Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

 

2025         01        15                                        2025/ДШМ/.....

 

 

Г.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Л.О,

Шүүгдэгч: Г.Ц,

Нарийн бичгийн дарга: П.Х нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Оюун-Эрдэнийн эсэргүүцлээр Г.Цд холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “У” овогт Гын Ц, 000 оны 0  дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эх, ах, дүү, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын 7 дугаар баг, Б 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 000 оны 00 дугаар сарын 04-ний өдрийн 000 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99,1-д зааснаар 1 сар 1 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан /регистрийн дугаар РЙ-000/.

Г.Ц нь 2024 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 7 дугаар баг, Б 0 дугаар гудамж 00 тоотод хохирогч Б.Бтэй маргалдаж биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүг шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч У ургийн овогт Гын Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гын Цг 2 /хоёр/ сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гын Цг 2 /хоёр/ сар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж, Эрүүгийн 000дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, мөн зүйл хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 3 дахь хэсэгт заасан “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно”, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар....ялаас чөлөөлөх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна. Тодруулбал шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 2 нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байгаа боловч хохирогчийн ямар зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хуульд заагаагүй ямар онцгой нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож байгаа нь тодорхойгүйн дээр энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийжээ. Түүнчлэн шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагаас /ялаас/ чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж ерөнхийлсөн зохицуулалтыг журамлаж мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -ээс 1.5-д заасан үндэслэлүүдээс алийг нь гэж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүйн дээр шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнээс хойш хохирлыг нөхөн төлөх хор уршгийг арилгах талаар арга хэмжээ аваагүй, урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан хэдий ч энэ нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй. Гэхдээ өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялаар шийтгүүлсэн, энэ гэмт хэргийг мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажил, тогтмол цалин орлого байхгүй, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асарч халамжилж амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасныг” “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна” гэж улсын яллагчийн дүгнэлтэд дурдагдаагүй зүйлийг нэмж тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, “шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хохирогчийн мэдүүлэг зэргийг шүүх харгалзан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй нөхцөл байдлуудыг буюу шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй нотлох баримт, баримт сэлтийг буюу шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хохирогчийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасан шаардлагыг хангахгүй байх ба мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Ц, хохирогч Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар хавтаст хэрэгт авагдсан, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч энэ талаар мэдүүлж байсан гэтэл шүүх шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалтыг харгалзан үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлд хамаарна.

Шүүх хуралдаанаар улсын яллагчаас зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасныг шүүгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ ялаас чөлөөлж шийдвэрлэсэн гэж уншиж сонсгосон гэтэл шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2, 3 дахь заалтад Гын Цд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ ялаас чөлөөлсөн тухай дурдагдсан байгаа нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан үндэслэлд тус тус хамаарч байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/416 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Г.Ц нь 000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын Б багийн 000 тоотод Б.Бийг зодож, улмаар биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Шүүх Г.Цгийн дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь хэргийн нотлох баримтад хамаарах баримтат мэдээлэл ба мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд ...шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр ...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх хуульд заасан журмыг баримталж, шүүх хуралдааны явцыг дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулж, тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн үнэн зөв тусгах учиртай.

Гэтэл Хэргийн 66-70 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд “...улсын яллагч Б.Оюунтогтох... ” гэж, “...хохирогч Г.У нь...” гэж өөрөөр тусгасан байна.

4.Түүнчлэн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...2024 оны 08 дугаар сарын 206-ны өдөр...” гэж, тодорхойлох хэсэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй зүйлийг тусгасан, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Г.У нь...” гэж алдаатай тусгасны дээр мөн хэсгийн 2, 3 дахь заалт нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрээс эрс зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

5. Дээрх дурдсан алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй тул прокурорын гаргасан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан эсэргүүцэлд дүгнэлт өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Цд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

                                     ШҮҮГЧИД                                  Б.СОСОРБАРАМ

                                                                                     Л.ЭРДЭНЭБАТ