| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 1838009120300 |
| Дугаар | 2025/ДШМ/05 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/05
2025 01 08 2025/ДШМ/05
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Ц.Цэен-Ойдов,
Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/776 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Ц.Цэен-Ойдовийн гаргасан эсэргүүцлээр Л.Гад холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 000-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Жовгийн Лийн Г, 000оны 000 дүгээр сарын 000-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 000 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний техниологч мэргэжилтэй, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 00 дүгээр байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 0000000/.
Л.Г нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 000-202Тоны хооронд албан тушаалын байдлаа ашиглаж компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 000 оны 08 сарын 26-ны өдөр шийдвэр гарч, тэмдгийг хураасан байхад 000 оны 11 сарын 10-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “гээгдүүлсэн тухай” 1/20 тоот албан бичиг хүргүүлж 000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэг дахин захиалах эрх бүхий хяналтын дугаар авч, шинээр хийлгэн тогтмол ашиглан үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл, интернет Кевико компаниудын Хөвсгөл аймаг дахь салбаруудтай компанийн “Тэжээлийн үйлдвэр” дээр антен байрлуулах гэрээг уг хуурамч тэмдгийг ашиглан байгуулж, 000 оны 11 дүгээр сарын 000-ны өдрөөс 000 оны 000 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “Т”, “Х” ХХК-иудын болон өөрийн дансаар шилжүүлэн авч “гүйцэтгэх захирлын болон харуулын цалин олгосон” гэх нэрийдлээр завшиж “Х” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Н, Х.Д нарт 87,542,070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/776 дугаар захирамжаар Лийн Гад холбогдох эрүүгийн 000 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт яллагдагч Л.Гын эзэмшлийн улсын бүртгэлийн Г-000 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн 7 дугаар баг 29 дүгээр гудамжны 03 тоотод байрлах 2.899 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Улсын бүртгэлийн 000 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах 163 м.кв талбайтай хувийн сууц, зоорь агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-000 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 19-р байр 09 тоотод байрлах 41 м.кв талбайтай орон сууцны байр, граш битүүмжлэгдсэн болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Х” ХХК-ны 000 дугаартай, регистрийн 2035073 дугаартай тамга 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Цэен-Ойдов эсэргүүцэлдээ: “...1. Эрүүгийн 000 дугаартай хэрэгт Х ХХК уг хэрэгт хохирогч юм уу эсхүл Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар хохирогч юм уу? гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл хэзээний ямар компанийн хууль, дүрмийг үндэслэж хохирогчоор тогтоосон нь тодорхойгүй, дээрх хууль дүрэм нь хүчин төгөлдөр мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.” гэжээ.
2-р хавтаст хэргийн 98 дугаар талд 000 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Х” ХХК-ын үүсгэн байгуулагчдын тогтоолоор нэгдсэн ойлголтод хүрсний Д.Нд утсаар мэдэгдэн Д.Бд тамга шилжүүлэн итгэмжлэл олгохоор шийдвэрлэсэн.
“Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Бг Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэж гэрчилгээг дахин олгосон байна /5-р хх-н 242 тал/.
Тэгэхээр “Х” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.Б болох нь тогтоогдож байна. ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн байх тул хохирогчоор тогтоосон үндэслэлтэй байна.
Мөн 2-р хавтаст хэргийн 99,102 дугаар талд Д.Б 24.98 хувь буюу 190900 төгрөгөөр худалдан авч үнийг бүрэн төлсөн 1998 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс уг эд хөрөнгийн өмчлөгч болсныг гэрчилсэн байна.
2-р хавтаст хэргийн 100 дугаар талд Б.0005.03 хувь өмчлөх эрхийн гэрчилгээ №21/00018 авагдсан байна.
2-р хавтаст хэргийн 167-р талд Компанийн хувьцаа бэлэглэх гэрээгээр Н нь өөрийн төрсөн хүү Х.Дд бэлэглэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар талд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Бг томилсон байна. Хэрвээ шүүх хохирогч эргэлзээтэй гэж үзэх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчоор тогтоож болохоор байна.
“2.Дамно ХХК-ний дүгнэлтээр хохирлын хэмжээг 87,000,000 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд нэр бүхий хохирогч нарт бодитой хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар нотолж тогтоогоогүй, хохирол гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоож чадаагүй байна гэж дүгнэлээ.” гэжээ.
2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Х” ХХК-ийн дансаар болох гүйцэтгэх захирал Л.Гын хувийн дансаар, гүйцэтгэх захирлын хамаарал бүхий компаний дансаар 87,542,070 төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй,
“З.Хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлэг нь зөрүүтэй байх тул мэдүүлгийн зөрүүг арилгаж, дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзлээ.
Тодруулбал гэрч Д.Нгийн өгсөн: “...гээгдүүлсэн гэдгээр манай байгууллагад хүсэлт өгч Л.Г хүсэлтээ өгснөөр Улсын бүртгэлээс дараагийн тамга захиалах эрх олгогдсон. Л.Г нь хуурамч нотлох баримт бүрдүүлж, улсын бүртгэгч нарыг төөрөгдөлд оруулж тамга дахин захиалах эрх бүхий код авсан байна. Тэрнээс биш өмнө тамга нь бүрэн бүтэн эзэмшигдэж байгаа бол дахин тамга захиалж шинээр авч болохгүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэлд орно...гэх мэдүүлэг” гэжээ.
Гэрч Д.Нгийн дээрх мэдүүлэг нь аль гэрч, хохирогчийн мэдүүлэгтэй зөрүүтэй болох талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/776 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 296 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Л.Гыг “Х” ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 000-000 оны хооронд албан тушаалын байдлаа ашиглаж компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 000 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гарч, тамга тэмдгийг хураасан байхад 000 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “гээгдүүлсэн тухай” 1/20 тоот албан бичиг хүргүүлж 000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэг дахин захиалах эрх бүхий хяналтын дугаар авч, шинээр хийлгэн тогтмол ашиглан үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл, интернет Кевико компаниудын Хөвсгөл аймаг дахь салбаруудтай компанийн тэжээлийн үйлдвэр дээр антен байрлуулах гэрээг уг хуурамч тэмдгийг ашиглан байгуулж, 000 оны 11 дүгээр сарын 000-ны өдрөөс 000 оны 000 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “Т”, “Х” ХХКомпаниудын болон өөрийн дансаар шилжүүлэн авч гүйцэтгэх захирлын болон харуулын цалин олгосон” гэх нэрийдлээр завшиж “Х” ХХКомпанийн хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Н, Х.Д нарт 87,542,070 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-т заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн болох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодруулаагүй” гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болсон байна.
Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.” гэж хуульчилсан ба “Х” ХХКомпанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01/01 дүгээр албан бичгээр Л.Гад холбогдох хэрэгт Д.Бг хохирогчоор томилжээ /1-р хх-н 62 хуудас/.
Гэтэл “Х” ХХКомпанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хохирогчоор томилогдсон Д.Б нь компанийн эрх ашгийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцсон атал хувьцаа эзэмшигчийн хувьд хохирсон талаараа мэдүүлсэн, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас яллагдагч Л.Гыг “...“Х” ХХКомпанийн хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Н, Х.Д нарт 87,542,070 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Прокуророос яллагдагч Л.Гыг дээрх нэр бүхий хохирогч нарт хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн атал “...“Х” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.Б болох нь тогтоогдож байна. ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн байх тул хохирогчоор тогтоосон үндэслэлтэй“ гэх агуулга бүхий эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй.
Тодруулбал, хохирогчийн эрх зүйн байдлыг тодорхой болгоогүй, энэ хэрэгт “Х” ХХКомпани эсхүл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн аль нь /эсхүл бүгд/ хохирогч болох нь тодорхойгүй байх тул энэ байдлыг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.
Хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Н, Х.Д нар нь тус компанийн нийт хувьцааг эзэмшигчид биш байх тул яллагдагчийг хувьцаа эзэмшигч нарт хохирол учруулсан гэж яллаж буй тохиолдолд бусад хувьцаа эзэмшигч болох Б.Гэрэлтуяа, Б.Төрболд, Б.Б, М.Б, Б.Б нарыг мөн хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай.
Харин яллагдагчийг “Х” ХХК-д хохирол учруулсан гэж буруутгаж буй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг дангаар нь хохирогчоор оролцуулах боломжтой.
Яллагдагчийг гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулсан гэж буруутгаж буй атал хэнд, ямар хэмжээгээр хохирол учруулсныг зөв тогтоож чадаагүй нь прокурор, мөрдөгч гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болно.
Мөн Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Л.Гыг Хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэхдээ гэмт хэргийн шинжийг яллах дүгнэлтэд нарийвчлан заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэснийг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл “Хөрөнгө завших” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж хуульчилсан ба аль шинжээр нь яллагдагчийг хүндрүүлэн зүйлчилж байгааг яллах дүгнэлтэд тодорхой тусгаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
Прокурорын яллах дүгнэлтээр яллагдагч Л.Гыг “...87,542,070 төгрөгийн хохирол учруулсан” гэж ялласан байх боловч дээрх хохирлоос холбогдох зардлыг хасч тооцсон эсэх нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд ажилчдын цалин, татвар, хураамж бусад зардалд хэдэн төгрөг төлж байсныг бүрэн гүйцэт шалгах ажиллагаа хийгдээгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Нгийн “...Манай ХХК нь анх 2016 онд үүрэн телефоны Жимобайл, мобиком гэдэг газруудтай сарын 550,000 төгрөгний гэрээ байгуулсан. Энэ цагаас хойш сард нийтдээ 1,050,000 төлбөр ирдэгийг нь би бүгдийг нь цалинд нь өгдөг байсан. Үлдсэн 50,000 төгрөгийг нь НӨАТ-д өгдөг байсан. ...2019 оны 1 сараас харуулуудын цалин 300,000 болж нэмэгдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-н 111-112, 114-р хуудас, 5-р хх-н 103-р хуудас/,
гэрч З.Эийн “...Манай гурилын үйлдвэр дампуураад ажилчингүй, ямар ч санхүүжилтгүй болсон болохоор үйлдвэрийн байран дээр антен суурилуулсны мөнгөөр хоёр харуулыг цалинжуулдаг. ...000 оноос 300,000 төгрөгийн цалин сар бүрийн 5, 6 өдрүүдэд Г даргаас бэлнээр авдаг байсан. ...2017 оноос 350,000 төгрөгийн цалин 000 он хүртэл авсан. 2022 оноос 400,000 төгрөгийг авдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 124-р хуудас, 6-р хх-н 179-р хуудас/,
гэрч М.Мялдоржийн “...тэтгэвэрт орохоосоо өмнө бол сар бүрийн 230,000 төгрөгийн цалин бэлнээр авдаг байсан. Харин тэтгэвэрт гарсны дараагаар бол сар бүр 250,000 төгрөгийн цалинтай болсон...” гэх мэдүүлэг /6-р хх-н 181-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 000.000.02-ны өдрийн 06 дугаартай “Х” ХХКомпани 000 онд 7 даатгуулагч, 2016 онд 4 даатгуулагч шимтгэл төлсөн” талаарх албан бичиг /1-р хх-н 193-195-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2022.10.12-ны өдрийн 439 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Х” ХХКомпанийн 2016 оноос 2020 онуудад татвар төлсөн жагсаалт холбогдох баримтууд /4-р хх-н 54-55-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар зардал гарсан гэж үзэхээр байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал нотолбол зохих талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан бөгөөд дээрх нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг шалгаж тодруулаагүй гэж үзсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тодруулахаар ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байгаа талаар захирамжид үндэслэл бүхий тусгаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/776 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Н.БАЯРХҮҮ