| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 2417000000065 |
| Дугаар | 2025/ДШМ/01 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., 18.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/01
М.Б, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
прокурор Б.Ануужин,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч М.Б өмгөөлөгч Б.Батчимэг, шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Б, Б.Б нарт холбогдох 2417000000065 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, - оны - дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн Ц суманд төрсөн, - настай, эрэгтэй, дээд боловсролтой, утга зохиолын ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум - дүгээр баг, - гэх газар оршин суух хаягтай, улсаас Соёлын тэргүүний ажилтан шагнал авч байсан, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ХМШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон гэх Б овогт М Б,
Монгол Улсын иргэн, - оны- дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн Д суманд төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эхнэр, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр баг, - дүгээр байрны - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШТЦ/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан гэх Боржигон овогт Б-О Б.
Шүүгдэгч М.Б нь Б.Б бүлэглэж, 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 5 дугаар багийн нутаг, Гүн жалга гэх нэртэй газар байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэр дотор нэвтэрч, улмаар тухайн гэр дотор байсан Ж.Д эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар - УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар авч, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн бүлэглэж тухайн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон Ж.Д эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг бусдад зарж борлуулсан, улмаар тухайн олсон орлогоос 90,000 төгрөгийг зарцуулж мөнгө угаасан,
шүүгдэгч Б.Б нь М.Б бүлэглэж, 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, - дугаар багийн нутаг, Гүн жалга гэх нэртэй газар байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэр дотор нэвтэрч, улмаар тухайн гэр дотор байсан Ж.Д эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар - УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар авч, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн бүлэглэж тухайн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон Ж.Д эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг бусдад зарж борлуулан, улмаар тухайн олсон орлогоос 60,000 төгрөгийг зарцуулж мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч М.Б, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт М Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглаж мөнгө угаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-О Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглаж мөнгө угаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ХМШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжаар сольсон хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ сар 17 /арван долоо/хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийг хорих ялаар сольж, 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б оногдуулсан 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Б оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.Б шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги нь түүнийг цагдан хорих байр луу шилжүүлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.Б, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 90,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 60,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх MYU382027162 арлын дугаартай, - УНҮ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийг шүүгдэгч М.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.М-Э 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, MYU382027162 арлын дугаартай, - УНҮ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Б овогт Г Т /РД: /-д буцаан олгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б өмгөөлөгч Б.Батчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...М.Б 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар багийн нутаг дэвсгэр болох Гүн жалга гэх нэртэй газар байрлах монгол гэрт нэвтэрч Ж.Д эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээл /1800000 төгрөгийн үнэлгээ бүхий/ 1 ширхэгийг хулгайлсан гэх хэрэгт буруутгаж байгаа хэдий ч уг дээлийг авсан эсэх талаар маргаж үгүйсгээгүй. Гагцхүү М.Б тухайн хэргийг үйлдэх санаа зорилго 2024 оны 02 дугаар сарын сүүлээр үү эсхүл 2024 оны эхээр үүссэн эсэх цаг хугацааны хувьд хэзээ үйлдэгдсэн болох нь маш их чухал байсан. Өөрөөр хэлбэл: Нотлогдвол зохих үйл баримт нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэхэд нөлөөлөх байсан гэж үзэж байна. Хэрвээ 2024 оны эхээр тухайн дээлийг хулгайлах санаа зорилго үүсч 2024 оны сүүлээр очиж авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй юм. Хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр давхар зүйлчлэн ял оногдуулсан нь ойлгомжгүй байна. Учир нь, бусдын эд хөрөнгийг хулгайлах нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог. Мөнгө угаах гэдэг ойлголтод “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч эд хөрөнгийн эрхийг нуун дарагдуулсанд” хамруулан үздэг. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэгт Эрүүгийн хэргийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хамаарч байгаа юм” гэж хавтгайруулан үзэж давхар зүйлчлэх ёсгүй гэж үзэж байна. Тухайн дээлийг өөр бусдад зарж мөнгийг захиран зарцуулж байгаа нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжид хамаарч байна.
Иймд уг хэргийг хянаж М.Б холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:
Эрүүгийн хуулийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээ, эрх зүйн үндэслэл:
...Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зааж энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоожээ. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтыг хуульчилсан байх ба мөн зүйлийн 3.7 дугаар зүйлд нэг гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтын төрлийг тус тус хуульчлан заасан байна. Гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт нь өөртөө обьектив болон субьектив шинжийг агуулах эдгээр шинжүүдийн аль нэг нь үгүйсгэгдэнэ. Гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтын обьектив шинж нь, тоон шинж буюу гэмт хэрэгт 2 ба түүнээс дээш хүн оролцсон байхыг шаардана. Гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтын чанарын шинж гэдэгт, гэмт хэрэгт хамтран оролцсон хоёр ба түүнээс дээш этгээдүүдийн үйлдэл хоорондоо нөхцөлдөж гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийн улмаас нэгдмэл нэг хор уршиг учирсан байхыг ойлгоно. Гэмт үйлдэл нөхцөлдсөн гэдэг нь, гэмт хэрэг үйлдсэн хоёр буюу түүнээс дээш этгээдүүдийн нэгнийх үйлдэл нь дангаараа хэрэгжих боломжгүй зайлшгүй хоорондоо нэгдсэн, нөхцөлдсөн байхыг Эрүүгийн хуулийн хэрэглээний хувьд авч үздэг. Түүнчлэн хоёр буюу түүнээс дээш этгээдүүдийн дээрх нөхцөлдсөн үйлдлийн улмаас учирсан хор уршиг, хохирол нь шууд шалтгаантай, нэгдмэл шинжийг агуулсан тохиолдолд гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтын чанарын шинжийг бий болгоно. Гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтын субьектив шинж нь гэмт хэрэгт хамтран оролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдүүд нь оюун санааны шинжийн хувьд гэмт үйлдлийнхээ нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарласан гэмт хэрэгт хамтран оролцож байна гэдгээ мэдсэн байдаг бол хүсэл зоригийн шинжийн хувьд гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлээ хүсч зориуд хэрэгжүүлсэн байхыг шаардана. Дээрх гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтын тоон ба чанарын шинж, субьектив талын шинжийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, нотлох баримтын хүрэлцэхүйц байдлыг хангах нь гэмт хэрэгт хамтран оролцох талаарх эрүүгийн хуулийн хэм хэмжээг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, эрүүгийн хариуцлагыг үндэслэлтэй хүлээлгэх, ялыг ялгамжтай оногдуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах хууль зүйн үндэслэл болж байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний үндэслэл, эрх зүйн дүгнэлт:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ гэмт хэргийг үйлдсэн хүний гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн шууд санаатай хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэлт, нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, эргэлзээгүй, бодитой тогтоох нь шүүхээс тухайн хүнийг энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлагыг үндэслэлтэй хүлээлгэх, эрүүгийн ял оногдуулах бодит нөхцөлийг бүрдүүлэх зарчмын хэм хэмжээг тус тус хуульчилан заажээ. Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдлыг хангах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмын хэм хэмжээ болохыг хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчлан заасан байна.
Дээрх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн үндэслэл, эрх зүйн дүгнэлтээс үзэхэд миний үйлчлүүлэгч Б.Б нь гэмт хэрэгт хамтран оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх хууль зүйн шинж тогтоогдохгүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Гэрч Б мэдүүлэг, гэрч Б.Б мэдүүлэг, гэрч Б.Б мэдүүлэг, дансны хуулга, шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг гэрч Г.Н мэдүүлэг, гэрч Г.Т мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Хууль зүйн болон хэргийн үйл баримтыг харьцуулан шалгасан байдал:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар “Б.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар багийн “Гүн жалга” гэх газар хохирогч Ж.Д гэрээс шүүгдэгч М.