Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 426

 

“Н” ХХК-ийн гомдолтой, БГД-ийн ТХ-ийн

ХШТ-ийн ТУБ Ц.Б, О.Д нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                      Шүүгч Ч.Тунгалаг

       Шүүгчид:                         Б.Мөнхтуяа

                                               Д.Мөнхтуяа

                                               П.Соёл-Эрдэнэ

      Илтгэгч шүүгч:                 Г.Банзрагч

      Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: “БГД-ийн ТХ-ийн ХШТ-ийн ТУБийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260011957 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0505 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0556 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Энхцэцэг, хариуцагч Ц.Бундхорол, О.Давааням нарыг оролцуулж,

Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0505 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 6.6 дугаар зүйлийн 1.1, 7.6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “БГД-ийн ТХ-ийн ХШТ-ийн ТУБийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260011957 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Н” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0556 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0505 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, БГД-ийн ТХ-ийн ХШТ-ийн ТУБ нарын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260011957 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0556 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4. …Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичгийг үндэслэн Баянгол дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, 5235065 регистрийн дугаартай, “Н” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хэсэгчилсэн хяналт шалгалтын ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдсон.

5. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар албан бичигт дурдсан “Монголгранд эйнжил инвест” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 202,940,350.00 төгрөгийн дүнгээр хий бичүүлэн авч албан татварын хасалт хийн төсөвт төлөх татварын дүнг 20,294,035.00 төгрөгөөр бууруулсан гэх мэдээллийг хяналт шалгалтад ашигласан бөгөөд тус компани 2015 онд 5437024 регистрийн дугаартай “Монголгранд эйнжил инвест” ХХК-иас 0018682281 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 202,940,350.00 төгрөгийн дүнгээр бичүүлэн авч, ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ТТ-03а тайлангийн “Дотоодын зах зээлээс нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, үйлчилгээ...” хэсэгт тусган албан татварын хасалт хийсэн нь 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно...” гэж заасныг тус тус зөрчсөн нь холбогдогч “Н” ХХК-ийн бүрдүүлсэн санхүүгийн анхан шатны баримт, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, татварын албанд ирүүлсэн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэргээр тогтоогдож байна гэж үзэж 20,294,035.00 төгрөгийн нөхөн татвар, 6,088,210.70 төгрөгийн торгууль, 3,044,105.30 төгрөгийн алданги, нийт 29,426,351.00 төгрөгийн төлбөр ногдуулах байдлаар шийдвэрлэсэн.

6. Үндэслэл нь, “Н” ХХК-ийн гарган ирүүлсэн баримт материалд “Монголгранд эйнжил инвест” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 202,940,350.00 төгрөгийн дүнгээр бичигдсэн 00118682281 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Н” ХХК болон “Монголгранд эйнжил инвест” ХХК-иудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг байх боловч захирал Э.Ануутай 2018 оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн татварын хэлтсийн 303 тоот өрөөнд биечлэн уулзаж ярилцлага хийхэд дээрх падааны тухай, ер нь компанийн үйл ажиллагааны талаар мэдэхгүй гэж хариулж байсан ба “Монголгранд эйнжил инвест” ХХК-ийн байгуулсан гэрээг дүгнэх актад гарын үсэг зурсан тухай асуухад “миний гарын үсэг биш байна, миний гарын үсгийг дуурайлгасан байна” гэсэн. Дээрх гэрээ дүгнэсэн акт нь хуурамч юм бол яагаад нотлох баримт болгон авч ирсэн болохыг тодруулахад тэр үеийн гэрээ хэрэгтэй боллоо гэж манай компанийн тайланг гаргадаг байсан “Гүн цэнхэр дэлхий” ХХК-ийн захирал Ч.Мөнхбаяраас асуухад үүнийг өгсөн учраас авч ирлээ гэж хариулж байсан. “Гүн цэнхэр дэлхий” ХХК нь өөрөө НӨАТ-ын падаан хий бичин тараагч “Монголгранд эйнжил инвест” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0018958586 тоот НӨАТ-ын падааныг бичүүлэн авч тайланд тусган хасалт хийж төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилдөө Баянгол дүүргийн татварын хэлтсийн шалгалтад хамрагдаж хариуцлага хүлээж байсан.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзсэн учраас уг зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн  албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар албан бичигт авагдсан мэдээлэл, холбогдогч “Н” ХХК-ийн захирал Э.Ануутай хийсэн ярилцлага, түүний гаргасан тайлбар, гэрээ дүгнэсэн актыг өөрийнх нь гарын үсэгтэй байхад мэдэхгүй, хуурамч байна гэж тайлбарласан зэргээс дээрх үндэслэл хангагдсан гэж үзэж байна. Хянагдаж шийдвэрлэгдсэн НӨАТ-ын падаантай холбоотой зөрчил 2015 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн. Мөн “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журмын 5.2-т “Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд харьяалагдах татварын албанд хийнэ" гэж заасан. Татварын хяналт шалгалт явагдаж байх хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тайланд засвар хийсэн байгаа нь тус компани зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болохын нэмэлт нотолгоо болж байна.

