Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01734

 

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01734

 

 

 

 

Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01650 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Тариалан эрхлэлтийн дэмжих сан-д холбогдох

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/55 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхмаа миний бие 2015 оны 5 сарын 20-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын тушаалаар няравын ажилд жинхлэн томилогдож ажилласан. Гэтэл шинээр томилогдсон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат нь 2016 оны 11 сарын 16-ны өдөр б/55 тушаал гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Хариуцагч тал 12 тооны бага оврын трактор дутагдуулсан гэж тайлбарладаг боловч надад анх ажил хүлээлгэж өгөхдөө эд хөрөнгө тоолж хүлээлгэж өгөөгүй бөгөөд дутагдсан тракторуудын хувьд 2012 оноос 2016 оны тооллогуудаар дутагдсан гэж гарсан. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргаагүй бөгөөд эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргаагүй, буруутай үйлдэл тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн. Ажлаас халагдсанаас хойш гэртээ хоёр ч удаа ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн. Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд тус сангийн захирлын 2016 оны 11 сарын 16-ны өдөр Б/55 тоот тушаалыг хүчингүй болгож, үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхмаа нь тус сангийн үйлдвэрлэл, техник боруулалтын албанд бага оврын трактор, дагалдах эд анги, сэлбэг хэрэгсэл хариуцсан няравын үүрэгт ажлыг хийж байх хугацаандаа бараа материал дутагдуулсан буюу бага оврын трактор 1116 ширхэг байх ёстойгоос тайланд 1100 ширхэг гэж тоолон 16 ширхэг трактор дутагдуулсан зөрчил гаргасан. Мөн 2016 оны 10 сарын 31-ний өдрийн Дотоод хяналт шалгалтын комиссын дүгнэлтээр 12 ширхэг бага оврын трактор дутсан зөрчил гаргаж улсад 60 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Нярав Д.Энхмаа удаа дараагийн тооллогод өөрөө байлцаж 12 ширхэг трактор дутагдуулсан талаар бичиж өгсөн. Д.Энхмаа нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 11 сарын 16-ны өдөр өөрийн биеэр гардан авч танилцаад гарын үсэг зурсан байх тул шүүхэд гомдлоо гаргах хугацааг хэтрүүлсэн. Эмнэлгийн магадлагаа олгох журмын 4.5-д магадлагааг ерөнхий эмчлэгч эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч, амбулторийн эмч бичиж өгөх ёстой байхад менежер нь гарын үсэг зурж өгсөн нь магадлагааг хуурамч гэж үзэхээр байна. Мөн бөөрний үрэвсэл гэх өвчнийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхмааг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны няравын ажилд эгүүлэн тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Энхмаа нь ажлын хариуцлага алдаж байгууллагад хохирол учруулсан болох нь Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар А/17 тушаалаар байгуулагдсан тооллогын комиссын тайлангаас ойлгогдож байна. Д.Энхмаа нь эд хариуцагчийн тайлан тооцоо гаргадаггүй, танилцуулдаггүй байдал нь тухайн илэрсэн ноцтой зөрчилтэй үйлдэл, эс үйлдэхгүйгээр холбоотой. 2016 оны 10-р сарын 31-ний өдөр "Дотоод хяналт шалгалтын комисс"-ын дүгнэлт гарсан бөгөөд Д.Энхмаагийн ноцтой зөрчлийн тухай 2016 оны 11 сарын 16-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ажлаас халж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх тухай байгууллагын шийдвэр гарсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Улсын ахлах байцаагийн 2017 оны 03-р сарын 25-ны өдрийн дугаар 13-03/01-тай актад манай байгууллагын 2012-2016 оны хооронд бага оврын трактортой холбогдох санхүү аж ахуйн үйл ажилагаанд аудитын шалгалтыг Д.Энхмааг байлцуулан хийсэн бөгөөд тус актаар нийт 56 838 602 төгрөгийн хохирол учруулсан зөрчил тогтоогдсон бөгөөд дутагдсан эд хөрөнгийг төлүүлэх тухай гарсан актыг шүүгч буруу үнэлсэн. Д.Энхмаа нь "Хөдөлмөрийн гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.2.3-т ноцтой зөрчил буюу "шунахайн сэдлээр сангийн болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон"-гэсэн дутагдуулсан баримтыг үнэлсэнгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг шүүгч буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Д.Энхмаа нь ажлаас чөлөөлөх тухай дугаар Б/55 тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн биеэр гардан хүлээн авсан байдаг ба тушаалын ард зурсан өөрийн гарын үсэг, cap өдрөө бичиж үлдсэн баримтаар, шүүхэд хугацаа сэргээлгэх тухай хүсэлт, шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсон. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 49 хоногийн дараа шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн "Эмнэлгийн магадлагаа" нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд "хүндэтгэн үзэх шалтгаан"-ыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр баримт гэж үзэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Энхмааг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө зохигчид харилцан тохиролцож, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч Д.Энхмаагаас Ж.Энхжаргалд олгосон итгэмжлэлээр хариуцагчтай, хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Б.Энхтүвшинд олгосон итгэмжлэлээр нэхэмжлэгчтэй тус тус эвлэрэх эрхийг олгосон байх ба дээрх эвлэрлийн гэрээгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 тоот тушаалд өөрчлөлт оруулж, Д.Энхмааг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнөөр өөрчилж, тушаалд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хариуцагчаас түүнд 2 сарын цалин, түүнтэй адилтгах тэтгэмж, нөхөн олговор олгох, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 16-ныг хүртэлх хугацаанд түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүйн зэрэгцээ гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 тоот тушаалд Д.Энхмааг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнөөр өөрчлөлт оруулж, тушаалд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хариуцагч байгууллагаас Д.Энхмаад 2 сарын цалин, түүнтэй адилтгах тэтгэмж, нөхөн олговор олгох, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 16-ныг хүртэлх хугацаанд түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр зохигчид эвлэрснийг баталж, нэхэмжлэгч Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сан-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу зохигчид энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