| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2018/01941/И |
| Дугаар | 210/МА2018/01881 |
| Огноо | 2018-08-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2018/01881
| 2018 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2018/01881 |
Ц.Цэрэнжавын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02132 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц.Цэрэнжавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох,
Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Энхжаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхтуяа, Х.Энхсүх нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: УБТЗ-ын дохиолол холбооны 1 дүгээр ангийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 89 дүгээр тушаалаар Дархан 2 дахь шугамын 3 дугаар хэсгийн шугамын механикч Ц.Цэрэнжавыг ажлаас нь чөлөөлсөн ба үүнийг нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хөдлөх замд ивүүр тавиагүйгээс болж осол гарсан, энэ талаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шуурхай хурал хийсэн ба дээрх осол нь Ц.Цэрэнжавын ажил үүрэгтэй холбоотойгоор, түүний буруугаас болж гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Дээрх осол Ц.Цэрэнжавын ажил үүрэгт хамааралгүй байхад байгууллагын шуурхай хурал дээр ажлаасаа халагд гэж хэлсэн байдаг. Үүний дараагаар түүнийг ажлаасаа гарахыг, өргөдлөө өгөхийг удаа дараа шаардаж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон байгаа. Ц.Цэрэнжав 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дохиолол холбооны үйлдвэрчний холбоонд өргөдөл гаргасан байдаг. Мөн хариуцагч байгууллагын боловсон хүчин ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг утсаар шаардаж байсан ба удаа дараагийн дарамт шахалтаас болж Ц.Цэрэнжав 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хариуцагч байгууллагын Ц.Цэрэнжавыг ажлаас чөлөөлж байгаа шалтгаан тодорхой, ойлгомжтой байх ёстой. Хариуцагч байгууллагын тайлбарт Ц.Цэрэнжавыг үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн байна. Гэтэл Ц.Цэрэнжавыг ашиг сонирхлын зөрчлийн улмаас ажлаас халж байна уу, эсхүл өөрөө хүсэлт гарган ажлаас халагдаж байгаа нь эргэлзээтэй байна. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж сайн дураар биш шахалт дарамт үзүүлж өргөдлөө гаргахад хүргэсэн байна. Ц.Цэрэнжав өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байгаа бол байгууллагын шуурхай дээр одоо ажлаасаа халагд гэж үүрэг өгсний дагуу боловсон хүчин нь Ц.Цэрэнжавыг өргөдлөө өгөхийг шаардсан байдаг. Мөн хариуцагч байгууллагаас Ц.Цэрэнжавыг ажилдаа ирээд хэрэггүй, ажлаас чинь чөлөөлнө гэж утсаар хэлсэн байдаг тул Ц.Цэрэнжавыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэсгүй байна. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмаар гаргасан нөхцөлд 30 хоногийн дотор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хуульд заасан байхад Ц.Цэрэнжавтай хугацааны талаар тохироогүй, өргөдлөө өгөхийг шаардсан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөртөө л түүнийг ажлаас чөлөөлсөн. Ц.Цэрэнжав ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн байхад түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр чөлөөлсөн байна. Ц.Цэрэнжав үнэхээр өөрөө хүсэж хүсэлтээ өгөөгүй байхад тэтгэвэрт гарахын өмнө ажлаас халагдсандаа харамсаж байгаа. Иймд түүнийг Дархан 2 дахь шугамын 3 дугаар хэсгийн шугамын механикчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Цэрэнжав ажил олгогч байгууллагад нэг л өргөдөл өгсөн, хэрэгт 4, 5 өргөдөл авагдсан байна. Ц.Цэрэнжавын манайд өгсөн өргөдөлд хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх гэж байгаагаа дурдсан байдаг. Дээрх нөхцөлд үндэслэн УБТЗ-ын Дохиолол холбооны 1 дүгээр ангийн даргаас хөдөлмөрийн дотоод журмын 3.1-т зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 89 дүгээр тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон, дараагийн өдөр нь ажлаа хүлээлцэхээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг.2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 4 дүгээр сарын 4-ний өдөр шилжих шөнө Дархан 2 өртөөнд гарсан осолд гологдолтой асуудал яригдсан. Энэ асуудалд механикч Ц.Цэрэнжав хамааралтай байсан. Тухайн үед Ц.Цэрэнжав өөрийн захирлаар ажилладаг байсан компанитай 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 10 камерыг 1 460 000 төгрөгөөр худалдсан байсан. Энэ худалдан авах гэрээг үндэслэн төмөр замын 2 камер суурилагдсан нь иж бүрдэл биш, биет байдлын доголдолтой камерууд байсан. Хяналтын камерын системийн шаардлагатай цахилгаан тэжээлийн иж бүрдлийг хангаагүйгээс тухайн үед гарсан гологдлын онцлох бичлэг хадгалагдаагүй байсан нь камер ажиллаагүй шалтгаан юм. Камер ажиллагаагүй болох үед Ц.Цэрэнжав өөрийн ажлаа хийж байсан. Камер хэдээс хэдэн цагийн хооронд унтарсныг Ц.Цэрэнжав өөрийнхөө тодорхойлолтод 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн сарын 03-ны өдрийн 07 цаг хүртэл камер унтарсан байсан гэж бичсэн байсан. Технологийн зориулалттай хяналтын камерын засвар үйлчилгээний ажилтан болох Дохиолол холбооны 1 дүгээр ангийн механикч Ц.Цэрэнжавыг "Светофор ХХК-ийн захирлаар ажилладаг болохыг нь Д.Жигжид дарга мэдээгүй гэдгээ шуурхай хурлын үед хэлсэн. УБТЗ ХНН-ийн даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр А-170 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан төмөр замын тээврийн үйл ажиллагааг хяналтын камераар баримтжуулан бичих системийн ашиглалтын журмын 3.22-т Камерын хяналтын төхөөрөмж байнгын цахилгаан тэжээлийн эх үүсвэрээс тэжээгдэх ба нөөц тасралтгүй тэжээлийн үүсгэвэртэй байна, 4.1-т Тээврийн хяналтын алба болон холбогдох албадын байцаагч нар онцлох бичлэгийг тогтоож өгнө гэснийг тус тус зөрчсөнөөс үүдэлтэй байсан. Энэ үед 20-иод хүмүүст тухайн үед арга хэмжээ авсан. Дархан зангилгааны даргын баталсан Дархан-2 өртөөний паркын харуулын байран дахь камерын ажиллагааг хянах журамд зорилгыг тодорхойлсон. Энэхүү журамд Дархан-2 өртөөний паркын хяналтын камер нь төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачааны бүрэн бүтэн байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гадны халдлагаас урьдчилан сэргийлэх, хяналт тавьж хамгаалахад оршино, мөн журмын 2-т гологдол, онцгой тооцоот гологдол, зөрчил гарсан тохиолдолд камерын бичлэгийг ухраах, шалгаж үзэх гэж тус тус заасан. УБТЗ ХНН-ийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А-55 дугаар тушаалаар баталсан худалдан авах ажиллагааны журмын 3.1-т худалдан авах ажиллагаа ил тод байх, тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчмыг баримтална, 3.3, 3.7-т төсөвт өртөг 5 сая төгрөг хүртэлх бараанд худалдан авалт хийхдээ тухайн салбар нэгж нь худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаар хянуулах", 3.9-т Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээний төсөл бэлтгэх ажиллагаанд оролцож байгаа УБТЗ-ын албан тушаалтан, ажилтан нар авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй байх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ биелүүлээгүй нь тус шуурхай хурлын явцад илэрч, үүнийгээ Ц.Цэрэнжав хүлээн зөвшөөрч, уг хурлаас хойш 4 хоногийн дараа ажлаас халагдах өргөдлөө сайн дураараа өөрөө бичиж өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай хурал дээр Замын дарга Цэрэнжав өөрөө өргөдлөө өгөөд гарвал тэр биз. Өөрөө механик хийдэг, засдаг, хяналт тавьдаг мөртлөө өөрийнхөө ажилладаг компанид хувийнхаа компанийн камерыг шахаад, өөрөө гэрээ хийгээд гарын үсэг зураад зогсож байгаа асуудлыг шалга. Энэ чинь ашиг сонирхолын зөрчилтэй асуудал биздээ гэж хэлсэн байдаг. Түүнээс ямар нэгэн байдлаар хууль бусаар дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Ц.Цэрэнжав ажлаас гарах өргөдлөө 2-3 удаа давтан бичсэн нь хэн нэгний шахалт дарамтанд хийгдэх үйлдэл биш. Тухайн үед Үйлдвэрчний хорооны даргад өргөдөл өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ өгсөн бол Үйлдвэрчний хорооны дарга Жаргалсайханыг гэрчээс асууж үүнийг нотлуулах боломжтой байсан. Ц.Цэрэнжавын 3, 4 өгсөн өргөдлийг шүүх бодитойгоор үнэлэлт дүгнэлт хийнэ гэж бодож байна. Ажлаас халах хугацааг тохиролцох ёстой гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Тэгэхээр ажлаас халах хугацааг тохиролцох биш, ажил хүлээлцэх хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дуусгана гэж бичсэн байгаа, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гарсан тушаалыг 4 дүгээр сарын 09-ний өдөр гэж техникийн алдаа хийсэн нь үнэн. Үүнийг бид нотлохын тулд баримтуудаа гарган өгсөн, 09-ний өдөр дугаар авч урьдчилаад дугаар авсан юм шиг ойлгож болохгүй. Мөн хариуцлагагүй ажилтны үйл ажиллагаа нөлөөлсөн. Тэр үед бичиг хэргийн ажилтан ээлжийн амралтаа авсан учраас хүний нөөцийн менежер Г.Энхтуяа ажлыг орлон хийж санамсаргүй эс үйлдэл гаргасан байна. Мөн ажлаас халагдсан үндэслэл шалтгаан нь тодорхойгүй гэж тайлбарлаж байна. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэг гэж заасан байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Цэвээндэндэвийн Цэрэнжавыг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн Дархан-2 дахь шугамын 3 дугаар хэсгийн механикчийн ажилд эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 3 632 018 төгрөгийг гаргуулан Ц.Цэрэнжавд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Ц.Цэрэнжавын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ц.Цэрэнжав улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 73 062 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны мэтгэлцээний үед гаргасан хэрэгт ач холбогдолтой тайлбар зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэл болгон шийдвэр гаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах гэсэн хуулийн шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ "... Дархан-2 өртөөнд ... вагон өнхөрч онцгой тооцоот гологдол гарсан, энэ нь камерт бичигдээгүй, тухайн үед камер ажиллаагүй байсан, улмаар уг камерыг Ц.Цэрэнжав өөрийн хувийн компаниас нийлүүлсэн гэж хариуцагч тал тайлбарлах боловч энэ талаар тушаалд дурдаагүй байна гэжээ. Бодит үйл баримтыг үндэслэн тодорхойлоход: 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-2 өртөөнд ивүүр тавиагүйн улмаас вагон өнхөрч 1 дүгээр зам дээр орж ирсэн онцгой тооцоот гологдол гарсан. Уг гологдол гарсан шалтгаан нөхцөл байдал, нөлөөлсөн хүчин зүйл, шалгалтын үр дүнг хэлэлцэхээр Замын даргаар удирдуулсан шуурхай хурлыг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн. Хурлаар уг асуудлыг хэлэлцэх явцад зохих ажилтнуудын хайнга хариуцлагагүй байдал, мөн Төмөр замын багц дүрэм, журам, тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлдэггүй зэрэг дараахи нөхцөл байдлууд тогтоогдсон. Нэхэмжлэгч Ц.Цэрэнжав нь өөрөө захирлаар ажилладаг, өөрийн хувийн компани болох "Светофор" ХХК-иас ДРХ-2 өртөөний ажлын байранд 2ш камер болон дүрс баримтжуулан бичих төхөөрөмжүүдийг /1 460 000 төгрөгөөр/ өөрийн ажилладаг тус өртөөнд 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалджээ. Тус компанийн суурилуулсан хяналтын камерууд байнгын цахилгаан тэжээлийн эх үүсвэрээс тэжээгдээгүй, ердийн хэрэглээнээс өгсөн тул нөөц үүсгэвэргүй /UPS/ байсан, хяналтын камерын системд шаардлагатай цахилгаан тэжээлийн иж бүрдлийг хангаагүйгээс ажиллаагүй, ингэснээр тухайн үед гарсан онцгой тооцоот гологдлын онцлох бичлэг хадгалагдаагүй байсан нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагаас мөн сарын 03-ны өдрийн 07 цаг хүртэл камер унтарсантай холбоотой болно. Тухайн өдөр нэхэмжлэгч ажиллаж байсан атлаа камер унтарсан байсныг илрүүлээгүй байна. Энэ нь "УБТЗ" ХНН-ийн даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр А-170 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Төмөр замын тээврийн үйл ажиллагааг хяналтын камераар баримтжуулан бичих системийн ашиглалтын журам"-ын 3.22-т "Камерын хяналтын төхөөрөмж байнгын цахилгаан тэжээлийн эх үүсвэрээс тэжээгдэх ба нөөц тасралтгүй тэжээлийн үүсгэвэр /UPS/-тэй байна", 4.1-т "Тээврийн хяналтын алба болон холбогдох албадын байцаагч нар онцлох бичлэгийг тогтоож өгнө" гэснийг болон Дархан зангилгааны даргын баталсан "Дархан-2 өртөөний паркийн харуулын байран дахь камерын ажиллагааг хянах журам"-д зорилгыг тодорхойлохдоо "Дархан-2 өртөөний паркын хяналтын камер нь төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачааны бүрэн бүтэн байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гадны халдлагаас урьдчилан сэргийлэх, хяналт тавьж хамгаалахад оршино" гэж, мөн журмын 2-д "гологдол, онцгой тооцоот гологдол, зөрчил гарсан тохиолдолд камерын бичлэгийг ухраах, шалгаж үзэх" гэснийг тус тус хэрэгжүүлэх нөхцөлийг хангах боломжгүй байдлуудыг бий болгосон. Технологийн зориулалттай хяналтын камерын засвар үйлчилгээний ажилтан болох дохиолол холбооны 1-р ангийн механикч Ц.Цэрэнжавыг "Светофор" ХХК-ийн захирлаар ажилладаг, түүнийг өөрийн компанийн камерыг худалдан борлуулсан болохыг тус холбооны 1-р ангийн дарга /ШЧ-1/ Д.Жигжид мэддэггүй байсан гэдгээ шуурхай хурлын үед хэлсэн байна. Механикч Ц.Цэрэнжав нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1, 10.2.2, 2018 оны хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.3, ажлын байрны тодорхойлолтын Б-ын 4-т Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, бусад хууль тогтоомж, журмыг мөрдөх, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлэх, технологийн горимыг чанд биелүүлэн ажиллаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, байгууламжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, хариуцсан өртөө зөрлөгийн дүрс, ажиглалтын камераар баримтжуулан бичих систем /ДАКББС/-ийн төхөөрөмжүүдийн ажиллагааг хариуцан технологийн зурмагт үйлчилгээг хийж гүйцэтгэх гэснийг болон 2017 оны хөдөлмөрийн гэрээний 2.3.15, 2.3.16 дахь заалт, 2018 оны хөдөлмөрийн гэрээний 5.3.5, 5.3.6-д "ажилтан...галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа ба төмөр замын тээврийн багц дүрмийн шаардлага зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, зөрчлийг эрх бүхий этгээдэд мэдээлээгүй, осол гологдол, сүйрэл зөрчлийг үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн, түүнээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүргээ биелүүлэх" гэснийг, мөн түүнчлэн УБТЗ" ХНН-ийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А-55 дугаар тушаалаар баталсан худалдан авах ажиллагааны журмын 3.1-т Худалдан авах ажиллагаанд ил тод байх, тэгш боломжтой, .. хариуцлагатай байх зарчмыг баримтална", 3.3, 3.7-т "Төсөвт өртөг 5,0 сая төгрөг хүртэлх барааг шууд худалдан авалт хийхдээ тухайн салбар нэгж нь худалдан авах, борлуулалтын ажиллагааны алба /НХ/-аар хянуулах", 3.9-т "Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээний төсөл бэлтгэх ажиллагаанд оролцож буй УБТЗ-ын албан тушаалтан, ажилтан нар нь авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй байх" гэсэн үүргээ тус тус биелүүлээгүй нь дээрхи шуурхай хурлын явцад илэрсэн. Тус шуурхай хурлын тэмдэглэлд "Н буюу УБТЗ-ын дарга "Дархан-2 камер салгачихсан байхад хэн ч хариуцлага тооцохгүй", "Ш албаны камераас өөр камер авч болохгүй гэж үүрэг өгсөн гэж, мөн "Цэрэнжав өөрөө өргөдлөө өгөөд гарвал тэр биз, өөрөө механик хийдэг, засдаг, хяналт тавьдаг мөртлөө өөрийн ажилладаг байгууллагадаа хувийнхаа компанийн камерыг шахаад өөрөө гэрээ хийсэн байгаа энэ асуудлыг НВА /дотоод аудит хяналтын алба-аар/ шалгуул, энэ ашиг сонирхлын зөрчилтэй асуудал" гэж хэлсэн нь удирдах албан тушаалтны зүй ёсны шаардлага мөн бөгөөд үүнийг дарамталсан, зүй бус нөлөөлөл гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ шуурхай хурлаас түүнийг ажлаас халах, өөрчлөх, сахилгын шийтгэл ногдуулах талаар шийдвэр гаргаагүй юм. Замын даргаас Ц.Цэрэнжавын гаргасан дээрхи зөрчлийг "УБТЗ"-ын дотоод аудит хяналтын албаар шалгуулах үүрэг өгсөн бөгөөд ийнхүү өөрийн гэм буруутай үйлдлийг илрэнгүүт Ц.Цэрэнжав нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уг хурлаас хойш 4 хоногийн дараа ажлаас халагдах өргөдлөө сайн дураар өөрийн гараар ангийн даргадаа бичиж өгсөн байдаг. Шүүх шийдвэртээ "Нэхэмжлэгч ажлаас халагдах өргөдлөө гаргах болсон учир шалтгааныг тодорхой тусгаагүй, хуульд зааснаар өргөдөлдөө хүндэтгэн үзэх шалтгаантай байдлаа тодорхой дурдаагүй байх бөгөөд эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон байна гэж үзэх боломжгүй" гэж дүгнэжээ. Ц.Цэрэнжав нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан үйлдлээ өөрөө ухамсарлан ажлаас халагдах өргөдлөө өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон сайн дураар өөрөө бичиж ажил олгогчид 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн. Тэрээр тус өргөдөлдөө "... хувийн шалтгаанаар ажлаас халагдах хүсэлтэй байна" гэсэн байх бөгөөд уг өргөдөлд мөн өдрөөр ангийн дарга /буюу ШЧ-1/ Д.Жигжид "2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох" гэж ШЧК /Хүний нөөцийн менежер/-т цохолт хийсэн байна. Ингээд Дохиолол холбооны 1-р ангийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 10 /09-ны өдөр гэж буруу бичсэн/ өдрийн 89 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар ажилтны гаргасан өргөдөл, хувийн хүсэлтийг үндэслэн 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон Ц.Цэрэнжавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг түүний санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон байсан учраас мөн хуулийн 39.1-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Гэтэл шүүхээс Ц.Цэрэнжавыг ажлаас халагдах өргөдлөө өгсөн эсэхийг тус ангийн дарга, менежер утсаар асуусан, үүнийг нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа "Даргыг надаас Цэрэнжав өргөдлөө өгсөн үү гэж асуухаар нь би түүнээс өргөдлөө өгөх үү гэж нэг удаа асуусан, олон асуугаагүй, Цэрэнжавыг даргатай ярьж тохиролцсон гэж ойлгосон" гэсэн тайлбарыг нэхэмжлэгчид өргөдлөө өгөхийг сануулсан эс үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь "... ангийн дарга Д.Жигжид 2 удаа уулзаж, нэг удаа утасдаж ажлаас халагдах өргөдлөө өг гэж шаардаж байна, би ҮЭХ-нд хандаж, хуулийн зөвлөгөө авч өгнө үү" гэсэн өргөдлийг ангийн ҮЭХ-нд гаргасан, уг өргөдөлд салбарын ҮЭХ-ны дарга С.Жаргалсайхан "Шүүхэд өргөдөл өгөхөд татгалзах зүйлгүй" гэсэн цохолтыг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр бичсэн баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Уг баримтыг шүүхээс өргөдөлд бичигдсэн "дарга уулзсан, шаардсан гэсэн үгийг үнэн" гэж үзсэн, ингэхдээ ҮЭХ-ны салбар нэгжийн дарга цохолт хийсэн тул үнэн" гэсэн үндэслэлээр нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь өмнөх шүүх хуралдаан хойшлуулах үед гэрчээр тус ангийн ҮЭХ-ны дарга С.Жаргалсайханыг оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бөгөөд уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхийн тулд энэ нь тухайн ҮЭХ-ны даргыг гэрчээр асууж, мэдүүлэг аваагүй учраас дээрх бичгийн баримт нь нотлох баримтын эх сурвалж болохгүй. Шүүх нотлогдоогүй баримтыг урьдчилан үнэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т "шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэснийг зөрчиж, нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзэх чадсангүй. Ажил олгогчоос ямар нэг дарамт шахалт учруулсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон ямар ч баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч бодит байдалд нийцсэн тайлбар өгөх", 6.3, 26 дугаар зүйлийн 26.4-т "зохигч, төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх" гэснийг нэхэмжлэгч тал биелүүлээгүй болно. Түүний хэрэгт өгсөн "Өргөдөл загвар 1, 3" нь ажил олгогч талд өгөөгүй бөгөөд үүнийгээ нэхэмжлэгч тал тайлбарлахдаа олон удаа өргөдлөө засаж бичсэн гэх боловч хэнд, хаана гаргасан нь тодорхой бус байдаг. Нэхэмжлэгч ажлаас халагдах өргөдөлдөө "хувийн шалтгаанаар ажлаас халагдах" гэж бичсэн нь дээр дурдсан өөрийн гаргасан зөрчил дутагдлаа ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрч, өргөдлөө сайн дураар бичиж өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа "Ц.