| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0064/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/67 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Х-т холбогдох 1816000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Ж-ы Х гэв.
Шүүгдэгч Ж.Х нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг Баянсайр гэх газарт Б.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч Ж.Х-ын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг Баянсайр гэх газарт Б.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Х гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ж.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “....2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хонио доош нь тууж байгаад саахалт айлын охинтой таарсан. Тэгээд ахын дүү хонио харж байгаарай би уул руу яваад сайлийн хонио туугаад ирье гэж хэлээд явсан. Гэртээ очиж мотоциклио тавьчихаад морио унаад ээжид хэлчихээд хонь руугаа явсан. Намайг ууланд байхад ээж залгаад сувиа хонио хайгаад олдоггүй чи хурдан хүрээд ир гэж хэлэхээр нь буцаад ирэхэд Н хонио нийлүүлчихсэн ээжтэй хэрэлдээд зогсож байсан. Тэгээд хонио туугаад бууцан дээр ирсэн. Н-г яваад ээж аавыгаа аваад ир малаа ялгая гэж хэлэхэд Н аавыгаа авчирсан. Аав нь ирээд мал ялгаж байхад манай ээж нэг борлон барьж авахад “наад борлон чинь манай борлон” гэж хэлээд ээжийн гар руу цохиод авсан. Тэгээд би чи хөгшин хүнийг ингэж болохгүй гэж хэлэхэд ээжийн гараас хазаад нүүрийг нь самардсан. Тэгэхээр нь би хашаанаас гаргаад яв чи гэж хэлэхэд чамайг би нөхрөө дуудаж ирж зодуулна гэж хэлээд явсан. Удалгүй мотоцикльтой хүн ирээд хар М гэж аль юм бэ? гэж хэлэхээр нь би чи мэндийг зөрүүгүй хүнийг хар цагаанаар нь дуудаад байх чи хэн юм бэ? гэж хэлсэн. Тэр хүн миний өмнөөс салаавч өгсөн. Тэгэхэд хадам аав нь намайг үсдээд дархаар нь би тонгойж байгаад гараараа цохичихсон. Араас манай аав, дүү хоёр ирж салгаад явсан. Тэр залуугийн хамраас цус гараад явсан. Тэр орой 7 цагийн орчим Дэлгэр сумын цагдаа ирж маргааш өглөө хэлтэс дээр ирж уулз гэж хэлсэн. Хүн цохисон нь миний буруу ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмлэглэлээс/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Б-ын “...Би мотоциклиос буугаад очсон чинь хашааны хаалганы дотор зогсож байсан Х гэдэг залуу чи бид нарыг зодох гэж ирэв үү гэхлээр нь би мал ялгах гэж ирсэн гэсэн чинь зодох гэж ирсэн гээд хашааны хаалганы цаанаас гараараа цохисон боловч гар нь хүрээгүй тэгээд шууд намайг цохих гээд хашаанаас гараад ирэхлээр нь би цааш зугтсан чинь араас ирээд үснээс барьж аваад тонгойлгож байхад толгой руу цохисон. Тэгээд хүмүүс ирээд салгаж байх хооронд Х хамар руу цохиод миний хамарнаас цус гараад би ээжид нь танай хоёр хүүхэдтэй зодолдох гэж ирээгүй мал ялгах гэж ирсэн гэж хэлчихээд гэр лүүгээ яваад гэртээ очсон чинь хамар амнаас цус гоожоод байхлаар нь эмч дуудаад ирэхгүй болохоор нь ээж сумаас унаа авч ирж аваад сум руу явсан....” гэх мэдүүлэг /ХХ11-12/,
Гэрч Б.Н-ийн “... манай найз залуу Б ирж юу болсон гэхлээр нь би хонио нийлүүлсэн урд хашаан дээр ялгаж байгаа гэсэн чинь очиж ялгалцья гээд мал ялгаж байгаа хашаан дээр явж очсон чинь Х мэндийн зөрүүгүй чи муу цагаач яах гэж ирсэн юм гээд хашааны хаалган дээгүүр цохьсон чинь оноогүй. Тэгээд Х, М дүүтэйгээ хоёулаа хашаанаас гарч ирээд цохих гэхлээр нь би учраа тайлбарлах гээд ярьсан чинь хүний үг сонсохгүй улаан цайм дайраад байхлаар нь би Х-ыг нь бариад автал өмсөж байсан фудволк нь урагдсан, тэгэхлээр нь М-ийн бариад авсан чинь намайг түлхээд унагаасан тэгтэл Х манай найз залууг үснээс нь барьчихсан байсан. Тэгтэл М очиж гарнаас нь барьсан. Тэгтэл аав очиж салгасан чинь Б-ын хамраас цус гарч байсан. Тэгээд салж явцгаасан...” гэх мэдүүлэг /ХХ13-14/,
Д.Д-ийн “...тэр залуу мотоциклиос буугаад хар М гэж хэн бэ гээд хашааны хаалга өшиглөөд зогсохлоор нь манай хүү Х юу гэнээ чи гээд хашааны дээгүүр цохих гэсэн ч гар нь хүрээгүй. Тэгтэл нөгөө залуу дунд хуруугаа гозойлгочихоод цааш явахлаар нь манай хүү Х уурлаж барьцалдаж авсан. Тэгтэл Бү манай хүү Х-ын үснээс барьчихсан зогсож байсан. Тэгээд тэд нарыг салгаад явуулсан чинь тэр залуугийн хамарнаас цус гоожсон мотоцикль дээрээ сууж байсан...” гэх мэдүүлэг /ХХ15/,
Гэрч Н.Бү-ын “ ... Х, М хоёр оруулахгүй өмнөөс нь барьж зодохлоор нь би араас нь гарч Х-ийн үснээс татаж, М-ийн дээлний захнаас татаж болиулахад Б-ын хамарнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /ХХ16/,
Гэрч Ж.М-ийн “ ... ах уурлаад гарах шиг болсон тэгэхлээр нь би араас нь гүйгээд гарсан чинь Бү Х ахын толгойноос үстсэн байхлаар нь салгаад Бү-ыг хойш татаж авсан тэгтэл тэр залуугийн хамраас цус гоожсон байсан тэгээд салцгаасан...” гэх мэдүүлэг /ХХ17/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Алтайбаатарын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 157 дугаартай “...1. Б.Б-ын биед хамар ясны хугарал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /21-22/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Х нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид 230.000 төгрөгийн хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж-ы Х-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Х-т танилцуулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид 230.000 төгрөгийн хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш шүүгдэгч, хохирогч нар 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА