| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0060/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/66 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эд холбогдох 1816000680049 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт О-ын Энхтөр гэв.
Шүүгдэгч О.Э нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн 0-00 тоот байшингийн коридорт байсан цаасан хайрцагт хураасан Ц.Т-ын зарж байсан пүүзнээс эрэгтэй хүний пүүзэн гутал 5 ширхэг, эмэгтэй хүний пүүзэн гутал 3 ширхэг, нийт 8 ширхэг пүүзэн гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 540.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч О.Э-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн 0-00 тоот байшингийн коридорт байсан цаасан хайрцагт хураасан Ц.Т-ын зарж байсан пүүзнээс эрэгтэй хүний пүүзэн гутал 5 ширхэг, эмэгтэй хүний пүүзэн гутал 3 ширхэг, нийт 8 ширхэг пүүзэн гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 540.000 төгрөгний хохирол учруулсан нөхцөл байдал нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч О.Э гэм буруутай болох нь:
Шүүгдэгч О.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би тухайн үед согтуу орж ирээд Т ахын байшинд хэвтэж байгаад байшингаас нь гутал авч явсан нь үнэн...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Т-ын “... пүүзнүүдээ зарж борлуулаад үлдэгдэл болох эрэгтэй пүүз 10 ширхэг, эмэгтэй пүүз 10 ширхэг бусад барааны хамт *** баг *** тоотод байх хашаандаа байдаг өөрийнхөө байшингийн нэг өрөөнд хайрцаганд хийж 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус барааг авахаар очтол тус бараанаас эрэгтэй 90.000 төгрөгийн пүүз 5 ширхэг, 30.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг пүүз дутсан юм... Манай байшин 3 өрөөтэй бөгөөд манай бүл эгч Г.Б гэх хүн хүү О.Э-ийн хамт манай байшингийн нэг өрөөнд амьдарч байсан юм. Би алдсан зүйлүүдээ өөр өрөөнд хийж хураасан байсан юм ...” гэх мэдүүлэг /ХХ8-9/,
Гэрч Г.Б-ийн “... Э байшингаас гарсан ба тус хашаанд байх агуулахын ёроолоос гялгар ууттай пүүзнүүд аваад гараад яваад өгсөн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 20-ны орой байрны эзэн манай бүл дүү Т нь тус байшингийн том өрөөнд хураалгаатай байсан бараан дотроос тус бүр нь 90.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй пүүз 5 ширхэг, тус бүр нь 30.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй пүүз 3 ширхэг дутсан байна. Та яасныг нь мэдэх үү гэж асуусан би яасан талаар нь мэдэхгүй гэж хэлсэн. Учир нь Э-ийн авч явсан ууттай пүүзнүүдийг би Т-ын бараанаас авсан гэж мэдээгүй юм... Гэтэл нөгөөдөр нь буюу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өглөө манай гэрт Б гэх цагдаа орж ирээд танай хүүгээс мэдүүлэг авах хэрэгтэй байна нэг хоёр юм асуучихаад буцаагаад явуулна гэж хэлээд дагуулаад гарсан. Тэгээд төд удалгүй байж байсан чинь манай хүү Э гэртээ хүрээд ирсэн. Би яагаад Цагдаа дээр очсон талаар нь асуутал Э би Т ахын байшиндаа хураасан байсан бараанаас нь 8 ширхэг пүүз хулгайлаад зараад архи уучихсан юм гэхээр нь би одоо чамд хэдэн төгрөг байна, пүүз зарсан мөнгө чинь яасан юм гэтэл надад ямар ч мөнгө алга үрчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүүлэг /ХХ20-21/ болон 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ23/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй байна.
Шүүгдэгч О.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч О.Э-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч О.Э-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Э-ийн цагдан хоригдсон 9 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 72 цагаар тооцон хасч, нийт эдлэх ялын хэмжээг 328 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст өдөрт 4 цагаар гүйцэтгэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Ц.Т-ын нэхэмжилсэн 540.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч О.Э-с хохирлын 540.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Т-т олгож, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ын Э-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Э-ийн цагдан хоригдсон 9 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 72 цагаар тооцон хасч, нийт эдлэх ялын хэмжээг 328 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцтгэх хэлтэст өдөрт 4 цагаар гүйцэтгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч О.Э-д танилцуулсугай..
6. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч О.Э-с хохирлын 540.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Т-т олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш шүүгдэгч, хохирогч нар 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА