Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2026/0696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б******** /РД:********/

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хооронд үүссэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 1/3766 дугаартай хууль бус албан бичгийг хүчингүй болгуулах, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон Үндсэн хуулийн цэцэд гэж хаягласан өргөдөл, мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд яаралтай хүргүүлэх утга бүхий албан бичгийг гаргахыг холбогдох байгууллагад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б******** /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******** /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч Б.Б********гаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 1/3766 дугаартай хууль бус албан бичгийг хүчингүй болгуулах, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон Үндсэн хуулийн цэцэд гэж хаягласан өргөдөл, мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд яаралтай хүргүүлэх утга бүхий албан бичгийг гаргахыг холбогдох байгууллагад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

1.2. Дээрх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Б.Б******** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байх хугацаандаа буюу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл гаргасан байна.

2.2. Б.Б********аас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан дээрх мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дарга 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/3766 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Н********д Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хянуулж, уламжлуулахаар хүргүүлжээ.

2.3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ТГ-1/452 тоот албан бичгээр “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 461 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж буй иргэн Б.Б********аас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл ирүүлээгүй болохыг үүгээр уламжилъя” гэх хариуг тус шүүхэд ирүүлсэн.

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс “... цагдан хоригдож байгаа этгээд, хоригдол гэх ойлголтууд нь ялгаатай, хариуцагч Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хянуулж, уламжлуулахаар явуулж байгаа нь хууль бус, Үндсэн хуульд заасан эрхийг маань хязгаарласан ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.5. Хариуцагчийн зүгээс “... дээд байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдлийг нэгдсэн удирдлагын зарчмыг баримтлан “Хорих ял эдлүүлэх алба”-аар уламжлан хүргүүлнэ гэж заасны дагуу Б********ын Б********н 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Үндсэн хуулийн цэц”-д хандан гаргасан өргөдлийг Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1/3766 дугаар албан бичгээр хүргүүлсэн” гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Б.Б******** шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж буй Б******** овогтой Б******** миний бие захиргааны байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний хорих ял эдлүүлэх алба болон Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх”-ээ хамгаалуулж яаралтай сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие яг өнөөдрөөс 3 сарын өмнө буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдож байхдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5.1, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 17.1.17-д тус тус хуульчлагдсан эрх, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16.1-д заасан боломжийнхоо дагуу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутад “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд” гэж хаяглан “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 210 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, зөрчигдсөн эсэхийг тогтоолгох...” агуулга бүхий өргөдөл, мэдээллийг бичгээр гарган Үндсэн хуулийн цэц рүү явуулахаар Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22.1-д заасны дагуу Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн /хоригдсон этгээдээс өргөдөл хүлээн авч, бүртгэж ангийн даргадаа танилцуулж, хаяглагдсан байгууллагад нь хүргүүлэх чиг үүрэг бүхий албан тушаалтан болох/ сэтгэл зүйч, дэслэгч н.Н********д гарт нь өгсөн.

Гэтэл Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги нь дээрх өргөдөл, мэдээллийг Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хаягласан байгууллага болох Үндсэн хуулийн цэц рүү илгээх үүргээ зөрчин 1/3766 дугаартай албан бичгээр миний өргөдлийг Үндсэн хуулийн цэц рүү бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх алба гэдэг байгууллага руу хүргүүлсэн байдаг. Үндсэн хуулийн цэц рүү хүргүүлэх ёстой өргөдөл, мэдээллийг яагаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх алба руу илгээж байгаа юм бэ гэж асуухад манай дээд байгууллагаас шаардаад байгаа юм гэх хууль бус тайлбарыг хэлдэг.

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 17.1.17-д хоригдсон этгээд аль ч байгууллагад өргөдөл гаргах эрхтэйгээр хуульчлагдсан бөгөөд аль ч байгууллага /Үндсэн хуулийн цэц/-д гаргасан өргөдлийг тухайн Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дарга шууд хаяглагдсан байгууллага /Үндсэн хуулийн цэц/-д илгээхээр мөн хуулийн 22.1-д “Хоригдсон этгээд нь... өргөдөл, санал, гомдлоо хорих байрны захиргаагаар дамжуулан илгээнэ”, 22.3-т “... өргөдөл... -г хорих байрны захиргаа хянаж, ... илгээнэ” гэж тус тус ойлгомжтой хуульчлагдсан.

Дээр дурдсан Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги эрхийг минь болон хууль зөрчсөн 1/3766 дугаартай албан бичгийг нь өөрчлүүлж буюу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн огноотой Үндсэн хуулийн цэцэд хаяглан гаргасан өргөдлөө хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцэд нь илгээлгүүлэхээр үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг Нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст бичгээр гомдол гаргасан боловч одоог хүртэл огт шийдвэрлэж өгөөгүй таг сураггүй болсон байдалтай байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний Хорих ял эдлүүлэх албаны хууль бус /дээр дурдсан/ үйл ажиллагааны улмаас миний 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн огноотой Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл одоо болтол Үндсэн хуулийн цэцэд илгээгдээгүй болох нь Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/674, 1/673 дугаар албан бичгүүдээр тогтоогддог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорих ял эдлүүлэх албаны хууль бус /өргөдлийг минь Үндсэн хуулийн цэц рүү явуулаагүй дарагдуулсан/ үйл ажиллагааны талаар Нийслэлийн Прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд гомдол гаргасан боловч огт шийдвэрлэж өгөөгүй.

Иймд миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 1/3766 /2025 оны/ дугаартай хууль бус албан бичгийг хүчингүй болгуулах, миний 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон “Үндсэн хуулийн цэцэд” гэж хаягласан өргөдөл, мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд яаралтай хүргүүлэх утга бүхий албан бичгийг гаргахыг холбогдох байгууллагад даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг минь хангаж өгнө үү.

Иргэн миний бие хорих ангид хорих ял эдэлж эхлээд удаагүй байгаа, намайг хориход ар гэрээс эргэж тойрох хүнгүй, санхүүгийн боломжгүй байгаа зэргийг харгалзаж үзэж минь харгалзан үзээд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... ” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.  

            3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******** шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.Ж******** нь дээд байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдлийг нэгдсэн удирдлагын зарчмыг баримтлан “Хорих ял эдлүүлэх алба”-аар уламжлан хүргүүлнэ гэж заасны дагуу Б********ын Б********н 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Үндсэн хуулийн цэц”-д хандан гаргасан өргөдлийг Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1/3766 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б********аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 1/3766 дугаартай хууль бус албан бичгийг хүчингүй болгуулах, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон Үндсэн хуулийн цэцэд гэж хаягласан өргөдөл, мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд яаралтай хүргүүлэх утга бүхий албан бичгийг гаргахыг холбогдох байгууллагад даалгах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

1.1. Тогтоогдсон гол үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Б.Б******** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байх хугацаандаа буюу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл гаргасан байдаг.[1]

1.2. Б.Б********с Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан дээрх мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дарга 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/3766 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Н********д Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих, шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хянуулж, уламжлуулахаар хүргүүлсэн байна.[2]

1.3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ТГ-1/452 тоот албан бичгээр “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 461 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж буй иргэн Б.Б********аас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл ирүүлээгүй болохыг үүгээр уламжилъя” гэх хариуг тус шүүхэд ирүүлжээ.[3]

1.4. Энэхүү маргаанд шүүхээс тухайлан эрх зүйн дүгнэлт хийх асуудал нь Б.Б********аас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дарга 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/3766 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Н********ад Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хянуулж, уламжлуулахаар хүргүүлсэн нь үндэслэлтэй эсэх асуудал байна.

1.5. Тиймээс шүүх дараах тухайлсан дүгнэлтийг хийж байна. Тодруулахад:

1.6. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-д “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;” гэж, Жаран зургадугаар зүйлийн 1-д “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.

1.7. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн аливаа хүн өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл, эсхүл түүнийг хамгаалуулахаар холбогдох төрийн байгууллагад гомдол гаргах, Үндсэн хуульд заасан үндсэн эрх зөрчигдөж байна гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах үндсэн эрхтэй юм.

1.8. Энэхүү үндсэн эрхийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа захиргааны байгууллагууд хангаж ажиллахыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.” хэмээн бэхжүүлсэн.

1.9. Монгол Улсын Үндсэн хуулиар бэхжүүлсэн энэхүү үндсэн эрх нь жам ёсны /туйлын/ эрх байгаа тохиолдолд хязгаарлагдашгүй, түүнээс бусад улс төр, нийгэм, соёлын зэрэг эрх байгаа тохиолдолд зөвхөн хуулиар буюу эрх зүйт төрийн зарчим, түүн дотроо харьцангуй тэнцвэрийн зарчмаар /тохирсон байх зарчмаар/ хэмжүүр болгон хязгаарлагдаж болдог онцлогтой.

1.10. Мөн үндсэн эрхийг хязгаарлах зарчмын агуулгад “үндсэн эрхийн хязгаарлалт нь эрхийн цөмийг үгүйсгээгүй байх ёстой” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тогтоожээ.[4]

1.11. Тодруулбал, Монгол Улсад туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлах тохиолдолд тухайн хязгаарлалт нь (1) эрх зүйн тодорхой байдал, (2) тохирсон байх, (3) ялгаварлан гадуурхаагүй байх, (4) эрхийн цөмийг үгүйсгээгүй байх, (5) шүүхийн хяналтад байх зэрэг зарчмыг хангахыг Үндсэн хуулиар шаардах бөгөөд эдгээр зарчмын аль нэгийг хангаагүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно гэж Үндсэн хуулийн цэцээс шийдвэрлэсэн байгааг хариуцагч анхаарах учиртай.

1.12. Шүүхээс цагдан хоригдож байгаа хүний гомдол, өргөдөл, мэдээлэл гаргах эрхийг хязгаарласан ямар нэг хууль тогтоомж, тушаал шийдвэр байгаа эсэхийг хянасан бөгөөд энэ хүрээнд Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиар ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй, харин тус хуулиар цагдан хоригдож буй этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, түүнийг холбогдох байгууллагад хүргүүлэх журмыг тодорхой хуульчилсан байна.