Цэрэнжавыг ажил үүргээ гүйцэтгэхдээ зөрчил дутагдал гаргасныг үгүйсгэхгүй" гэсэн тайлбар гаргасан нь нэхэмжлэгчийг зохих гэм буруутай байсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно. Удирдах ажилтны зүй ёсны шаардлага, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагад мөрдөгдөх дүрэм журам, зааврыг биелүүлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар ажилтны үүрэгт хамаарна. Ажилтныг ажлаас халагдах хүсэлт гаргахад ажил олгогчийн зүгээс ямар нэг байдлаар нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн, хөндлөнгөөс оролцсон гэх үйл баримт огт нотлогдохгүй байна. Иймээс түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, өргөдөл гаргах болсон нөхцөл байдлыг хувийн ашиг сонирхол, гаргасан зөрчил, нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч Ц.Цэрэнжав нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай Ц.Цэрэнжав нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Дохиолол холбооны 1 дүгээр ангийн шугамын холбоо хариуцсан механикчаар томилогдон ажилласан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд тус ангийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 89 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Ц.Цэрэнжавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 4-5, 8 дугаар тал/
Ажилтан Ц.Цэрэнжавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 89 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэгт заасантай нийцээгүй байх тул Ц.Цэрэнжавын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно.
Ажилтан Ц.Цэрэнжав нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халагдах өргөдөл гаргасан боловч тэрээр уг өргөдлийг ажил олгогчийн шахалт, шаардлагаар гаргасан гэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Цэрэнжав нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа алдаа гаргасан, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн гэх асуудал нь 2018 оны 4 сарын 6-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байх бөгөөд дээрх шалтгаанаар ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Ц.Цэрэнжавт шахалт, шаардлага үзүүлсэн гэж үзэхээр байна.
Энэ нь тухайн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороонд гаргасан ... ажлаас халагдах өргөдлөө өг гэж 2 удаа уулзаж, 1 удаа утасдаж ангийн дарга Жигжид шаардаж байна, би ҮЭ хороонд хандаж хуулийн зөвлөхөөс асууж өгнө үү гэх өргөдлийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Жаргалсайхан хүлээн авч, шүүхэд өргөдлөө бичиж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн бичвэр бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 9, 13-16 дугаар тал/
Хариуцагч тал уг баримтыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Жаргалсайханаас гэрчийн мэдүүлэг аваагүй нь бичгийн нотлох баримтын эх сурвалж болохгүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч хариуцагч тал 2018 оны 6 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд С.Жаргалсайханаас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргаагүй /хх-ийн 68-70-р тал/, хавтаст хэргийн 13 дугаар талд байгаа С.Жаргалсайханы гарын үсэгтэй нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Хэрэв ажилтан Ц.Цэрэнжав нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа алдаа, зөрчил гаргасан гэж үзвэл ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтын дагуу ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах боломжтой юм.
Иймд нэхэмжлэгч Ц.Цэрэнжав нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар ажлаас халагдах өргөдлөө өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв.
Харин анхан шатны шүүх Ц.Цэрэнжавын ажилгүй байсан хугацааны олговрыг хэрхэн тооцож 3 632 018 төгрөгөөр тогтоосон нь тодорхойгүй байна.
Хэргийн 11 дүгээр талд байгаа баримтаас дүгнэхэд Ц.Цэрэнжав нь 2018 оны 1 дүгээр сард 1 839 457 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 2 271 362 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 1 542 871 төгрөгийн цалинг тус тус авсан байх бөгөөд нийт 5 653 690 төгрөгийн 1 сарын дундаж цалин 1 884 563 төгрөгөөс ажилгүй байсан 58 хоногийн хугацааг тооцоход бүгд 4 968 396 төгрөгийн олговор авахаар байна.
Гэвч нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүхээс тогтоосон 3 632 018 төгрөгийг хэвээр үлдээв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
Г.ДАВААДОРЖ