Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2025/00427

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Т*******эд холбогдох 13,361,513.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Таван ******* финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Т******* нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-224450 дугаартай зээл 298 хоног, 91017-9455 дугаартай зээл 318 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.

Тодруулбал: 93001-224450 дугаартай зээлд

  • Үндсэн зээлийн үлдэгдэл: 4,784,630.08 төгрөг
  • Зээлийн хүү: 1,917,394.12 төгрөг
  • Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 59,089.08 төгрөг, нийт 6,761,113.28  төгрөг,

93001-9455 дугаартай зээлд

  • Үндсэн зээлийн үлдэгдэл: 5,000,000 төгрөг
  • Зээлийн хүү: 1,497,650.33 төгрөг
  • Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 59,250 төгрөг, нийт 6,556,900.33  төгрөг

       "Таван ******* ******* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Л.Т*******эд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Л.Т*******  нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 214006 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-224450, 91017-9455 дугаартай зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 9,784,630.08 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,415,044.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 118,339.08 төгрөг, нотариатын зардалд 43,500 төгрөг, бүгд 13,361,513.61 (арван гурван сая гурван зуун жаран нэгэн мянга таван зуун арван гурав зууны жаран нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Л.Т*******ээс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” Гэжээ

Хариуцагч Б************** ******* овогт Л*******гийн Т******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “******* ББСБ”-ын нэхэмжилсэн үнийн дүн болох 13,361,513.61 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Л.Т*******эд холбогдуулан 13,361,513.61 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Л.Т*******  нь 13,361,513.61 төгрөгийг  “******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 93001-224450 дугаартай цахим зээлийн гэрээ, мөн өдрийн МА-214006 дугаартай  үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 285147185 гүйлгээний дугаартай мөнгө шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 13,361,513.61 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 13,361,513.61    (арван гурван сая гурван зуун жаран нэгэн мянга таван зуун арван гурван төгрөг  жаран нэгэн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,758 төгрөгөөс тавин хувь 112,379 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 112,379 төгрөгийг, хариуцагч Л.Т*******ээс улсын тэмдэгтийн хураамж 112,379 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 13,361,513.61  (арван гурван сая гурван зуун жаран нэгэн мянга таван зуун арван гурван төгрөг  жаран нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч Л.Т******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,758 төгрөгөөс тавин хувь 112,379 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 112,379 төгрөгийг, хариуцагч Л.Т*******ээс улсын тэмдэгтийн хураамж 112,379 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Т******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР