Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 28

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би Увс аймгийн Улаангом сумын 2-20 айлын 11 тоотод оршин суух, иргэн Эвүүхэн овгийн Чогсомын Энхбаярын “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалын Ч.Энхбаяр надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд  эгүүлэн томилохыг даалгах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргалд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ч.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Батжаргал 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Б/18 дугаар тушаал гаргаж миний биеийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль эрх зүйэ ямарч чадамжгүй шийдвэр гэж үзэж байна.

        Төрийн албаны тухай хуулиар өөр ажилд сэлгүүлэн ажиллуулна гэж тушаал гаргасан хэдий ч төрийн захиргааны жинхэнэ албан хаагч миний биетэй тохиролцоогүй. Ямар ажилд сэлгүүлэн ажиллуулж байгаа нь тодорхой бус байна.

         Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дахь заалтыг үндэслэн чөлөөлсөн боловч Төрийн албан тухай хуульд ийм зүйл заалт байхгүй. Мөн төрийн жинхэнэ албан хаагч миний бие энэхүү хууль бус шийдвэрээс болж ажил хөдөлмөр эрхлэх эрх ноцтой зөрчигдөж, цаашид амьдралаа залгуулах, ажилгүй, цалин орлогогүй болох учраас эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

         Иймд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалын Ч.Энхбаяр надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч Ч.Энхбаяр 2016 оны 09 сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие нь тус шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Батжаргал 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б/43 дугаар тушаал гаргаж, намайг  аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр томилсон учир Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ч.Энхбаяр шүүхэд хандан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж энэ тухайгаа бичгээр илэрхийлж хүсэлтээ шүүхэд ирүүлжээ. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д заасантай нийцэж байна.

   Иймд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсний үр дагаврыг мөн шийдвэрлэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөр, холбогдон гарах эрх үүргийг дурдаж тайлбарлах нь зүйтэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 2-20 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, иргэн Эвүүхэн овгийн Чогсомын Энхбаярын “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалын Ч.Энхбаяр надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай“ нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргалд холбогдох /1242016/0025/3 индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 , 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, түүнчлэн уг захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                                У.БАДАМСҮРЭН