорхойлсон байдаг. “Өмч хамгаалах байнгын зөвлөл” /ӨХБЗ/ нь улс орны хэмжээнд бодлого тодорхойлдог “Үндэсний зөвлөл” биш бөгөөд зөвхөн тухайн нэг байгууллагын /Улсын бүртгэлийн хэлтэс/ дотоод эд хөрөнгө, үндсэн хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих зорилгоор байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан дотоод бүтэц юм. ӨХБЗ нь ТӨБЗГ-ын 2022 оны 65 дугаар тогтоолоор баталсан тусгай журмын дагуу ажилладаг бөгөөд 2025 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр “93” буюу “Онц” үнэлэгдсэн тул Төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд урамшуулал олгосон. Иймд байгууллагын дотоод зөвлөлийг “Үндэсний зөвлөл”-тэй адилтган үзэж, төлбөр ногдуулсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай.
Дээрх үндэслэлүүдээр, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар бүхий төлбөр барагдуулах акт нь процессын болон хууль хэрэглээний ноцтой алдаатай, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 заасны дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Хууль дээдлэх”, “Эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн итгэлийг хамгаалах” зарчмуудыг зөрчсөн Төсвийн тухай хуулийн 16.5. Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.5. батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Төрийн хэмнэлтийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэснийг үндэслэн актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Хариуцагчаас нягтлан бодогч *******тай сонсох ажиллагааг хийсэн болохоор өмч хамгаалах байнгын зөвлөлийн бусад гишүүд мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэж байна. Ийм зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх ёстой. Яагаад гэвэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдээс санал, тайлбар авах боломжоор хангахын тулд мэдэгдэнэ. Гэтэл акт 2026 оны 02 сарын 11-ний өдөр гарсан байхад 5, 6 хоногийн дараа буюу 2 сарын 16-ны өдөр өгсөн. Та бүхэн актад дарга нягтлан, хоёроор төлүүлэхээр заасан бол бидэнд сонсох ажиллагаа явуулахгүй байж болно. Гэвч актад өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдээр төлүүлэх гэж тухайлан заасан. Ийм учраас бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Хариуцагч анхнаасаа үндэслэлгүй акт гаргачихаад одоо биднийг өөрсдөө тушаал гаргаад ёс зүйгүй аашилсан гэж яриад байгаад гомдолтой байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн гэж байна. Үүнд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль үйлчилнэ. Бид Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т зааснаар хөдөлмөрлөснийхөө төлөө цалин урамшуулал авсан. Гэтэл эргээд хэдэн муу төрийн албан хаагч бид нар хулгайч гэж хэлүүлж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.11-т хуульд зааснаар Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулсан хороо, комисс, зөвлөл гэж заасан ба энэ зөвлөлд байгууллагын хажууд байгаа жижигхэн зөвлөл орохгүй. Бид анхнаасаа алдаатай зүйлд санал, тайлбар гаргаагүй. Манай байгууллагын төсөв ямар байдаг билээ. Би 18 жил ажиллаж байна. Гар дээрээ 2.300.000 төгрөгийн цалин авдаг. Аудиторууд ямар цалин авдаг билээ. Манайд томилолтын зардал ч байдаггүй. Үнэхээр ядарсан төсөвтэй байгууллага. Ингээд манай дарга ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажлыг хийсэн учраас энэ дээр нь урамшуулал олгочихьё гэж олгосон гэж ойлгож байна. Хэдэн төрийн албан хаагч нарт урамшуулал өгснөөр Монгол Улс дампуурах гэж байгаа, санхүүгийн хямралд орох гэж байгаа юм шиг юм ярьж байна. Өнөөдөр төрийн албан хаагчийн цалин ямар байгаа билээ. ... Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд тухайн төлбөрийг төлж болно. Гэвч аудитын зарчимд хүний эрхийг дээдлэх зарчим байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримталж, төрийн албан хаагчид руу хүний эрхийн мэдрэмжгүй, хууль хэрэглээний практикийн хувьд ноцтой зөрчилтэй акт тавьсан. Бид төлбөрийн актад дээр тавигдсан хуулийн заалтад гомдсон” гэв.
3.3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй ажлыг өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд гүйцэтгэсэн. Үүнийхээ төлөө авсан урамшууллыг буцааж төлнө гэж байгааг зөвшөөрөхгүй байна” гэв.
3.4. Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.11-т хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулсан хороо, комисс, зөвлөл хамаарна гэж байгаа. Иймээс бид Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасанд өмч хамгаалах байнгын зөвлөл хамаарахгүй гэж байна. Энэ 65 дугаар тогтоол бүртгэлгүй байж болно. Гэхдээ энэ тогтоолыг ******* гаргаагүй. Төрийн өмчийн хорооноос 2022 оны 02 сарын 22-ны өдөр гаргаад улсын хэмжээнд мөрдсөн. Тогтоолын 8.4-т гэрээгээ дүгнүүлээд төсвийн байгууллагууд урамшуулал авч болно гэж заасан. Бид энэ тогтоол эрх зүйн мэдээллийн санд бүртгэлтэй, бүртгэлгүйг мэдэхгүй, ажлаа хийгээд явж байгаа хүмүүс. Энэ тогтоолыг бүртгэлгүй гэдгийг мэдмэгц хариуцагч тал хууль зөрчсөн гэж байна. Бид Төсвийн тухай хуулийн 16.5.5-ыг үндэслэж авсан. Энэ бол төсөв захирагчийн бүрэн эрхийн асуудал. Гэтэл аудит орж ирээд байгаа. Төсвийн захирагч төсвийн хуулиар холбогдох журмыг үндэслээд тушаалыг гаргасан. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд тушаал гаргадаггүй. Төрийн өмчийн хороо бидний ажлыг 93 хувиар үнэлсэн. Хэрэв С үнэлэгдвэл албан тушаалтантай хариуцлага тооцох зохицуулалттай. Энэ тогтоол бүртгэлгүй ч огт хүчингүй гэж бодохгүй байна. Монгол Улсын хэмжээнд байгаа бүх төсөвт байгууллагын дотоод журамтай адилтгаж үзэх болов уу гэж бодож байна. Бүртгэлгүй байснаар үйлчлэлийн хүрээ, хүчин чадал нь буурдаг юм байгаа биз. Бид хууль зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргаагүй.
Тэгвэл та нар яагаад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 65 дугаар тогтоолыг акт дээрээ үндэслээгүй юм бэ. Үүнийг үндэслэсэн бол бид маргахгүй байсан. Акт дээр Төсвийн тухай хуулийн 6.4.1 үр ашигтай хэмнэлттэй байх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1, 3.2, 4.1, 4.1.6, гол үндэслэл нь 10.2 дахь заалт. Энэ нь Үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, урамшуулал олгохыг хориглох тухай. Тогтоох хэсэгт 65 дугаар тогтоолыг огт дурдаагүй. Түрүү жил *******д урамшуулал давхардуулан олгосон гэж акт тавигдсан. 2025 оны 06 сард 07 дугаартай шийдвэр гарсан. Үүнд 23.2 дахь заалтаар нягтлан бодогч нарт урамшуулал олгосон нь давхцаж байна гэж үзсэн. Би тэр өдрийн хурал дээр нягтлангийн урамшуулал давхцаж байгаа юм байна, тэгвэл өмч хамгаалах байнгын зөвлөл, Ёс зүйн дэд хорооны урамшуулал давхцах уу гэж асуусан. Тэгэхэд ******* нягтлангийн урамшуулал давхцаж байгаа, харин өмч хамгаалах байнгын зөвлөлийн урамшуулал давхцахгүй. Яагаад гэвэл ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажлыг хийдэг учраас гэж хариулсан. Бид 2025 оны 9 сард урамшууллыг авсан. Төрийн аудитын менежер нь 2025 оны 06 дугаар сард шүүх хурал дээр авч болно гэж хариулж байсан. Ж.******* 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргаар шилжин томилогдсон байдаг. Сая нэг өдөрт нэг байгууллагыг үздэг учраас цаг хугацааны асуудал байсан гэж байна. Манайд бол 1 сарын 29-ний өдөр сонсох ажиллагаа явуулаад 2 сарын 11-ний өдөр акт тавигдсан. 1 сар 31 хоногтой. Тэгэхээр манай байгууллагыг үндсэндээ 18 хоног шалгаж байна. Уг нь бол нэг өдөрт нэг байгууллагыг үзэх ёстой гэж байна. 1 сарын 26-ны өдөр сонсох ажиллагаа хийнэ гэхэд манайх даргагүй байсан. Дараа нь 2 сарын 9-ний өдөр томилогдсон. 1 сарын 23-наас 2 сарын 9-ний өдрийг хүртэл манай байгууллага 1-р гарын үсэггүй, төсвийн шууд захирагчгүй буюу даргагүй байсан гэсэн үг. Энэ хооронд ******* даргыг дуудсан. ******* би төлөөлөхгүй, эрх зүйн чадамжгүй, яахав санал, тайлбар гаргаж өгч болно гэсээр байтал нь төрийн аудитын газрын дарга ******* хариуцлага тооцно шүү гэж дарамталсаар байгаад *******, ******* нартай хууль бусаар сонсох ажиллагаа хийсэн. Нэг ёсондоо Дундговь аймгийн хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.*******, улсын бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч ******* нартай хийсэн. Сонсох ажиллагаа бол анхнаасаа хууль зөрчсөн, хуульд нийцээгүй гэж үзэж байна.
... Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа гээд 61.1.1-д албан тушаалын цалин, хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж хуульчлан өгсөн. Иймд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгож өгнө үү.
Төлбөрийн актад тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.3, мөн төрийн өмчийн хорооны 2022 оны 65-р тогтоолыг тавьчихсан бол бид өнөөдөр анхнаасаа маргахгүй байсан. Бид буруу юм хийчихсэн байна, төрийн өмчийн хорооны тогтоол нь эрх зүйн мэдээллийн санд бүртгэлгүй юм байна, өмч хамгаалах зөвлөлийг хуульд тусгайлан заагаагүй юм байна, актын тогтоох хэсэг зөв байна, бид нар төлье гэх байсан” гэв.
3.5. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж гүйцэтгэсэн.
Тус аудитаар Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч , нягтлан бодогч Х.******* болон бусад 3 ажилтан 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал 7,885,000.000 /долоон сая найман зуун наян таван мянга/ төгрөгийг олгосон зөрчил илэрсэн.
... Тайлант онд тус байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн гишүүдийн үүргийг гүйцэтгэж байсан ажилтнууд үндсэн үүргээ гүйцэтгэн цалингаа авч байсан. Гэвч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн дарга, гишүүд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтыг зөрчин 7,885,000.00 /долоон сая найман зуун наян таван мянга/ төгрөгийн урамшууллыг үндсэн цалингаас гадуур давхардуулж олгосон байна.
Төлбөрийн актыг тогтоохдоо бид зөрчлийг бодит баримтад үндэслэн, учирсан санхүүгийн хохирлыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дараах үндэслэлээр тогтоосон. Үүнд:
1. Нэхэмжлэгч байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл нь байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтын хүрээнд байгуулагдсан, гишүүд нь тухайн байгууллагын үндсэн ажилтнууд тул Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10.2-т /Үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, урамшуулал олгохыг хориглоно/,
2. Тус зөвлөлийн гишүүдэд үндсэн цалин хөлснөөс гадуур давхар байдлаар урамшуулал олгосон нь төсвийн хөрөнгийн үр ашиггүй, давхардсан, зориулалт бусаар зарцуулсан учир Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх /Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах/,
3. Тус байгууллага нь хуульд нийцээгүй зардал гаргасан, санхүүгийн сахилга, хэмнэлтийн зарчмыг зөрчсөн байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т /Хэмнэлтийн горим хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална/, 4.1.6-д /сахилга баттай байх/ тус тус зөрчсөн.
Мөн Өмч хамгаалах байнгын зөвлөл нь тусгайлан бие даасан байгууллага бус нэхэмжлэгч байгууллагын дотоод зохион байгуулалтын нэгж байгаа тул уг хуулийн зохицуулалтаас гадуур авч үзэх ямар ч эрх зүйн үндэсгүй болно.
Мөн Төрийн аудитын байгууллагын зүгээс Төрийн аудитын тухай хуулийн дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудит хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаж, сонсох ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулсан болно.
Иймд нэхэмжлэгч нь хуульд илт хориглосон зардлыг гаргасан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, төлбөрийн актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас Аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн. Тус аудитаар тус байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүнд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал 7,885.000 төгрөгийг олгосон зөрчил илэрсэн. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг өндөр үнэлсэн учраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 65 дугаар тогтоолыг үндэслэн урамшууллыг авсан нь хуульд нийцсэн гэсэн асуудлыг гаргасан. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. 1-т Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн албан бичгийн хүрээнд бол энэ тогтоол нь өөрөө захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй, өөрөөр хэлбэл, эрх зүйн үйлчлэлгүй болсон тогтоол. Иймээс уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. 2-т эрх зүйн эх сурвалжийн хувьд батлагдсан цаг хугацааны дарааллын асуудал байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны 04 дүгээр сард батлагдсан. Бид энэ хуулийн хүрээ, хязгаарт захирагдаж, ажиллах ёстой. Төрийн албан хаагчид үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал авах бол энэ хуульд нийцсэн байх ёстой. Улсын хэмжээнд бүх төрийн байгууллагуудад өмч хамгаалах байнгын зөвлөл дотоод бүтэц, зохион байгуулалтын хүрээнд байгуулагдан ажиллаж байгаа. Энэ байгууллага нь өмч хөрөнгөд хяналт тавих, өөрөөр хэлбэл байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үндсэн чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө төсвөөс илүү цалин, урамшуулал авах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд тийм хэм хэмжээ байхгүй. 3-т Үндэсний зөвлөлийн асуудлыг ярьдаг. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д Үндэсний зөвлөл гэж ерөнхийд нь заасан дангаар ойлголт биш тус хуулийн 3 дугаар зүйлтэй шууд уялдаж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан улсын төсвөөс эсхүл төрийн өмчит компанийн хөрөнгөөр санхүүжиж байгаа бүх үндэсний зөвлөлүүд хамаарна. Үндэсний зөвлөл гэдгийг зөвхөн Засгийн газар, парламентын түвшинд авч үзэхгүй. Энэ үндэсний гэдэг маань улсын хэмжээнд төрийн секторуудад байгаа бүх зөвлөл, хороодыг хамарч байгаа заалт тул Үндэсний зөвлөл гэдгийг зөвхөн Засгийн газар, Улсын Их Хурлаас байгуулагдсанаар нь хязгаарлан ойлгож тайлбарлах боломжгүй. 4-т эрх зүйн чадамжгүй этгээдэд шахалт үзүүлж, сонсох ажиллагаа хийсэн, өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдтэй сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн асуудал байдаг. Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.*******ын хувьд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд бөгөөд 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг баталгаажуулсан этгээд. Мөн төсвийн шууд захирагчийн хувьд төрийн алба тасралтгүй үргэлжлэх, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах ёстой гэж үзэж байгаа. Иймд тайлбар мэдээлэл өгөх эрхтэй албан хаагч мөн. Мөн Ж.*******ын зүгээс 2026 оны 01 сарын 27-ны өдөр нэмэлт тайлбар өгөх бүрэн боломжтой гэдгийг бичгээр мэдэгдсэн. Сонсох ажиллагааг эрх бүхий этгээд, нягтлан бодогч нартай 2026 оны 01 сарын 28-ны өдөр хийсэн бөгөөд захиргааны актын талаар өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд энэ хугацаанд мэдсэн, мэдэх боломжтой байсан, актыг албажиж гарах хүртэл хугацаанд санал, тайлбар гаргах бүрэн боломжтой байсан. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүн бүрт төлбөрийн хувь, хэмжээг заагаагүй гэдэг. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар агуулга нь ойлгомжтой, тодорхой байна. Мөн актад ерөнхий зааж өгөх юм бол акт хариуцах эзэнгүй болох, төрд учирсан хохирол 7.800.000 төгрөг төлөгдөхгүй байх эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцах этгээдийг тодорхой заасан. Урамшууллыг авсан этгээдүүд тодорхой учраас нэрлэн заах шаардлагагүй гэж үзсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 67.2-т “нийтлүүлснээр хүчин төгөлдөр болно”, 67.3-т “67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй”, 67.4-т Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна” гэж заасан. Эрх зүйн үйлчлэлгүй тогтоолоор гаргасан урамшууллыг буцааж төлөхгүй байх үндэслэл байхгүй. Төрийн албан хаагчид үндсэн цалин хөлснөөс гадна нэмэгдэл, урамшууллыг олгохдоо гагцхүү хуульд нийцүүлэн олгох ёстой. Энэ нь өөрөө хууль зөрчсөн тогтоол учраас хуульд зааснаар эргэн төлөхгүй гэсэн асуудал байхгүй гэж үзэж байна. Иймд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт нь хууль эрх зүйн үндэслэл бүхий, хуульд нийцсэн шийдвэр” гэв.
