| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2438000000415 |
| Дугаар | 2025/ДШМ/06 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/06
2025 01 000 2025/ДШМ/06
С.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,
Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 11 дүгээр сарын 000-ны өдрийн 000/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн давж заалдах гомдлоор С.Бт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 000 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б овогт Сийн Б, 000 оны 000 дугаар сарын 000-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.
С.Б нь 000 оны 000 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Х сумын 3 дугаар багийн нутаг “Ш” гэх газраас зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө, сүх ашиглан 2 ширхэг босоо мод буюу 1,3 метр3 хуурай шинэс мод унагаж бэлтгэн ойн санд 219,251 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 000 оны 11 дүгээр сарын 000-ны өдрийн 000/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Сийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сийн Быг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт Пронтер маркийн 000ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 000 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Пронтер маркийн 000ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг шүүгдэгч С.Баас гаргуулж улсын орлогод оруулахыг, Хөвсгөл аймгийн Х сумын Цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдсэн 1,8 метрийн урттай, 16-22 см диаметртэй, түлээний зориулалтаар бэлтгэсэн 10 ширхэг 1,3 метр3 хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхгийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...” гэж заасаар байтал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т дээрх тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан атлаа 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хураан авах ажиллагаа хийлгүйгээр, хураан авсан хөрөнгө болголгүйгээр тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод оруулж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байна гэж харж байна.
...Уг нь энэ хөрөнгө нь С.Бын биш түүний хүү болох Б.Оын өмч болох нь тогтоогдож байгаа...
Хохирлоо төлчихөөд байхад хуулийг ингэж хэрэглэх шаардлага байхгүй байсан гэж үзэж байна.С.Б нь зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн болохоос тээвэрлэсэн гэж яллах дүгнэлт үйлдэгдээгүй юм. Үүнийг ч анхан шатны шүүх дүгнэж үзэж ёстой байсан.
...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь ...заалтыг хүчингүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа: Гомдлоо дэмжиж оролцож байна. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч С.Б нь 000 оны 000 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Х сумын 3 дугаар багийн нутаг “Ш” гэх газраас зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө, сүх ашиглан 2 ширхэг босоо мод буюу 1,3 метр3 хуурай шинэс мод унагаж бэлтгэн ойн санд 219,251 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь дээрх зарчмуудад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Хохирлоо төлчихөөд байхад С.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Пронтер маркийн 000ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын хувьд:
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, 2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус зохицуулсан. Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэх бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлийнх биш болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг албадан гаргуулна.
Шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Пронтер маркийн 12-000 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл Б.Оынх болох нь автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 11 дүгээр сарын 000-ны өдрийн 000/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