1.13. Тухайлбал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хоригдсон этгээд нь төрийн болон нутгийн захиргаа, бусад байгууллага, албан тушаалтанд явуулах өргөдөл, санал, гомдлоо хорих байрны захиргаагаар дамжуулан илгээнэ.” гэж, 22.2 дахь хэсэгт “Шүүх, прокурор болон хорих байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий төрийн бусад байгууллагад явуулах өргөдөл, санал, гомдлыг хорих байрны захиргаа хянаж шалгаж болохгүй бөгөөд өргөдөл, санал, гомдлыг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс хэтрүүлэхгүйгээр битүүмжилсэн дугтуйгаар зохих байгууллагад илгээнэ.” гэх зэргээр цагдан хоригдож буй этгээдийн /хоригдогчийн/ гаргасан өргөдөл, гомдлыг холбогдох эрх бүхий байгууллага руу хэрхэн хүргүүлэх талаарх журмыг тодорхой тогтоосон байна.

14. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа цагдан хоригдож буй этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг хорих байрны захиргаагаар дамжуулан[5] холбогдох эрх бүхий байгууллага руу хүргүүлэх талаар хоёрдмол утгагүйгээр заасан байна.

15. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Баярмагнай нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байхдаа[6] Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дарга 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/3766 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Н********д хянуулахаар уламжилсан нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт нийцээгүй буюу хууль бус байна.

16. Мөн түүнчлэн, нэхэмжлэгч Б.Б********аас 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн захиргаа нь 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар болон шүүх хуралдаан болсон цаг мөчид хүргүүлээгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар эс үйлдэхүй болох нь тогтоогдов.

17. Иймд маргаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн даргын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/3766 тоот албан бичиг нь хуульд нийцээгүй, Монгол Улсын Үндсэн хуулиар бэхжүүлсэн төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах үндсэн эрхийг үндэслэлгүй хязгаарласан эс үйлдэхүй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Баярмагнайгаас Хорих ял эдлүүлэх албаны Харуул хамгаалалтын хэлтсийн даргад холбогдуулан 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Хорих ял эдлүүлэх албаны Харуул хамгаалалтын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 125 дугаартай “Хорих анги, байгууллага, салбар нэгжийн дарга нар танаа” гэсэн акт нь эрх зүйн зөрчилтэйгөөс гадна илт хууль бус болохыг тогтоолгох” гэж ихэсгэснийг шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд хэлэлцсэн.

2.2. Ийнхүү хэлэлцээд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтад зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэглэх боломжтой буюу маргаан бүхий актаар тодорхойлсон Хорих ял эдлүүлэх албаны Харуул хамгаалалтын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 125 дугаартай “Хорих анги, байгууллага, салбар нэгжийн дарга нар танаа” гэсэн актыг дээд шатны албан тушаалтан болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад хянуулах шаардлагатай үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусган шийдвэрлэсэн.

2.3. Нэхэмжлэгч Б.Б******** нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрт гомдол гаргахгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б********ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн даргын 1/3766 дугаартай албан бичгийг /эс үйлдэхүйг/ хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Б.Б********аас гаргасан “2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон Үндсэн хуулийн цэцэд гэж хаягласан” өргөдөл, мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд яаралтай хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Б.Б********аас гаргасан “2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон Үндсэн хуулийн цэцэд гэж хаягласан” өргөдөл, мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаас буцаан татан авч, албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд яаралтай хүргүүлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь заалт, 41.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 51-55 дахь тал

[2] Хх 50 дахь тал

[3] Хх 113 дахь тал

[4] Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... эрх чөлөө, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан бөгөөд эрх чөлөөний зарчим нь үндсэн эрхийг аль болох эдлүүлэх, үндсэн эрхийг зайлшгүй тохиолдолд хязгаарлаж болох ч тэрхүү хязгаарлалт нь тухайн эрхийг бүхэлд нь үгүйсгэхгүй байхыг шаардана гэж Үндсэн хуулийн цэцээс үзжээ (Цэцийн дүгнэлт, 2024, №03; Цэцийн тогтоол, 2024, №03).

Онцолбол, “Үндсэн хуулийн түвшинд эвлэлдэн нэгдэх, үүний дотор үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийг хязгаарлаж болох ч тус эрхийн цөмийг үгүйсгэхийг хориглож байгаа” гэдгийг тэмдэглээд Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалт цагдаагийн алба хаагчийн эвлэлдэн нэгдэх эрхийг бүхэлд нь хязгаарлаагүй ч уул эрхийн үндсэн хэсэг болох үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхийн цөмийг үгүйсгэсэн байна хэмээн хүчингүй болгожээ (Цэцийн тогтоол, 2024, №03). - https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140750859751 /нийтэд илэрхий нотлох баримт/

[5] Энэ зохицуулалт нь хоёрдмол утгагүй бөгөөд хорих байрны захиргаанаас өөр этгээдэд хянуулах, нягтлуулахаар шилжүүлэх агуулга энэхүү хуулийн хэм хэмжээнд байхгүй.

[6] Нэхэмжлэгч Б.Б******** нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдлээгүй байсан буюу хоригдол биш байжээ.