Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 117/ШШ2026/0022

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.

Хариуцагч: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор *******, аудитор *******

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт, мөн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х., түүний өмгөөлөгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Х. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт, мөн 2026 оны 02 дугаар сарын 11-ний  өдрийн ******* дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/11 дугаартай “Х.ыг шагнах тухай” тушаалаар гийн албан үүргээ тогтмол, гүйцэтгэлийн өндөр түвшинд биелүүлж, хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг хариуцлагатай гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газар, Санхүү аж ахуйн хэлтсээс санхүүгийн үйл ажиллагааны үнэлгээгээр 2024 онд 99.9 хувиар 1-р байр эзэлсэн, Аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн шилэн дансны үнэлгээгээр 100 хувьтай үнэлгээ авсан тул хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний шагналыг олгож, шагналын зардал болох 3,304,000.00 /гурван сая гурван зуун дөрвөн мянга/-н төгрөгийг цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардлаас гаргахыг зөвшөөрч шийдвэрлэжээ. 

2.2. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийж, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт, мөн Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг тус тус гаргасан. 

2.3. Иргэн Х. маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргаж, Монгол Улсын Ерөнхий аудитороос 2026 оны 4 сарын 8-ны өдрийн 1009 дугаартай албан бичгээр “... 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай төлбөрийн акт, ******* дугаартай албан шаардлагыг  хүчингүй болгох үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариу өгсөн.

2.4. Нэхэмжлэл гаргагч Х. хариуг эс зөвшөөрч, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Х. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан болон Захиргааны ерөнхий хуулийн 17, 26, 27 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.3 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор ******* нь тус хэлтсийн нягтлан бодогч Х.д НББ-ийн тухай хуулийн 23.2 дахь заалтаар шагналыг үр дүнгийн урамшуулалтай давхардуулан олгосон гэж 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар бүхий 3,304,000 төгрөгийн төлбөрийн акт, өмнөх оны аудитаар өгөгдсөн алдаа зөрчлийг давтан гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар бүхий нягтлан бодогч Х.д “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг тус тус 02 дугаар сарын 16-ний өдөр гардуулсан.

Өөрөөр хэлбэл ерөнхий нягтлан бодогч Х. нь Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-т зааснаар 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт нь “А” үнэлгээтэй дүгнэгдэж 2 удаа /2025 оны 2,3-р улирлаар/ үр дүнгийн урамшуулал авсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтаар шагналыг үр дүнгийн урамшуулалтай давхардуулан олгосон гэж үзсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-д “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно” гэж заасан.

Уг шагналыг олгосон нь: Хэлтсийн даргын 2025-02-19-ний өдрийн Б/11 тоот тушаалаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 дахь заалтаар нягтлан бодогч Х.д шагнал олгосон нь байгууллагын үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан тул 1 удаа шагнасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Санхүү, аж ахуй үйлчилгээний хэлтэс болон Дотоод аудит дүн шинжилгээний хэлтсээс жил бүр жилийн эцэст үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээгээр манай хэлтэс санхүүгийн үйл ажиллагаагаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэмжээнд 99.9 хувьтай үнэлэгдэж 1-р  байранд орсон. Мөн олон улсын төсөл хөтөлбөрөөр ХЗДХЯ-ны 200 гаруй байгууллагын шинэчилсэн “e-accounting” санхүүгийн программын нэвтрэлтэд туршилтын байгууллагаар манай хэлтэс оролцож 2024, 2025 оны ажил гүйлгээ, улирлын тайланг шинэ программд давхар хөтөлж, уг туршилтад амжилттай оролцож, уг программ нь 2026 оны 1-р улиралд бүрэн нэвтэрч тус хэлтсийн 2026 оны 1-р улирлын санхүүгийн тайлан нь ХЗДХЯ-ны шинэчилсэн “e-accounting” санхүүгийн программаар 100 хувь тайлагнагдаж Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргэгдсэн. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газарт 2026-01-29-ний өдөр сонсох ажиллагааны хариу тайлбар хүргүүлэхдээ тус хэлтэс нь: Нягтлан бодогчийг шагнахдаа Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид шагнал олгох журмын 3.3 дахь заалтыг зөрчиж шагнал олгохдоо үндсэн цалингийн 50 хувиар илүү тооцож олгосныг хүлээн зөвшөөрч байна” гэж хариу хүргүүлсэн аудитор ******* танилцаад танай хэлтэс Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэмжээнд 1-р байранд орсон гэх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас аваад ирүүл гэсний дагуу 2026-02-05-ны өдөр 2-1/1385 тоот албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн хэлтсээс авч 2024 оны жилийн эцсийн ажил дүгнэж байх үеийн цахим хурлын фото зургийн хамт аудитор *******т хүргүүлсэн. Төрийн аудитын газрын дарга ******* тус албан бичиг, хариу тайлбартай танилцаад танай хэлтэс 99.9 хувь байгаа тул шагнал авах ёсгүй 100 хувь байж авах ёстой гээд төлбөрийн акт тогтоосон, үүнд гомдолтой байна. 2026 оны 04 сарын 08-ны өдөр Үндэсний аудитын газар “ Хариу хүргүүлэх тухай” №1009 тоот албан бичигтээ акт, албан шаардлагыг хүчингүй болгох үндэслэлгүй болно гэж ирүүлсэн.

Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар бүхий нягтлан бодогч Х.д “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлага нь “Аудитаар нягтлан бодогч Х. нь өмнөх оны аудитаар өгөгдсөн алдаа зөрчлийг давтан гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил илэрлээ” гэсэн бөгөөд өмнөх он буюу 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 дахь заалтаар төлбөрийн акт тогтоогдож байсан нь: хэлтсийн даргын 2024 оны 02 сарын 22-ны өдрийн “Урамшуулал олгох тухай” Б/03 тоот тушаалаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 дахь заалтаар урамшуулал давхардуулж олгосон гэсэн үндэслэлээр төлбөрийн акт тавигдаж, маргаан бүхий актыг 2025 оны 12 сарын 10-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсноор 2025 оны 12 сарын 26-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан байдаг. Тайлант он болох 2025 онд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 дахь заалтаар дахин  урамшуулал олгоогүй, зөрчлийг давтан гаргаагүй бөгөөд харин өөр ажлын үндэслэлээр 1 удаа шагнал олгосон.

