| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00326/И |
| Дугаар | 157/ШШ2025/00377 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2025/00377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ж.С*******н иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ц******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Ж.Сайнбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.С******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь Б.Ц******* 2023 оны 04 сарын 12-ны өдөр 38,580,000 төгрөгийн ноолуур өгсөн. 20,000,000 төгрөгийг нь маргааш нь буюу 2023 оны 04 сарын 13-нд авсан. Үлдэгдэл 18,580,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд байна. Тийм учраас Б.Ц******* эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ”.
Хүсэлт гаргагч Ж.С******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манайх хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тэгээд Дархан сумандаа зочид буудал ажиллуулдаг. Тэгээд Ц******* гэдэг хүн манай зочид буудалд буусан. Тухайн өдөр манай нөхөр ноолуураа машиндаа ачаад явах гэж байхад тэр хүн танайх ноолуураа зарах гэж байгаа юм уу гэхээр нь тийм гэж хэлсэн чинь бид нар Улаанбаатар үйлдвэрт өгөх гэж байсан ноолуурыг маань 2000 төгрөгөөр илүү үнэтэй авъя гэхээр нь бид нар газар дээрээ зардалгүй, өндөр үнээр авах юм байна, мөнгийг нь хэзээ өгөх юм бэ гэсэн чинь маргааш өглөө өгнө. Хагас мөнгийг нь одоо шилжүүлье гэхээр нь тэгье гээд ноолуураа өгсөн. Маргааш нь Ц******* 20,000,000 төгрөг шилжүүлээд өөр мөнгө өгөөгүй. Удаа дараа холбогдож хэлсэн боловч хятад улсын иргэнд өгсөн байгаа тэр хүмүүс мөнгө өгөхгүй байна гэдэг байсан. Тэгээд ноолуур авсан хятад хүмүүс рүү нь ярихаар мөнгөө авсан гэж хэлдэг. Ийм маягаар явсаар байгаад 4 хүүхэдтэй юм байна өгөх байлгүй гэсээр байгаад жил гаран болсон. Сүүлдээ Бор-Өндөр сумын цагдаад гомдол гаргасан боловч шүүхэд хандах хэрэгтэй гэж хэлсэн. Энэ хүний хаяг утас нь өөрчлөгдөхөөр нь Улаанбаатар хотод шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тэгээд орон нутагт болсон асуудал учраас Бор-Өндөр суманд нэхэмжлэл гаргасан. Би цагдаад хандаж үзсэн. Цагдаагийн байгууллага намайг Ц******* уулзуулсан. Тухайн үед оны өмнө сардаа тэдэн төгрөг өгөөд дуусгая гэж хэлээд тайлбар бичихээр нь би гарын үсэг зурсан. Тэгээд цагдаагаас салсан. Тэгээд прокурор дээр очсон чинь та хоёр тохиролцсон байна гээд хэрэгсэхгүй болгосон. Цагдаагийн байгууллагад өгсөн хаягийг авсан. Тэндээ байхгүй байсан. Энэ хүн байнга оршин суух хаяггүй. Айл айлын хашаанд амьдраад явдаг болж таарсан. Энэ хүн ченж биш ноолуурын туслах ажилтан байсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ж.С*******, Б.Ц******* нарын хооронд амаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба Б.Ц******* нь худалдсан авсан эд зүйл болох ноолуурын үнийг гүйцэт төлөөгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж тус тус хуульчилсан.
Иймд хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Ц******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* Ц******* регистрийн дугаар РД:*******, утас 80899233, 91247333, эхнэр С.Г******* регистрийн дугаар *******, утас 88155995, түүний гэрэл зураг хэрэгт хавсаргагдсан, мөн Б.Ц*******д холбогдох гомдол, мэдээлэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б*******н Ц*******г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Б.Ц*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР