| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2238000000690 |
| Дугаар | 2025/ДШМ/04 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/04
А.Дид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Б.Болд,
Ялтан: А.Д,
Ялтны өмгөөлөгч: Б.Амаржаргал
Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/11 дүгээр захирамжийг эс зөвшөөрч гаргасан ялтан А.Дийн давж заалдах гомдлоор А.Дийн торгох ялыг хорих ялаар сольсон хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, “Х” овогт Агийн Д, 000 оны 000 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Л суманд төрсөн, 00 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 000 тоотод оршин суух, /регистрийн дугаар РЛ-000/.
Прокурор: Ялтан А.Дид Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 000 дүгээр шийтгэх тогтоолоор 15,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, ялыг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэсэн байх ба эрх бүхий албан тушаалтнаас дээрх торгуулийн ялаас төлөөгүй үлдсэн 6,000,000 төгрөгийн 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 400 хоногийн хугацаагаар хорих ялаар солих саналыг шүүхэд гаргажээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/11 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Х овогт Агийн Дид Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 04 дүгээр сарын 000-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгийг торгох ялаас үлдсэн 6,000 (зургаан мянга) нэгж буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгийн торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 400 (дөрвөн зуу) хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан А.Дийн цагдан хоригдсон 33 (гучин гурав) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Дид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ялтан АДийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрийн сангийн хүү торгуулийн орлогын 1000070000988 тоот дансанд оруулсан 6,000,000 (зургаан сая) төгрөгийг буцаан гаргуулж, ялтанд А.Дид олгохоор шийдвэрлэжээ.
Ялтан А.Д давж заалдах гомдолдоо: “...А.Д би Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 04 дүгээр сарын 000-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 15,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг 2 жилийн хугацаанд төлөхөөр шийдвэрлэсэн. Миний хувьд торгуулийн төлбөрөөс нийт 9.000.000 төгрөгийг төлсөн боловч үлдэх 6,000,000 төгрөгийг амьдралын хүнд нөхцөл байдлаасаа болоод би төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн нь миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид учруулсан бүх хохирол болох нийт 8,800,000 төгрөгийг бүгдийг нь төлж барагдуулсан. Мөн ажил хийсэн боловч цалингаа авч чадаагүй, 2024 оны 1 сараас хойш би Хөвсгөл аймаг Мөрөн суманд ирж хүнд өвчтэй өвөө, эмээгээ давхар асраад ажил хийх боломжгүй хүнд нөхцөлд байсан.
2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Билэгсайхан гэх хүн 880007064 дугаараас залгаж, би тухайн хүнтэй очиж уулзаж тайлбар гаргаж байхдаа торгуулийн төлбөрийг төлж чадахгүй байгаа амьдралын нөхцөл байдлуудаа хэлж тайлбарлаж торгуулийн төлбөрийг төлөх хугацааг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажил хийсэн цалин хөлсөө авна, аав ээжийн цалин хөлс буухаар төлөх аргаггүй хүнд нөхцөл үүсээд байгааг минь хүлээн авч хугацааг хойшлууж өгөөч гэж хүсэлт гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч Билэгсайхан нь хүсэлтийг чинь прокурорт танилцуулаад чамд хариу хэлнэ, тэр болтол хүлээж байгаарай гэж хэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч миний хүсэлтийн талаар бичижтэмдэглэж мэдүүлэг авч байхдаа прокурорын хяналтын хугацаа гэж байдаг тэр болтол 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл та торгуулийнхаа төлбөрийг төлж болох байх би хүсэлтийг нь дээш нь өгнө, бараг болчих байхаа гэж надад итгэл найдвар төрүүлсэн. Би шийдвэр гүйцэтгэгчийн энэ тайлбараас прокурорын хяналтын хугацаанд 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 6,000,000 төгрөгөө бүрдүүлээд төлж болох юм байна гэж ойлгосон. Гэвч 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр прокуророос залгаж өнөөдөр ир гэж мэдэгдсэн бөгөөд би 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр прокурор дээр очиход намайг шууд шүүх дээр шилжүүлсэн. Би шийдвэр гүйцэтгэгч Билэгсайхан гэх хүнд гаргасан хүсэлтийг минь шийдсэн надад хугацаа сунгаж олгохоор шийдвэрлэж байгаа юм байна гэж ойлгож шүүх хуралд орсон боловч торгох ялыг хорих ялаар өөрчлөх шүүх хурал болж байгааг хурлын дунд хэсгээс ойлгож мэдсэн.
Миний хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийгээгүй, миний амьдралын хүнд нөхцөл байдлыг харгалзаж үзэж, ах, эгч дүү нараасаа болон хүнээс авч чадахгүй байгаа цалин хөлсөө аваад 6,000,000 төгрөг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрдүүлээд торгуулийн төлбөрийг төлөхийг хүсч хүсэлтээ гаргасан. Ийм байдалд хүрсэнд маш их харамсч гэмшиж байна. Би 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр торгуулийн төлбөрийг төлсөн.
...Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 2024/ХМШЗ/11 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтны гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 000 оны 4 дүгээр сарын 000-ний өдрийн 000/ШЦТ/000 дүгээр шийтгэх тогтоолоор А.Дид арван таван мянга нэгжтэй тэнцэх хэмжээнийн төгрөгөөр буюу 15,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсан байх ба торгох ялыг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж гүйцэтгэх хуудас болон холбогдох материалыг Хөвсгөл аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн байна /хх-н 2-9 тал/.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, эрх бүхий албан тушаалтнаас дээрх торгуулийн ялаас биелэгдээгүй үлдсэн 6,000,000 төгрөгийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож 400 хоногийн хугацаагаар хорих ялаар солих санал, дүгнэлтийг шүүхэд гаргасан байна /хх-н 48, 51-52, 95 тал/.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024/ХМШЗ/11 дүгээр захирамжаар А.Дид оногдуулсан торгох ялаас үлдсэн зургаан мянган нэгж буюу 6,000,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 400 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна.” гэж, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 6-д “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно.” гэж тус тус заасан.
Торгох ялыг хорих ялаар солих тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 000 дугаартай дүгнэлттэй эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт материалыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу хуваарилсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгч М.Эрдэнэ-Очир нь хэргийг хянан хэлэлцсэн нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/11 дүгээр захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.
Торгох ялыг хорих ялаар солих тухай прокурорын дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүгч хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” гэж үзэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн 53 дугаар талд авагдсан шүүгчийн 2024/ХМШЗ/09 дугаартай захирамж, 90 дүгээр талд авагдсан 2024/ТМ/0009 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нь хэргийн үйл баримтын дарааллаар үдэгдээгүй байгааг анхаарвал зохино.
Мөн давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/11 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол ялтан А.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Н.БАЯРХҮҮ