Тухайн гүйлгээнүүдийг хийх болсон үндэслэл нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан Төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Х.ыг шагнах тухай” Б/11, 2025-09-18-ны өдрийн “Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох тухай” Б/19 тоот тушаалуудаар тус тус гарсан гүйлгээ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т заасан анхан шатны баримт болох “байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан албан ёсны шийдвэр” гарч, баримтын бүрдэл хангагдсан гэж үзэж, удирдах албан тушаалтны шийдвэрийг хэрэгжүүлсэн болно.

Мөн Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга *******, аудитор ******* нар нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 заасны дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй.

Тухайлбал: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сонсох ажиллагааг Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч Х., Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын  Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нартай хийсэн нь Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлөх эрх зүйн чадамжгүй этгээд оролцуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд нийцээгүй гэж үзэж байна.

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026-01-23-ны өдрийн Б/36 тоот тушаалаар Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст шилжин томилогдсон. Иймд нь Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлж сонсох ажиллагаанд оролцох боломжгүй гэж удаа дараа мэдэгдэж, 2026-01-27-ны өдөр Төрийн аудитын газарт бичгээр тайлбар гаргаж, өөрийн шилжин томилогдсон тушаалыг тайлбарын хамт аудитор *******т хүргүүлсэн байхад сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг 2026 оны 01 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга д гэж ирүүлж өөрт нь гардуулан заавал тантай хийнэ гэж сонсох ажиллагааг уг өдрийн 15 цагт Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 206 тоот өрөөнд уулзаж сонсох ажиллагааг явуулсан.

Иймд процессын болон хууль хэрэглээний алдаатай, Захиргааны ерөнхий 26, 27 заасны дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Хууль дээдлэх”, “Эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн итгэлийг хамгаалах” зарчмуудыг зөрчсөн Төсвийн тухай хуулийн 16.5. Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.5 батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-д “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.3 дахь “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэснийг үндэслэн Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар бүхий акт, мөн өдрийн ******* дугаар бүхий “Сахилгын хариуцлага тооцуулах” тухай албан шаардлагыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Акттай холбоотой тайлбар хэлье. Манай байгууллага Засгийн газрын тогтоолыг зөрчиж 0.5 хувиар хэтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна, түүнийг төлье гэж мэдэгдсэн боловч шууд 2 сарын үндсэн цалингаар актаа тогтоосон. Тиймээс энэ актыг бүхэлд нь хүчингүй болгож өгөөч гэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Яагаад гэвэл энэ актаар 2 сарын үндсэн цалинг бүхэлд нь төлөх болж миний эрх зүйн байдлыг бүхэлд нь дордуулж байгаа. Засгийн газрын тогтоол, журмаараа бол 1.5  хувиар олгох байсан боловч 0.5 хувиар хэтрүүлсэн нь төсөв захирагчийн захирамжийн алдаа байсан.  Манай байгууллага санхүүгийн үйл ажиллагаагаараа сүүлийн 6, 7 жил улсын хэмжээнд тогтмол 1-2-р байр эзэлж байгаа. Тайлант онд улсын хэмжээнд 1-р байранд орсон учир төсвийн шууд захирагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 16.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-т заасныг үндэслэн 2 сарын үндсэн цалингаар шагнасан. 21 аймаг, 9 дүүрэг, Ерөнхий газартайгаа нийлээд 30 гаруй байгууллагаас 99.9 хувиар үнэлэгдэж 1-р байрт орсон. Төрийн аудитын газрын дарга 100 хувь авч байж шагнал авах ёстой гэж 3 сая төгрөгийн нийт дүнгээр нь акт тавьсанд гомдолтой байгаа. Тухайн үед манайхыг шалгасан аудитор *******, аудитын менежер ******* нар надтай уулзаад “танайх улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын хэмжээнд 1-р байрт орсон гэдэг баримтаа өгчих, журам зөрчсөн 0.5 хувиар актаа тогтооё” гэсэн.  Улсын бүртгэлийн ерөнхий газар руу хандаад санхүүгийн хэлтсийн даргаас тухайн бичиг нь 2 сард ирсэн. Гэтэл аудитын газрын дарга нь 0.5 хувь биш бүхэлд нь төлөх ёстой гэж акт тогтоосон. Жил бүр аймгийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс санхүүгийн үйл ажиллагааг дүгнэдэг. Үүнд 10 оноог бүтэн авч 100% дүгнүүлсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-т шагнаж урамшуулж болно гэж заасан. Өмнө нь урамшуулал гэж олгоход урамшуулал давхацсан гэж шүүхээр төлүүлэх шийдвэр гарч би 12 сарын 26-нд төлбөрийг 100 хувь барагдуулсан. Энэ жил төсөв захирагчаас улирлын мөнгөн урамшуулалтай давхцаад байгаа юм байна, аймаг болон улсын хэмжээнд 1-р байрт орсон тул шагная гээд шагнасан. Өмч хамгаалах байнгын зөвлөлд олгосон урамшуулал болон надад олгосон шагналын гүйлгээ нь хоёулаа тушаалтай гүйлгээ байдаг. Би тушаал гаргадаггүй. Би өөрөө өөртөө тушаал гаргаад хэлтсийн даргын гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсэн бол 100 хувь миний буруу. Би ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа давуулан биелүүлээд аймаг болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас үнэлж дүгнээд баримтыг ирүүлсэн. Үүний дагуу байгууллагын төсөв захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд намайг шагнасан. Түрүү жил бол урамшуулал байсан, үүнээс өөр. Аудитаар “өөрчлөлтгүй” санал дүгнэлт авсан гэж урамшуулал авсныг аудитын газраас зогсоож, давж заалдах шатны шүүхээс “өөрчлөлтгүй дүгнэлт аваад урамшуулал авч болохгүй, улирлын урамшуулалтай давхцаж байна” гэж дүгнэсэн. Энэ жилийнх бол 1-р байрт орсон гэж шагнасан.

