Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2026/0725

 

 

 

 

 

 

 

 

2026 08 10 128/ШШ2026/0725

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Маргааны төрөл: Тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийг хүчингүй болгосонтой холбоотой маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Н.В, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, З.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/171 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалын хавсралтаар Т******* ХХК-нд анх Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний ам нэртэй 17262.4 м.кв хэмжээтэй газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий бүсэд хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн дугаар гэрчилгээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 жилийн хугацаатай олгогдсон.

2.1.Байгаль орчин, хяналтын улсын байцаагч Н.Ааас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 35 минутад Т******* ХХК-нд хяналт шалгалт хийх тухай мэдэгдлийг , дугаарын утсаар болон тус дугаарт бүртгэлтэй Вайбер, @gmail.com и-мэйл хаягт мэдэгдэж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хязгаарлалтын бүсэд Т******* ХХК-нд ашиглуулахаар олгосон 17262.4 м.кв газарт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан.

Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 01/1150 дугаар албан бичгийг Т******* ХХК-нд хүргүүлж, холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж Т******* ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлуулах болсон тухай мэдэгджээ.

2.2.Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газарт хүргүүлсэн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 01/1202 дугаар албан бичгээр ...Т******* ХХК-ийг 2023, 2024, 2025 оны газрын төлбөр төлөөгүй, 2025 оны 09 дүгээр сард зохих зөвшөөрөлгүй хашааны суурь цутгахаар газрыг ухаж газрын төлөв байдлыг алдагдуулсан үйл ажиллагааг явуулж хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчиж төрийн эрх бүхий байгууллагын холбогдох зөвшөөрөлгүйгээр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь газар ашиглах гэрээ болон бусад холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг уламжилсан байна.

Нэхэмжлэгч Т******* ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хүсэлт гаргах тухай т/10 дугаар албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.У хандан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/1202 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичигтэй холбогдуулан тайлбар гаргасан байна.

Хариуцагчаас ...Т******* ХХК-нд ашиглуулахаар олгосон 17262.4 кв.м газарт хашаа барих зөвшөөрөлгүй, хашааны суурь ухаж газар шорооны ажил хийсэн, 2024, 2025 оны газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Т******* ХХК-нд хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдэл, тус компанийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/1202 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/718 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн IV хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан.

2.3. Т******* ХХК-иас маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Гомдол гаргах тухай т/15 дугаар албан бичгээр хандахад, холбогдох хариуг өгөөгүй байна.

2.4. Нэхэмжлэгч Т******* ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/171 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.Манай компанийн зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр маргаан бүхий газарт хашаа барихаар түрээсийн хэв хашмал буулгаж байхад Богдхан уулын Дархан цаазад газрын хамгаалалтын захиргааны хүмүүс ирж үйл ажиллагааг зогсоосон ба гурван хоногийн дараа 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр газар дээр хэв хашмал, барьсан гэрийг буулган газрыг чөлөөлж зөрчлийг арилгасан. Хашаа барих зөвшөөрөл хүссэн агуулгатай албан бичгийг анх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсоор гаргахад албан ёсоор хариу өгөөгүй тул хашаа барих ажлаа эхлэхээр техник хэрэгслүүд буулгасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар ашиглах эрхийг цуцлана гэж заасан. Манай компанийн хувьд удаа дараа зөрчил гаргаж байгаагүй ба хашаа барьж болохгүй гэхээр хэв хашмалаа хурааж газраа чөлөөлсөн. Удаа дараа гэдэг 2, 3 ба түүнээс дээш үйлдэл хамаарах ба ноцтой зөрчил гэдэгт хамаарах үндэслэлгүй юм. Тухайн газрыг эргэж ашиглахааргүй, экологийн нөхцөл байдлыг алдагдуулсан зөрчил биш юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09/6767, 09/6768 дугаартай албан бичгүүдэд зөвшөөрөлгүй хашаа барьсан гэх зөрчилд хяналт шалгалт явуулсан улсын байцаагч Н.А хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Х нар зохих ёсоор хяналт шалгалтыг явуулаагүй хууль тогтоомж зөрчиж үйлдсэн тухай дурдсан байдаг.

3.2. 2024, 2025 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлийн тухайд: Т******* ХХК зориулалтын дагуу ашиглах газар дээрээ 2024-2025 онуудад Архитектур төлөвлөлтийн даалгавар, буудаллах, отоглох орон байрны загвар зураг гаргуулах, аялал жуулчлалын баазын зориулалттай талбайн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан гаргуулах зэрэг маш өндөр төсөвтэй ажлууд хийж гүйцэтгэсний улмаас санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон болов 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлж нөхөн барагдуулсан ба ямар нэг газрын төлбөрийн үлдэлгүй байгаа. Бид хийлгэсэн ажлынхаа жагсаалтыг гаргасан. Хагас тэрбум орчим төгрөгийн зардал гаргасан. Одоо ямар нэгэн газрын төлбөрийн үлдэгдэлгүй байгаа. 2026 онд манай газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой түр хүлээлтийн байдалтай байгаа. Өөрөөр хэлбэл, 2026 оны төлбөр төлөгдөөгүй байгаа. Хариуцагч хариу тайлбартаа 2026 оны газрын төлөвлөгөө огт хийгээгүй гэж дурдсан. 2026 он гараад манай газар ашиглах эрхийг цуцалчихсан. Шүүхийн маргаантай байгаа тул түр хүлээлтийн байдалтай байгаа.

3.3. Гэрээнд заасан газрыг зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Бид хагас тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, А даалгавар гаргуулсан. Мөн архитектур барилгын зураг төсөлд гүйцэтгүүлэх, холбогдох төрийн байгууллагуудаас бүх тусгай зөвшөөрлүүдийг авах зэрэг үйл ажиллагаа явуулсан. Зориулалт нь аялал жуулчлалын отог бааз барьж үүнийг ашиглах юм. Энэ барилга байгууламжийг барьж байж энэ нь ашиглалтад орно. Үүнийг зориулалтын дагуу ашиглана гэж хэлж байгаа. Тэгэхийн тулд олон тусгай зөвшөөрөл, даалгавар, барилгын зураг төсөл зэрэг ажлуудыг хийгээд явж байгаа. Үүнийг бид нар зориулалтын дагуу юмаа хийгээд ашиглаж байна гэж үзэж байгаа.

Анх 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 тушаалаар Түргэний амын хязгаарлалтын бүсэд Т******* ХХК-нд 1.7 га газрыг ашиглуулахаар олгосон ба газар ашиглах гэрээг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Гүйцэтгэх захирал Д.М******* нь уг компанийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тусгай Б.А*******ээс гэх хүнээс 300,000,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Тухайн газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий бүсэд хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглуулсан байдаг. Зориулалтын дагуу ашиглаад юмаа хийгээд эхлэнгүүт та нар зөвшөөрөлгүй энэ газар дээр хашаа барьсан байна. Одоо үүнийгээ буулга гэж хэлдэг. Тэгээд үйл ажиллагаа явуулах гэхээр өөрсдөө хориг тавиад зогсоодог. Та нар үйл ажиллагаа явуулаагүй 2 жил болсон байна гээд буцаад эрхийг нь цуцалсан. Ийм сонин логик зөрчилтэй үйл баримт байгаа. Үүнийг харахад Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон холбогдох этгээдүүд нь өөрсдөө үйл ажиллагаандаа хойрго хүнд сурталтай гэдэг нь харагдаж байна. 2024 оны 08 дугаар сард худалдаж авсан. Худалдаж авснаасаа хойш 2 жил болоогүй байгаа. Энэ хугацаандаа өөрсдийнхөө чадах хэмжээнд хагас тэрбум төгрөгийн төсөв гаргаад олон шат дамжлагатай төрийн тусгай зөвшөөрлүүдийг хөөцөлдсөн. Мөн зураг төслөө гаргуулаад хашаагаа барих гээд явсан. Эдгээр шалтгааныг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Т******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хязгаарлалтын бүсэд 1,7 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож байсан. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр газар ашиглах эрхийг олгож, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр газар ашиглах гэрээгээ байгуулсан. Нэхэмжлэгч тал газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг хугацаа болоогүй байна гэж ярьж байна. 2008 оны Дээд шүүхийн тайлбараар газраа зориулалтын дагуу ашиглахдаа 2 жилийн хугацааг яаж тооцох эсэхийг тодорхой заасан байдаг. Дээд шүүхийн тайлбар дээр гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 2 жилийн хугацааг тооцно гэж заасан. Т******* ХХК-ийн захирал нь солигдоод компаниа зараад худалдаж авсан гэж ярьж байна. Хэн зараад хэнд худалдсан эсэхээс үл хамаараад Т******* ХХК-нд олгосон газар ашиглах эрх юм. Т******* ХХК-нд олгосон газар ашиглах эрхийг зөвхөн захирал солигдсоноор бид нар 2 жил ашиглаагүй байна гэж тайлбарлах боломжгүй. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Газрын төлбөрийн асуудлын талаар ярьж байна. Газар ашиглах гэрээнд зааснаар газрын төлбөрийг Газрын тухай хуульд зааснаар жил бүр төлөөд, тухайн сум дүүргийн газрын албатайгаа тооцоо нийлсэн актаа гаргаад, газар ашиглах гэрээгээ жил бүр дүгнүүлэх ёстой. Энэ нь газар ашиглагчийн хамгийн эхний үүрэг юм. Газрын төлбөрөө нөхөж төлсөн гэж ярьж байна. Газрын төлбөрөө жил бүр төлөөд, жил бүр гэрээгээ дүгнүүлээд тооцоо нийлсэн актаа гаргаж өгөөд явах үүрэгтэй байдаг.

Газар ашиглах эрхээ авсан бол хамгийн эхэнд хашаагаа барих мөн ажлаа эхлүүлэх зөвшөөрлөө авах ёстой. Тэгэхийн тулд бүрдүүлэх ёстой материалууд байдаг. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны сайт дээр ямар материал бүрдүүлэх эсэх нь нээлттэй байдаг. Батлагдсан зураг төсөл, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд заагдсан ажлуудыг хэрхэн хэрэгжүүлсэн эсэх, энэ талаарх тайлан дүгнэлтээ хавсаргах ёстой байдаг. Эдгээр материалуудыг бүрдүүлж байж тухайн газраа ашиглаад, хашаагаа барих ажлаа эхлүүлэх зөвшөөрлийг авна. Албан бичгээр хариу өгөөгүй гэдэг нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр тухайн газраа ухаад хашаагаа бариад юмаа эхлүүлэх зөвшөөрлийг авсан гэж нэхэмжлэгч тал ойлгоод байх шиг байна. Манайхаас хэдий албан бичгээр хариу өгөөгүй ч гэсэн захирал Д.М*******т вайбераар ямар материалууд дутуу байгаа эсэхийг мэдэгдсэн. Мөн үүнийгээ бүрдүүлээд дахин хандах талаар хэлсэн. Энэ талаарх баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Материалаа бүрдүүлж өгөөгүй тул дутуу материалууд ирсэн байсан. Байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээгээ батлуулаагүй, газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй байсан. Тухайн газар дээрээ ямар зориулалттай барилга байшин байгууламж барих гэж байгаа нь тодорхойгүй. Хавтаст хэрэгт авагдсан материал дээр батлагдаагүй зураг төсөл авагдсан байсан. Газрын төлбөрөө төлөөгүй, зориулалтын дагуу газраа ашиглаагүй, зөвшөөрөл авалгүйгээр тухайн газрыг ухсан байсан. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах дэглэмийг зөрчиж байгаа асуудал юм. Нэхэмжлэгч тал манайх зөвхөн нэг хашаа барьсан. Нэг удаагийн зүйлийг удаа дараа гэж тайлбарлаад байна гэж ярьж байна. Удаа дараа зөрчил гаргасан байгаа тул сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Сонсох ажиллагааны мэдэгдэлд хариу тайлбараа авсан. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийг цуцлуулах талаарх хүсэлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд уламжилсан. Үүний дагуу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дугаар тушаалаар Т******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Т******* ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/171 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, түүний үндэслэлээ ... манай компанийн хувьд удаа дараа болон ноцтой зөрчил гаргаж байгаагүй, холбогдох албаны хүмүүс хашаа барьж болохгүй гэхээр нь хэв хашмалаа хурааж газраа чөлөөлсөн, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдлийг бүгдийг нь төлж барагдуулсан ямар нэг тооцоогүй байгаа, Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах, Буудаллах, отоглох орон байрны загвар зураг гаргуулах, аялал жуулчлалын баазын зориулалттай талбайн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан гаргуулах, эзэмшил газрын байр зүйн дэвсгэр зургийг гаргуулах зэрэг өндөр өртөг зардалтай ажлуудыг хийж гүйцэтгэсэн, мөн энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой техникийн нөхцөлүүдийн зохих зөвшөөрлүүдийг гаргуулахаар төрийн болох холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байсан. Дээрх бүх ажлуудыг хийж гүйцэтгэсээр байтал зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж, хариуцагчаас уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргасан.

3.Хэрэгт авагдсан баримтуудаар:

3.1.Т******* ХХК-нд анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалын хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний ам нэртэй 17262.4 м.кв хэмжээтэй газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий бүсэд хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн дугаар гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон.

3.2.Байгаль орчин, хяналтын улсын байцаагч Н.Ааас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 35 минутад Т******* ХХК-нд хяналт шалгалт хийх тухай мэдэгдлийг , дугаарын утсаар болон тус дугаарт бүртгэлтэй Вайбер, @gmail.com и-мэйл хаягт мэдэгдэж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хязгаарлалтын бүсэд Т******* ХХК-нд ашиглуулахаар олгосон 17262.4 м.кв газарт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулжээ.

3.3.Улмаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/1202 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газарт Т******* ХХК-ийг 2023, 2024, 2025 оны газрын төлбөр төлөөгүй, 2025 оны 09 дүгээр сард зохих зөвшөөрөлгүй хашааны суурь цутгахаар газрыг ухаж газрын төлөв байдлыг алдагдуулсан үйл ажиллагааг явуулж хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчиж төрийн эрх бүхий байгууллагын холбогдох зөвшөөрөлгүйгээр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь газар ашиглах гэрээ болон бусад холбогдох хуулийн заалтыг зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг уламжилсан байна.

3.4.Нэхэмжлэгч Т******* ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн т/10 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.У хандан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/1202 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичигтэй холбогдуулан тайлбар хүргүүлсэн.

3.5.Мөн Т******* ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн т/09 дугаар албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт гаргасан гомдлын хариуд тус яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09/6768 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичигт ... Гомдлын хүрээнд ... тус газарт ирүүлсэн холбогдох материалыг хянан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. 1.Тус газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.А нь хяналт шалгалт явуулахдаа шалгалтын тэмдэглэлийг шалгуулагч этгээдээр баталгаажуулаагүй, хяналт шалгалтын танилцуулгыг хийж гүйцэтгээгүй, хяналт шалгалтын дүнг нэгжийн даргад танилцуулаагүй байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.16 дах хэсэг, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан Хяналт шалгалт хийх нийтлэг журам-ын 20.9, 25.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. 2.Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хяналт, шалгалт, хуулийн мэргэжилтэн Н.Ааас гаргасан хариу тайлбарт туссан тус хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Хын Т******* ХХК-нд хийсэн гэх хяналт шалгалтын баримт бичиг байхгүй байна. 3.Иймд тус асуудлаар Богдхан уулын хамгаалалтын захиргаанд холбогдох албан бичгийг хүргүүлсэн бөгөөд газар ашиглах эрхийг цуцлах, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлаар тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн бодлогын газар хандах талаар дурдсан байна.

3.6.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09/6767 дугаар Хяналт тавьж ажиллах тухай албан бичгээр Богдхан уул дархан цаазат хамгаалалтын захиргаанд хандан... Цаашид дээрх арга хэмжээг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг Засгийн газрын 2023 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан Хяналтын улсын байцаагчийн эрх олгох цуцлах журамд заасны дагуу улсын /ахлах/ байцаагчийн эрхийг цуцлахыг анхааруулж мэдэгджээ.

3.7.Маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дах заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амын хязгаарлалтын бүсэд Т******* ХХК (*******)-д ашиглуулахаар олгосон 17262.4 кв.м газарт хашаа барих зөвшөөрөлгүй, хашааны суурь ухаж газар шорооны ажил хийсэн, 2024, 2025 оны газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Т******* ХХК-нд хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдэл, тус компанийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/1202 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/718 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн IV хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн маргаан бүхий тушаалд дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлийн тухайд:

4.1.Нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №01122-2023/01239 дугаар Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2023 онд төлбөрийн үлдэгдэл 22,785,840, 2024 оны төлбөрийн үлдэгдэл 22,785,840, 2025 оны төлбөрийн үлдэгдэл -45,571,680 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэж, шүүхээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас маргаан бүхий газарт Т******* ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэлтэй эсэх талаар тодруулахад Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №01122-2023/01239 дугаар Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2023 онд төлбөрийн үлдэгдэл 22,785,840, 2024 оны төлбөрийн үлдэгдэл 22,785,840, 2025 оны төлбөрийн үлдэгдэл -45,571,680 төгрөг, 2026 оны төлбөрийн үлдэгдэл 22,785,840 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл 22,785,840 төгрөг гэж, мөн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09-19/587 дугаар албан бичигт ... Гэрээнд заасан хуулийн хугацаагаар тооцвол 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 17,089,380 (Арван долоон сая наян есөн мянга гурван зуун нэгэн) төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж тус тус дурджээ.

4.2.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаал гарах цаг хугацаанд газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан болох нь нэхэмжлэгчийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт болон Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тайлбар, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хариуцагчийн газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

5. Маргаан бүхий тушаалд дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлийн тухайд:

5.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заасан.

5.2.Нэхэмжлэгчид анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн дугаар гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон боловч Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Т******* ХХК-тай байгуулах Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2023/047 дугаар гэрээнд Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Эрдэмбилэг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурж эцэслэн баталгаажуулсан, гэрээний 2.4-т Газар ашиглах хугацаа: а/эхлэх: 2022-12-30, б/дуусах: 2027-12-30 гэж заасан байна.

5.3.Газрын тухай хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгож, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх-ыг шаардана. Тодруулбал, дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.

5.4.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.5 дахь хэсэгт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.8 дахь хэсэгт хууль ёсны итгэлийг хамгаалах, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан.

5.5.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг нарийвчлан тогтоох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж шууд дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

5.6.Тухайлбал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т******* ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2023/047 дугаар гэрээг байгуулснаас хойш тус компанийн хувьцаа эзэмшигч Б.А******* нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр одоогийн гүйцэтгэх захирал Д.М*******тэй байгуулсан Худалдах, худалдан авах гэрээгээр тус компанийн 100% буюу 10 ширхэг хувьцааг 300,000,000 төгрөгөөр худалдаж, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр хувьцаанд ногдох эрх үүргээ шилжүүлсэн, маргаан бүхий газрыг ашиглах зорилгоор 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Л******* ХХК-тай Байгаль орчны үнэлгээний ажлын гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр М******* ХХК-тай №2024/022 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан, 2024 онд Эзэмшил газрын байр зүйн дэвсгэр зургийг М******* ХХК-иар хийлгэсэн, №2024/022 дугаар 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2025/00-1283 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан, 2026 онд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14-р хороо, Т******* ХХК-ийн Буудаллах, отоглох орон байрны загвар зургийг боловсруулсан зэрэг нийт 460,824,520 төгрөг зарцуулсан талаарх тооцоолол, одоогийн байдлаар тухайн газрын 4 талаар тойруулан хашаа барих зорилгоор нүх ухсан нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

5.7.Дээрхээс үзвэл нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэнээс хойш уг эрхээ хэрэгжүүлэхээр төрийн захиргааны болон бусад байгууллагуудаас зохих зөвшөөрөл, шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэхээр холбогдох хүсэлтүүдийг гаргаж байсан, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Газар ашиглах гэрээг дүгнүүлэхээр удаа дараа албан бичиг хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байгаа нөхцөлд нэхэмжлэгч компанийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/1202 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэсэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/718 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан №04 дугаар хурлын шийдвэрийн дагуу гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй.

6. Иймд нэхэмжлэгчийг маргаан бүхий тушаалыг гарах цаг хугацаанд газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан, газраа зориулалтын дагуу ашиглах гэрээний хугацаа дуусаагүй байсан, Байгаль орчны хяналтын байцаагч нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж маргаан бүхий газарт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон, хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

7.Нэхэмжлэгчээс 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр болон 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 2 баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлснээс тус шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШЗ2026/2786 дугаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас буцаах тухай захирамжаар 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцааж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т******* ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/171 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

             Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР