Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02347

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Соёлзорро ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 976 384 535,70 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанхундага, Ч.Нямсамбуу нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанхундага, Ч.Нямсамбуу нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Соёлзорро ХХК нь тус банктай 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 321 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 332 500 000 төгрөгийг 96 сарын хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 тоот зээл болон барьцааны гэрээг байгуулан 600 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай сарын 0.58 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр тус тус авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож доорх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд 321 тоот зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-2202003795 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, МУИС-20 дугаар байрны 17 тоот хаягт орших 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2202012055 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 30 тоот хаягт орших 91.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 30 тоот зогсоол, Улсын бүртгэлийн Ү-2204036576 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, нарны зам 99/б байрны 904 тоот хаягт орших 74.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2202018945 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул 9 дүгээр гудамжны 22 тоот хаягт орших, 161.28 м.кв талбайтай хувийн сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 43 тоот зээлийн гэрээний барьцаанд Улсын бүртгэлийн Ү-2202023450 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/ 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших 228.69 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамжны 33 дугаар байрны 76 тоот хаягт орших 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууц барьцаалсан болно. Зээлдэгч Соёлзорро ХХК нь 321 тоот зээлд үндсэн зээлийн төлбөрт 93 810 613,57 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 71 888 962,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 205 345,03 төгрөг, нийтдээ 166 904 920,84 төгрөг төлсөн. 43 тоот зээлд үндсэн зээлийн төлбөрт 40 945,21 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 71 756 854,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 119 364,41 төгрөг, нийтдээ 71 917 164,38 төгрөг, нийтдээ 238 822 085,22 төгрөг төлсөн байна. Соёлзорро ХХК-ийн 321 тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 43 тоот зээлийн гэрээний хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дуусах боловч, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, ямар нэгэн төлөлт хийхгүй, зээл хэсэгчлэн эргэн төлөх графикийг зөрчиж тухайн зээлийн эргэн төлөлт нь хугацаа хэтэрч чанаргүйдсэн байх тул Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон зээлийн гэрээний 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн зээлийн хугацаанаас өмнө цуцалж, зээлийн хүүг 321 тоот зээлийн гэрээний 3.2, 43 тоот зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу хувьсах буюу банкны энгийн хүүгээр тооцсон. Иймд хариуцагч Соёлзорро ХХК нь 321 дүгээр зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэлд үндсэн зээл 238 689 386,43 төгрөг, зээлийн хүү 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 50 537 554,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 107 510,82 төгрөг, нийт 299 334 451,35 төгрөг, 43 дугаар зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэлд үндсэн зээл 599 959 054,79 төгрөг, зээлийн хүү 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 64 242 524,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 848 504,93 төгрөг, нийт 677 050 084,35 төгрөг төлөх үүрэгтэй байх тул хоёр зээлийн гэрээний нийт үүрэгт 976 384 535,70 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Соёлзорро ХХК нь Капитал банктай 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 321 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 332 500 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 43 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 600 000 000 төгрөг тус тус зээлж авсан билээ. Соёлзорро ХХК нь Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны жижиг дунд үйлдвэрийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЯОУХАБ буюу ЖАЙКА/-аас дээрх зээлүүдийг авсан бөгөөд зээлийг олгогч буюу шаардах эрхтэй этгээд нь Монгол Улсын Засгийн газар буюу ХХААЯ-ны ЖДҮГазар, ЖАЙКА төсөл хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, Капитал банк засгийн газрын төслийн зээлийн мөнгийг зөвхөн дамжуулсан ба зээлийн санхүүжилтийг олгоогүй, төслийн санхүүжүүлэгч биш тул гэрээний үүрэг шаардах эрхгүй хэмээн үзэж байна. 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний үүрэгт Соёлзорро ХХК нь үндсэн зээлд 91 909 990 төгрөг, зээлийн хүү 74 230 241 төгрөг, нийт 166 140 230 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 240 590 010 төгрөгийн үндсэн зээлийн 35 948 933 төгрөгийн хуримтлагдсан хүүний, бүгд 276 538 943 төгрөгийн өртэй байна. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээний үүрэгт Соёлзорро ХХК нь үндсэн зээлд 40 945 төгрөг, зээлийн хүүнд 72 525 219 төгрөг, нийт 72 566 164 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 599 959 055 төгрөгийн үндсэн зээлийн 38 337 714 төгрөгийн хуримтлагдсан хүүний, бүгд 638 296 769 төгрөгийн өртэй байна. Дээрх 2 зээлийн нийт үлдэгдэл нь үндсэн зээл 840 549 065 төгрөг, хуримтлагдсан хүү 74 286 647 төгрөг, бүгд 914 835 712 төгрөгийн төлөгдөөгүй зээл хүүний үлдэгдэлтэй байхад Капитал банк нь 61 548 823 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Дээрх 2 зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй, зээлдэгч нь тодорхой хэмжээнд мэдэгдэхүйц дүнгээр төлөлт хийсээр байхад нэг талын санаачилгаар гэрээнүүдийг цуцалж буй тул Капитал банк нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй хэмээн үзэж байна. Капитал банк нь нэмэгдүүлсэн хүүг хуримтлагдсан хүүний 20 хувиас 27 хуиар байхаар гэрээнд тусгасан нь хууль зөрчсөн байна. Монгол банкнаас гаргасан журмын дагуу 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг бодоход дараах байдлаар гарч байна. Үүнд Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлийн дүн 240 600 000 төгрөг, зарласан хүүгийн хэмжээ жилээр 8 хувь, нэмэгдүүлсэн хүүгийн хувь 20 хувь, хугацаа хэтрүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 48 хоног, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ = 240 600 000 * 8% * 20% * (48 хоног/365) = 506 249 төгрөг болж байна. Гэтэл Капитал банк нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шууд хуримтлагдсан хүүний 20 хувиар тооцож 10 107510 төгрөг нэхэмжилсэн нь эрх бүхий байгууллагаас гаргасан журмыг зөрчсөн хууль бус үйлдэл болсон төдийгүй 9 601 261 төгрөг илүү нэхэмжилсэн байна. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээний 3.7 дахь заалтад Зээлийн гэрээний 2.5, 2.6-д заасан зориулалтаар олгосон зээлийн эргэн төлөлт тасрах, хугацаа хэтрэх тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн өр түүнд бодогдох зээлийн хүүг банкны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөл рүү хөрвүүлнэ хэмээн заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь төслийн зээлийн хүү, хугацаа, хэмжээг төсөл санхүүжүүлэгч байгууллагаас тогтоосон бөгөөд дамжуулан гэрээ байгуулсан Капитал банк нь нэг талын санаачилгаар хүүг өөрчлөх эрхгүй юм. Түүнчлэн гэрээний 5.1.1 дэх заалтад ...хугацаа хэтэрсэн тохиолдолд... үндсэн хүүгийн 27 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах хэмээн оруулсан байх тул хариуцлагын заалтыг давхардуулсан байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Соёлзорро ХХК-иас 907.685.107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 68.699.428 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Соёлзорро ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн барьцаанд байгаа улсын бүртгэлийн Ү-2202003795 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, МУИС-20 дугаар байрны 17 тоот хаягт орших 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2202012055 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 30 тоот хаягт орших 91.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 30 тоот зогсоол, Улсын бүртгэлийн Ү-2204036576 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, нарны зам 99/б байрны 904 тоот хаягт орших 74.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2202018945 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул 9 дүгээр гудамжны 22 тоот хаягт орших, 161.28 м.кв талбайтай хувийн сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн Ү-2202023450 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/ 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших 228.69 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамжны 33 дугаар байрны 76 тоот хаягт орших 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууц зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 5.110.073 /5.039.873 + 70.200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Соёлзорро ХХК-иас 4.696.376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдооАнхан шатны шүүх нь хэргийг үнэн зөв шийдвэрлээгүй, хариуцагчийн хууль зүйн үндэслэл бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй, хүсэлтүүдийг хангаагүй, мөн шүүх дээр мэтгэлцэх боломж олгоогүй, нотлох баримтыг огт үнэлээгүй бөгөөд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх нь хариуцагч нийт зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй байна хэмээн зөв дүгнэсэн боловч 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний үүрэгт "Соёлзорро" ХХК нь үндсэн зээлд 238.689.386 төгрөг, зээлийн хүүд 36.941.958 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.388.392 төгрөгнийт 283.019.736 төгрөг төлөх үүрэгтэй хэмээн 7.388.392 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцсоныг зөвшөөрөхгүй. Түүнчлэн 2 зээлийн гэрээний хүүг шүүгч тооцолохдоо сарын хүүгээр тооцсон нь Монгол банкнаас гаргасан хүү бодох журмыг зөрчсөн. Учир нь дээрх зээлүүд жилийн 8 болон 7 хувийн хүүтэй байхад сарын 0.67 х 12 = жилийн 8.04 хувийн хүүтэй болж гэрээнд заасан хүүнээс илүү бодсон байна. Монгол банкнаас гаргасан аргачлалын дагуу бодоход хуримтлагдсан хүү нь 238.689.386 * 8% /365*30 хоног = 1.569.464 /нэг сарын хүү / х 23 сар + 3 хоног = 36.097.682 төгрөг болохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 8.232.667 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдооАнхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тооцоолсон тооцооллыг нягталж үзэхдээ нийт 907.685.107 төгрөг гэж хүү тооцооллын хувьд алдаатай тооцсон. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагчмд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 2.4, 5.1.1-т заасан нэмэгдүүлсэн хүү 27 хувь байх зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасан бөгөөд 27 хувь байхаар тусгагдсан нь хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байх боловч талууд нэмэгдүүлсэн хүүний талаар тохиролцоогүй буюу нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн 43 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү 64.242.524,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.848.504,93 төгрөг шаардсан бөгөөд энэ нь 20 хувиас хэтрээгүй болно. Иймд шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Соёлзорро ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 976 384 535,70 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 321 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Соёлзорро ХХК нь Капитал банк ХХК-аас 332 500 000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 8 хувь, сарын 0.67 хувийн хүүтэй, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 43 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Соёлзорро ХХК нь Капитал банк ХХК-аас 600 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 7 хувь, сарын 0.58 хувийн хүүтэй тус тус Ган цутгуурын төслийг санхүүжүүлэх, жижиг дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олгох зориулалтаар зээлдэн авсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогджээ. / хх-25-30, 47-52 /

Зээлдүүлэгч Капитал банк ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 321 дүгээр барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2202003795 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, МУИС-20 дугаар байрны 17 тоот хаягт орших 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Ү-2202012055 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 30 тоот хаягт орших 91.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 30 тоот зогсоол, Ү-2204036576 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, нарны зам 99/б байрны 904 тоот хаягт орших 74.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2202018945 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх-Уул 9 дүгээр гудамжны 22 тоот хаягт орших, 161.28 м.кв талбайтай хувийн сууц, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, мөн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 43 дугаар барьцааны гэрээгээр Ү-2202023450 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/ 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших 228.69 м.кв талбайтай хувийн сууц, Ү-2204064492 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамжны 33 дугаар байрны 76 тоот хаягт орших 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлагад нийцсэн байна. / хх-31-38, 53-56 /

Талуудын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 Гэрээний хугацаанд хариуцагч Соёлзорро ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 321 дүгээр зээлийн гэрээний дагуу нь үндсэн зээлд 93 810 613 төгрөг, хүүд 71 888 962 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 205 345 төгрөг, нийт 166 904 920 төгрөг төлсөн, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 43 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 40 945 төгрөг, хүүд 71 756 854 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 119 364 төгрөг, нийт 71 917 164 төгрөг тус тус төлсөн талаар зохигчид маргаагүй. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхийг хариуцагчаас шаардаж байсан, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогдсон боловч тодорхой үр дүн гараагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.

Хариуцагч нь 321 дугаартай зээлийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс, 43 дугаартай зээлийг 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тус тус зээлийн эргэн төлөлт хийгээгүй тул анхан шатны шүүх эдгээр гэрээнүүдийг зээлдүүлэгч талаас цуцалж, 321 тоот гэрээний үндсэн төлбөр 238 689 386 төгрөг, хүү 36 941 958 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 388 392 төгрөг, нийт 283 019 736 төгрөг, 43 тоот гэрээний үндсэн төлбөр 599 959 054 төгрөг, хүү 24 706 317 төгрөг, нийт 624 665 371 төгрөг, 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 907 685 107 төгрөгийг хариуцагч Соёлзорро ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгохоор тооцоолол хийсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан зүйл болох дээр дурдсан хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2018 оны 05 сарын 24-ний өдөр зээлийн гэрээг цуцлагдсанд тооцох үндэслэлтэй гэж дүгнэн, зээлийн гэрээг цуцалснаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Мөн 43 тоот зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт тус тус заасантай нийцээгүй гэж үзэж энэ гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй нь үндэслэлтэй болсноос гадна гэрээнд 1 сарын зээлийн хүүг 0.67 хувь, 0.58 хувь байхаар тодорхой тохиролцсон атлаа нэхэмжлэгч нь банкны энгийн хүү 1.8 хувиар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй болохыг зөв дүгнэжээ.

 

Харин анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалсан гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчтой болоогүй тул шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг 452 дугаар зүйлийн 452.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 146 673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