Зөрчил давтан гаргасан гэж үзээд сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага өгсөн. Төлбөр тогтоосон акт 2 сарын 11-нд гарсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 дахь заалтаар урамшуулал олгосон үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр шийдүүлнэ гэдгээ сонсох ажиллагаа дээрээ хэлсэн.  Маргаантай байсан энэ хугацаанд буюу 2025 оны 2 сарын 19-нд төсвийн шууд захирагчаас надад шагнал олгох тушаал гаргасан. Үүнийг би санаатайгаар тушаал гаргаж шагнал авсан гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл Улсын дээд шүүхийн 5 шүүгчээс 4 шүүгчийн санал хүрээгүй тул таны гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзлаа гэх тогтоолыг  2025 оны 12 сарын 9-нд би гардаж авсан. Төлөх нь тодорхой болсны дараа 12 сарын 9-нөөс хойш энэ тушаалыг гаргаад шагнал авсан бол санаатай үйлдэл болох байсан болов уу гэж үзэж байна. Шүүхээс шийдэгдээгүй, маргаантай байсан хугацаанд буюу 2025 оны 2 сарын 11-нд эхний акт тавигдсан. Сүүлийн тушаал 2 сарын 19-нд гарсан. Тиймээс зөрчлийг санаатайгаар давтан гаргасан зүйл байхгүй. Дээр нь би тушаал гаргадаг төсөв захирагч биш. Төрийн одон медаль дээр шагнал олгох журмаараа явдаг. Миний хувьд бол төсөв захирагч улсын хэмжээнд сүүлийн 6, 7 жил тогтмол 1, 2-р байрт орсон учир ажлын байранд заасан ажил үүргээ давуулан сайн биелүүлж үр дүнтэй ажиллаж байгаа гээд Төсвийн тухай хуулийн 16.5-т зааснаар шагнасан.  Дарга бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тушаал тул төрийн одон медальд шагнаж байгаа шиг хуралдаж тэмдэглэл гардаггүй. Байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т зааснаар анхан шатны баримтын бүрдэл хангасан гэж үзээд эдгээр гүйлгээг хийсэн.

Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 2 сарын 19-ний өдрийн Б/11 тоот тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.5, Төсвийн тухай хуулийн 16.5.5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-т заасныг үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан тушаал. Аудитын менежерийн яриад байгаа шиг Төрийн албаны тухай хуулийн 51-д зааснаар онцгой үр бүтээл гаргаж гавьяа байгуулсан гэдгээр шагнаагүй. Тушаалын үндэслэл нь өөрөө Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2. Төсвийн  тухай хуулийн 16.5.5-т байгууллагын даргын бүрэн эрх гэж хуульчилж өгсөн. Төрийн аудитын газар яагаад төсөв захирагчийн бүрэн эрхэд халдаад байдаг юм. Байгууллагын дарга, төсвийн шууд захирагч гэх хүн байх хэрэг байна уу. Аудит өөрөө бүх байгууллагыг өөр дээрээ нэгтгээд төсвөө захираад явчихвал яасан юм. Танай байгууллага чинь байгууллагын даргын бүрэн эрх рүү хэт ороод байна. Намайг Төрийн албаны тухай хуулийн 51.1.1-т зааснаар онцгой гавьяа байгуулсан шагнаагүй. Албан тушаалын тодорхойлолтод заасан ажлаа хангалттай сайн гүйцэтгэсэн, аймаг улсдаа 1-р байрт орсон  гээд бүрэн эрхийнхээ хүрээнд шагнасан.

Төрийн захиргааны албан хаагч хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай 5 жил ажиллавал 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авч байгаа. Төрийн үйлчилгээний нярав, нягтлан нарт ур чадвараа дүгнүүлээд 25 хувь хүртэл нэмэгдэл авахаас өөр тэтгэмж урамшуулал байдаггүй. Өмнө жил урамшуулал гэж өгөхөд үр дүнгийн урамшуулалтай давхардсан. Энэ жил төсөв захирагчаас шагнал гээд олгоход мөн давхардсан гэж үзсэн. Ганцхан Дундговь аймгийн аудит л ингэж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-ыг хэрэглэх ямар ч боломжгүй болж байна. Шагнал, урамшуулал 2 өөр. Үр бүтээлтэй ажилласан гэдгийг нотлох ерөнхий газраас ирсэн бичиг, аймгийн хяналт шинжилгээ үнэлгээний газрын бичиг бас байна. Түрүү жилийн үр дүнгийн урамшуулалтай давхацсан гэдгийг төлсөн. Ажлын үзүүлэлтээр жилдээ ганц л авсан. Гэтэл үүнийг бас улирлын урамшуулалтай давхацсан гэж үзээд байна. Улирлын ажлаар мөнгөн урамшуулал авсан хүн хэзээ ч шагнал авч болохгүй гэдэг зүйлийг аудит гаргаж ирээд байна. Үүнийг ялгаж салган шийдэж өгөөч. Засгийн газрын 2019 оны 5-р тогтоолын 1.5 хувь гэдэгт хамаарах байх. 0.5 хувиар хэтэрсэн бол түүнийг төлөхөд асуудал байхгүй. Хэтэрсэн 0.5 хувийг төлье гэдгээ анхнаасаа илэрхийлсэн гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Шүүхээс гарах шийдвэр бол захиргааны хэргийн шүүхүүд, ялангуяа санхүү, төрийн аудит, Нягтлан бүртгэх тухай хуулийн 23.2-той холбогдолтой чухал шийдвэр болно гэж миний хувьд боддог. 1-рт: Захиргааны байгууллагаас тодорхой акт гарахад захиргааны актын шинжийг өөртөө агуулдаг. Захиргааны ерөнхий хуульд захиргааны актын шинжийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Уг актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудад заасан шаардлагыг хангасан эсэх асуудлыг гаргаж тавимаар байна. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж байгаа. Хууль зүйн үндэслэл нь байна. Харин бодит нөхцөл байдлын тухайд Нягтлан бүртгэх тухай хуулийн 23.2-т заасны дагуу мөнгөн урамшуулал, мөнгөн шагнал авахад баримтгүй гэж үзсэн байдаг. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газраас Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс санхүүгийн чиглэлээрээ улсад 1 дүгээр байранд 99.9 хувиар орсныг үнэлсэн баримт болон Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн үнэлгээгээр шилэн дансны мэдээллээр мөн 1 дүгээр байранд орсон талаарх баримтууд хэрэгт авагдсан байдаг. Үүнийг хэрхэн үнэлэх нь аудитын байгууллагын эрх гэж үзэж байна. Нөгөө талаараа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар төсвийн захирагч дээрх  нөхцөл байдлуудыг үнэлж урамшуулал, шагнал олгох нь төсвийн захирагчийн эрх. Үүнд аудитын байгууллага хөндлөнгөөс хэтэрхий их оролцож байна гэж үзэж байгаа. Бид хяналт шалгалтаар улсдаа сүүлийн байранд орсон улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн асуудлыг яриагүй. Улсдаа 1-т орсон болохоор төсвийн шууд захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд шагнал олгосон нь үндэслэлтэй байсан. Үүнийг Захиргааны актын бодит нөхцөл байдлын шинжийг хангаагүй гэж үзэж байна. Мөн хуулийн 40.2.5-т “захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”-аар хуульчилсан. Эрх нь зөрчигдсөн этгээд хэд хоногийн дотор гомдлыг хаана гаргах талаар заавал дурдсан байх ёстой. Магадгүй Төрийн аудитын тухай хууль тогтоомжид гомдлыг хаана гаргахыг заасан байж болно. Гэхдээ хуульд зааснаар үүнийг актдаа заавал тусгаж өгөх ёстой. Захиргааны акт нь материаллаг болон процессын эрх зүйн хүрээний шаардлагыг хангана. Аль 1 шаардлагыг хангаагүй захиргааны акт нь хууль бус байдаг. Захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг явуулдаг. Сонсох ажиллагаа явуулах заалттай, заалтгүй тохиолдлууд байдаг. Дээрх захиргааны акт нь сөрөг үйлчлэл үзүүлсэн захиргааны акт учраас сонсох ажиллагааг явуулах нь зүйтэй. Гэвч сонсох ажиллагаа дээр алдаатай зүйл явагдсан. 01 сарын 23-ны өдрөөс 02 сарын 09-ний өдрийн хооронд тухайн Улсын бүртгэлийн хэлтэс удирдлагагүй байсан. Энэ хугацаанд хуульд зааснаар бол хариуцагч тал захиргааны актыг түдгэлзүүлэх, эсхүл өөр ямар нэгэн арга хэмжээ авах ёстой байсан, хуулийн хугацаа хэтэрсэн гэх тайлбарын хувьд би ч энэ талаар мэдэхгүй байсан тул энэ тайлбарыг хэлж байна. даргын хувьд 01 сарын 23-ны өдрөөс Улсын бүртгэлийн байгууллагад ямар ч харилцан хамааралгүй болсон байсан. Гэтэл 01 сарын 28-ны өдрийн сонсох ажиллагаанд ыг оролцуулан хийсэн нь хууль бус болж байна. Хүний эрх зүйн байдалтай холбоотой шийдвэр гаргаж байгаа тул хүлээж, зөв этгээдийг оролцуулж сонсох ажиллагааг явуулах ёстой байсан. Энэ 3 нөхцөл байдал нь материаллаг болон процессын эрх зүйн шаардлагыг зөрчсөн нь маргаан бүхий захиргааны 2 актыг хууль зүйн үндэслэлгүй болгож байна. 2026 оны 02 сарын 11-ний өдрийн 40 дугаартай актын тогтоох хэсгийн 2 дугаар заалт, актын биелэлтийг 2025 оны 05 сарын 20-ны өдрийн дотор Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар ирүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгасан байдаг. Гэтэл акт маань өөрөө 2026 оны 02 сарын 11-ний өдөр гарсан. Иймд акт нь өөрөө хууль зүйн бүрэн тодорхой байх гэсэн Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Захиргааны байгууллагын алдаатай шийдвэр эрх нь зөрчигдөж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Мөн актын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад үр бүтээл гаргасан гэдэг нотлох баримт байхгүй гэдэг талаар дурдсан. Мөн албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан хэмжээгээр давхардуулан олгосон шагнал гэж үзсэн. Хариуцагчийн төлөөлөгч ******* “шагнал гэдгийг нотлох баримт байвал шагналаар авч болно” гэж хэлсэн. Акт нь албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан хэмжээгээр давхардуулан олгосон гэдэгт тайлбар хүсэж байгаа. Нэхэмжлэгч нь төрийн албан хаагч учраас албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлыг л хийх үүргийг хүлээнэ. Гэтэл маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 51-д заасны дагуу шинэ санал санаачилга гаргасан зүйлгүй гэж үзсэн. Гэтэл миний үйлчлүүлэгчид шагнал олгохдоо Төрийн албаны тухай хуулийн 51-д заасныг үндэслэж шагнал олгоогүй Нягтлан бүртгэх тухай хуулийн 23.2-т зааснаар шагнал олгосон. Ажлын байранд заагдсан чиг үүргээ сайн биелүүлж явсан тохиолдолд үр дүнгийн урамшууллаа авч явна. Гэтэл миний үйлчлүүлэгч ажлаа улсын хэмжээнд 1 дүгээр байранд орох хэмжээнд хийж, холбогдох баримт хэрэгт авагдсан тул үр бүтээл гэдгийг хангасан гэж үзэж байна. Хэрэв 1 дүгээр байранд ороогүй, сүүлээр орсон, ахиц дэвшил гаргаагүй тохиолдолд шагнал олгохгүй байх эрх нь төсвийн захирагчид байгаа. Мөн 2026 оны 02 сарын 11-ний өдрийн 107/141270470 сахилгын хариуцлага тооцох тухай албан шаардлага нь алдаа зөрчлийг давтан гаргаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Гэтэл 2026 оны 02 сарын 11-ний өдрийн аудитын акт нь одоогоор хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа. Өөрөөр хэлбэл 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 22/1270470 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг төлсөн. Үүний дараагийн захиргааны акт буюу өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа захиргааны акт шүүхээр шийдэгдээгүй байхад аудитын байгууллагаас хариуцлага тооцуулах албан шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болж байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Тус шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хэсэгт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2, Төрийн албаны тухай хуулийн 51.1-д зааснаар энэ урамшуулал авахдаа нягтлан бодогч нь аудитын зөрчилгүй гэж шагнал авсан нь хангалтгүй гэж дүгнэсэн. Гэтэл өнөөдрийн маргааны зүйл болж байгаа акт дээр нягтлан бодогч нь улсад системээрээ 1 дүгээр байранд орсон, шилэн данстай холбоотой ажиллагаагаар Дундговь аймагтаа 100 хувиар дүгнэгдсэн. Энэ үр дүнгүүдийг төсвийн захирагч үр дүнтэй гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 нь үр бүтээлтэй ажилласан тохиолдолд урамшуулал олгохоор заасан. Бусдаар заавал Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах талаар дурдаагүй. Мөн шагнал, урамшууллыг олгохдоо 0.5, 1.5, 2 хувь шүү гэж хувь хэмжээг тусгайлан зааж өгөөгүй. Цаашдаа аудитын байгууллага энэ маргааныг өөрсдийн цаашдын үйл ажиллагаа, нягтлан бодогч нартай харилцах харилцаандаа чухал зүйл болоосой гэж хүсэж байна. 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 22 дугаартай дугаартай маргаан бүхий захиргааны акт, шүүхийн шийдвэр бүгд хэрэгт авагдчихсан учраас түүнийг жишиж ярих нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тухайн анхан болон давж заалдах шатын шүүхийн шийдвэрт үр бүтээл гэдэгт акцент өгснөөс гадна хувь хэмжээн дээр анхаарах ёстой. Хавтаст хэргийн 187 дугаар хуудсанд авагдсан материалаас үзэхэд үр бүтээлтэй ажилласан албан хаагчийг нэг сарын цалинг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүртэлх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж болохоор заасан. 0.5, 1, 1.5 хувь ч байсан болно. Нэхэмжлэгч 2 хувиар бодож шагнасныг сонсох ажиллагаанаас эхэлж илүү байгаа тул 0,5 хувиар тооцож буцаан төлөхөө илэрхийлж ирсэн. Сонсох ажиллагаатай холбогдолтой буруу байгаа зүйлийг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж жишээгээр тайлбарлая. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаан бүхий актыг гаргасан аудитор ******* Монгол Улсын Ерөнхий аудиторын 2026 оны 05 сарын 01-ний өдрийн Б/84 дүгээр тушаалаар 2026 оны 04 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон өөр ажилд шилжсэн нь хэрэгт баримтаар авагдсан. Энэ талаар хариуцагч огт маргадаггүй. Улмаар 2026 оны 05 сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүссэн байдаг. Хэрэг үүссэнээс хойш акт гаргасан этгээд маань хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байгаа. ******* гэдэг хүнийг тухайн захиргааны актыг гаргасан тул тайлбараа өгөөд яв гэвэл хууль зөрчсөн болно. Үүнтэй адил байдлаар аудитын байгууллага сонсох ажиллагааг явуулах байсан. Маргаан бүхий актад сонсох ажиллагаа явуулах гэж байгаа бол үүссэн нөхцөл байдлын талаар холбогдох баримтыг хавсаргаад явах боломжтой байсан. Бид 2 сарын 11-ний өдрийн актын талаар ярьж байгаа. Хариуцагчийн төлөөлөгчийн яриад байгаа тайлбар үндэслэлгүй байна. 2 сарын 9-нд ******* гэх хүн даргын үүргийг түр орлох шийдвэр гарсан, үүний дараа 2 сарын 11-нд акт гарсан. Ийм учраас тухайн захиргааны акт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Иймд Төрийн аудитын байгууллагаас гарсан 2026 оны 02 сарын 11-ний өдрийн 40а/1270470 дугаартай төлбөр барагдуулах тухай акт, мөн өдрийн 107а/1270470 дугаар бүхий сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагууд нь хууль ёсны шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжлэгч төлбөр барагдуулах актын 0.5 хувийг хүлээн зөвшөөрч байгаа гэх боловч өмгөөлөгчийн зүгээс захиргааны актууд бүхэлдээ хүчин төгөлдөр бус учраас маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, тайлбараа гаргаж байна гэв.

3.4. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж гүйцэтгэсэн.

Аудитаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:

1. Нягтлан бодогчийг хэлтсийн нягтлан бодох бүртгэлийг хариуцлагатай гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан гэх 2 сарын үндсэн цалинтай тэнцэх 3,304,000.00 /гурван сая гурван зуун дөрвөн мянга/ төгрөгийн мөнгөн шагналыг үр дүнгийн дүнгийн урамшуулалтай давхардуулан олгосон зөрчил илэрлээ. /Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үр бүтээл гаргасан гэдгийг нотлох баримт байхгүй/

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т /Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах/, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-т /улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох/, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх /Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах/ Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4 дэх /улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох/, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно”, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3.3 дахь “Мөнгөн шагналыг төрийн онцгой чухал буюу онц дүнтэй түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн төрийн албан хаагчид олгож болно/. Байгууллагын удирдлагын шийдвэрээр тухайн ажилтныг шагнах мөнгөн шагналын хэмжээ нь сарын үндсэн цалинг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байна.

2. Нягтлан бодогч Х. нь өмнөх оны аудитаар өгөгдсөн алдаа зөрчлийг давтан гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.1-д /Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах/, 16.5.2-т /Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар  төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих/, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.3-т /хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох/, заасныг тус тус зөрчсөн байна. Иймд 2 сарын үндсэн цалинтай тэнцэх 3,304,000,00 /гурван сая гурван зуун дөрвөн мянга/ төгрөгийн мөнгөн шагналд төлбөрийн акт тогтоож, өмнөх оны аудитын зөрчлийг давтан гаргасан тул сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлага хүргүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар: ... төлбөрийн актыг тогтоох болон сахилгын шийтгэл тооцуулах албан шаардлага хүргүүлэхдээ зөрчлийг бодит баримтад үндэслэн, учирсан санхүүгийн хохирлыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дараах үндэслэлээр тогтоосон. Үүнд:

1. Нягтлан бодогчийг хэлтсийн нягтлан бодох бүртгэлийг хариуцлагатай гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан гэх 2 сарын үндсэн цалинтай тэнцэх 3,304,000.000 /гурван сая гурван зуун дөрвөн мянга/ төгрөгийн мөнгөн шагналыг үр дүнгийн урамшуулалтай давхардуулан олгосон. /Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үр бүтээл гаргасан гэдгийг нотлох баримт байхгүй/, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23  дугаар зүйлийн 23.2 дахь “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно”,

2. Нягтлан бодогч Х. нь мөнгөн шагналыг үр дүнгийн урамшуулалтай давхар байдлаар олгосон нь төсвийн хөрөнгийн үр ашиггүй, давхардсан, зориулалт бусаар зарцуулсан учир Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх /Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах/ тус тус зөрчсөн.

3. Нягтлан бодогч Х.ын ажлыг хагас, бүтэн жилээр үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан санхүүгийн тайлангийн аудитаар “өөрчлөлтгүй” дүгнэлттэй ажилласан гэх үндэслэлээр 2 сарын үндсэн цалин 3,028,000.00 /Гурван сая хорин найман мянга/ төгрөгийн урамшууллыг давхардуулан олгосон байсан. Үүнийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс төлбөрийн актыг үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гарснаар төлбөрийн актыг барагдуулсан байдаг.

Мөн Төрийн аудитын байгууллагын зүгээс Төрийн аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаж, сонсох ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулсан болно. Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Х.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 дах заалтыг барьж шагнал олгосон. Хуулийн заалтдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтанд олгоно гэж заасан. Гэтэл үүнийг нотлох баримтаар нотлогдоогүй. Хэрэв үр бүтээлтэй шинэ санаачилгатай ажилласан бол түүнийг батлах үнэлгээ, тайлан, байгууллагын дотоод журмыг баримтлан гаргасан шийдвэр байх ёстой байсан ч байхгүй, үр бүтээлтэй ажилласан гэдгийг нотлох боломж байгаагүй. 2-рт урамшуулал гэж үзвэл давхардуулан олгосон. Шагнал гэж үзэж байгаа бол 2023 оны 11 сарын 8-ны өдрийн А/1716 тушаалаар батлагдсан байгууллагын дотоод журамд байгууллагаасаа шагналд тодорхойлж, хамт олноороо хэлэлцүүлэн санал авах шалгуур үзүүлэлт байгаа. Гэвч хэлэлцүүлсэн асуудал байгаагүй тул төлбөрийн акт тогтоосон. Албан шаардлагын тухайд бол өмнөх оны алдааг давтан гаргасан гэж үзэж хүргүүлсэн.

Хууль эрх зүйг дагаж мөрдөхийн тулд баталдаг. Байгууллагын өндөр албан тушаалтан, өндөр шагнал гэх асуудал байхгүй. Дотоод журам дээр байгууллагын, мөнгөн шагнал гэж заасан тул түүнийг баримтална, биелүүлэх ёстой. 2-рт Засгийн газрын 5-р тогтоолын 1-р хавсралтаар баталсан журмын 3.3-т мөнгөн шагналыг төрийн онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлсэн, төрийн үйл ажиллагаа төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэ санаачилга гаргасан түүнийг хэрэглээнд нэвтрүүлсэн албан хаагчдад олгож болно” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-т гэж заасан. Эдгээр нь хоорондоо уялдаатай заалтууд. Нягтлан бол 2-р гарын үсэг зурж  гүйлгээ хийж байгаа. Тиймээс миний асуудал зөв үү буруу юу гэдэг дээр дүн шинжилгээ хийх байх. Даргын гаргасан шийдвэр буруу бол нягтлан бодогч татгалзах эрхтэй байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-т заасан шагнал олгох болсон нотлох баримтыг шаардсан боловч нотлох баримтыг гаргаж ирээгүй. Үр бүтээлтэй, шинийг санаачилсан тохиолдолд түүнийгээ нотлох баримтаар батлаагүй. Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталсан дотоод журмын дагуу байгууллагын шагналаар шагнагдах гэж байгаа хүнийг журамд заасны дагуу  ажиллагаа хийж шагнах ёстой байсан нь хангалтгүй байна. Мөн ажлын 1 үр дүнгээр шагнал авсан нь үр дүнгийн урамшуулал авсантай давхацсан гэж үзэж байна. Энэ мэтээр шагнал олгож байгаа нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан. Шилэн дансны мэдээлэлд 100 хувь авсан гэж тайлбар гаргаад байгаа боловч энэ нь цагалбарт хугацаатай, нягтлан бодогч хариуцаж явах ёстой өдөр тутмын үйл ажиллагаа гэж үзэж байна. Өмнөх аудитаар зөрчилгүй гардаг байсан гэж байна. Дүгнэлттэй байгууллагад материаллаг байдлын түвшинг тогтоодог. Түүнээс дээш гарсан бол санал, дүгнэлт өөрчлөгдөнө. Тогтоосон түвшнээс хэтрээгүй бол хэдий зөрчил гарсан ч би хүлээн зөвшөөрдөг. Хэргийн материалд байгаа баримтад өмнөх онуудын гаргасан зөрчлийг дурдсан байгаа. Түрүү жил мөн шүүхээр маргаан үүсгэж, маргаан нэг талдаа гарсан. Огт зөрчилгүй ажилласан гэдэг асуудлыг ярихад төвөгтэй. Иймд Х.д холбогдуулан гаргасан актуудыг холбогдох хууль дүрэмд хууль эрх зүйн дагуу гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны санхүүгийн тайланд аудит хийсэн. Аудитаар нягтлан бодогчийг нягтлан бодох бүртгэлийг хариуцлагатай гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан гэж 2 сарын үндсэн цалинтай тэнцэх 3.304.000 төгрөгийн шагналыг олгосон зөрчил илэрсэн. Үүнд ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт тогтоосон. 2-рт Х. нь өмнөх оны аудитаар илэрсэн алдаа зөрчлийг давтан гаргаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ******* дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа “Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-т зааснаар 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт нь “А” үнэлгээтэй дүгнэгдэж 2 удаа үр дүнгийн урамшуулал авсан бөгөөд үүнийг давхардуулан олгосон гэж үзсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-д “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно” гэж заасан. 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 дахь заалтаар төлбөрийн акт тогтоогдож байсан, хэлтсийн Б/03 тоот тушаалаар урамшуулал давхардуулж олгосон гэсэн үндэслэлээр төлбөрийн акт тавигдаж, төлбөрийг бүрэн барагдуулсан” гэж дурдсан байгаа.

Аудитын байгууллагаас төлбөрийн акт тогтоох болон сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага хүргүүлэхдээ зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоож, анхан шатны баримтад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан. Нягтлан бодогчийг нягтлан бодох бүртгэлийг хариуцлагатай гүйцэтгэж байгууллагын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан гэж 2 сарын үндсэн цалинтай тэнцэх 3.304.000 төгрөгийн шагналыг үр дүнгийн урамшуулалтай давхардуулан олгосон гэж үзээд акт тогтоож байгаа. Энэ төсөв хөрөнгийг үр ашиггүй, давхардсан зориулалтын бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т заасныг зөрчсөн. 3-рт Х.ын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнээд үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан санхүүгийн тайлангийн аудитаар өөрчлөлтгүй дүгнэлттэй ажилласан гэж 2 сарын үндсэн цалингаар шагнасныг шүүхээс холбогдох шийдвэр гарч төлбөрийг барагдуулсан өмнөх оны үйл баримт байдаг.

Улсын хэмжээнд 99.9 хувь үнэлэгдэж 1-р байр эзэлсэн тул энэ шагналыг олгосон гэж нэхэмжлэгч хэлж байна. Энэ шагналыг ганцхан танд олгосон уу, улсын хэмжээнд 1-р байрт ороход ганцхан таны үүрэг оролцоо өндөр байсан уу. Таны албан тушаалын тодорхойлолтоос харахад санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд чиг үүргийг хэрэгжүүлж санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулна, төсвийн гүйцэтгэлийг үнэн зөвөөр тайлагнана гэж заагаад чиг үүрэг, хийх ажлыг маш тодорхой дурдсан байгаа. Өдөр тутмын чиг үүргийг хийж гүйцэтгэснээрээ энэ шагналыг олгох нөхцөл боломж бүрдсэн үү гэдгийг нарийвчилж харах нь зүйтэй байна. Онцгой үр ашиг гавьяа байгуулсныг юугаар нотолж байгаа юм, Х. сайн ажилласан байна шагная гэсэн хамт олны хурлын тэмдэглэл хаана байгаа юм бэ? Энэ шагналыг авахдаа анхан шатны ямар баримт дээр үндэслэж өгсөн юм гэдэгт бид асуудлыг тодорхойлж байгаа. Байгууллагын хэмжээнд 99.9 хувь үнэлэгдээд шагнал авч болно. Гэхдээ үүнийгээ нотолно. Аудит бол холбогдох нотлох баримт дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Байгууллагын дотоод журмын 9-р зүйлд шагнал урамшуулал олгоход харгалзан үзэх зүйл байгаа. 9.1.2-т төрийн албанд үр дүнтэй ажиллаж ажилдаа ахиц дэвшил гаргасан, тогтвор суурьшилтай ажилласан албан үүргээ тогтмол өндөр түвшинд гүйцэтгэж биелүүлж гаргасан, мөн онцгой амжилт байгуулан ажилласан ажилтныг шагнаж урамшуулна гэж байна. Х. сайн ажилласан шагная гээд шууд шагнадаг юм уу, байгууллагын шагналын тогтолцоо яаж явдаг юм үүнийг хэлмээр байна.

Төрийн аудитын байгууллагаас 3.304.000  төгрөгийн шагналыг үр дүнгийн урамшуулалтай давхардуулан олгосон болон хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй өмнө гаргасан зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр холбогдох шийдвэрийг гаргаж Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, журмын дагуу сонсох ажиллагаа хийсэн. Иймд нэхэмжлэгч Х.ын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

... Төлбөрийн актад механик алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Үүнийг засаж болохуйц алдаа гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт, мөн 2026 оны 02 дугаар сарын 11-ний  өдрийн ******* дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

            2. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

2.1. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” ******* дугаартай актаар[1] “... нягтлан бодогчийг хэлтсийн нягтлан бодох бүртгэлийг хариуцлагатай гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан гэж 2 сарын үндсэн цалинтай тэнцэх 3,304,000.00 төгрөгийн мөнгөн шагналыг үр дүнгийн урамшуулалтай давхардуулан олгосон  нь Төсвийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3.3, Байгууллагын удирдлагын шийдвэрээр тухайн ажилтныг шагнах мөнгөн шагналын хэмжээ нь сарын үндсэн цалинг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байна заалтыг тус тус зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар үр бүтээл гаргасан гэдгийг нотлох баримтгүй, албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан арга хэмжээгээр давхардуулан олгосон шагнал 3,304,000.00 төгрөгийг Дундговь аймгийн Төрийн сан банк дахь орон нутгийн төсвийн дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор Дундговь аймаг дахь Аудитын газарт ирүүлэхийг даалган шийдвэрлэсэн.

2.2. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Х.ыг шагнах тухай”  Б/11 дугаартай тушаалаар[2] Х.ыг “... албан үүргээ тогтмол, гүйцэтгэлийн өндөр түвшинд биелүүлж, хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг хариуцлагатай гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газар, Санхүү аж ахуйн хэлтсээс санхүүгийн үйл ажиллагааны үнэлгээгээр 2024 онд 99.9 хувиар 1-р байр эзэлсэн, Аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн шилэн дансны үнэлгээгээр 100 хувьтай үнэлгээ авсан тул ...” гэх үндэслэлээр хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 3,304,000.00 төгрөгөөр шагнасан байна. 

