Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ20176/00144 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ20176/00144
“Бизнес Инвест Девелопмент ББСС” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1952 дугаар магадлалтай,
“Бизнес Инвест Девелопмент ББСС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Л.Мандахад холбогдох,
56.969.613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Л.Мандахын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч Л.Мандах, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСС” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүрэг, 4-р хороо, 52-р байрны 55 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалан, 28.000.000 төгрөгийг сард 4,3 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлэхгүй байгаа тул хариуцагчаас зээл 28.000.000 төгрөг, зээлийн хүү 21.116.466,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.753.146,67 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.100.000 төгрөг, нийт 56.969.613,33 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үнээс нь зээлийн гэрээний үүргийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Мандах шүүхэд гаргасан тайлбартаа: Би үйлдвэрлэлийн зорилгоор нэхэмжлэгчээс 28.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сард 4,3 хувийн хүүтэй зээлсэн. Би өмнө нь нэхэмжлэгчээс 3 удаа зээл авч байсан тул зээлийн хүүг 3,3 хувь болгож хөнгөрүүлж уг зээлийг олгосон. Зээлсэн мөнгөөр цахим толь бичиг оруулж ирсэн боловч эдийн засгийн хямралаас шалтгаалж бараа борлогдоогүй. Иймд зээлийг төлөх боломжгүй болсон тул хүүг бууруулах, зогсоолгох хүсэлтийг нэхэмжлэгчид тавьсан боловч зөвшөөрөөгүй. Гэрээний үүрэг 7 хоног хэтэрвэл гэрээг цуцална гэж гэрээнд заасан. Гэтэл гэрээг цуцлахгүй өдий хүрсэн. Зээлийн хүүд би 7.100.000 төгрөгийг төлсөн. 51.000.000 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Өмгөөллийн хөлс 5.100.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.753.146 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Би үндсэн зээл 28.000.000 төгрөг, 2015-06-25 өдрөөс 2016-06-25 өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 13.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Барьцаалсан орон сууцаар үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлийн 451.1, 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Л.Мандахаас 46.838.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ХХК-д олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 10.131.413,33 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, дээрх үүргийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 4-р хороо, 52-р байрны 55 тоот дахь 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205019540 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 442.798,07 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 392.141 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1952 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Л.Мандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн дугаар 2016 оны 102/ШШ2016/05356 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Тус шүүхийн шийдвэрт хариуцагч намайг нэхэмжлэгчид 46.838.200 төгрөг төлөхөөр тогтоож шийдвэрийг эс биелүүлбэл Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 52 дугаар байрны 55 тоот дахь 29 м2 талбайтай улсын бүртгэлийн Ү-2205019540 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үнээс үүргийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж тогтоосон. Шүүхийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хэрхэн явуулах тухай заасан байдаг бөгөөд тус хуульд албадан дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг харгалзан аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулахаар заасан байдаг. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт иргэний хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэр түүний дотор эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрт шууд албадан дуудлага худалдаа явуулахыг шууд даалгаж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10.1.1-д заасан гүйцэтгэх хуудас бичихгүйгээр дуудлага худалдаа явуулахаар даалгасан нь хуульд нийцэхгүй байна. Зээлийн гэрээний 7 дахь хэсэгт гэрээг цуцлах тухай тодорхой заасан атал зээлдэгч талаас гэрээг цуцлахгүй зориуд хугацааг нь дуусгаж шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэн намайг улам санхүүгийн хүнд байдалд оруулж орон гэргүй болгож нэхэмжлэгч байгууллага мөнгө хүүлэгч адил авир гаргаж байгааг өөгшүүлж шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан.
Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүй орхисугай гэсэн. Иймд тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСС” ХХК нь хариуцагч Л.Мандахад холбогдуулан зээл 28.000.000 төгрөг, хүү 21.116.466 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.753.146 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.100.000 төгрөг нийт 56.969.613 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч нь Баянгол дүүрэг, 4-р хороо, 52-р байрны 55 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалан, 28.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн төлбөрт 7.050.000 төгрөг буцааж төлсөн, гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 25-нд дууссан нь тогтоогдсон ба энэ талаар маргаагүй байна.
Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.
Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс зээлийн хүүгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Зээлийн гэрээний 2.1.3-т “зээлийн үндсэн хүүгийн хэмжээ нэг сарын 4.3 хувь”, 2.4-т “зээлдэгч нь зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт №1-д заасан хуваарьт өдөр төлбөл гэрээнд заасан хүүгээс 1.0 хувийн хөнгөлөлт эдэлнэ” гэжээ /хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэжээ.
Дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд зээлийн хүүг талууд гэрээгээр тохирох бөгөөд зээлийн гэрээнд хүүг 2 өөр дүнгээр тогтоосон нь хуульд нийцээгүй байна.
Хариуцагчийн “...өмнө нь удаа дараа зээл авч байсан тул зээлийн хүүг сарын 3.3 хувиар тохирсон...” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна эхний 3 сарын хүүг мөн хэмжээгээр тооцсон гэжээ /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/.
Иймд зээлийн хүүг талууд сарын 3.3 хувиар тохиролцсон гэж үзэх тул хүүг энэ хэмжээгээр тооцох нь зүйтэй.
Зээлийн гэрээний хавсралтад зааснаар зээлдэгч гэрээний хугацаанд хүүд 11.742.573 төгрөг төлөхөөр тохирсон ба гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл 2 сарын хүү 1.848.000 төгрөг нийт 13.590.573 төгрөг төлөх үүрэгтэй үүнээс хүүд төлсөн төлбөрийг хасч тооцвол 6.540.573 төгрөг байна.
Барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлээс зээл 28.000.000 төгрөг, хүү 6.540.573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.308.114 төгрөг нийт 35.848.687 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1952 дугаар магадлалын 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Мандахаас 35.848.687 /гучин таван сая найман зуун дөчин найман мянга зургаан зуун наян долоон/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСС” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21.120.926 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “392.141” гэснийг “337.193” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Мандахын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