8. Татвар төлөгчийг дуудан ирүүлж, татварын хяналт шалгалтын томилолтыг танилцуулах эрх, үүргээс эхлэн гарган ирүүлэх баримт материал зэргийг тайлбарлан өгч тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэрийг шуудангаар хүргүүлсэн тухайд захирал Э.Ануу нь 04 дүгээр сарын 25-ны өдөр ирж тайлбар өгснөөс хойш шийдвэр гартал утсаа авахгүй холбоо барих боломжгүй байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн  6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах эсхүл холбоо харилцааны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж заасны дагуу шуудангаар хүргүүлсэн.  Тус компанид санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гэх Ч.Сарангэрэл 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ирж уулзсан байх бөгөөд өгсөн тайлбартаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа хуулийн дагуу хүсэлтээ өгч засварлуулсан гэсэн нь хуульд нийцэхгүй. Татвар төлөгчийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Татварын газрын дэргэдэх  маргаан таслах зөвлөл хэлэлцээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 051 тоот тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн ба татвар  төлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

9. Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдан шийтгэлийн хуудсаар ногдуулсан 29,426,351.00 төгрөгийн төлбөрөөс “Н” ХХК нь тайлангаа засварлахдаа нөхөн ногдуулсан гэж үзэж  20,294,035.00 төгрөгийн нөхөн төлбөрийг хасч 6,088.210.00 төгрөгийн торгууль, 3,044,105.00 төгрөгийн алданги, нийт 9,132,316.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэн 03 тоот тогтоол гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гомдол гаргагч 5235065 регистрийн дугаартай “Н” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс нотлох баримтуудыг гарган шүүхэд хүргүүлсэн бөгөөд эдгээр материал хавтаст хэрэгт авагдсан. Нотлох баримтуудыг холбогдох программаас хэвлэн гаргаж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулан хүргүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Н” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, БГД-ийн ТХ-ийн ХШТ-ийн ТУБ нарын 2018 оны 260011957 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

10. Татварын улсын байцаагч нарын зүгээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч магадлалыг дахин хянуулахаар хандаж байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0556 тоот магадлалын дараах хэдэн зүйлд анхаарлаа хандуулан эцсийн шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргаж өгнө үү. Үүнд:

10.1. Татварын тайлагналын үед гардаг санамсаргүй ба зориудаар үйлддэг зөрчлийн талаар давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. “Н” ХХК нь “Монголгранд эйнжил инвест” ХХК-иас 0018682281 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 202,940,350.00 төгрөгийн дүнгээр бичүүлэн авч албан татварын тайланд тусган хасалт хийж төсөвт төлөх албан татварын дүнг 20,294,035.00 төгрөгөөр бууруулсан нь тайлагналын алдаа биш зориуд үйлдсэн зөрчил гэж үзэх ёстой. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Тодорхойлох хэсэгт “Татвар төлөгч нь шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болоогүй байхад алдаатай тайлангаа засварлан татвараа нөхөн төлсөн нь хохирол учраагүйг нотлох бөгөөд...” гэсэн нь үнэнд нийцэхгүй байна. “Н” ХХК-ийн зөрчилтэй тайлан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шивэгдсэн бөгөөд харин засварласан тайлан нь 2017 оны 01 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан байна. Татвараа нөхөн төлсөн гэдэг нь мөн үндэслэлгүй.

10.2. Мөн Тодорхойлох хэсгийн 3 дугаар хуудаст “Татвар төлөгч нь шийтгэлийн хуудас хүчинтэй болоогүй байхад татварын тайланд засвар оруулан татвар нөхөн төлсөн нь “зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн” гэх үндэслэл болохгүй”, ...энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “зөрчил үйлдсэнээ сайн дураараа зөвшөөрсөн” гэх үндэслэлээс ялгаатай ойлголт бөгөөд холбогдогч уг зөрчлийг зөрчил биш гэж үзэн маргаж байгааг шүүх зөв дүгнэсэнгүй” гэжээ.

10.3. Холбогдогч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлын 2 дахь хуудаст “Монголгранд эйнжил инвест” ХХК-иас 0018682281 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 202,940,350.00 төгрөгийн дүнгээр бичүүлэн авч нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн ТТ-03а тайлангийн “дотоодын зах зээлээс нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа үйлчилгээ...” хэсэгт тусгасан гэх 202,940,350.00 төгрөгийн зөрчилд дээрх журмын дагуу холбогдох хүсэлтийг өгч тайланг залруулж зөрчлийг арилгасан байхад Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Бундхорол, О.Давааням нар 20,294,035.00 төгрөгийн нөхөн татвар, 6,088,210.70 төгрөгийн торгууль, 3,044,105.30 төгрөгийн алданги, нийт 29,426,351.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэснээс үзэхэд “Н” ХХК дээрх зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, зөрчил гаргасан гэдгээ мэдсэний үндсэн дээр тайланд засвар хийсэн гэж үзэхээр байна.

11. Дээр дурдсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримт материалд үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэл хангагдаагүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн шийдвэрийг дахин хянаж татварын улсын байцаагч нарын хууль ёсны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. Тодруулбал,  гомдол гаргагч “Н” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Монголгранд эйнжил инвест” ХХК-иас 0018682281 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 202,940,350 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэж ногдох татварын хасалт хийн төсөвт төлөх татварын дүнг бууруулан тайлагнасан боловч хариуцагч нараас Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичиг болон 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн томилолтын дагуу хийсэн санхүүгийн хэсэгчилсэн хяналт шалгалтаар энэхүү хий бичилттэй падаантай холбоотой зөрчил илэрсний дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зөрчлийг арилгах зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг засварлах хүсэлт илгээснийг Баянгол дүүргийн Татварын хэлтэс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, залруулга хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

14. Хэдийгээр тайланд залруулга хийх нь татвар төлөгчид хуулиар олгосон боломж боловч энэхүү хэргийн тухайд “Н” ХХК нь 2015 оны тайлангийн залруулгыг 2016 онд багтаан хийх ёстой байтал 2018 онд хийсэн нь, энэ нь цаг хугацааны хувьд татварын хяналт шалгалтаар тухайн зөрчил илэрсний дараа хийгдсэн нь татварын төлөгчийн гаргасан санамсаргүй буюу тооцооллын алдаа бус, харин санаатай гаргасан зөрчил бөгөөд түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

15. Иймд, энэ тогтоолын Тодорхойлох 6-8, 10-т заасан “татвар төлөгч нь зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, түүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

16. Дээр дурдсан тайлангийн залруулгын дагуу “Татварын өрийн тооцоолол”-ын системд 2017 онд “Н” ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол 20,294,035 төгрөг нэмэгдэж орсон тул энэ үндэслэлээр буюу “төсөвт төлөх тухайн татварын ногдол нь давхардах” учир Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлөөс шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татварыг хасч, харин тухайн зөрчилд хүлээлгэсэн хариуцлага буюу торгууль, алдангийг хэвээр үлдээсэн нь зөрчлийг илрүүлж хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

17. Хэдийгээр хариуцагч нараас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсныг шууд зөвтгөхгүй ч дээр дурдсан үндэслэл болон “Монголгранд эйнжил инвест” ХХК-тай холбоотой үйл баримт /нийтэд илэрхий гэж болохуйц/ зэргээр зөрчил үгүйсгэгдэхүйц үндэслэл байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаатай нь холбогдуулан “хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль бус” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

18. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0556 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ТУНГАЛАГ                            

ШҮҮГЧ                                                             Г.БАНЗРАГЧ