| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00327/И |
| Дугаар | 157/ШШ2025/00375 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2025/00375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: “******* банк” ХК-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Б******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“******* банк” ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ц******* овогтой Б******* нь (РД:TA99112913) нь ******* банкны Хэнтий салбарын ******* тооцооны төвөөс 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ/50557320 тоот зээлийн гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн (жилийн 18 хувь) хүүтэйгээр хэрэглээндээ зориулж авсан. Үүний дараа үлдэгдэл зээл дээрээ нэмж 17 удаа нийт 12,589,503 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1,3 хувь (жилийн 15,6)-ийн хүүтэйгээр хэрэглээндээ зориулж авсан.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /226 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.
Ц.Б******* нь ******* сумын УБҮ-т ажиллаж байхдаа зээл авч 2023 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлэх болсон. ******* суманд амьдардаггүй тул холбоо барих дугаар болон ямар хаягт амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа харилцагчийн оршин суух хаяг болон холбоо барих дугаарыг олж өгч тусална уу.” гэжээ
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.Б******* нь өмнө нь Хэнтий аймагт ус дулааны газар ажиллаж байгаад 2022 оны 08 дугаар сараас эхлэн ******* сумын Уулын баяжуулах үйлдвэрт ажиллах болсон. Тэгээд 2023 онд бүтэн ажиллаад 2024 онд ажил байдал нь өөрчлөгдөөд Улаанбаатар хот руу явсан байгаа. Ц.Б******* нь Улаанбаатар хотын хаягтай *******т түр оршин суугчаар ажил хөдөлмөр эрхэлж байгаад ажлаасаа гараад Улаанбаатар хот явсан. Тэгээд Улаанбаатар хотын хаягийг тодруулахад хаяг дээрээ байхгүй гэсэн мэдээлэл авсан. Тэгээд зээл авах үедээ холбоотой этгээдийн мэдээлэл гэдэг дээр ээж Ц*******гийнхоо мэдээллийг бөглөж өгсөн. Ээжтэй нь банкны зүгээс удаа дараа холбогдсон. Тэгээд Ц.Бат-Эрдэнийн утасны дугаар нь ашиглалтад байхгүй болсон. Ээж Ц*******той холбогдоод энэ талаар хэлэхэд хүүдээ хэлье ойлгуулъя зээлээ төлнө гэж олон удаа хэлдэг боловч өдий болтол зээл нь төлөгдөхгүй байгаа. Гэрээн дээр тусгагдсан Энхтайван өргөн чөлөөний 303 байр гэсэн хаягтаа амьдрахгүй олон жил болж байгаа. Бид өөр хаяг дээр байгаа гэж ярьж байгаа боловч хаяг болон хүүхдийнхээ утасны дугаарыг өгөхийг эрс татгалзсан. ...Бид утсаар холбогдох ажиллагаа хийж байна. Бид Улаанбаатар хотод очоод уулзах боломж бололцоо байхгүй. Энэ оноос цахим төлөвлөлтийн албатай болж байгаа учраас магадгүй манай тооцооны төвд гарсан зээлээ Улаанбаатар хотын салбар луу шилжүүлээд тэндээ шийдэгдэх систем рүү шилжих гэж байгаа. Одоохондоо шилжээгүй байгаа учраас ийм арга хэмжээ авч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“******* банк” ХК нь зээлдэгч Ц.Б*******тэй 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ/50557320 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Ц.Б******* нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж тус тус хуульчилсан.
Иймд хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц.Б******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хэнтий аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц*******гийн Б******* нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Го-парк, Энхтайвны өргөн чөлөө гудамж 303 байр 50 тоотод оршин сууж байсан, утасны дугаар 80921096, түүний эцэг, эхийн утасны дугаар 99942239 болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ТА99112913 регистрийн дугаартай Ц*******гийн Б******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Ц.Б******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР