Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0780

 

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, Э.Э******ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад  холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Э.Э******оос нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт ирүүлснийг 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлэн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э******с 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Э.Э******ын /РД:******/ нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б******ын Ц******нд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна.

Миний бие нь хариуцагчид холбогдуулан "Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ц******ийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/145 дугаар тушаал нь гомдол гаргагч төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус тушаал болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.

Хариуцагчийн зүгээс Э.Э****** намайг Б****** дүүргийн Татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-т "нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх", 66 дугаар зүйлийн 66.1-т "Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсвэл хэсэгчлэн татгалзаж болно" гаж, заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “…нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно…” 66.2 дахь хэсэгт “…нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Э.Э******оос нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Э.Э******ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох “…Татварын ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/145 дугаар тушаалаар албан тушаал бууруулах тухай шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа захиргааны актыг хууль бус болохыг тогтоож төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Э****** нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Э******ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох “…Татварын ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/145 дугаар тушаалаар албан тушаал бууруулах тухай шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа захиргааны актыг хууль бус болохыг тогтоож төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.МӨНХ-ЭРДЭНЭ