Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/01218

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/01218

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** оршин суух, Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/01078/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:... Миний бие Г.М нь 1966 онд Хөвсгөл аймгийн ***** суманд төрсөн. Хөвсгөл аймгийн ***** сумын 8-н жилийн дунд сургуулийг 1982 онд 8 дугаар анги төгссөн. Дараа нь 1982 онд намар Улаанбаатар хотын Барилгын техникумд сантехникийн техникчээр элсэн орж суралцсан. Суралцаж байх хугацаандаа чөлөө авч 1986-1988 оны хооронд цэргийн алба хаасан. Тэгээд сургуульдаа буцаж суралцаад 1989 оны хавар сургуулиа төгссөн. Суралцаж байх хугацаандаа нэг хөлөндөө бэртэл аваад 1 жилийн чөлөө авч байсан юм.

Сургуулиа төгсөөд 1989 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн ***** суманд уурын зуухны механикчаар ажиллаж эхэлсэн. Нэг жил гаран ажиллаж байгаад ахуй үйлчилгээ болж нийлсэн. Үүний дараа нийтийн ахуй үйлчилгээний харьяа байсан уурын зуухнууд Эрчим хүчний харьяанд шилжсэн. Ингээд би 1995 оны 6 дугаар сарыг дуустал ***** сумынхаа уурын зууханд механикчаар тасралтгүй ажилласан. Одоо тэтгэвэртээ гарах гэтэл Эрчим хүчний газар руу шилжүүлсэн тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандсан.

Иймд миний Хөвсгөл аймгийн ***** сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Механикч гэдэг нь мэргэжлийн зөв хэллэг, механик гэдэг нь хүмүүсийн хэлээд заншсан хэллэг байгаа. Хүмүүс ч үсгийг нь орхиж яриад байдаг юм....гэв.  

 

Нэхэмжлэгчээс Улаанбаатар хотын Барилгын техникумын боловсон хүчин **** дугаартай нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны *** дугаартай албан бичиг, гэрч *** холбогдох Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ****дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, БНМАУ Эрчим хүч, уул урхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 77-в дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн ***** сумын Эрчим хүчний үйлдвэрт ажиллаж байсан Г.Мгийн 1190-1994 оны цалингийн тодорхойлолт, гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 3-7, 60-62, 72-74 дүгээр тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 63-66 дугаар тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 30/1159 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 27-31 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 11/616 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай Арга хэмжээ авах тухай захирамжийн архивын хуулбар, (хх-ийн 25-26 дугаар тал)

Хөвсгөл аймгийн ***** сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/255 дугаартай албан бичиг, (хх-ийн 34-35 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 30/1375 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын хуулбарууд зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 55-57 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Эрчим хүч ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай албан бичиг зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 58 дугаар тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Г.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учраас шүүхэд хандсан.

Иймд Хөвсгөл аймгийн ***** сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал механикчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Г.М өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Г.М нь Хөвсгөл аймгийн ***** сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал механикчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар,

Улаанбаатар хотын Барилгын техникумын боловсон хүчин Д.С 1989 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 295334 дугаартай *****д нээж олгосон 01. 1982 оны 9 сарын 01. Сантехникийн ангид авч суралцуулав. Захирлын 1982 оны 9 сарын 28-ны өдрийн №192 тоот тушаалаар, 02. 1984 оны 6 сарын 05. Өвчний учир сургуулиас чөлөөлөв. Захирлын 1984 оны 6 сарын 05-ны өдрийн №65 тоот тушаалаар, 03. 1985 оны 2 сарын 05. Чөлөө дууссан учир сургуульд дахин суралцуулав. Захирлын 1985 оны 2 сарын 05-ны өдрийн 13 тоот тушаалаар, 04. 1986 он. Цэргийн албанд тэнцсэн тул сургуулиас чөлөөлөв. Захирлын 1986 оны 7 сарын 14 өдрийн 98 тоот тушаалаар, 05. 1986 оны 6 сарын 28. Нас бие гүйцсэн тул цэргийн албанд татав. БЭЯ-ны сайдын 1986 оны 6 сарын 28-ны 170 тоот тушаалаар, 06. 1988 оны 8 сарын 19. Хугацаат албанаас бэлтгэлээр халав. БЭЯ-ны сайдын 1988 оны 8 сарын 19-ны 209 тоот тушаалаар, 07. 1988 оны 9 сарын 01. Цэргийн албанаас халагдаж ирсэн тул сургуульд суралцуулав. Захирлын 1988 оны 9 сарын 12-ны өдрийн 100 тоот тушаалаар, 08. 1989 оны 4 сарын 29. Сургууль төгссөн тул ЭХЯамны мэдэлд шилжүүлэв. Захирлын 1989 оны 4 сарын 29-ний өдрийн 31 тоот тушаалаар, 09. 1989 оны 5 сарын 24. НААҮ-ийн төвд зуухны механикаар шилжүүлэв. ***** сумын НАААҮ-ийн төвийн даргын 1989 оны 6 сарын 15-ны өдрийн 12 тоот тушаалаар, 10. 1990 оны 5 сарын 01. Дулаацуулгын зуух, цахилгаан станц аймгийн эрчим хүчний үйлдвэрт шилжих болсонтой холбогдуулан аймгийн ЭХА үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв. ***** сумын НАААҮ-ийн төвийн 1990 оны 5 сарын 18-ны өдрийн 29 тоот тушаалаар, 11. 1990 оны 5 сарын 01. СИЗ-ийн 42 тогтоолоор шилжиж ирсэн тул ***** сумын Эрчим хүчний салбарт механикаар томилов. Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 5 сарын 31-ний 77в дугаар тушаалаар, 12. 1995 оны 6 сарын 30. Нийгэмийн даатгалын дэвтэрт шилжсэн тул хөдөлмөрийн дэвтрийг хаав. Хөвсгөл ***** сумын эрчим хүчний салбарын шийдвэрээр гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3-5 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1678 дугаар олгосон нэхэмжлэгч Г.Мгийн Хөвсгөл аймгийн ***** сумын Эрчим хүчний үйлдвэрт 1990 оны 5, 6 сар, 8 сараас 12 сар, 1991 оны 2 сараас 6 сар, 8, 9 сар, 1992 оны 1 сараас 5 сар, 1993 оны 1 сараас 4 сар, 9, 10 сар, 1994 оны 1, 2, 10 саруудын цалингийн тодорхойлолт (хх-ийн 74 дүгээр тал),

БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 5 сарын 31-ний өдрийн ...Тушаах нь: 1.Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харъяанд ажиллаж байсан сумдын дизель ба уурын зуухыг харъяалсан сумдад нь зохион байгуулан Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн салбар хэсэг болгон өөрчилсүгэй. 2. Сумдын эрчим хүчний үйлдвэрийн салбарт шилжиж ирсэн ажилчдыг доорхи хуваарийн дагуу томилон ажиллуулсугай. ...***** суманд 1. *****- зуухны механик... гэх бичилттэй 77в дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 72 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 8 сарын 20-ны өдрийн 11/616 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн ***** сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 10 сарын 27-ны өдрийн ...1. Тус сум дахь эрчим хүчний зуухын механикч ажилтай ** нь 1990 оны 10 сарын 22-ны орой сумын клубт кино гарч байхад согтуу орж ирж орилж, хашгирч бусдыг зандарч үзвэрийн газрын дэг журам зөрчиж жижгээр танхайрч байсан нь хэсгийн төлөөлөгчийн тодорхойлолтоор нотлогдож байгаа тул Г.Мг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1974 оны III зүйлийн I-д зааснаар 300 төгрөгөөр торгох арга хэмжээ авсугай... гэх бичилттэй 33 дугаартай Арга хэмжээ авах тухай захирамжийн архивын хуулбар (хх-ийн 26 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 30/1159 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, *****гийн Ажилладаг гэх хэсэгт ***** сумын Эрчим хүчний салбар, эрхэлдэг ажил гэх хэсэгт Механик, байнга оршин суудаг гэх хэсэгт 5 дугаар баг,... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 27-31 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын хуулбар, ** 1.Бүртгэсэн гэх хэсэгт Хөвсгөл, ***** хот, он, сар, өдөр гэх хэсэгт 1990.08.06 ...11. Эцгийн гэх хэсэгт **, ** ажилладаг байгууллага гэх хэсэгт: Эрчим хүчний салбар, эрхэлдэг ажил гэх хэсэгт: механик, байнга оршин суугаа гэх хэсэгт: Хөвсгөл, сум, район: *****... гэх бичвэртэй ХААТР-11 (А) маягтын хуулбар, (хх-ийн 57 дугаар тал),

Гэрч Ц.Л* ...Г.М нь 1990 оны хавар миний ажиллаж байсан Хөвсгөл аймгийн ***** сумын Уурын зууханд механикаар анх ажилд орж байсан. Би тухайн үед ***** сумын уурын зууханд ээлжийн слесарь хийдэг байлаа. Манай уурын зуухны дарга нь С.Арилд гэж хүн байсан. Г.М нь 1996 оны 10 дугаар сар хүртэл Хөвсгөл аймгийн ***** сумын Уурын зууханд механикаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажилаасаа чөлөөлөгдөж байсан юм. Манай уурын зууранд *****, Дөөшөөн Нямсүрэн гээд хоёр адилхан нэртэй хүн ажиллаж байсан. Г.М нь тус уурын зууханд механикч, харин Д.Нямсүрэн нь надтай адилхан ээлжийн слесарь хийдэг байсан юм. 1990-1995 оны хооронд манай Хөвсгөл аймгийн ***** сумын Уурын зууханд нийтдээ 21 хүн ажилладаг байсан. Би *****тэй хамт ажиллаж байсан болохоо гэрчилж байна. Би тухайн үед ажллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгосон бөгөөд тус шүүхийн шийдвэрийг нотариатчаар гэрчлүүлэн хавтаст хэрэгт гаргаж өгсөн.... гэх мэдүүлэг,

Гэрч М.Н* ...Г.М нь Хөвсгөл аймгийн ***** сумын Уурын зуухны механикч Л* гэдэг хүний ажлыг авч 1989 оны хавар механикаар ажилд орж байсан. Би тухайн үед уурын зууханд ээлжийн слесараар ажиллаж байсан. Намайг тухайн үед Дөөшийн Нямсүрэн гэж нэрлэдэг байсан гэхдээ миний төрсний гэрчилгээн дээрх овог нэр маань ** гэж бичигдсэн байдаг юм. Намайг тухайн үед хүмүүс ** л гэж дууддаг байсан. Г.М бид хоёр тухайн үед **, Г.М гэж хоёр адилхан нэртэй ажилтан байлаа. Би 1991 онд Хөвсгөл аймгийн ***** сумын Энх-Амьдрал нэгдлийн уурын зуухны слесарын ажлаас гарч **-ийн уурын зууханд механикчаар шилжин ажилласан тул Г.Мгийн хэдэн онд ажлаасаа гарсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тэрээр 4 жил шахуу ажилласан юм.... гэх мэдүүлэг (хх-ийн 63-66 дугаар тал),

Гэрч Ц.Л* ажилласан байдлаа нотолсон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (60-62 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Г.Мгийн Хөвсгөл аймгийн ***** сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Г.Мд холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн ***** сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Тус сумын уурын зуух нь 1988 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын мэдэлд шилжсэн. Иймд ***** (РС66051513)-тэй холбоотой 1990-1995 оны баримт манай байгууллагын архивт хадгалагдаагүй болно. гэх бичилттэй ** дугаар албан бичиг (хх-ийн 34 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 сарын 24-ний өдрийн ...Хөвсгөл аймгийн ***** сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний баримт манай архивд шилжиж ирээгүй, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1995 оны тушаал шүүж үзэхэд Г.Мг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/342 дугаартай албан бичиг (хх-ийн 7 дугаар тал) зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ***** (***)-гийн Хөвсгөл аймгийн ***** сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