Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2026/0794

 

2026 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2026/0794

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Х******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн улсын байцаагч Т.Ц******* нарын хооронд үүссэн зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, хариуцагч улсын байцаагч Т.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн улсын байцаагч Т.Ц*******гийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №******* тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Х******* ХХК-ийг зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажил эхлүүлсэн үндэслэлээр 10,000,0000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

2.2. Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад шүүхээс 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

3. Гомдол гаргагч Х******* ХХК-ийн төлөөлөгч А.Гаас гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ц******* нь Х******* ХХК-д 2026 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөр огноологдсон №******* тоот зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2.1 дахь заалтад заасны дагуу 10,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсныг 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар хүлээн авч шийтгэвэр оногдуулсан талаар мэдлээ.

3.2. Мөн хариуцагч нь шуудангаар 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн НХШГ/26-170 дугаар Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хамт илгээсэн байна. Х******* ХХК нь барилга угсралтын бараа материал түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд өөрийн эзэмшлийн Б дүүрэг, 20 дугаар хороо, Сгийн гудамж, дугаар нэгж талбар бүхий газар дээр Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтын 1.4-д заасан үйлдвэрлэлийн болон туслах барилга байгууламжийг угсрах ажил хийж байгаа болно.

3.3. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтад зааснаар үйлдвэрлэлийн болон туслах барилга байгууламж нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарах тул хариуцагч нь зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2.1 дахь заалтад заасны дагуу 10,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь илт үндэслэлгүй болно.

3.4. Х******* ХХК-д зөрчлийн хэрэг нээсэн талаар мэдэгдээгүй, Х******* ХХК нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаа талаар тодорхой ойлголтгүй байгаагаар хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын техникийн улсын байцаагч Т.Ц*******гийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №******* тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага гаргаж байна... гэжээ.

4. Хариуцагч Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналын улсын байцаагч Т.Ц******* гомдлын шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ц******* би, иргэн Н.Өсөхбаяраас 99081922 дугаар утсаар 2026.06.12-ны өдөр erp.ulaanbaatar.mn цахим системээр М260612016 дугаартай бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сгийн гудамж дугаар нэгж талбарт Х******* ХХК РД:******* хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл авалгүйгээр газар шорооны ажлыг эхлүүлээд байна гэх өргөдөл гомдолтой танилцаад 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр НХШГ-06- 032/170 дугаартай гомдол, мэдээллийн дугаарт бүртгүүлж, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2602000470 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж 1 хавтас 22 хуудастай хэргийг нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

4.2. Барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тухайд: Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх (4.1.15 барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид барилгын ажлын зөвшөөрөл гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг;) заалтын хэрэгжилтийг хангуулалгүй газар шорооны ажил эхлүүлж, аяган суурь тавьж, зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн нь 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хийсэн үзлэг, гэрэл зураг, нотлох баримтаар нотлогддог.

4.3. Суурийн ажил зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн талаар РД: Н ХХК-ийн захирал Л овогтой Н*******ийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хохирогчийн мэдүүлэг (Зөрчлийн хэргийн хуудас 13-14) болон гаргаж өгсөн баримт бичиг (Зөрчлийн хэргийн хуудас 7-11) нотлогддог. 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу хийсэн үзлэг шалгалтаар (Зөрчлийн хэргийн хуудас 15) зөвшөөрөл шаардлагатай барилгын суурийн ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэж байсан нь тогтоогдсон.

4.4. Иймд Х******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сгийн гудамж дугаар нэгж талбарт Х******* ХХК /РД:*******/ хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл авалгүйгээр газар шорооны ажлыг эхлүүлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг зөрчсөн тул нийтийн эрх ашгийг хамгаалж, гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө γγ.... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнээд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн улсын байцаагч Т.Ц*******гийн 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн улсын байцаагч Т.Ц*******гийн 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Х******* ХХК-ийг зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн болохыг тогтоосон гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.-т Аж ахуйн нэгж, байгууллага:, 2.1.-д хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй; гэж заасан үндэслэлээр 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Гомдол гаргагч Х******* ХХК-аас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, ......зөвшөөрөлгүйгээр барилга барьсан үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар мэдэгдээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй, хэрэв тухайн үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэснийг мэдэгдсэн бол холбогдох баримтуудыг тухайлбал нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр газраа шилжүүлсэн, тухайн зөвшилцөл хийгдэх явцад агуулахыг зөөж, угсрах зардлыг нийслэлээс гаргасан болоод түр барилга байгууламж барих гэж буйг нотлох баримтуудыг өгөх байсан, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд гомдолтой... гэж маргасан.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; ..., уг зүйлийн 4-т эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална, 7.1 дүгээр зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1.-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсон зөрчил ил тодорхой байгаа, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон бол тухайн зөрчлийг эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой.

5. Хэрэгт авагдсан, зөрчлийн хэргийн материалаас үзвэл, хариуцагч улсын байцаагчаас 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Х******* ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг үйлдсэн боловч тухайн хуулийн этгээдэд 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан, зөрчлийн хэргийн материалын товьёг үйлдэхдээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж тэмдэглэжээ.

6. Хариуцагч улсын байцаагчаас ....хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй, зөрчлийн хэрэг үүсгэсэн... гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 1 хоногийн дотор явуулах боломжгүй.

7. Иймд Х******* ХХК-ийн үйлдсэн гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, эсхүл зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан эсэх нь тодорхойгүй зөрүүтэй нөхцөлийг үүсгээд байна.

8. Талуудын шүүхэд гаргасан тайлбараар, барилгын ажлын зөвшөөрөл авах шаардлагад хамаарах барилга эсэх асуудлаар маргасан, зөрчлийн хэргийн материалд үүнийг нотолсон ямар ч баримт авагдаагүй, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой нөхцөл тогтоогдохгүй байх тул хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаарх хуулийн дээрх заалт зөрчигджээ.

9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйл Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, гээд 1-д Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:, 6.7 дугаар зүйл Зөрчлийн хэрэг нээх гээд 1.-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ. гэж тус тус заасан.

10. Зөрчлийн хэрэг үүсгэх тухай тогтоолд ...танилцаж дугаар олгосон хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Э.Б*******... гэсэн боловч прокурорын гарын үсэггүй, зөрчлийн хэргийн дугаар хэсэгт нэгдсэн сангийн бүртгэлийн дугаар бичигдээгүй, түүнчлэн зөрчлийн хэргийг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн атлаа хохирогчоос мэдүүлэг авсан гэх 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлд ...2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дугаар хэсгийн 5.2 дахь заалтаар зөрчлийн хэрэг нээсэн... гэж бичигдсэн байхаас дүгнэхэд зөрчлийн хэргийг хэзээ нээсэн, эсхүл өөр, өөр зөрчлийн хэрэг нээгдсэн нь ойлгомжгүй, прокурорт танилцуулж, нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, цаашлаад тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурор хяналт тавьсан нь тодорхойгүй, эдгээрийг нотолсон баримт зөрчлийн хэргийн материалд авагдаагүй байна.

11. Хэрвээ хариуцагч улсын байцаагчаас 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн гэж үзвэл, зөрчлийн хэрэг нээгээгүй атлаа 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авч, мөн тухайн өдөртөө барилга баригдаж буй гэх газарт үзлэг хийсэн буюу зөрчлийн хэрэг нээхээс өмнө зөрчил шалгах тодорхой ажиллагааг явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ. гэж заасныг зөрчсөн, зөрчил үйлдэгдсэнийг нотолно гэх тус баримт нь хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, нотлох чадваргүй баримт гэж үзнэ.

12. Хариуцагч улсын байцаагчаас 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шийтгэлийн хуудас үйлдсэн, гэтэл 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгуулах саналыг удирдах албан тушаалтанд гаргахад, Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, барилгын техникийн улсын ахлах байцаагч Б.Х*******ийн 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор зөрчлийн хэрэгт бүртгэлтийн хугацааг 14 хоногоор сунгасан, ямар үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлт дуусгавар болсон байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан, ямар ажиллагаа хийсэн нь ойлгомжгүй.