2.3. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Урамшуулал олгох тухай” Б/16 дугаартай, мөн хэлтсийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Урамшуулал олгох тухай” Б/22 дугаартай тушаал, түүний хавсралтад[3] тус тус зааснаар Х.д (100 хувь, 50 хувь) урамшуулал олгосон байна. 

2.4. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн магадлалаас үзвэл мөн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/10 дугаартай, мөн оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаалуудаар 2024 оны эхний хагас жил болон жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтийг харгалзаж ахлах нягтлан бодогч Х.д эхний хагас жил 100 хувь, жилийн эцэст 100 хувь нэмэгдлийг тус тус олгосон үйл баримт[4] тогтоогджээ.

2.5. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна”, 23 дугаар зүйлийн 23.2-т “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж, урамшуулж болно” гэж тус тус заасан байна.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төсвийн болон төрийн бус байгууллагын бүх нягтлан бодогч нарт үйлчлэх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан тохиолдолд шагнаж, урамшуулахаар зохицуулсан байна.

2.7. Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч Х. нь төрийн албан хаагч учир Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна”, 51.2-т “Энэ хуулийн 51.1.1-д заасан шагнал олгох, 51.1.3-т заасан шагналд тодорхойлох болон 51.1.4-т заасан мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар, ... батална”, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид шагнал олгох журам”-ын 1.1-т “Төрийн албан хаагчид Засгийн газар болон төрийн бусад байгууллагаас олгох шагналын төрлийг тогтоох, төрийн албан хаагчийг шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох, шагнал олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна”,  3.3-т “Мөнгөн шагналыг төрийн онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар  биелүүлсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн төрийн албан хаагчид олгож болно. Байгууллагын удирдлагын шийдвэрээр тухайн ажилтныг шагнах мөнгөн шагналын хэмжээ нь сарын үндсэн цалинг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байна” гэж тус тус зааснаар илүү нарийвчлан зохицуулагдана. 

2.8. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Х.ыг хуульд заасан үндэслэлээр шагнасан үндэслэл баримтаар тогтоогдоогүй хийгээд мөн Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нягтлан бодогч Х.д 2024, 2025 онуудад үр дүнгийн урамшуулал олгосон атлаа Х.ын мөнгөн шагналын хэмжээг үндэслэлгүйгээр хэтрүүлж шагнасан нь Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2-т заасантай тус тус нийцээгүй байна. 

2.9. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 дахь заалт нь үр бүтээлтэй ажилласан тохиолдолд урамшуулал олгохоор заасан. Бусдаар заавал Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах талаар дурдаагүй. Мөн шагнал, урамшууллыг олгохдоо 0.5, 1.5, 2 хувь шүү гэж хувь хэмжээг тусгайлан зааж өгөөгүй “ гэх тайлбар үндэслэлгүй.

3. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

3.1. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний  өдрийн “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” ******* дугаартай албан шаардлагаар “ ... нягтлан бодогч Х. нь өмнөх оны аудитаар өгөгдсөн алдаа зөрчлийг давтан гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.3-т заасныг тус тус зөрчсөн тул Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.2-т зааснаар Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Х.д хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, зөрчлийг таслан зогсоох, албан шаардлагыг хэрэгжүүлж, биелэлтийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэсэн.

3.2. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтыг үндэслэн нягтлан бодогч Х.ыг урамшуулан шагнасныг Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22/А/1270470 дугаартай актаар зөрчил гэж тогтоож, улмаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн магадлалаар уг акт үндэслэл бүхий болох нь тогтоогдсон.

3.3. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”,  Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох”-ыг хориглоно гэж тус тус заасан.

3.4. Гэтэл төсвийн захирагч буюу Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтыг удаа дараа зөрчин тус байгууллагын ахлах нягтлан бодогч Х.д 2024, 2025 онуудад урамшуулал, шагнал олгосон байна.

3.5. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн “ ... өмнөх оны аудитаар илэрсэн алдаа зөрчлийг давтан гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх тайлбар үндэслэлтэй.

3.6. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар 2024, 2025 онуудад ажиллаж байсан ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/36 дугаартай тушаалаар Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст шилжүүлсэн байх тул энэ тохиолдолд хариуцагч байгууллага Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид “ахлах нягтлан бодогч Х.д хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, зөрчлийг таслан зогсоох” үүрэг өгсөн нь Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т заасантай нийцсэн байна.   

4. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “... 2026 оны 01 сарын 28-ны өдрийн сонсох ажиллагаанд ыг оролцуулан хийсэн нь хууль бус. Зөв этгээдийг олж сонсох ажиллагааг явуулах ёстой байсан. 2026 оны 02 сарын 11-ний өдрийн 40 дугаартай актын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад 2025 оны 05 сарын 20-ны өдрийн дотор гэж бичсэн. Гэтэл акт маань өөрөө 2026 оны 02 сарын 11-ний өдөр гарсан. Иймд акт нь өөрөө хууль зүйн бүрэн тодорхой байх гэсэн Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн актад гомдол гаргах эрхтэй тухай бичээгүй ... ” гэх тайлбарыг гаргаж, маргасан. 

4.1. Гэвч сонсох ажиллагааны мэдэгдэлд Х. гарын үсэг зурсан, мөн сонсох ажиллагаанд оролцож тайлбар өгсөн ба маргаан бүхий актад гомдол гаргах эрхийг зааж өгөөгүй нь уг актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл биш юм.

5. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээрх  “Төлбөрийн актад механик алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь засаж болохуйц алдаа “ гэх тайлбарыг шүүх хүлээн авсан тухай дурдах нь зүйтэй.    

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 42 дугаар зүйлийн 42.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5.2, 16.5.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2, 57 дугаар зүйлийн 57.2.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.аас гаргасан Дундговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний  өдрийн ******* дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт, мөн 2026 оны 02 дугаар сарын 11-ний  өдрийн ******* дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.ЦЭРЭНРАГЧАА

 

 

 

[1] Хэргийн 17-18, 138-139-р хуудас

[2] Хэргийн 52 хуудас

[3] Хэргийн 53-56 хуудас

[4] Хэргийн 145-165 хуудас