3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмч хамгаалах байнгын зөвлөлтэй холбоотойгоор тогтоогдсон төлбөрийн актыг нэхэмжлэгч тал эсэргүүцэж нэхэмжлэл гаргасан. Бид Төрийн хэмнэлтийн тухай хуулийг гол үндэслэл болгож барьсан нь төсвийн сахилга батыг сайжруулах, үр ашиггүй гарч байгаа зардлуудыг бууруулахад оршдог. Энэ хуулийн гол зорилго бол энэ. Үйлчлэх хүрээнд төсвөөс санхүүждэг бүх албан тушаалтнууд, төсвийн байгууллагууд байгаа. Иймээс бидний тавьсан акт Төрийн хэмнэлтийн тухай хуультай нийцэж байна. Эд нарын хууль зүйн санд бүртгэлгүй журмаар авсан урамшуулал нь өөрөө хуульд нийцэхгүй, үндэслэлгүй нь тогтоогдсон. Энэ журамд зааснаар бусад хуульд нийцүүлэн урамшуулал авч болно гэж байдаг. Гэтэл эд нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчөөд уялдуулж аваагүй нь хууль зөрчсөн асуудал. Энэ мэтчилэнгээр хуульд нийцээгүй, хууль зөрчин урамшуулал авч байгаа нь цаашид бусад ижил төрлийн байгууллагадаа төсвийг үр ашиггүй зарцуулах эрсдлийг бий болгож байна. Үндэсний аудитын газрын тооцооллоор улсын хэмжээнд ойролцоогоор 6,000 гаруй төсвийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв эдгээр байгууллагууд энэ жишгээр 5 гишүүнд хамгийн багадаа 1 сая төгрөгийн урамшуулал олгох тохиолдолд улсын төсөвт нийтдээ 30 тэрбум төгрөгийн үр ашиггүй зарцуулалт бий болох үндэслэлтэй байгаа. Нэхэмжлэгч нарын зүгээс ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй нэмэлт ажил хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч Өмч хамгаалах байнгын зөвлөл нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд байгуулагдан ажилладаг бүтэц юм. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуульд зайлшгүй захирагдах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 6.4.1-т заасан төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд бидний зүгээс цаашид энэ төрлийн зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй, сахилга баттай байлгах зорилгоор төлбөр барагдуулах акт тавигдсан байгаа. Энэ нь цаашид даамжирвал улсын төсөвт ихээхэн хэмжээний үр ашиггүй зардал, хохирол учрах эрсдэлтэй. Түүнчлэн төрийн албан хаагчид ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой. Илт хууль зөрчиж урамшуулал авчихаад уг үйлдлээ зөвтгөх асуудал ярьж болохгүй.
Бид 1 сарын хугацаанд 175 байгууллагын дүгнэлтийг 8 аудитор хийдэг. Нэг аудиторт 20-аад байгууллага оногддог. Ажлын нэг өдөр нэг байгууллагад дүгнэлт хийх асуудал гардаг. Ж.******* дарга өөр ажил хийх болсонтой холбоотойгоор процессын хувьд удааширсан асуудал байгаа. Гэвч өмч хамгаалах байнгын зөвлөлийн 4 гишүүнд мэдэгдэл хүргүүлээд гарын үсэг зуруулсан. Хуульд зааснаар 3 хоногийн дотор ирүүлэх ёстой боловч энэ хүмүүсээс зөвшөөрөхгүй байна гэдэг тайлбарыг албан ёсоор ирүүлээгүй. Бид хулгайч гэж огт хэлээгүй. Тушаал шийдвэрийг дарга өөрөө гаргадаг. Түүний дагуу төрийн албан хаагч нар учраас хариуцлагатай хандах ёстой гэдгийг хэлсэн. Нэхэмжлэгч нар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолыг яриад байна. Тэгэхээр та нар тогтоолд өөрчлөлт орсныг харсан уу. Жишээ нь та хэд өмч хамгаалах зөвлөлийн гишүүдээр томилогдохдоо ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдэж тогтоолгосон уу. Энэ нь хэрэгт огт байхгүй. Аудитын явц дахь баримтад бас байгаагүй. Үүн дээр нь ашиг сонирхлын ёс зүйн талаар нь хэлээд байгаа юм. Бид урамшууллыг хууль зүйн дагуу авахыг хориглоогүй. Гагцхүү хууль зөрчих, хэм хэмжээг зөрчиж олгосон асуудал дээр төлбөрийн акт тавьсан. Урамшууллын асуудалд бид ядарсан, задарсан төрийн албан хаагч гэж ялгаж харьцдаггүй. Сая ******* 18 хоног шалгасан гэж байна. Шалгалт дууссан. Процессын үйл ажиллагаа үргэлжлээд сонсох ажиллагаа гэх юм уу бусад ажлаас болоод хойшлох асуудал байсан. Бид аль болохоор байгууллагад чирэгдэлгүй үйлчилнэ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10.2 дахь заалтад бүх зүйл багтсан байгаа. *******ын хэлдгээр хэрэв бид нар 65 тогтоолыг үндэслэсэн бол нэгэнт хүчингүй тогтоолыг барьснаар асуудал үүсэх байсан. Нэхэмжлэгч тэгэхээр тэр заалтыг тавиагүй учраас авсан зүйл нь зөв болоод тавихаар нь та нар хүлээн зөвшөөрдөг зүйл байхгүй. Та бүхэн хэрвээ заалтыг тавьсан бол зөвшөөрнө гэдэг нь алдаагаа ухамсарлаж байна гэж ойлгож байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нарын Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нараас “Сонсох ажиллагааг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилогдсон байсан Ж.*******ыг байлцуулан явуулсан, өөрөөр хэлбэл эрх бүхий этгээд биш, мөн өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдэд акт гарсны дараа буюу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.11-т зааснаас үзвэл энэ хуулийн 10.2-т заасан Үндэсний зөвлөлд өмч хамгаалах байнгын зөвлөл хамаарахгүй. Төлбөрийн актад тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.3, мөн төрийн өмчийн хорооны 2022 оны 65-р тогтоолыг тавьчихсан бол бид өнөөдөр анхнаасаа маргахгүй байсан. Бид буруу юм хийчихсэн байна, төрийн өмчийн хорооны тогтоол нь эрх зүйн мэдээллийн санд бүртгэлгүй юм байна, өмч хамгаалах зөвлөлийг хуульд тусгайлан заагаагүй юм байна, актын тогтоох хэсэг зөв байна, бид нар төлье гэх байсан” гэх,
3. Хариуцагч нараас “Сонсох ажиллагааг эрх бүхий этгээд, нягтлан бодогч нартай 2026 оны 01 сарын 28-ны өдөр хийсэн бөгөөд захиргааны актын талаар өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд энэ хугацаанд мэдсэн, мэдэх боломжтой байсан, актыг албажиж гарах хүртэл хугацаанд санал, тайлбар гаргах бүрэн боломжтой байсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 65 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3-т зааснаар эрх зүйн үйлчлэлгүй. Эрх зүйн үйлчлэлгүй тогтоолоор гаргасан урамшууллыг буцааж төлөхгүй байх үндэслэл байхгүй. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10.2-т заасан Үндэсний зөвлөл гэдэгт өмч хамгаалах байнгын зөвлөл хамаарна. Та бүхэн хэрвээ заалтыг тавьсан бол зөвшөөрнө гэдэг нь алдаагаа ухамсарлаж байна гэж ойлгож байна” гэх тайлбарыг тус тус гаргаж, маргана.
4. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/12 дугаартай “Өмч хамгаалах байнгын зөвлөл байгуулах тухай” тушаалаар[4] хяналтын улсын байцаагч, улсын ахлах бүртгэгч, нягтлан бодогч, мэдээллийн технологийн ажилтан, бичиг хэргийн эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэй байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийг байгуулж, улмаар тус зөвлөлөөс 2025 оны 03 дугаар 28-ны өдөр илтгэх хуудас[5], 2025 оны 09 дүгээр сарын 10, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд хурлын тэмдэглэл[6], 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дүгнэлт[7], 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баримт устгасан тухай акт[8] тус тус гарч, 2025 оны үйл ажиллагаа нь 93 хувиар үнэлэгдсэн[9] байна.
5. Мөн тус хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаартай “Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох тухай” тушаалд[10] ... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг үндэслэн өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, гишүүдэд нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал нийт 7,885,000 төгрөгийг олгосон байна.
6. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдэд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал 7,885,000,00 төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх /Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах/, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т /Хэмнэлтийн горим хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална/, 4.1.6-д /сахилга баттай байх/, 10.2-т /Үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, урамшуулал олгохыг хориглоно/ заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнээд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т /Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно/, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.3-т заасныг үндэслэн тайлант онд ажлын хөлстэй давхардуулан тооцож олгосон нийт 7,885,000.00 төгрөгийн урамшууллыг хавсралтад заасан байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 5 гишүүдээр төлүүлж, Дундговь аймгийн Төрийн сан банк дахь дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор Дундговь аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******, ахлах нягтлан бодогч Х.******* нарт даалган шийдвэрлэжээ.
7. Хариуцагч талаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 65 дугаар тогтоолыг үндэслэн урамшууллыг олгосон нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн. Энэ 65 дугаар тогтоол нь эрх зүйн үйлчлэлгүй гэх тайлбар[11] гарган маргадаг боловч шүүх маргаан бүхий актын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгнө.
8. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “энэ хуулийн үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарна” , 3.1.11-т “хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулсан хороо, комисс, зөвлөл” 10 дугаар зүйлийн 10.2-т “Үндэсний зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, урамшуулал олгохыг хориглоно” гэж тус тус заажээ.
9. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэрийг нэрлэн заасны дотор Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулсан хороо, комисс, зөвлөл багтаж, уг зөвлөл, хороо, комисс, ажлын хэсгийн гишүүнд үндсэн ажлын цалин хөлснөөс гадуур ажлын хөлс, урамшуулал олгохыг хориглосон байна.
Тодруулбал, байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Үндэсний зөвлөл” гэх ойлголтод хамаарахгүй байна.
10. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/36 дугаартай “Ж.*******ыг шилжүүлэх тухай” тушаалаар[12] Ж.*******ыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэст шилжүүлсэн байхад 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлд[13] “...улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.******* ...” гэж, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлд[14] “... улсын бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн *******” гэж тус тус тусган сонсох ажиллагаа явуулж, тайлбар авсан, мөн маргаан бүхий акт гарсны дараа буюу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг[15] , , нарт хүргүүлсэн зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасныг тус тус зөрчжээ.
11. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өмч хамгаалах байнгын зөвлөл нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Үндэсний зөвлөл” гэх ойлголтод хамаарахгүйгээс гадна Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлөх эрхгүй этгээд Ж.*******, ******* нарыг байлцуулан сонсох ажиллагаа явуулж, тайлбар авсан, мөн эрх бүхий байгууллагаас маргаан бүхий актыг гарахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох , , нарт сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй зэрэг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгч оос д төлөөлөх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон, мөн нэхэмжлэгч ******* нь “хүүхдийн үсний найртай тул оролцох боломжгүй” гэж бичгээр мэдэгдсэн, хариуцагч талаас татгалзал гараагүй тул нэхэмжлэгч , ******* нарыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
13. Шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч Х.*******ын “... Төлбөрийн актад тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.3, мөн төрийн өмчийн хорооны 2022 оны 65-р тогтоолыг тавьчихсан бол бид өнөөдөр анхнаасаа маргахгүй байсан. Бид буруу юм хийчихсэн байна, төрийн өмчийн хорооны тогтоол нь эрх зүйн мэдээллийн санд бүртгэлгүй юм байна, өмч хамгаалах зөвлөлийг хуульд тусгайлан заагаагүй юм байна, актын тогтоох хэсэг зөв байна, бид нар төлье гэх байсан”, нэхэмжлэгч гийн “... Бид төлбөрийн актад дээр тавигдсан хуулийн заалтад гомдсон...” гэх тус тусын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нарыг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газарт дахин шинэ акт гаргах эрх нь нээлттэй талаар дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 10 дугаар зүйлийн 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч , , , , Х.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА
[1] Хэргийн 27 хуудас
[2] Хэргийн 18-19, 124-125 хуудас
[3] Хэргийн 25 хуудас
[4] Хэргийн 26 хуудас
[5] Хэргийн 77-79 хуудас
[6] Хэргийн 86-87, 109-110 хуудас
[7] Хэргийн 88-89 хуудас
[8] Хэргийн 114-119 хуудас
[9] Хэргийн 29 хуудас
[10] хэргийн 27 хуудас
[11] Хэргийн 41-42 хуудас
[12] Хэргийн 11, 154 хуудас
[13] Хэргийн 12-17, 128-131 хуудас
[14] Хэргийн 134-136 хуудас
[15] Хэргийн 7-9 хуудас