13. Тус санал болон тогтоолд зөрчлийн ******* дугаартай хэрэг гэж бичигдсэн, хариуцагчаас ...зөрчлийн хэргийн дугаар авагдсан ... гэж тайлбарлах боловч Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:, 1.2.-т шийтгэл оногдуулах; гэж зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт дууссаны дараа дараа үйлдэгдсэн баримтыг үндэслээд зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн гэж дүгнэх боломжгүй.

14. Дээрх зөрчлүүдээс гадна, хариуцагч улсын байцаагчаас 2026 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хэргийн материал танилцуулахаар Х******* ХХК-ийг дуудсан 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн баримт хэрэгт авагдсан, үүнээс бусдаар тухайн хуулийн этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ямар ч ажиллагаа хийгээгүй байна.

15. Тодруулбал, хариуцагчаас ...утсаар хэд хэдэн удаа дуудсан боловч ирэхгүй байсан... гэх боловч холбогдогчийг дуудсан баримт үйлдээгүй тул түүний тайлбар нотлогдохгүй, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгасны дараа Х******* ХХК-ийг дууджээ.

16. Гомдол гаргагч Х******* ХХК-аас 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр ...улсын байцаагч Т.Ц******* зөрчлийн хэрэг нээсэн болно. ...манай компанид үүсгэсэн зөрчлийн хэргийг түр түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ...2026 оны 6 дугаар сарын 20-ны үед Т.Ц******* байцаагчтай уулзахад зөвшөөрөлгүй барилга барьж буй зөрчлийн талаар юу ч хэлээгүй, ...хөршөөс газартай холбоотой гомдол ирсэн гэж хэлсэн...тэгэхээр нь энэ хүсэлтийг бичиж өгсөн, түүнээс хойш дуудахгүй байхаар нь хаагдсан гэж бодсон... гэж тайлбарлах тул холбогдогчид мэдэгдсэн гэж дүгнэх нь бодит байдалд тохирохгүй, баримтаар нотлогдохгүй байна.

17. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Холбогдогч дараах эрхтэй гээд мөн зүйлийн 2.1-д ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, 2.5-д зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, 2.6-д эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, 2.7-д өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, 2.8-д нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, 2.9-д зөрчлийн хэрэгтэй танилцах гэсэн зохицуулалт бүхэлдээ зөрчигдөж, Х******* ХХК-ийг зөрчил шалгах ажиллагаанд огт оролцуулаагүй, холбогдогчийн эрхийг эдлүүлсэнгүй.

18. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж тус тус зааснаар улсын байцаагч нь шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах үүрэгтэй, энэхүү чиг үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсангүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Х******* ХХК-ийг оролцуулсан бол холбогдох баримтуудыг цуглуулах боломжтой байжээ.

19. Дээрх байдлаар хариуцагч улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчсөний улмаас Х******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.-т Аж ахуйн нэгж, байгууллага:, 2.1.-д хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй; гэж заасан зөрчил үйлдсэн эсэхийг баримтаар тогтоож чадаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

20. Учир нь, хэдийгээр хариуцагч улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх боловч Х******* ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажил эхлүүлсэн зөрчил үйлдсэн эсэх үйл баримт үгүйсгэгдэхгүй, иймд зөрчил үйлдсэн эсэхийг тогтоох нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал учир шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

21. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага аливаа асуудлаар иргэн, хуулийн этгээдийг буруутгаж байгаа бол үүнийгээ хуульд заасан арга, журмын дагуу нотлох үүрэгтэй, энэ үүргээ захиргаа биелүүлээгүй, шүүхээс захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг нөхөн хэрэгжүүлэх эрхгүй тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн улсын байцаагч Т.Ц*******гийн үйлдсэн 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн улсын байцаагч Т.Ц*******гаас дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн улсын байцаагч Т.Ц*******гийн үйлдсэн 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын байцаагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