Б хамтарч хурган дотортой дээл хулгайлах талаар мэдээгүй, айлд очиж хувцсаа сольё гэхээр нь би машин олж тусалсан гэх мэдүүлгийг тогтвортой өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцох талаар урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн, үгсэн тохирсон гэх хамтран оролцох үндсэн шинжийг хөдөлбөргүй тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан “гэмт хэргийг яаж үйлдсэн” гэх нотлогдвол зохих зүйл бүрэн хангагдаагүй гэж үзэж байна. Хэрэг болсон гэх газар өөрийн эзэмшлийн автомашинаар хүргэж өгсөн гэрч Г.Т гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Б.Б, М.Б хоёр шуудайтай зүйл авч ирсэн үйл баримтыг гэрчилдэг боловч хохирогч Ж.Д гэрийн наана Б.Б үлдээд цааш М.Б явж айлаас өөрийн дээл хувцсаа аваад ирлээ гэхээр нь наашаа цуг явсан гэх мэдүүлгийг бүрэн няцаасан нотлох баримт гэж үзэх хангалттай үндэслэл биш байна. Б.Б гэмт хэрэгт хамтран оролцох, дэмжлэг үзүүлэх гэсэн субьектив шинж нь мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм. Учир нь хувцсаа авах гэж явах шаардлага гарсан энэ тухайгаа Б.Б хэлж туслахаар тохирсон, цас их байсан учир найздаа туслахаар болж Г.Т машиныг гуйж хөлсөлсөн М.Б цуг яваад наана нь үлдэж, цааш М.Б ганцаараа явсан, тусалсанд баярлалаа гээд дээл зарсан мөнгөнөөсөө 60,000 төгрөг өгсөн” гэх үйл баримтууд нь дангаараа миний үйлчлүүлэгчийг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйлдэл, гэм буруугийн хэлбэрийг бүрэн дүүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэргийн нотлогдоогүй сэжиг, таамаглал гэж үзэх үндэстэй байна. Хэрэг хянан шалгах ажиллагааны үе шатуудад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа тогтвортой хүлээн мэдүүлж байгаа шүүгдэгч М.Б мэдүүлгийг үнэлэх эсэх нь шүүгчийн дотоод итгэл мөн боловч ялангуяа хэргээ хүлээн мэдүүлж байгаа шүүгдэгчийн мэдүүлэг нотолгооны ач холбогдолтой байдаг учраас давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах явцдаа анхаарч үзэхийг энд дурдах нь зүйтэй юм.
Мөнгө угаах гэмт хэргийн тухайд: Миний үйлчлүүлэгчийг хулгайлах гэмт хэргийн улмаас бий болсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан..” гэмт үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцон энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялын төрөл хэмжээг хуульчлан заажээ. Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүсэл зоригийн шинжийн хувьд бусдаас авч байгаа зүйл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр буюу зориуд хүсч авсан байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл авч буй мөнгө, орлого хөрөнгө нь гэмт хэрэг үйлдэж бий болсон гэдгийг лавтай сайн мэдсэн байх, урьдчилан амласан шинжгүй байхыг ойлгоно. Мөнгө угаах гэмт хэргийн халдлагын зүйл болох “хөрөнгө, мөнгө, орлого”-ыг авагч этгээд нь тухайн гэмт хэрэгт оролцоогүй тэдгээр зүйлсийг нуун далдлах, ул мөрийг баллах зэргээр урьдчилан амалсан шинжгүйгээр өөрт авсан байх нь ижил төрлийн болон төсөөтэй гэмт хэргээс ялган зүйлчлэх үндсэн шинж болно. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэлтэд хүрвэл “Мөнгө угаах гэмт хэргийн шинж” үгүйсгэгдэх, мөнгө угаах гэмт хэрэг гэж дүгнэвэл “хамтран оролцох” ойлголтын шинж үгүйсгэгдэн ялгагдах шинжийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх нь зүйлчлэлд ач холбогдолтой юм. Гэмт хэрэгт хамтран оролцсоны улмаас учирсан хор уршиг нь тухайн үндсэн гэмт хэргийнхээ хор уршгийн шинжид багтах ба гэм бурууг хувааж дүгнэх нь эрүүгийн эрх зүйн хувьд үндэслэлгүй гэж дүгнэж байна. Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн бүх гэмт хэрэг хамаарах хууль зүйн боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчлан заажээ. Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ гэж эрх бүхий байгууллагын албан ёсны тайлбарт тайлбарлан заажээ. Хууль болон түүнийг тайлбарласан албан ёсны тайлбараас дүгнэхэд гэм буруугүйд тооцох зарчим, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмууд харилцан нөхцөлдсөн, уялдаа холбоотой үзэл баримтлалын хувьд зэрэгцэн орших нь тодорхой байна. Миний үйлчлүүлэгч Б.Б гэм буруутайд тооцсон анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр нь шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага, үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоогоогүй гэж үзэж байна.
Иймд миний үйлчлүүлэгч Б.Б холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч М.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө адилхан саналтай байна гэв.
Прокурор Б.Ануужин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч М.Б өмгөөлөгчийн гаргасан гомдолтой холбоотой тайлбар хэлье. Өмгөөлөгчийн ярьж байгаа зүйл нь орон байранд нэвтэрч үйлдсэн эсэх, машин механизм ашиглаж үйлдсэн эсэх нь нотолбол зохих байдлын хэмжээнд нотлогдоогүй учраас энэ зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх санал гаргаж байгаа юм байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн үйл баримтын тухайд шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогддог. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Б мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, бусад гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч М.Б нь хохирогч Ж.Д гэрийн тооноор нэвтэрч буюу тооныг нь онгойлгож нэвтэрч үйлдсэнээр энэ гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай төгссөн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол гэж байгаа. Энэ зүйл анги нь яаж нотлогддог вэ гэхээр шүүгдэгч Б.Б нь - УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг олж М.Б хамт хохирогч Ж.Д эзэмшлийн гэр байгаа буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Гүн Жалга гэх нэртэй газар луу тухайн үеийн нөхцөл байдал, цас шуурга ихтэй байсан, тэр саадыг арилгах зорилгоор хохирогчийн гэр рүү явсан. Тэгэхээр энэ гэмт хэргийг анхнаасаа үйлдэх зорилгоор шүүгдэгч нь нэгдэж, тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж цаашаа явах боломжгүй болох хүртлээ ашиглаж, түүнээс цаашаа М.Б нь орон байранд нэвтэрч буюу үндсэн үйлдлээ төгсгөж байгаа үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогддог тул хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч М.Б зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Б хувьд гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байна. Шүүгдэгч М.Б, Б.Б нарын мэдүүлгээр ямар үйл баримт тогтоогддог вэ гэхээр шүүгдэгч М.Б анхнаасаа тэр дээлийг авах зорилгоор шүүгдэгч Б.Б хэлсэн байдаг. Энэ нь өөрийнх нь мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогддог. Мөн анхан шатны хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэлд дурдагдан тогтоогдсон нөхцөл байдал. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх талаарх ойлголтын хуульчилж өгсөн гэмт хэргийг хуульчилж өгсөн. Гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүмүүс санаатай нэгдэж үйлдсэн байхыг ойлгодог. Тэгэхээр шүүгдэгч М.Б, Б.Б нарын хувьд гэмт хэрэгт хамтран оролцох буюу хулгайлах гэмт хэргийг төлөвлөж, хохирогч Ж.Д гэрт очиж хурган дотортой дээлийг хулгайлсан учраас энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б.Б нь бүлэглэн гүйцэтгэсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт оролцоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж прокурорын зүгээс үзлээ. Мөнгө угаах гэмт хэргийн хувьд гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилж өгөхдөө гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол гээд мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон. Энэ гэмт хэргийн улмаас буюу хулгайлах гэмт хэрэг оролцохгүй, ийм гэмт хэрэг байна гэсэн тусгайлан зохицуулсан хуулийн хэрэглээ байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг нь аливаа гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн хөрөнгийг зарж, борлуулж, ашиглалтыг нь өөрчилж, өөрт хууль бусаар олж авч байгаа ашиглах, эзэмших эрхийг хууль бус болгож байгаа гэмт үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэг гэж ойлгоно. Шүүгдэгч Б.Б, М.Б үйлдэл нь өөрсдөө хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Ж.Д хурган дотортой дээлийг хууль бусаар авсан дээлийг бусдад зарж, борлуулж тухайн хөрөнгөөс М.Б нь 90,000 төгрөг, Б.Б нь 60,000 төгрөгийг зарцуулж мөнгө угаасан гэмт хэргээр зүйлчилсэн зүйлчлэл үндэслэлтэй буюу хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн нь зөв учраас өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь бүлэглэж 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 5 дугаар багийн нутаг, Гүн жалга гэх нэртэй газар байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэрт нэвтэрч, улмаар тухайн гэр дотор байсан Ж.Д эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар - УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар авч 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн бүлэглэж Ж.Д эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулан, олсон орлогоос М.Б 90,000 төгрөг, Б.Б 60,000 төгрөгийг авч, мөнгө угаасан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Б, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцээд шүүгдэгч М.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглаж мөнгө угаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ял оногдуулжээ.
Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.Б өмгөөлөгч Б.Батчимэгээс “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгийг хөнгөрүүлж өгнө үү”, шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс “... шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.
Хяналтын прокуророос шүүгдэгч М.Б, Б.Б нарт холбогдуулан “... мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхдээ тус тус өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирч болно гэдгийг ухамсарлаж, хууль бус гэдгийг мэдэж байсан боловч түүнийг хүсэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, хохирол, хор уршигт хүргэсэн байх тул түүнийг хулгайлах, мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй ” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.
Хэрэгт авагдсан, нотлох баримтууд болох:
шүүгдэгч М.Б “... би Т “ би нэг дээл булчихсан байгаа. Тэрийг хоёулаа очиж аваад заръя” гэсэн чинь Т зөвшөөрөөд унаа олохоор болсон” гэсэн,
гэрч Н.Б “... отор нүүдэл хийгээд хэд хонож болох уу гэж Ж.Д өөрөөс нь зөвшөөрөл аваад гэрт нь очиж түлхүүр заалгаад гэрт нь 7-8 хоносон. Ж.Д очихдоо танил М.Б .... нартай мал туугаад очсон“ гэсэн,
гэрч Г.Д “... тэр үед М.Б, Ж.Д гэх айлд ганцаараа үлдээд хоёр хоногийн дараа Н.Б малыг туугаад араас ирсэн” гэсэн,
гэрч Б.Б “... надад М.Б 2024 оны 02 дугаар сарын 26-нд цэнхэр өнгийн хурган дотортой дээл авчраад хүүхэд өвдөөд байна энэ дээлийг 200,000 төгрөгөөр худалдаад аваач гээд хоёр өдөр гуйсаар байгаад 200,000 төгрөгөөр худалдсан” гэсэн,
гэрч Б.Б “... би тэр дээлийг фейсбүүк дээр зар тавиад 300,000 төгрөгөөр Улаанбаатар хот руу зарсан. ... дээл зарсан хүний гар утсыг мэдэхгүй, фейсбүүк хаягийг нь бас санахгүй байна. Дээл авсан хүн миний дансыг аваад надруу 300,000 төгрөг хийсэн “ гэсэн,
гэрч Г.Т ” ... тэр ах ойрхон хөдөө яваад өгөөч манай найз ойрхон айлд хүний мал хардаг юмаа тэр айлаас очиж өөрийнхөө юмыг авна гэнэ ээ, бензин хийж өгнө, чиний машин өндөр юм байна миний машин цас ихтэй байгаа учир явахгүй байна гэж надад хэлсэн. Тэр ах өөрийгөө Б гэж танилцуулсан. ... би зөвшөөрөөд Б гэж өөрийгөө танилцуулсан өндөр ахыг авсан” гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв байна.
Харин “мөнгө угаах” гэмт хэрэг гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс, ашиг орлогын эх үүсвэрийг нуун далдалж уг мөнгө болон эд зүйлсийг хууль ёсны мэтээр халхавчлан эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлбэр дүрсийг хувиргах бүхий л үйлдлийг хэлдэг.
Мөнгө угаах гэмт хэргийн зорилго нь албан тушаал, авлигын бүх төрлийн гэмт хэрэг, татвар төлөхөөс зайлсхийх, хүний наймаа, хууль бус зэвсгийн худалдаа, мансууруулах төрлийн гэмт хэрэг, үндэстэн дамнасан гэмт хэргүүд, терроризм, байгалийн баялагтай холбоотой гэмт хэргээс олсон хууль бус орлого, бохир мөнгөний урсгал, хууль бус санхүүжилтийг таслан зогсооход чиглэдэг болохоос ахуйн хүрээний, хохирол багатай гэмт хэргийн халдлагад өртсөн эд зүйлийг хамгаалахад чиглэдэггүй байна.
Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь бүлэглэж, машин механизм ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдэж олж авсан хурган дотортой дээлийг бусдад зарж борлуулж байгаа үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн агуулж чадахгүй бөгөөд харин хулгайн эд зүйлийг зарж борлуулж ашиг олох гэсэн хулгайн гэмт хэргийн үндсэн шинжийг илүүтэйгээр агуулж байгаа байдал тогтоогдож байна.
Иймээс шүүгдэгч нарын үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэр буруу байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэл буюу мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч М.Б, Б.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б, Б.Б нарын тус бүр цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дүгээр заалтыг “Шүүгдэгч Б овогт М Б, Б овогт Б-О Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,
2 дугаар заалтаас шүүгдэгч нарт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” ял шийтгэл оногдуулсан хэсгийг хасч,
4 дүгээр заалтын шүүгдэгч М.Б холбогдох хэсгийн “...2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын ...нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар” гэснийг “2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын ... нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурван/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар” гэж,
шүүгдэгч Б.Б холбогдох хэсгийн “...2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын ...нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоон/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар гэснийг “2 /хоёр/ жилийн ...нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар” гэж өөрчилж,
5 дугаар заалтыг “...шүүгдэгч М.Б оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурван/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг, шүүгдэгч Б.Б оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хасч, 4-11 дүгээр заалтыг 3-10 гэж дугаарлан өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Б нарын тус бүр цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.ОДНЯМАА