Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2025/00398

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б******* овогт П******* О*******ийн “Хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах” тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагч П.О******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хүсэлт гаргагч П.О******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2018 оны 10 дугаар сарын 22-нд өөрийн төрсөн охин Б******* Б******* охин Б******* овогтой А*******г үрчилж авсан юм. Ээж Б.Б******* нь БНСУ-д ажиллах болсон учир зээ охин Б.А*******г асран хамгаалж авч байгаад 2020 оны 02 сарын 12-нд Солонгос улсад хүргэж өгсөн бөгөөд одоог хүртэл охин Б.А******* төрсөн ээж Б.Б*******тэй хамт Солонгос улсад сурч, амьдарч байгаа учир үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүсэлт хэвээрээ байгаа. Солонгос улсад манай охин очсон. А*******гаас доош 2 хүүхэд төрүүлсэн. Солонгос улсад хууль батлагдсан байна лээ. Төрсөн хүүхэд нь 6 нас хүрээд сургуульд орохоор эцэг, эхэд нь виз олгож, орон нутаг руугаа ирж очдог болно. Бичиг баримт нь миний нэрээр явж байгаа болохоор манай охинд виз олдохгүй байгаа. А******* 2020 оноос хойш ээж, аав дээрээ амьдарч байгаа. Одоо надтай амьдрахгүй, аав, ээж нь асарч байгаа учраас үрчлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хүсэлт гаргагчийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Үрчлэн авсан охин болох Б******* А******* нь одоо төрүүлсэн эх буюу миний охин Б.Б******* хамт БНСУ-д амьдарч байгаа. БНСУ-д төрсөн хүүхэд нь 6 нас хүрээд сургуульд орсон тохиолдолд эцэг, эхэд нь ирж, очих виз олгох тухай хууль батлагдсан юм. Б.А******* нь миний нэр дээр бүртгэлтэй учир охин Б.Б*******т виз олдохгүй байгаа учир үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан” гэж тайлбарласан.

Хэрэгт цугларсан болон хүсэлт гаргагчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үрчлэгдэгч Б.А*******гийн эцэг, эх нь БНСУ-д ажиллаж, амьдрахаа явсан тул түүнийг 2018 онд эхийн талын өвөг эцэг С.Б*******, эмэг эх П.О******* нар үрчлүүлсэн болох нь үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-н 2 хуу/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна” гэж заасан. Энэхүү хуулийн зүйл заалт нь шүүх дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ хоёр талыг буюу үрчлүүлэгч, үрчлэн авагч нарыг байлцуулан тэдний хүсэл зоригийг тодруулсны үндсэн дээр шийдвэр гаргах утга санааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт нь нэг талын хүсэл зоригоор шийдвэрлэгдэх боломжгүй юм. Хүсэлт гаргагчийн тайлбараар үрчлүүлэгч Б.Б******* нь БНСУ-д амьдарч байгаа шалтгаанаар өөрийн хүсэл зоригийг илэрхийлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 насанд хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл нь ямагт хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн байх ёстой юм. Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч нь охин Б.Б*******т БНСУ-д оршин суух виз гаргах зорилгоор үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа нь хүүхдийн эрх ашигт нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд хүсэлт гаргагчийн “Хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Үрчлүүлэгч болон үрчлэн авагч тал хүүхдийн ашиг сонирхлын үүднээс үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд дахин гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.О*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болголоо.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2-т зааснаар хүсэлт гаргагч Б******* овогт П******* О*******ийн “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай” хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.О*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.БАТБАЯР