| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0079/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ш.Д-д холбогдох эрүүгийн 18200001340074 тоот хэргийг 2018 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 8-р багт оршин суух, одоо Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 2-р хороонд оршин сууж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Х овогт Ш.Д,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Ш.Д нь 2018 оны 06 сарын 07-ны өдөр өөрийн төрсөн ах Ш.Д-н нэр, биеийн байцаалт бүхий гадаад паспортыг ашиглан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ш.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 06 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод байхдаа өөрийн төрсөн ах Д-с “гадаад паспорт байгаа юу” гэж асуусан чинь “цүнхэнд байгаа” гэж хэлсэн тэгэхлээр нь ахад хэлэлгүй цүнхнээс нь аваад Улаанбаатар хотоос БНХАУ-руу явах замд А ахтай хамт том машинд нь туслахаар ажилд явахаар болсон юм. А ах намайг ахынхаа паспорттай явж байгааг мэдээгүй, харин өчигдөр хил дээр саатуулагдахад мэдсэн. Тэгээд өчигдөр өглөө 9 цагийн үед Замын-Үүдэд ирсэн. Тэгээд урагшаа гарахаар хил рүү явсан. Хил дээр очоод паспортаа үзүүлсэн чинь чи биш байна гээд намайг саатуулсан гэжээ. /хх-ийн 73-76/
- Шүүгдэгч Ш.Д шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 сарын 07-ны өдөр ахынхаа гадаад паспортаар хилээр гарах гэж байгаад баригдсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
- Гэрч Ш.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 сарын 06-ны өдөр шиг санаж байна намайг гэртээ байж байхад манай дүү Ш.Д таны гадаад паспорт хаана байна гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би цүнхэнд байгаа гээд хэлсэн. Тэгсэн чинь миний гадаад паспортыг цүнхнээс аваад явчихсан байсан. Би авч яваад БНХАУ-руу явах гэж байсан талаар нь мэдээгүй. Ш.Д надад зүгээр тоглоомоор БНХАУ-руу явна энэ тэр гэж хэлж байсан гэхдээ ингээд миний гадаад паспортыг аваад явна гэж ерөөсөө хэлж байгаагүй гэжээ. /хх-ийн 52-53/
- Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 сарын 07-ны өдөр Замын-Үүд Авто замын шалган нэвтрүүлэх боомтын зорчигчийн гарах чиглэлд зорчигчийн баримт бичгийн шалгагчаар ажиллаж байсан. Тухайн өдрийн 12 цаг өнгөрч байхад Ш.Д гэх гадаад паспорттай залуу баримт бичгээ шалгуулахаар над дээр ирсэн. Тэгээд түүний гадаад паспортыг авч 3 биеийн тулгалт хийж харахад паспорт дээрх зураг дээр ямар нэгэн мэнгэ байгаагүй. Харин Д гэх нэртэй паспортыг эзэмшиж явсан эрэгтэйн хацрын баруун талд мэнгэ байсан. Түүнээс иргэний үнэмлэхийг асуухад байхгүй гэж хариулсан. Тэгэхээр нь гадаад паспорт дээрх мэдээллийг асуухад бүгдийг нь зөв хариулсан. Өөр харагдаад байхаар нь иргэний бүртгэлээс мэдээллийг татаж хараад боомтын орлогч ахмад Э-т зөрчилтэй, нарийвчлан шалгах хэрэгтэй гээд шилжүүлэн өгсөн. Д гэх гадаад паспортыг эзэмшиж явсан хүн нь Д-н төрсөн дүү Д гэж залуу байсан гэжээ. /хх-ийн 55-56/
- Зөрчлийн хэрэг /хх-ийн 4-12/
- Ш.Д, Ш.Д нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24-25/
- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-33/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-42/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 43/
- Шинжээчийн 4173, 4174 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 60-66/
- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 77-79/
- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 80/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ш.Д нь 2018 оны 06 сарын 07-ны өдөр өөрийн төрсөн ах Ш.Д-н нэр, биеийн байцаалт бүхий гадаад паспортыг ашиглан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Б-г “...түүний гадаад паспортыг авч 3 биеийн тулгалт хийж харахад паспорт дээрх зураг дээр ямар нэгэн мэнгэ байгаагүй. Харин Д гэх нэртэй паспортыг эзэмшиж явсан эрэгтэйн хацрын баруун талд мэнгэ байсан. Түүнээс иргэний үнэмлэхийг асуухад байхгүй гэж хариулсан. Тэгэхээр нь гадаад паспорт дээрх мэдээллийг асуухад бүгдийг нь зөв хариулсан. Өөр харагдаад байхаар нь иргэний бүртгэлээс мэдээллийг татаж хараад боомтын орлогч ахмад Э-т зөрчилтэй, нарийвчлан шалгах хэрэгтэй гээд шилжүүлэн өгсөн. Д гэх гадаад паспортыг эзэмшиж явсан хүн нь Д-н төрсөн дүү Д гэж залуу байсан” гэх мэдүүлэг, гэрч Ш.Д-н “...2018 оны 06 сарын 06-ны өдөр шиг санаж байна намайг гэртээ байж байхад манай дүү Ш.Д таны гадаад паспорт хаана байна гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би цүнхэнд байгаа гээд хэлсэн. Тэгсэн чинь миний гадаад паспортыг цүнхнээс аваад явчихсан байсан. Би авч яваад БНХАУ-руу явах гэж байсан талаар нь мэдээгүй.” гэх мэдүүлэг болон зөрчлийн хэрэг /хх-ийн 4-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-42/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-33/, шинжээчийн 4173, 4174 тоот дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 60-66/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдсон.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ш.Д-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн өрхийн орлого, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан үзээд торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх боломжтой гэж үзлээ.
Ш.Д-н гадаад паспорт нь жинхэнэ, засвар ороогүй болох нь шинжээчийн 4173 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61/-ээр батлагдсан. Иймд цаашид эзэмшигч болох Ш.Д нь ашиглах боломжтой бичиг баримт байх тул эзэмшигч Ш.Д-д буцаан олгох нь зүйтэй. Эд мөрийн баримтаар шүүхэд хураагдаж ирсэн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн Замын-Үүд Авто замын шалган нэвтрүүлэх боомтын зорчигчийн гарах талын теле камерын бичлэг бүхий СД-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ш.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-г 1400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан 1.400.000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар шүүхэд хураагдаж ирсэн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн Замын-Үүд Автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигчийн гарах талын теле камерын бичлэг бүхий СД-ийг хавтаст хэрэгт хадгалж, гадаад паспортыг эзэмшигч Ш.Д-д буцаан олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б