Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

 

2025         01        08                                        2025/ДШМ/03

 

 

Х.Бад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.ЭрдэнэБ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал

Хохирогч: Б.Э,

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарын давж заалдах гомдол, прокурор Э.Гэрэлтуяагийн гаргасан эсэргүүцлээр Х.Бад холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.ЭрдэнэБын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “Ч” овогт Хгийн Б, 000 оны 00 дугаар сарын 001-ны өдөр  Хөвсгөл төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, 1 зээгийн хамт Хөвсгөл аймгийн Асумын 6 дугаар баг, тосгоны Хөшөөтийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 00 дугаар сарын 000-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар РХ-000/.

Х.Б нь Хөвсгөл аймгийн Рсумын нутаг дэвсгэр “Л” гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Этай маргалдаж, улмаар зүүн хөлөн тус газарт нь өшиглөж биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Хгийн Быг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Ч овгийн Хгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хгийн Быг 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 /арван тав/ нэгж буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч нийт эдлэх ялыг 1285 /нэг мянга хоёр зуун наян тав/ нэгж буюу 1,285,000 /нэг сая хоёр зуун наян тав/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бад оногдуулсан 1285 /нэг мянга хоёр зуун наян тав/ нэгж буюу 1,285,000 /нэг сая хоёр зуун наян тав/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1,1-т зааснаар хохирогч Б.Эын нэхэмжлэлээс 680,468 /зургаан зуун наян мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Баас 7,253,600 /долоон сая хоёр зуун тавин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд олгож, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан 2,221,476 /хоёр сая хоёр зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 407,000 /дөрвөн зуун долоо/ төгрөгийн хохирлоо тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт шүүгдэгч Х.Б нь 1 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч Б.А нар давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд

Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 907 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай яллах дүгнэлтээр тодорхойлсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцуулахаар санал, дүгнэлтээ шүүхэд гаргасан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд ч улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2-т заасан үндэслэлийг баримтлан шийдвэрлүүлэх саналтай оролцсон.

Гэвч анхан шатны шүүх улсын яллагчийн “...шүүгдэгч Х.Бын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 1-д зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14.1, 34.14.2, 34.16.5-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Өөрөөр хэлбэл шүүх улсын яллагчийн шүүхэд гаргасан хэргийн зүйлчлэлийн дүгнэлтээс хүндрүүлж зүйлчилж байгаагаа анхаарсангүй.

Мөн шүүх шүүгдэгч Х.Быг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тодорхойлж гэм буруутайд тооцсон дүгнэлт холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж зааснаас үзэхэд гэр бүлийн гишүүдтэй хамт амьдардаггүй зөвхөн “Цагаан сар”-ын баяраа тэмдэглэн, айлд золголт хийх гэж очсон тухайн цаг хугацаанд маргаан үүсч бий болсон нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хэргийг хүндрүүлэн зүйлчилж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын 15 дугаар талд “...Б.Эын биед үүссэн зүүн шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Эын гэмт хэргийн улмаас сэтгэл түгшлийн байдал, ах дүү нартайгаа харилцаа холбоогүй болсон байдал.., шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч Эд олгох нь зүйтэй гэж дүгнэв...” гэж шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Благдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ийн 1.3-т “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нь хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцсэн байна” гэж заасан. Мөн аргачлалын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тухайн гэмт хэргийн хохирогчид сэтгэцийн яг ямар эмгэг учирсан болохыг тогтоосон тодорхой баримтгүйгээр, мөн аргачлалын 3.1.1-д зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох зарчмыг баримталж шийдвэрлэсэнгүй.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/398 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор Э.Гэрэлтуяа эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын холбогдох хэргийн талаар хэсэгт “Шүүгдэгч Х.Б нь (Хөвсгөл аймгийн Рсумын нутаг дэвсгэр “Л” гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Этай маргалдаж, улмаар зүүн хөлөн тус газарт нь өшиглөж биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ” гэж дурдсан байна. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Бад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 116 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж зөрүүтэй тусгажээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах” талаар зөрүүтэй тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байна.

2. Мөн шүүгдэгч Х.Быг “Хөвсгөл аймгийн Рсумын нутаг дэвсгэр “Л” гэх газарт байх Ж.Далайгийнд 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Б.Этай “миний гэр бүл рүү халдаж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, түүний зүүн хөлний шилбэн тус газарт нь өшиглөж, биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.А нараас гаргасан хүсэлтийг хангаж, Б.Эын биед дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн байх тул прокуророос 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор шинжээч томилж, дээрх тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 907 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд урьд гарсан Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 164 дугаартай дүгнэлт үндэслэлгүй болохыг тогтоосон байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Х.Бын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан.

Анхан шатны шүүхээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж зааснаас үзэхэд хохирогч Б.Э нь шүүгдэгч Х.Бтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай түүний төрсөн эгч болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Быг гэр бүлийн хамаарал бүхий хүний бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм бүлийн хүчирхийллийн шинжтэй байна” гэж дүгнэжээ.

Хэдийгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн хуулийн 3.1.2- т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”, гэж, 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан боловч хохирогч Б.Э, шүүгдэгч Х.Б нар нь овог өөр, тэдний төрсөн эгч, дүү болохыг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүйн зэрэгцээ шүүгдэгч Х.Бын үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу “ахтай 100 төгрөгтэй ч болов золгосонгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар хохирогч Б.Эын хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх үндэслэлд хамаарч байна.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас байнга буюу тухайн үйлдлийн давтамж, сэдэлт, санаа зорилго, хугацааны үргэлжилсэн байдлаараа ялгаатай юм.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б, хохирогч Б.Э нар нь “ахтай 100 төгрөгтэй ч болов золгосонгүй” гэх шалтгаанаар маргалдаж, шүүгдэгч Х.Б нь хохирогч Б.Эын зүүн хөлөн тус газарт нь өшиглөж биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогддог.

Иймд шүүгдэгч Х.Б, хохирогч Б.Э нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, шүүгдэгч Х.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий дүгнэлт болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/398 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч Х.Бад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай яллах дүгнэлтээр Х.Быг Хөвсгөл аймгийн Рсумын нутаг дэвсгэр “Л” гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Этай маргалдаж, улмаар зүүн хөлөн тус газарт нь өшиглөж биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх “...шүүгдэгч Х.Бын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйчлэх үндэслэлтэй” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй  байх тул шийтгэх тогтоолын удиртгал болон тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолын “Удиртгал” хэсэгт шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарахыг үнэн зөв, эргэлзээгүй тусгах учиртай бөгөөд шүүх мөн хэсэгтээ  “...Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэсэн атлаа холбогдсон хэргийн талаар бичихдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ...” гэж буруу тусгасан байх тул уг алдааг зөвтгөж, өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Шүүх хуралдааны явцад улсын яллагчаас Х.Бад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх дүгнэлт гаргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй орхиж, хэргийн зүйлчлэлийг улсын яллагчийн ялласнаас хүндрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Тодруулбал, Гэр бүлийн харилцаатай хүн гэдэгт гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийг хамааруулан ойлгоно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бын өгсөн “...Овог өөр, Нэг ээжээс гарсан...” хохирогч Б.Эын өгсөн “...Эх нэгтэй, эцэг ондоо...” гэх тайлбар, хэргийн 54-57 дугаар талд авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хэргийн 74 дүгээр талд авагдсан Хөвсгөл аймгийн Х тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаас үзэхэд шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдоогүй.

Түүнчлэн Х.Б нь хохирогч Б.Эыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийх нь хувьд байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин Х.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй, хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдийн 907 дугаартай дүгнэлт, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...тухайн гэмт хэргийн хохирогчид сэтгэцийн яг ямар эмгэг учирсан болохыг тогтоосон тодорхой баримтгүйгээр, ...нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох зарчмыг баримталж шийдвэрлэсэнгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан.

Тус хэргийн улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэгт ирүүлсэн баримтаар хохирогчид эмчилгээ, шатахууны  1,213,600 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд шүүгдэгч Х.Б нь хохирогч Б.Эд 450,000 төгрөгийн төлбөр нөхөн төлсөн, хохирогч хүлээн авсан талаарх тайлбар өгсөн байна.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлээр тогтоосон 6,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хавсралтаар Балсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Балсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоолд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах боломжтой тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/.Шийтгэх тогтоолын Удиртгал хэсгийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж,

б/.Шийтгэх тогтоолын “Тогтоох нь:” хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг “1.Шүүгдэгч Ч овгийн Хгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

в/.Шийтгэх тогтоолын “Тогтоох нь:” хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын “Тогтоох нь:” хэсгийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дахь заалтын дугаарыг 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                                         ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

                                                                                           Л.ЭРДЭНЭБ