Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0712

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э******* /РД:**********/,

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох төрийн албан хаагчийн албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/*** дүгээр тушаалыг хүчингүй болгох,

1.2.Цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилоогүй төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус яаманд цалин хөлс буруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгах, 2025 оны 12 дугаар сахын 24-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах.

 

Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/*** дугаар Б.Э*******г түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалаар тус яамны Эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Н******* хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

2.2.Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/** дугаар Б.Э*******г албан тушаалд жинхлэн томилох тухай тушаалаар тус яамны Эрх зүйн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд жинхлэн томилсон.

2.3.Тус яамны 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дугаар Хууль зүй, дотоод хэргийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийг албан тушаал, орон тоог батлах тухай тушаалыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Б/*** дугаар Албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, томилох тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар албан хаагчдыг чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр Б.Э*******г томилсон.

2.4.Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/** дугаар Б.Э*******г мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, ахлах мэргэжилтнээр томилох тухай тушаалаар Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон.

2.5.Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/201 дугаар Хууль зүй, дотоод хэргийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан тушаал, орон тоог батлах тухай тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, нэгжийн албан тушаал, орон тоог шинэчлэн баталсан.

2.6.Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/211 дугаар Б.Э*******г албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр алба тушаалаас чөлөөлсөн.

2.7.Нэхэмжлэгч Б.Э******* нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба уг гомдлын хариуг Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 04/237 дугаар албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтад заасны дагуу өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан төрийн жинхэнэ алан хаагч танд тус яамнаас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах арга хэмжээ авсан байх тул таны гомдлыг Төрийн албан зөвлөл хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. гэж хариу хүргүүлсэн байна

2.8.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2026/2229 дугаар захирамжаар шүүгч Д.Эрдэнэчимэг захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба тус шүүхийн шүүгчдийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зөвлөгөөний Нэгтгэсэн хэргийн оронд хэрэг шилжүүлэх тухай тогтоолоор шүүгч Л.Батбаатарт шилжсэн.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Б.Э*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэг.Б.Э******* миний бие нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/211 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалаас чөлөөлсөн, уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн буюу ажлаас чөлөөлсөнтэй холбоотой маргааныг төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэхээр заасан байдаг тул Төрийн албаны зөвлөлд 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн 04/237 тоот албан бичгээр таныг бүтцийн өөрчлөлтөөр, орон тоо хасагдсан тул чөлөөлж, ..3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгож, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах арга хэмжээ авсан байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн.

Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь заалтын дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхийн хамгаалалт хүсэж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1.Тушаалын хууль зүйн үндэслэл бүхий байдлын тухайд:

Намайг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өглөө ажил эхлэхэд хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 9:00 цагт Төрийн захиргааны удирдлагын газрын даргын өрөөнд бэлэн байх тухай утсаар хэлж, санал хүсэлт гаргах боломжоор хангалгүй, мэдэгдэл танилцуулж, албан тушаалаас чөлөөлсөн.

Монгол улсын Засгийн газрын 2025 оны 148 дугаар тогтоолоор тус яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрыг хассан, үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дүгээр тушаал гарсан байдаг бөгөөд тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан тушаал, орон тоог 108 байна гэж хэвээр баталсан байна.

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаар тогтоолоор тус яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газар хасагдсан ч 2025 оны 12 дугаар сарын 24-нийг өдрийг хүртэл хариуцсан ажлаа, хэвийн хийж, хэрэгжүүлэн бүх тайлан, мэдээгээ дуусгаж, ажлын гүйцэтгэлээ ч үнэлүүлсэн байсан. Миний хийж гүйцэтгэж байсан салбарын хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан гэх боловч чиг үүрэг, ажил нь хэвээр байхад, төрийн жинхэнэ албан хаагч болох Б.Э******* намайг өөр орон тоонд ажиллуулах боломж бололцоо хангалттай байсан байхад, ямар ч боломж олголгүй шууд чөлөөлсөнд гомдолтой байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам нь Төрийн албаны зөвлөлд 2025 оны 10 дугаар сарын 23-нд мөн 12 дугаар сарын 05-нд (18 орон тоо) албан тушаалын сул орон тоо байгаа тухай хүргүүлж, нийтлэгдсэн байдаг, энэ сул орон тоонуудад шилжих, ажиллах боломжийг олгоогүйд маш их гайхаж, гомдож байна.

Миний хувьд эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн гэрчилгээтэй, мэргэжлээрээ 19 дэх, төрийн албанд 13 дахь, тус яаманд 2022 оноос ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд энэ хугацаанд хариуцсан ажил үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрд нь хариуцлагатайгаар хийж, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээгээр 3 жил дараалан хангалттай дүгнүүлж, 2023 онд 86.0 хувь, 2024 онд 99.2 хувь, 2025 онд 90.13 хувьтай тус тус үнэлэгдсэн. Ёс зүйн болон сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

Мөн үр бүтээлтэй ажиллаж байгааг минь үнэлж, 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Жуух бичиг", 2025 онд дэс түшмэлийн гутгаар зэрэг олгосон болно. Албан тушаалаас чөлөөлөгдсөн нь санхүүгийн болон сэтгэлийн хүнд дарамтад оруулж, цалингийн зээл төлөлт, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдаж, санхүүгийн хүндрэл үүссэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх хязгаарлагдаж, хэвийн ажиллаж, амьдрах эрх зөрчигдсөн.

2.Тус тушаал нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:

Захиргааны шийдвэр нь хуулиар тогтоосон хэлбэртэй байх бөгөөд захиргааны шийдвэрийг батлан гаргах ажиллагаа нь хуульд заасан нөхцөл, журмын дагуу явагдах учиртай.

Намайг ажлаас чөлөөлж, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан, хуулиар тогтоосон захиргааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг дагаж мөрдөөгүй тул тушаал нь захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй, эрх зүйн зөрчилтэй акт болно. 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ажиллагааг хийгээгүй, 25 дугаар зүйлд захиргааны байгууллага нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох буюу сонсох ажиллагаа явуулахыг шийдвэр гаргагчид үүрэг болгон тус тус хуульчилсан байна.

Гэтэл дээрх ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй, шууд ажлаас чөлөөлж, миний хууль ёсны эрх ашгийн эсрэг, сөргөөр нөлөөлөл бүхий, хууль бус захиргааны актын улмаас өөрийн эрх ашгийг хамгаалах хуульд заасан хамгаалалтыг хэрэгжүүлэх, эрхээ эдлэх цаг хугацаа болон боломжийг огт олгосонгүй.

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно" гэж, мөн зүйлийн 49.2. Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно." гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн.

Ингэснээрээ ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах цаг хугацаа тасалдаж, ахиж дэвших боломж бололцоог хаагдуулсан.

Мөн намайг чөлөөлсөн тушаалын үндэслэл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасанчлан Төрийн албан хаагч нь нэмэгдэл баталгаагаар хангагдах бөгөөд хэрэв төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах, мөн зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа учир энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******аас шүүхэд гаргасан хариу тайлбараа: Иргэн Б.Э*******гаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан "Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томил нэмэгдэл баталгааг хангаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, цалин үлэн томилоогүй төрийн жинхэнэ албан хаагчийн хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах" тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Тушаалын хууль зүйн үндэслэл бүхий байдлын тухайд:

"Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2024 оны 06 дугаар тогтоолын дагуу "Хууль зүй, дотоод хэргийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан тушаал, орон тоог батлах тухай" Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дугаар тушаалаар Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрыг 7 орон тоотойгоор шинээр байгуулсан.

Тус газар нь "Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2025 оны 148 дугаар тогтоолоор тухайн яамны зохион байгуулалтын бүтцээс хасагдаж, татан буугдсан учир "Хууль зүй, дотоод хэргийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан тушаал, орон тоог батлах тухай" Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар мөн яамны бүтцийн нэгжийн орон тоог шинэчлэн баталж Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газар татан буугдсан байдаг.

Нэхэмжлэгч Б.Э******* нь тус яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын салбарын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажилладаг байсан ба түүний албан тушаалын тодорхойлолтод туссан дараах чиг үүргүүд хасагдсан. Үүнд:

1.Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж ажиллах; (Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр" нь 2017-2025 онд хэрэгжиж дууссан)

2.Хэрэглэгчийн эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах; (Засгийн газрын 2009 оны 371 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр" нь 2012 онд хэрэгжиж дууссан), 

3.Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын эрхэлсэн үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хариуцах, зохицуулалтын асуудал ("Зарим үндэсний хороо, зөвлөлийг татан буулгах тухай" Засгийн газрын 2025 оны 22 дугаар тогтоолоор тус үндэсний зөвлөл татан буугдсан),

4.Салбарын хэмжээнд хэрэгжиж буй бусад төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах; (Тус яаманд одоогийн байдлаар Шүүх шинжилгээний байгууллагын чадавхыг дэмжих төсөл хэрэгжиж буй бөгөөд төслийн нэгж байгуулагдсан,

5.Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцах; (Засгийн газрын 2009 оны 157 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байх ба 2020 онд хэрэгжих хугацаа дууссан),

Өөрөөр хэлбэл, Б.Э*******гийн "Албан тушаалын тодорхойлолт"-д заасан үндсэн чиг үүргүүд болох Агаар орчны бохирдол, Хэрэглэгчийн эрх, Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацаа (2012, 2020, 2025 онуудад) дууссан, мөн Химийн хорт бодисын үндэсний зөвлөл татан буугдсан тул тухайн албан тушаалын болсон. алын "албан тушаалын зорилго, зорилт" байхгүй болсон.

2. Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 62 дүгээр зүйлийн 62.1.4-т "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл орон тоо хасагдсан бол ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох" баталгааг заасан.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дээрх хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хуульд заасан үндэслэлээр Б.Э*******д 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгож, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг бүрэн хангасан.

Түүнчлэн "цалин хөлс бууруулахгүйгээр өөр ажилд томилоогүй" гэж маргаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан зохицуулалт нь түүний мэргэжил мэргэшлийн дагуу сул орон тоо байгаа тохиолдолд хэрэгжих боломжтой юм.

Гэтэл шинэчлэн батлагдсан бүтцэд нэхэмжлэгчийн мэргэжилд нийцэх сул орон тоо байгаагүй тул захиргаа хуульд заасан дараагийн баталгаа буюу 3 сарын тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн.

Тухайн үед шинэчлэгдэн батлагдсан бүтцэд нэхэмжлэгчийн мэргэжил, мэргэшлийн дагуух ахлах мэргэжилтний сул орон тоо байгаагүй тул төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан "хууль ёсны байх зарчимд нийцсэн.

Нэхэмжлэгч нь нэмэгдэл баталгаа хангаагүй эс үйлдэхүй гэж маргаж байгаа нь Учир нь хариуцагчийн зүгээс хуульд заасан 3 сарын тэтгэлгийг олгох шийдвэрийг гаргаж, санхүүгийн гүйцэтгэл хийгдсэн нь "эс үйлдэхүй" биш, харин 'бодит үйлдэл' хийгдсэнийг нотолно. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлага нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй.

Захиргаа байхгүй орон тоонд хүнийг томилох, эсвэл өөр мэргэжил, мэргэшил таарахгүй албан тушаалд хүнийг томилох хууль зүйн боломжгүй юм.

3.Захиргааны журам зөрчөөгүй талаар:

Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр биечлэн явуулж, нэхэмжлэгчид нөхцөл байдлыг танилцуулж, тайлбар гаргах боломжоор хангасан бөгөөд энэ нь хариу тайлбарт хавсаргасан баримтаар нотлогдож байгаа юм.

Иймд Б.Э*******г ажлаас чөлөөлсөн Б/*** дүгээр тушаал нь Засгийн газрын болон яамны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд, албан тушаалын чиг үүрэг нь бүрэн дуусгавар болсон бодит үндэслэлд тулгуурласан. Мөн хуульд заасан нэг удаагийн тэтгэлгийг олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна.

4. Мөн нэхэмжлэгчийн даалгах шаардлага буюу ажил цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилох боломжгүй талаар:

Б.Э*******гаас нэхэмжлэлдээ "Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2. "Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно", мөн хуулийн 62.1.3. "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах" заасныг ноцтой зөрчсөн гэж маргадаг.

Гэвч Б.Э******* нь тус яаманд ажиллаж байхдаа салбарын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд албан тушаалын тодорхойлолтод заасан түүний ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдээгүй нь дээр дурдсан үндэслэлээр тогтоогдож, мөн тус яамны Сургалт сурталчилгааны хөтөлбөрийн хэрэгжилтийн газар бүхэлдээ татан буугдсан юм.

Тус яаманд албан хаагчийн хувьд түүний мэргэжил, мэргэшилд нийцсэн, нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ахлах мэргэжилтний орон тоо байгаагүй, сул байсан орон тооны албан тушаалын шалгуурт нийцээгүй Б.Э******* байдаг.

Тодруулбал, Б.Э******* нь мэргэжил мэргэшлийн дагуу өөр албан тушаалд томилоогүй гэх боловч яг ямар албан тушаалд томилуулахаар хүсэж байгаа нь тодорхойгүй. Нөгөөтэйгүүр Төрийн захиргааны удирдлагыг газрын мэргэжилтэн албан тушаал түүний эрх зүйн байдлыг дордуулахаар, Хууль зүйн бодлогын газар 

шинжээчийн орон тоонд түүнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилох боломжгүй хуульд нийцэхгүй нөхцөл байдал байсан.

Мөн захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд нийцсэн, үндэслэл бүхий, биелэгдэх зарчимтай.

Иймд нэхэмжлэгч Б.Э*******гийн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж түүнд нэг удаагийн 3 сарын тэтгэлгийг олгож, төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг.

Захиргааны хэргийн давж заалдах шатны 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2026/0122 дугаар магадлалд Төрийн албаны тухай хуулийн 64.1.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг хэрхэн хангасан талаар дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн магадлал байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Б.Э*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/211 дугаар Б.Э*******г албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4 дэх хэсэг байх бөгөөд маргаан бүхий захиргааны актын 1 дэх заалтад ...бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалаас чөлөөлсүгэй...гэж үндэслэлийн талаар дурджээ.

4.2.Харин Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;, 62.1.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах, 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох. гэж тус тус заасан.

4.3.Дээрх хуулийн зохицуулалтуудыг нэгтгэвэл Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч шалгаруулж авах үүрэгтэй бөгөөд ажилтан хуульд зааснаас өөр үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх, халагдах, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас авах нийтлэг баталгааг эдлэхээр хуульчилсан.

4.4. Хэрэгт цугларсан нэхэмжлэгчийн Хууль зүйн ухааны бакалавр, эрх зүйн магистр зэрэгтэй, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй, Монгол Улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад хамрагдаж төгссөн, Хууль зүйн дотоод хэргийн яамны Эрх зүйн хэлтэст ажиллах хугацаандаа 2023 оны гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг 86,0 оноогоор, 2024 онд 99,2 оноогоор, 2025 онд 90,13 оноогоор дүгнэгдсэн зэрэг болон Хууль зүй, дотоод хэргийн яамны 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4/2852 дугаар Хариу хүргүүлэх албан бичгээр ирүүлсэн Хувийн эрх зүй хэлтсийн ахлах мэргэжилтэн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт дотоод хэргийн их сургууль, орон нутгийн хууль зүйн албад хариуцсан ахлах мэргэжилтэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын тодорхойлолт, хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/225 дугаар тушаалын хавсралт зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажлын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр маргаан бүхий актыг хариуцагч гаргасан гэж үзлээ.

4.5.Учир нь Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зар нийтлэгдсэн огноо болон түүнд нийтэлсэн албан тушаалын орон тоо, төрөл, ангилал зэрэглэл, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага зэргээр бүтцээр албан тушаалын орон тоо нь хасагдсан ч нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан ...ижил төрлийн түвшиний албан тушаалд шилжүүлэн томилж, ажиллах нөхцөл боломжоор хангаж өгнө үү... хэмээн хүсэлтийн дагуу мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих боломжийг нэн тэргүүнд судлан үзэхээр байсан.

4.6.Өөрөөр хэлбэл, хариуцагч 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дүгээр тушаалын албан тушаалын тодорхойлолтод заасан зарим чиг үүрэг, түүнд тавигдах шаардлагыг нэхэмжлэгч хангаж байгаа эсэхийг нэхэмжлэгчийн албан тушаалын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан үзэж, албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох ёстой, тухайн шаардлагыг хэн нь хамгийн сайн хангаж байгаа талаар сонгон шалгаруулалтыг бодитоор үйл ажиллагаа явуулсан талаар баримт байхгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангахгүй байсан, сонсох ажиллагаа явуулсан... гэх тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан ... шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн гэж зөвтгөх боломжгүй байна.

4.7.Гэвч шүүхээс нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд тодруулахад тэрээр ...анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөрчлөхгүй, ...цаашид яамандаа ажиллах хүсэлтэй, ижил түвшний албан тушаалд шилжүүлэн томилж, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй нь хууль бус,...Хувийн эрх зүйн чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Бодлого хэрэгжилтийн газрын Дотоод их сургууль, орон нутгийн хууль зүйн алба хариуцсан ахлах мэргэжилтэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтний аль тохирох дээр намайг шүүхээс томилж өгвөл... өөрийнхөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх болохыг тайлбарласан.

4.8.Харин Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх нөхцөл эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны түүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх нь зөрчигдсөн бол уг захиргааны шийдвэрийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бодит байдлаар сэргээхэд оршдог.

4.9.Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхгүй, шүүх өөрөө санаачлан дүгнэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн өөрийн тайлбарлан тодорхойлсон шаардлагынхан хүрээнд хэргийг шийдвэрлэхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах эрх зүйн тулгуур (Impartiality of the Judiciary) зарчмыг алдах нөхцөл байдал үүсэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/*** дүгээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

4.10.Тодруулбал, нэхэмжлэлийн 1.2 дахь шаардлагын хувьд хариуцагч Төрийн албан хаагчийг шалгаруулж томилох ёстой эрхтэй бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн өөрийнхөн тодотгон заасан 3 албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой, шаардлагыг хангаж байгаа хэмээн дүгнэн шалгаруулж, дээрх гурван албан тушаалын аль нэг албан тушаалд нь шууд өөрөө хууль зүйн дүгнэлт өгч томилохыг даалгаж шийдвэрлэх тохиолдолд хариуцагчийн эрх хэмжээнд шууд хэлбэрээр халдсан үйлдэл болох тул шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад заасан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн-д хамаарч байх тул хариуцагч энэ шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.4-4.6-д заасан асуудлуудыг цогц байдлаар дахин нягтлан үзэж, шинээр захиргааны акт гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ

4.11.Шүүхээс хариуцагчид дахин шинэ акт гаргах 2 сарын хугацаа тогтоож өгсөн бөгөөд энэ хугацаанд энэ шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/*** дүгээр Б.Э*******г албан тушаалаас чөлөөлөх тухайтушаал хүчингүй болно.

4.12.Шүүхээс тогтоосон 2 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэе.

4.13.Эцэст нь шүүх энэхүү шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/*** дүгээр Б.Э*******г албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажил, албан тушаалд шилжүүлэн томилох, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх шаардлагуудыг хариуцагч дахин шинэ акт гаргахдаа хамтад нь шийдвэрлэх үүрэгтэй.

4.14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт заасан тодруулах ажиллагаануудыг хийж, дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/*** дүгээр тушаал хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э*******гийн гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/*** дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт заасан тодруулах ажиллагаануудыг хийж, шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд тийнхүү дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/*** дүгээр Б.Э*******г албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР